Г.Батхүү Уг нь цаад Батхүү чинь хувийн гэх амьдралаа босгочихсон хүн юм ш дээ

Батхүү гэхээр бүх хүмүүс мэддэг юм шиг, бүх хүмүүс найз нь юм шиг, бас дайсан нь ч юм шиг… Батхүү зарим нэгний хэлдгээр үл бүтэх нөхөр юм шиг, эсвэл жинхэнэ найдаж болох мужик юм шиг. Батхүүгийн гэх ертөнц хүн бүхэнд ойлгомжтой юм шиг, эсвэл хэтэрхий олон талтай, орж ойлгож барамгүй ч юм шиг… Сайд ч багагүй цаг гаргаж бидний яриа өргөн хүрээнд үргэлжлэв. Мэдээж тэр бүгдийг энд үзүүлэх боломж алга.

-Танай нам парламентад бүлэггүй болчихлоо. Яриагаа эндээс эхлэх үү?
-Асуудлын бүр анхны шалтгаан юу байсан бэ гэдгээс эхэлж авч үзэх ёстой болов уу. Бидний хувьд сонгуульд анх орохдоо эвсэл болох партнероо буруу сонгож түншилснээс болж энэ байдалд хүрлээ гэж би хувьдаа дүгнэж байна. Ханилах ханиа буруу сонгосноос үүдэлтэй тэр хямрал явсаар хүрэх цэгтээ хүрээд зогслоо. Аливаа юманд эцсийн цэг гэж бий шүү дээ. Ардчилсан нам дангаараа сонгуульд ороод явсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан. Харин ч АН өөрийн нэр хүндээрээ эвсэж орсон намуудаа чирч өрсөлдсөн. Авч болох суудлын тоог нь ахиулж, нэр хүндийг нь тухайн үед ард түмний өмнө өргөж өгсөн гэхэд хилсдэхгүй. Ингээд парламентад ороод ирсэн. Ороод ирсний дараа бүлэглэлүүдийн хооронд эрх ашгийн зөрчил үүсч эхэлсэн. Одоо юу гэдэг юм. Манай нам илүү олон сайдын суудал авах ёстой ч гэдэг юм уу. Эсвэл би Ерөнхий сайд болох ёстой ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү хэт даварсан гэж болох санаархлууд гаргаж, түүн дээр нь зарим улс төрийн хүчин онцолбол МАХН-ын ганц нэг нөхдүүд тоглосон л доо. Чи Эвслээ тараагаадах дараа нь чамд албан тушаал өгье, ахиу квот өгье ч гэдэг юм уу. Нам тэр чигээрээ, эсвэл бүлэг нь тэр чигээрээ улс төрийн ийм бохир турхиралт хийсэн гэж би хэлээгүй шүү. Зарим нэг нөхдүүд нь манай намын ганц нэг этгээдүүдтэй нийлж хийсэн ажил. Угаасаа хүсэл санаархал нь салаад явчихсан тэр үеийн түншүүд маань дээрх тоглоомонд амархан гэгч нь татагдан орж эвслийг яах ийхийн зуургүй татаад унагачихсан. Дараа нь бид МАХН-ынхантай ярьж байгаад төр засгийн тогтвортой байдлыг хангахын тулд хуулийн хүрээнд бүлэг байгуулж болох эсэхийг судалсан. Хамтарч ажилласны хүчинд хоёр талаасаа зөвшилцөж байгаад бүлгийг байгуулсан. Гэтэл өнөөдөр тэр бүлгийг хамтарч байгуулсан зарим нөхдүүд маань шал өөр байр суурин дээр оччихсон Энэ бол хууль зөрчиж байгуулсан бүлэг байгаа юм аа гээд явж байгаа. Их хурал дээр Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхэд нэлээн бодууштай аргументуудыг МАХН-ын зарим нөхдүүд гаргаж байна лээ. Тухайлбал 26 суудалтай ийм нам УИХ-д бүлэггүй байна гэдэг бол энгийн хар ухаанаар бодоход ч байж боломгүй зүйл ээ. Бүлэг бол байх ёстой. Харин бүлгийг хуулийн хүрээнд байгуулах гарцыг бид хайх ёстой. Шаардлагатай бол Үндсэн хуулинд ч өөрчлөлт оруулж шийдэх ёстой гэсэн зүйлүүдийг ярьж байсан. Өнөөдөр хуулийн хүрээнд Их хурал нэгэнт Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихсан учраас Парламент дотор АН бүлэггүй гэдэг нь албан ёсны болчихсон. Мэдээж бидэнд албан бус бүлгийн зохион байгуулалтаар ажил хэргээ явуулах боломж нээлттэй.

-Одоо Засгийн газар яах бол гэх хоосон түгшүүр үүсгэх бодлого хаа нэгтэйгээс яваад эхэлчихэв үү, яав?
-Засгийн газар яах бол гэсэн ээлжит санаа зоволт зарим хүмүүст байгаад байх шиг байна л даа. Ер нь байнга л тэгж санаа тавьж байдаг улсууд цаагуур чинь бий шүү дээ. Хамгийн сүүлд бид гэрээ байгуулсныг эргэн саная. Тэнд хоёр нам л гэрээ байгуулсан. АН-ын бүлэг, МАХН-ын бүлэг хоёр хоорондоо гэрээ байгуулсан юм шиг зарим хүн ойлгоод байна.

-Тэр байтугай юмыг баллуурдаж болдог. Иймэрхүү үйл явдлуудын дараа гэнэн итгэмтгий байж болно гэж үү?
-Наана чинь нэг л хариу байна. Ард түмэн төр засгийн тогтворгүй байдлыг ерөөсөө хүсэхгүй байгаа. Зүгээр л нэг албан тушаал горилсон хэсэг бүлэг хүмүүс би ч нэг сайд болоод үзэхэд болохгүй нь юу байгаа юм. Би ч сиймхий гарвал эрх мэдлийн үзүүрээс атгаад авахад болохгүй нь юу байна гэж мөрөөдөхдөө хоосон яриа гаргаж, хоосон мөнгө үрж, хоосон зүүд зүүдэлж яваа юм. Ердөө л энэ шүү дээ. Түүнээс биш дийлэнх нь төр засгийн тогтвортой байдлын төлөө чадах бүхнээ хийхсэн, өөртөө байгаа бүхнээ энэ улс орны төлөө зориулаад нэг үзэхсэн гэсэн чин сэтгэлээр зүтгэж байгаа. Тэд ийм явцгүй санаархлаас залхаж, төвөгшөөж байгаа. Гэрээ байгуулсан хоёр субьектийн аль аль нь түүнийгээ зөрчих хүсэлгүй байхад улс төрийн явган хутгуурууд ийш тийш нь ялангуяа олон түмний сэтгэл зүй рүү янз янзын шувуу нисгэж байгаа нь тэртээ тэргүй илэрхий байна л даа.

-Байсхийгээд л Засгийн газрын нас богинослоо, одоо тун удахгүй нүд анина гэж шуурцгаах нь хэр садаатай юм бэ. Эсвэл дөжирсөн үү?
-Миний хувьд бол жишээ нь Засгийн газарт байж үзлээ, огцорч үзлээ, эргээд гарч ирж үзлээ. Янз бүрийн л зам тууллаа шүү дээ. Анхны үеүдэд бол үнэхээр дарамттай юм билээ. Одоо яах юм бол доо. Хэзээ огцрох юм бол доо гээд янз бүрийн бодлууд төрнө. Тийм л байдаг юм билээ. Одоо бол яахав дээ. Боломж олговол жаахан ажиллая, амжиж хийж чадахаасаа чадахгүйгээ хүртэл зүтгэж үзье гэсэн ганцхан зүгийн бодол байна. Төрийн албанд зүтгэж явахад энэ дайны сэтгэлийн хат суулгүй дээ. Харин гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзаж учирч явахад нэг юм их тод ажиглагддаг. Нөгөө хүний нүднээс Энэ сайд дараагийн удаа ирэхэд байх болов уу, үгүй болов уу гэсэн итгэж ядсан аяс цухалзахыг л мэдрэх хэцүү шүү дээ. Хэзээ энэ Монгол орны төр засаг тогтвортой болох бол гэсэн хүлээлт тодорхой хэмжээгээр үүссэн нь ойлгомжтой. Тэр цагт нь л том хөрөнгө оруулалтын тухай ярья гэсэн хүлээлтийн байдал бий болсон нь нууц биш. Энэ байр байдал өнөөдөр хэнд ашигтай юм бэ. Монголчууд бидэнд лав ашиггүй, муу шүү дээ. Ийм зохиомол хүлээлт, зохиомол болгоомжлол үүсгээд байх нь улс эх оронд маань л хор хохиролтой.

-Ер нь бол хоёр нам хоорондоо эцсийн тохиролцоог хийчихсэн. Өөр эцсийнх гэж байхгүй гэж ойлголоо?
-Энэнээс цааш тохиролцоод явахад бидэнд хэцүү. Энэнээс цааш бид юу тохирох юм. Энэ бол хамгийн сонгодог тохироо. Энэ тохироон дээрээ л хамтарсан Засгийн газар тогтоод үйл ажиллагаагаа явуулж, хөгжлийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд явбал болно. Эс чадвал ёстой нөгөө сарын, долоо хоногийн настай Засгийн газрууд гарч ирэх байх. Энэ бол Монголын ард түмний хүсч байгаа зүйл ерөөсөө биш.

-Танай танхимын тэргүүнийг зарим үед хэт их ярилаа, бодит амьдралаас салаад нисч байна гэж шүүмжилдэг. Таны хувьд хамтарсан Засгийн газрынхаа энэ бүтэц, дотоод уур амьсгалд хэр happy байдаг вэ?
-Засгийн газар байгуулагдаад дөнгөж жил гаруй болж байна. Монголд битгий хэл дэлхийд цөөхөн тохиох бүтэц шүү дээ. Олон жилийн турш бие биенийгээ үгүйсгэж, тэмцэлдэж ирсэн хоёр улс төрийн хүчний төлөөллүүд нэг танхимд орж ирээд, нэг бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө, нэг танхимд суугаад ажиллана гэдэг эхний үедээ маш сонин үзэгдэл байсан л даа. Эхний үед бидний дунд үнэхээр тийм нэг барьер байсан.

-Одоо?
-Одоо тэр хөшиг алга болсон. Өөрийн найз нөхөд шиг хоорондоо ний нуугүй ярьдаг, асуудлаа гаргаж тавьцгаадаг, зөвлөдөг. Тэнд ямар ч ноцтой асуудал, элдэв аймаар зөрчил байхгүй. Ерөнхий сайдыг зарим хүн шүүмжилдэг. Юун бүх нийтийг компьютержүүлэх. Үлгэр ярьж байна гээд л. Бид хэдий болтол өнөө маргаашийн талх ярьж хэрэлдэх юм бэ. Технологийн шинэчлэл асар хурдацтай явагдаж байгаа энэ нэн шинэ нийгэмд компьютергүйгээр бид цаашаа яаж явах юм бэ. Үргэлж юмыг болохгүй, бүтэхгүй талаас нь харж сурчихсан зарим нь тийм сонин зүйл ярьж байгаа байхгүй юу. Цахим монгол, Дөчин мянган айлын орон сууц, Ногоон хэрэм гээд маш үнэ цэнэтэй хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Үнэ цэнэ нь тэртээ хол биш ердөө өнөө маргаашдаа амтагдах бодитой хөтөлбөрүүд. Тийм хямдхан компьютер байж харагдаач гээд л байсан. Өнөөдөр бүгдээрээ авцгаагааж л байна шүү дээ. Цагаан сайд гаднаас ашиглагдаж байсан сайн сайн компьютеруудыг засварлан оруулж ирээд УИХ-ын гишүүдэд арав арваар нь өгч байна. Арван компьютерийг аваачаад нэг сургуульд тавихад чинь хачин сайхан лаборатори байгуулчихаж байна. Тэр лабораторид сургуулийн 500 хүүхэд бүгд хүртээмжтэйгээр юм сурч, хийж чадна. Бүгд компьютертэй ажиллаж сурна.

-Хуурамч жагсаал хийдэг оюутнууд сонгуулийн үеэр 500 төгрөгийн ханштай байсан чинь одоо өсөөд 2000 хүрсэн гэв үү. Саяхан таны нэр дээр хаягтай жагсаал болоод байх шиг байсан?
-Эмх замбараагүй байдлыг бий болгоод байгаа улсын үйлдлүүдээс би нэг юмыг олж хардаг. Тэд маань ардчилал гэдэг юмыг анархизм гэж ойлгоод байх шиг. Эрх чөлөөний либерал үзэл дээр суурилан хөгжиж байгаа энэ нийгэм маань өөрөө асар их дур зоргыг, асар их эрх чөлөөг иргэддээ сул хаяад өгчихдөг. Харин иргэд маань тэр агуу зүйлийг буруу эдлээд байна уу даа гэсэн харуусал надад төрдөг. Бид ямар жагссан хүмүүсийг барьж аваачаад хорих биш, эсвэл далд явуулга хийж байгаад ажил амьдралаас нь салгачих биш. Зүгээр л хараад харамсдаг гэх үү дээ. Эрх чөлөөг эдлэх асар том хэм хэмжээ, соёл бий гэдгийг л бүгд мэдэж баймаар.

-Шуудангийн асуудлаар хэл ам дэгдэж танай яамны гадаа хүртэл хүмүүс ирсэн. Оюутнуудад мөнгө өгөөд жагсаал цуглаан хийлгэсэн байсан гэв үү. Гэхдээ энэ бүхний цаана нь өөр удирдаач байгаа юм биш үү?
-Шуудангийнхны эрх ашиг зөрчигдөөд сүйд болж байна гээд хэдэн хүн жагсаал хийсэн. Ордныг тойроод дараа нь манай яамны гадаа бүр ажил тарчихсан хойно ирсэн. Би тэр орой нэг телевизийн шууд ярилцлагад оролцохоор явах гэж байсан юм. Тэгтэл гадаа чанга яригчаар яриад, хашгираад байдаг. Дөч тавиад хүн байх шиг байсан. Би яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга, Шуудангийн бодлого зохицуулалтын газрын дарга хоёроо дуудаад Эрх ашиг нь зөрчигдөөд байгаа гэх энэ улсуудыг гараад оруулаад ир. Надад цаг бага байгаа ч гэсэн хүлээж авч уулзмаар санагдаад байна гэж хэлээд гаргасан. Уг нь Монгол шуудан чинь Төрийн өмчийн хорооны л хариуцдаг байгууллага. Манай яам бодлогын хүрээнд л тэдэнтэй харьцдаг болохоос биш тэр хүн авах, халахад нь огт оролцдоггүй. ТУЗ, ТӨХ хоёр л энэ асуудлуудыг нь хариуцаж байдаг. Хуулиар олгогдсон ганцхан эрх нь захирлыг тавихад л надтай зөвшилцдөг. Хэнийг өөрчилсөн гэдгээ ч надад тайлагнахгүй. Зөвхөн захирлыг шинээр томилохдоо л энэ хүнийг ажиллуулах саналтай байна гэдгээ танилцуулдаг. Нэгэнт шуудангийн салбарыг хариуцсан яам байгаа болохоор би хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу бодлогын чанартай асуудлууд дээр, хөгжлийнх нь асуудлууд дээр нэлээд гүн орж ажилладаг.

-Жагсагчдыг дуудаад оруулж ирж чадаагүй гэж сонссон?
-Тавиад хүнээс эрх ашиг нь хөндөгдөөд байгаа нь ороод ирээч ээ, уулзъя гэхээр ердөө тавхан хүн л орж ирсэн. Тэдний гурав нь буюу Сэлэнгэ, Орхон аймгуудын шуудангийн дарга, Улаанбаатар хотын 23 дугаар шуудангийн салбарын эрхлэгч нар нь одоо ажлаа хийж байгаа хүмүүс байв. Нэг нь Замын-Үүдийн шууданд ажиллаж байгаад хөдөлмөрийн хууль зөрчөөд хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдсөн, харин тав дахь нь болохоор Би шууданд оръё гээд өргөдлөө өгсөн чинь намайг ажилд авахгүй байна гэсэн хэдэн хүнтэй л уулзсан. Тэгээд за, ямар эрх ашиг хөндөгдчихөв, ярилцъя гэлээ. Өнөө улсууд маань дуугардаггүй.

-Бүр ганц ч үг дуугарахгүй байна гэж үү?
-Хар цагаан дуугардаггүй. Та итгэхгүй байгаа бол үзэж болно шүү. Надад бичлэг байгаа. Би үнэхээр гайхсан. Тэгж тэгж тэр халагдсан хүн эхэлж Би ажлаасаа халагдчихаад энд ирээд явж байтал энэ улсууд жагсая гэхээр нь жагсаад явж байнаа гэсэн. Нөгөө залуу нь ажилд орох гэсэн нь худлаа юм шиг байгаа юм. Ямар ч бичиг баримт байхгүй. Гадаа үлдсэн улсууд дээр нь бас цагдаа нар ирж шалгасан гэнэ. Тэгсэн чинь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн гаднах жагсаалд явж байсан 30-аад оюутан, дээр нь ямар ч бичиг баримтгүй хэдэн хүн нийлчихсэн тууж явсан юм билээ.

-Огт өөр зорилготой тэмцэж явсан улс яагаад тэнд нийлчихсэн явж байдаг билээ?
-Замаас нь тохироод аваад ирсэн байгаа байхгүй юу. Сонин байгаа биз.

-Үнэхээр бохир юм болж. Нөгөө таны өрөөнд орж ирсэн хэд яасан?
-Тэд Бид ойлголоо, явлаа гээд гарцгаасан. Явсных нь дараа нөгөө гадаа орилж хашгирч байсан хүүхдүүд нь Төв музейн өмнө очоод хоорондоо зодолдоод бөөн юм болсон гэсэн. Жагсвал тэдийг өгнө гэж турхирч жагсаачихаад, дараа нь мөнгөө нэхсэн чинь хэлсэндээ хүрээгүй юм уу даа. Хоёр мянгаар тохирсон байсан чинь мянган төгрөг өглөө гээд хоорондоо зодоон хийгээд юу юу ч болсон гэнэв дээ. Чанга яригчаа асаа, бид та нарыг юу юу амлаж жагсаасныг илчлээд өгье гээд хашгиралдаад байсан гэнэ. Зарим нь Монгол шуудан компанийн захирал Идэрцогттой ирж уулзсан байна лээ. Тэдний эсрэг бид жагсана, амласан мөнгөө өгсөнгүй гэх яриа ч гарсан л гэсэн. Нэг хүний бизнесийн эрх ашгийг нь хөндчихөж л дээ. Хууль бусаар мөнгө олдог орлогыг нь тасалчихаж. Тэгэхээр амь тэмцэн хөдлөхөөс яахав. Ерөөсөө ийм л юм байна. Өнөөдөр мөнгөтэй бол хэдэн ч хүнийг босгоод жагсааж цуглуулдаг, сүр дуулиан тарьдаг боломж нээлттэй байгаа юм байна. Хоёрдугаарт, магадгүй хэн нэгэн хүний албан тушаал буурах ч юм уу эсвэл ажил хэргийн замнал нь жаахан саарах үе гарч ирэхээр түүн дээр дөрөөлөн ашиглаж, далд сонирхлоо гүйцэлдүүлэх санаархал өвөрлөсөн улс төрийн хутгуурууд байна. Саяын энэ шуудангийн асуудлыг ч улс төрийн сонирхлын үүднээс ашигласан. Хэн үүнийг удирдаж байгааг би мэднэ. Магадгүй зарим нь Ж.Жанцанг л хийгээд байна гэж бодож байгаа байх. Ж.Жанцан жинхэнэ хөрөнгө оруулсан уу гэвэл бас биш. Ж.Жанцан өөрөө нэгэнт гомдолтой байгаа хүн. Тэр гомдлоо тайлахын тулд хүний мөнгөөр иймэрхүү юм хийж байгаа дундын л хүн. Түүний цаана улс төрийн том сонирхолтой этгээд байгаа. Засгийн газрыг хөдөлгөвөл би хэн болох вэ, Засгийн газар огцорчихвол би сайд болчих боломж байгаа юм биш үү гэх мэтээр харалган тооцоо хийчихээд явж байгаа хүмүүс ажиллаж байна.

-Энэ чинь хэтэрхий явуургүй арга шүү дээ?
-Мэдээж энэ хол явахгүй арга. Намайг өмнө нь 1998-2000 онд сайдаар ажиллаж байхад тэр үеийн хүмүүс улстөржихгүй, урагшаа хараад л юмаа хийдэг байсан. Би ч тэр үеэс л төрийн ажлыг улс төржихгүй хийх ёстой гэж бодож ирсэн. Тэгэхэд миний удирдлагад ажиллаж байсан Төрийн нарийн бичгийн дарга МАХН-ын гишүүн байсан. Одоогийн УИХ-ын гишүүн Ц.Дамиран шүү дээ. Манай Тамгын хэлтсийн дарга Сономдагва, газрын дарга Буд, Батжав гээд бүгд МАХН-ын гишүүд байсан. Би улс төрийн нүдээр тэр хүмүүсийг хардаггүй. Бидний харилцааны нэгдүгээр зарчим нь ажлын эрх ашиг байсан. Гэтэл одоо бүх юм өөрчлөгдсөн байна. Тавхан жилийн дотор шүү дээ. Хүмүүс юм болгоныг улс төрийн эрх ашгийн үүднээс авч үздэг болчихож. Хариуцлагагүй, дулимагхан албан хаагчид аль нэгэн улс төрийн хүчний нөмөр бараадан амиа хоохойлон амьдрахыг чухалчилдаг болж. Хариуцлага тооцох гэхээр намайг нам маань томилсон, миний хувь заяаг нам маань мэднэ гээд эрээ цээргүй аашлаад сууж байна. Би МАХН-ын гишүүн болохоор энэ АН-ын Батхүү намайг шүүмжлээд, халах гээд байна. Эсвэл би АН-ын гишүүн байхад АН-ын нөхөр Батхүү гарч ирчихээд арга хэмжээ авах гээд болохгүй байна, энэ аягүй бол ХУ намынхантай хуйвалдчихсан байх гэх жишээтэй. Ийм маягаар чадваргүй, ухамсаргүй, хариуцлагагүй хүмүүс аль нэгэн улс төрийн хүчний малгайг өмсч аваад л ашиг сонирхол, бизнес гээд юу байдаг юм тэрийгээ хамгаалаад сууж байх. Нөгөө талаар өмнө нь нэг хүний аягүй сайхан ах дүү, найз нөхдөө байршуулаад хэвшүүлчихсэн, тогтчихсон бизнес нь хүн ажлаа ном журмаар нь явуулаад ирэхээр хайч-лагдаад эхлэнгүүт тэнд нэг хорсол бий болж байнаа даа. Энэ л ажил хийлгэхгүй байна даа. Тэгээд тэр улсуудад тал талын хамгаалалт байхыг нь яана. Тийм ар талтай улсууд л ажил хийж байгаа нэгнийхээ өөдөөс босч ирэх гээд байхгүй юу. Өнөөдөр хэрвээ би хэн нэгэн хүний эрх ашгийг хөндөхгүй, хараагүй дүр эсгээд, шинэлэг юм хийхгүй айж эмээгээд, ямар нэгэн тохиролцоонд орчихоод хөдөлж чадахгүй байгаад байвал хэн ч надтай ноцолдохгүй, намайг сонин хэвлэлээр балбахгүй шүү дээ.

-Сайд нарыг шүүмжилдэг л дээ. Гэхдээ таныг арай илүү гөвж байх шиг байна?
-Магадгүй.

-Хариуцдаг салбарууд нь ч өргөн юм. Нэг нэгээр нь барьж аваад л шүүмжлээд байдаг. Нэг хэсэг МИАТ руу довтолсон. Одоо Төмөр зам руу. МИАТ-ын ажил сайн явж байгаа. Гэхдээ л шүүмжлэх ёстой юм шиг байна, тийм үү?
-Г.Батхүүг л муутгаж байх ёстой шүү дээ. Цаана нь ажил хэрэг сайн байна уу, муу байна уу, нэг хүн рүү дайрснаас болоод улс орны эрх ашиг олон улсын тавцанд унаж байна уу тэр нэг их чухал биш. Сайн ч байсан муу л гэж бичиж байх ёстой. Ардчилсан намын хүмүүсийг л ажилд аваад байдаг гэж ойлгоод байх шиг. Үгүй дээ, аль алинаас нь л ажил хийж чадах хүнийг л томилдог. Саяхан гэхэд л МАХН-аас хоёр ч хүнийг нэлээд өндөр албан тушаалд томиллоо. Тухайлбал, Төмөр замын хэрэг эрхлэх газрын орлогч даргыг МАХН-аас хүн томилсон.

-Да.Ганболдын орлогч гэсэн үг үү?
-Тийм. ИНЕГ–ын бас нэг орлогч даргыг МАХН-аас хүн томиллоо. Заавал намчирхаж сүйд болох биш хамтраад л ажиллая гэдэг зарчмаар явж байна. Томилогдсон улсуудад би нэг л зүйлийг анхааруулж байгаа. Таны өмнө улс төрийн биш, найз нөхдийн биш, зөвхөн хариуцсан ажлаа хийж чадаж байна уу, үгүй юу гэдэг ганцхан шалгуур тавина шүү гэж. Өөр миний нэг зарчим байдаг. Найз нөхөд ч юм уу, эсвэл сайн мэддэг ойр дотны хүн байх тусам би илүү хатуу шаардлага тавьдаг. Тийм хүмүүстээ үзүүлдэг хөнгөлөлт үнэндээ надад байдаггүй. Хүмүүс бас намайг салбаруудын ажилд хэтэрхий ороод байна гэх гээд байна уу. Өнөөдөр манай яам долоон салбар хариуцаж байна. Салбаруудын ажил нь бүгд хоорондоо уялдаатай. Зам нь авто тээвэртэйгээ, авто тээвэр нь аялал жуулчлалтай, аялал жуулчлал нь эргээд иргэний нисэхтэй холбоотой гэх мэтчилэн бүх салбарууд хоорондоо уялдаатай. Би салбаруудынхаа бодлогын чанартай асуудлууд руу нэлээд орж ажиллахыг чухалчилдаг. Тэгэхээр л сайд хутгалдаад байгаа юм шиг, эсвэл контроль тавих гээд байгаа юм шиг хөндлөнгөөс харагдаж байж болох юм. Үнэндээ бодлого нь анхнаасаа зөв тавигдаж байж, зөв чиглүүлж байж энэ салбарууд зөв голдрилоор хөгжинө шүү дээ. Та сая МИАТ компанийн ажил сайн байгаа гэж хэллээ. Үнэхээр сайн явж байна. МИАТ компанийг гадаадын менежментийн багаас 2,6 тэрбум төгрөгийн өртэй хүлээж авсан байдаг юм.

-Ирландуудын баг МИАТ-ыг ямар байр байдалтай орхиж, тухайн үед хэвлэлийнхэн яаж шуугиж байсныг санаж байна?
-Тэр улсууд ажлаа хүлээлгэж өгөөд явсан. Үнэндээ тэнд төвөгтэй асуудлууд байсан уу гэвэл байсан. Онгоц худалдсан, үнэтэй сэлбэг хэрэгсэл авсан л гэнэ. Хэн хэзээ хийсэн юм бэ, тэр ажлуудыг чинь. Гэтэл бүгд л миний нэр дээр бичигдчихдэг. Би өөрийгөө ялаас мултлах гээд байгаа юм биш. Аль үед, ямар хүн хариуцаж байхад тэр үйлдлүүд болсныг үнэн мөнөөр нь ялгаж салгаж бичих хэрэгтэй биз дээ. Хэдэн онд уг асуудал болсон юм бэ гэдгээс эхлээд та нарын баримтад хандах хандлага чинь эхэлдэг байх гэж би боддог. Гэтэл тийм биш бололтой. Бид МИАТ компани дээр маш олон шинэчлэлийг хийсэн. 2004 оны балансаар ашиггүй ажиллаж байсан МИАТ одоогийн байдлаар ойролцоогоор 3,8 тэрбум төгрөгийн балансын ашиг гарах боломжтой урьдчилсан тооцоо гарч байгаа. Энэ нь нэг авиа компанийн хувьд маш том тоо. Би зүгээр л энгийн нэг жишээ хэлье. 2003, 2004 оны гүйцэтгэлээр Солонгосоос ирж байгаа жуулчдын 60 хувь нь өөрийнхөө онгоцоор, 40 хувь нь МИАТ-аар ирж байсан бол энэ жил 47 хувийг нь МИАТ тээвэрлэдэг болсон. Долоон пунктээр тэр том авиа компанитай өрсөлдөж, зорчигчийг нь татаж авна гэдэг бол маш том амжилт. Энэ жил МИАТ-ын хоёр онгоцыг бид бараг газар дээр зогсоох завгүй нисгэсэн. Япон руу долоо хоногт найман удаа, Хятад руу найман удаа, Европ руу гурван удаа, Солонгос руу найман удаа нисгэж байна. Энэ олон удаа нислэг үйлдэхдээ нэг л удаа онгоцны саатал гаргасан. МИАТ-ын инженерийн баг их сайн ажиллаж байна. Засвар үйлчилгээний ажлаа сайн хийдэг учраас онгоцны хөдөлгүүрийн засвараас бусад бүх засварыг эндээ өөрсдөө хийх эрхийг авчихлаа. Мөн сургалт явуулах эрхээ авчихсан. Эдийн засгийн хувьд үр ашиг нь сайн, нислэгийн тоо, суудал ашиглалт нэмэгдээд дээр нь засвар үйлчилгээгээ өөрсдөө баталгаатай хийж чадна гэдэг бол МИАТ-ын хувьд том үзүүлэлт.

-Тэгээд сурталчилгаан дээр алдаад байна уу?
-Бид юмаа хийе, эхэлж ярихгүй байя гэдэг зарчим баримталж байна. Цаашид энэ компани илүү амжилтад хүрэх болно. Бүгдээрээ жаахан алсыг харж ажиллая. Түр зуур гал унтраах зарчмаар биш ирээдүйгээ харж, алс хэтээ бодож ажиллана. Онгоц хоорондоо бараг шүргэлцээд, агаарт ар араасаа түг таг хийгээд мөргөлдөөд байгаа юм шиг бичих юм. Тийм юм байхгүй, нөхөд өө. Тайван байж болно. Монголчууд минь битгий өөрсдийгөө хараар буд. Гадаад ертөнц дахь улс орныхоо нэр хүндийг бодож байя. Монголын дээгүүр явахаа больё. Онгоцнууд нь хоорондоо шүргэлцээд байдаг юм гэнэ лээ. Яршиг гэнэ биз дээ. Тэндээс чинь бид 25-26 тэрбум төгрөгийн орлого Монголд оруулж ирдэг юм. Улсын төсөвт бид 13-15 тэрбум төгрөг төлж байна. Энэ хамаа намаагүй хөндлөн гулд бичиж байгаа улсууд энийг мэдэхгүйдээ бичээд байгаа юм биш. Ойлгохыг хүсэхгүй, хийгээд байгаа ажлуудыг маань олж харахыг хүсэхгүй байгаадаа бичээд байгаа юм.

-Тэнгэрийн хаалга, газрын үүд хоёр хоёулаа таны мэдэлд байдаг юм байна. Саяхан бас төмөр зам дээр баахан шуугиан дэгдлээ. Нэг орос ирчихээд л манайхныг нударгалаад байгаа гэх юм?
-УБТЗ бол Монгол, Орос хоёр орны тавь тавин хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан үйлдвэр. Энэ хамтарсан үйлдвэр өнөөдөр Монголд хаа ч байхгүй тийм дүрмээр ажиллаж байгаа. 1949 онд баталсан дүрэм шүү дээ. Энэ дүрэмд зааснаар л эдний ажил явж байгаа. 13 жил монгол дарга төмөр замд байсан. Оросууд өөрийн хүнээ тавина гэдэг саналаа тавьсан. Энэ асуудлыг нь бас бид хүлээж аваагүй. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ийм байгууллагад өөрийн онцлог гэж байх ёстой, монгол хүний аж амьдралыг ойлгож мэдэрдэг хүн байх нь бидэнд ач холбогдолтой юм аа гэдэг байр сууриа өмнөөс нь тавьсан. Гэсэн ч хоёр намын тохиролцоо хийж байж энэ албан тушаалыг томилох ёстой болсон. МАХН хоёр хүнээ санал болгосон. Харамсалтай нь хоёулаа мэргэжлийн биш, хуулийн салбарын хүмүүс байсан. Оросын тал үнэхээр хүлээж аваагүй. Дүрмийн дагуу монгол хүн дарга болоход нэгдүгээр орлогч нь орос хүн тавигддаг. Орос хүн төмөр замын даргаар тавигдвал монгол хүн нэгдүгээр орлогч даргаар томилогддог.

-Энд монгол хүнээ томилуулах боломж бидэнд байсан уу. Улс төрийн дэмий толхилцооноос болоод боломжийг алдчихсан юм биш үү?
-Магадгүй. Оросын тал чинь нэгдүгээр орлогчоор тавих хүнээ бүр дагуулаад ирсэн юм шүү дээ. Гэтэл МАХН-ын нөхдүүд маань хоёр хүн санал болгоод байдаг. Хоёуланг нь Оросын тал хүлээж авдаггүй. 17000 хүнтэй ийм том байгууллагыг мэргэжлийн бус хүн удирдах боломжгүй ээ. Тийм бол 13 жил монгол хүн даргаар ажилласны дараа бид ерөөсөө дүрмийнхээ дагуу орос хүн тавинаа гэсэн.

-Гурван жил орос захирал ажиллуулъя гэсэн гээ биз дээ?
-Тэгсэн. Гурван жил гэдгийг нь протоколд тодорхой тэмдэглэж үлдээгээд саналыг нь хүлээж авсан. Монгол хүн байх боломж үнэхээр байсан. Бид сайн кандидат гаргаж ирж чадалгүй боломжоо алдсан. Ингээд нэг орос дарга л ирсэн. Шонхор хамартай, цэнхэр нүдтэй, байдаг л нэг орос. Төмөр замын мэргэжлийн хүн гэнэ лээ. ИНЕГ-ын удирдлага руу оролцдог эрх надад бий. Харин УБТЗ-д бол надад ийм эрх байхгүй.

-Магдей зүгээр л нэг төмөр замын кадр, төмөр замчидтай шууд нүүр тулж байдаг нударга юм биш үү. Эсвэл цаана нь үнэхээр болж бүтэхгүй авир ааш байна уу?
-Ажлын төлөө үзэлцэж явдаг, шаардлага өндөртэй, улс төр мөрөөс ангид тийм л нэг орос эр гэж би ойлгодог. Гол нь мэргэжлийн хүн.

-Идэж уугаад байдаг л гэх юм. Түүнд тийм боломж байх уу. Дээр нь удирдах зөвлөл байна, тойроод зургаан монгол дарга сууж байна?
-Асар том хяналт ажиллаж байгаа. Нэгдүгээр орлогч дарга нь байна. Санхүүгийн том систем ажиллаж байна. Үгүй, тэгээд идээд уучихдаг бол хамтраад шалгамаар л байна. Би тэр оросод ямар нэгэн өргүй. Тэр оросын өмнө хүлээсэн ямар нэгэн үүрэг байхгүй.

-Монголчуудыг дуугүй бай л гэдэг гэж сонссон?
-Үгүй биз дээ. Гэхдээ тэндээ яаж байдгийг нь би бас мэдэхгүй юм. Манай төмөр зам чинь ер нь асар их хүнд суртал, болох болохгүй юм нүүрлэсэн газар шүү дээ. Хатуухан цэвэрлэхгүй л бол болохгүй. Хөдөлгөх хэрэгтэй. Ажиллаж, хөлсөө урсгах дургүй мөртлөө ийш тийшээ хов жив хөөцөлдөж, улстөржиж гүйх юу ч биш. Бид өөрсдийнхөө сүүдрийг хэлэх хэрэгтэй шүү дээ. Би бас төмөр замыг мэднээ. Тэнд тогтсон зарим нэг хүний дархлааг сарниагаад эхлэхээр л өчүүхэн муу хувийн эрх ашгаа хамгаалах гэж хичээж л байгаа нь тэр. Өөр юу ч биш.

-Уучлаарай, сайд аа. Дандаа л болох бүтэхгүй юм асууж тодруулах болох нь. Таныг улсын үйлдвэрийн газруудыг хувийн компаниа болголоо гэж их шүүмжлэх юм. Бензин шатахууны, онгоц машины бүр сүүлдээ ундаа усны бизнесээ хүртэл чирч байна гэдэг?
-Хүнийг ер нь нэг муутгах зорилго өвөрлөж аваад мэрээд, ураад эхлэх юм бол тэрийгээ цааш нь боловсронгуй болгоод явуулаад л байх санаархал манай улс төрд тогтчихсон заншил гэхэд болно. АПУ-гийн усыг хүмүүс намайг сайд болохоос өмнө ууж л байсан. Одоо ч ууж л байна. Тэгээд яах юм бэ. Болих ёстой юм уу. Шунхлай компани шударгаар өрсөлдөөд өөрийн бизнесийн нэр хүндийг олж авсан. Одоо тэр нэр хүндээрээ дамжуулан хэрэглэгчдийнхээ итгэл найдварыг тээгээд үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явж байна. Намайг сайд болчихлоо гээд хэрэглэгчид шатахуунаа авахаа болих ёстой юм уу. Ямар хэцүү юм бэ. Надад өнөөдөр улс төрд хоногийн хоолны мөнгө хайж орогнох шаардлага байхгүй шүү. Надад зарим нэгэн шиг халаасаа түнтийлгэхийн тулд улс төрд хамраа дүрэх шаардлага байхгүй. Бас ч гэж өөрөө өөрийгөө болгочихсон хүн юм ш дээ. Тодорхой хэмжээгээр амьдралынхаа асуудлуудыг шийдчихсэн хүн гэхэд хүмүүс үгүйсгэхгүй байх. Тэр тусмаа хуулийн хүрээнд амьдарч ирсэн гэдгээрээ хаа ч бахархана. Би олон шүүлтүүртээр гарч ирсэн хүн.

-Бидний яриа дуусахаас өмнө нэг хувийн юм тодруулъя. Батхүү гэхээр адуу санаанд ордог. Монгол эр хүнд адуутай холбогдох юу нь муу байхав. Харин саяхан нэг сонин мэдээ чих дэлслээ?
-Юу юм бол.

-Өөрийг тань энд тэнд явахаараа монгол банхар эрж сураад цуглуулаад байдаг гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?
-Би хүүхэд байхын л нохойнд хайртай жаал байсан. Тэгээд ч манай монгол нохой чинь гайхмаар амьтан шүү дээ. Тэрний тэр инстинкт, ой ухааныг бахдахгүй байхын аргагүй. Монгол нохой үнэхээр дуусч байгаа. Би хайгаад олныг олж чадахгүй байна. Завханаас авчирсан, Баянхонгороос нохой авсан. Өмнөговиос бас авчирсан. Сая би урагшаа явахдаа Төвдийн нохойг бас судалж ажиглаж явлаа. Цэвэр монгол нохойныхоо удмыг хамгаалж авч үлдэх гэсэн л миний сэтгэл. Өөр би яахав дээ. Ямар уралдуулах гэх биш. Зодолдуулах гэх биш. Үржүүлж зарах биш. Зүгээр л миний нэг хобби. Архи дарс уугаад байдаггүй болохоор энд тэнд яваад өөрөөр алжаалаа тайлаад байхгүй юм. Сонирхлоо дагаад чөлөөт цагаараа нэг ийм ажил хийж явах юм байна.

-Дөрвөн нүдтэй банхар яг олдож байна уу?
-Ер нь цөөхөн дөө. Надад хоёр гуравхан л бий. Зарим их хөгшөөн.

-Төвдийн нохой ямархуу юм?
-Яахав дээ, гаднах төрхөөрөө адилавтар л юм. Гэхдээ яагаад ч монгол нохойг гүйцэхгүй юм билээ.

-Та нохой жилтэй юм уу?
-Үгүй яасан. Би хулгана жилтэй.

-Бас ангийн ноход олонтой гэж дуулсан?
-Бий бий.

-Та тэгээд хөдөөнөөс олж ирсэн нохойндоо цоо шинэ нэр өгчихдөг үү, эсвэл бас ёс төртэй олж ирдэг юм уу?
-Нэртэй төртэй нь авчралгүй яахав. Ирээд харин орчин нь бол өөрчлөгдөж байгаа нь тодорхой. Сайн орчинд байлгахгүй бол болохгүй. Нохой чинь гүйгээд явчихдаг юм ш дээ.

-Тийм үү. Адуу шиг үү?
-Би 1999 оны өвөл ар нь онгорхой задгай машин дээр Завханаас нохой нэг нохой авчирсан юм. Тэгсэн чинь алдчихсан. Дараа нь сургийг нь сонссон чинь буцаад харьчихсан байсан. Айхтар амьтан шүү. Тууварчин дагаж ирсэн нохой бол яг л замаараа харьчихдаг гэж байгаа юм. Миний авчирсан тэр нохой бүр Отгон сум руу буцаад гүйчихсэн байсан гээд бод доо. Монгол нохой бол эзэндээ дэндүү үнэнч амьтан. Бусад газрын нохой шиг худалдагдахгүй. Энэ эрлийз нохойнууд чинь хоолоор худалдагдчихдаг бол монгол нохой хоолоор ч үгүй шүү дээ.

-Та их сонин хүн юм?
-Яаж байна.

-Та нэг жаахан хүүг өргөж авсан юм уу. Булган зүгээс ийм яриа олж сонссон юм байна?
-Одоогоос дөрвөн жил гаруйн өмнө би Булганы Баяннуурт явж байгаад тааралдсан юм. Би нэг өвлийн наадамд очсон юм аа. Тэгсэн нэг жижигхэн хүүхэд морь унаж байсан. Тэр жил манай адуу тэнд өвөлжсөн юм. Хариугүй жижигхэн юм аа. Ханцуйн дотроосоо нэг муу жаахан гар нь цухуйчихсан. Судаллаа. Тэгсэн чинь ээж аав хоёр нь орхиод явчихсан юм гэнэ. Бүр салаад явцгаачихсан. Тэгээд нэг хоёр хөгшин дээр хаячихсан байсан. Тэгээд би аваад явья, Улаанбаатарт аваачаад сургууль номонд оруулъя, биеийг нь эмчлүүлье гэж хэлж гуйсан. Ингээд аваад ирсэн дээ. Дөрөвхөн настай, бие нь жаахан туниагүй тийм л амьтан байсан даа. Угаасаа л морь унадаг байсан болохоор мориноос салж өгөөгүй. Улсад их олон айрагдсан жигтэйхэн том хүн бий. (инээв) Одоо хоёрдугаар анги. Онц сурна. Сурлага их сайн.

-Өрөвдмөөр харагдаад байсан юм уу?
-Нэг ч гэсэн хүүхэд сайхан амьдраг, сайхан ирээдүйд хүрэг л гэж бодсон юм. Энэ жил аав нь ирж уулзсан.

-Хаячихаад уу?
-Сураг нь гараад байхаар нь би уулзсан юм. Чи эр хүн байна. Хүүтэйгээ уулз.Хүү чинь ингээд явж байна гэж хэлсэн. Манай хүн чинь одоо 10-тай шүү дээ. Тэгээд аав нь ирж уулзсан. Хүний төрсөн эцэг гэдэг чинь өөр шүү дээ. Бас өөр л байдаг юм билээ. Дагах ч гээд байгаа юм шиг сонин мэдрэмж төрж байсан. Тэгээд аав нь надад баярлаж талархаж явдгаа хэлээд, хүүдээ сайн сайхныг ерөөгөөд буцсан даа.

-Таныг хэн гэж дууддаг вэ?
-Ах аа гэдэг.

Нэг мэдэхэд бидний яриа хүний амьдралын нарийн ширийн ч гэж болох, сэтгэл хөндсөн зүйлүүд рүү аяархан гулсаад орчихсон тууж явав. Хүн гэдэг ийм л сэтгэлийн амьтан хойно. Цаг хугацаа, зай талбай бас бус олон шалтгаан санагдаж өөрийн эрхгүй яриагаа өндөрлөлөө. Үргэлжлэлийг нь сэтгүүлч миний тун удахгүй хэвлэгдэх Миний ярилцлагын шилдэг 50 фигур номноос уншаарай.

(өдрийн сонин 2005-10-25 256)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button