Х.Хэрлэн даргын өдүүлсэн хэрэг, түүнээс үүдэлтэй ноён Паушокийн түрэмгийлэл
Энэ удаа тэд компанийхаа ордын дэргэд 100 метр хүрэхгүй газар орших Заамар сумын гуравдугаар буюу Хайлааст багийн төв Өгөөмөр тосгоныхныг газраас нь хөөж үүнийг эсэргүүцсэн ард иргэдийн тэмцэл тус компанийн эсрэг цуглаан хийж жагсахад хүргээд байгаа нь сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн гол дуулиан болоод байгаа билээ. Хөрш орны уул уурхайн компани зуун хувийн хөрөнгө оруулалтадаа дулдуйдан манай баялгаас хүртэхээс гадна одоо бүр байгуулагдаад арваад жил болж буй бүхэл бүтэн хотхоныг 3200 хүн амтай нь, засаг захиргаатай нь, барилга, айл өрх, мал сүрэгтэй нь хөөж тууж байгаа нь хэрээс хэтэрсэн даварсан үйлдэл болж монголчуудын бухимдлыг төрүүлж, уур хилэнг бараад байна. Эсэргүүцлийн цуглаан дээр Өгөөмөр тосгоны нэгэн хөгшин Үүний оронд биднийг бөмбөгдчихмөөр юм гэж хэлсэн нь арга барагдсных гэхээс өөр юу гэхэв.
Бидний өмнө Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албаны дарга, ноён Х.Хэрлэнгийн 2002 оны тавдугаар сарын 15-ны өдөр өөрийн биеэр гарын үсэг зурсан, Алтан дорнод ХХК-д Заамарын Ар наймганы 485 га газрыг 60 жилийн хугацаатайгаар олгож өгсөн 441 А тоот лиценз байж байна. Энэ газарт нь Хайлааст баг, түүний төв Өгөөмөр тосгон багтаж байгаа аж. Тодруулбал, Өгөөмөр тосгоны газар ирэх оноос эхлэн Алтан дорнод ХХК-ийн алт олборлох төлөвлөгөөнд оржээ. Ийнхүү орос ноён Паушокийн түрэмгийллийг монгол ноён Х.Хэрлэн гүйцэтгэж эх орныхоо газрыг нэг ёсондоо худалджээ. Х.Хэрлэн нь өнөөдөр ганц Алтан дорнод ХХК ч биш, манай төр, засагтай гэрээгээ хийгээгүй хүлээгдсээр байгаа гадаадын зарим компанийн бие төлөөлөгч гэдгээр мөн хэл аманд орж тэр нь дуусаагүй байгаа ч Ашигт малтмал, газрын тосны ХЭГ-ын орлогч даргаар дэвшин тавигдаад байгаа билээ.
Х.Хэрлэн даргын өдүүлсэн хэргээс үүдэлтэйгээр Алтан дорнод ХХК Өгөөмөр тосгоныг нүүлгэхээр бүр шүүхэд хандсан байх юм. Монголын засаг захиргааг нүүлгэхээр Монголын шүүх засаглалд ханджээ. Гэтэл хамгийн эмгэнэлтэй нь анхан шатны шүүх гадаадын компанийн энэхүү нэхэмжлэлийг хүлээн авахаас гадна шүүхийн шийдвэр Алтан дорнод ХХК-ийн талд гарсан нь хачирхалтай гэхэд дэндэхээр болжээ. Мэдээж, хариуцагч тал үүнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Иргэд эх орондоо, төрсөн нутагтаа амгалан тайван аж төрж, амьдармаар байдаг. Үүнийг хүсэхгүй хэн байхав. Өнөөдөр Хайлааст багийнхан яагаад бүхэл бүтэн тосгон байгаа газарт ашигт малтмал ашиглуулах зөвшөөрөл өгснийг ярихаа болъё л доо гэхэд шүүх эх орноо худалдсан энэ лиценз бүхий зөвшөөрөл, шийдвэрийг цуцлачихад яагаад болсонгүй гэсэн дараагийн асуудалтай тулгараад ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчийн тамд орж уначихаад байна. Газрын албаны холбогдох ноён Х.Хэрлэн, анхан шатны шүүхийн шийдвэр хоёроос болж өнөөдөр Монгол Улсын иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон оршин суух газраа чөлөөтэй сонгох, эрүүл, аюулгүй, баталгаатай орчинд амьдрах эрх ийнхүү бүдүүлгээр зөрчигдөхөд хүрээд байна. Төр, засаг иргэдийнхээ, засаг захиргааныхаа энэ хүнд байдалд орсныг юу гэж сууна вэ?
Баттай мэдээллээр Алтан дорнод ХХК зөвхөн Заамар суманд 20 лицензтэй гэж байгаа. Гэтэл тэдэнд газар нь давчдаад, баялаг нь чамлагдаад байгаа бололтой ийнхүү бүхэл бүтэн баг, тосгон руу дайрч эхэллээ.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-10-25 256)