Нам өөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа учраас санаачлага гаргасан
Энэ талаар нь түүнээс тодруулсан юм.
-Миний энэ бичгийг санаа зовсон хүний санал гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, УИХ-д өнөөдөр АН-ын нэлээн олон гишүүд байна. Энэ хүмүүсийн үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар уялдуулан чиглүүлж зохион байгуулах асуудал чухал байна. Ер нь гишүүд өнөөдөр байр сууриа нэгтгэх, нийгэмд тулгамдаад байгаа асуудлууд дээр альтернатив санал дэвшүүлж болно. Түүний дуу хоолой болж байх шаардлага байгаа. Тийм шаардлагаа тэр болгон нам хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн ойлголт надад байдаг. Иймээс яг УИХ-д байж байгаа хэдэн гишүүдийг зохион байгуулалтын зөв хэлбэрт оруулж, ажлын зөв механизмыг олоод ажлуулвал болохгүй юм юу байхав. Энэ үүднээс би санал гаргасан юм. Миний саналд гишүүд яаж хандах, ямар хариу өгөхийг хараад сууж байна. Ер нь АН-ын олон гишүүний санааг энэ асуудал зовоож байгаа. Өнөөдөр Монголд өрнөж буй бүх үйл явдалд АН тэргүүлэх үүрэгтэйгээр оролцох ёстой. Энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байна.
-Үүний учир шалтгаан нь юунд байна гэж та бодож байна вэ?
-Намаас болоод байна. Хувь хүний хоорондын асуудал байна уу, эсвэл удирдан зохион байгуулж чадахгүй байна уу. Энэ мэтчилэн асуудлыг өнөөдөр гаргаад илэн далангүй хэлэлцэн нэг шийдвэр гаргах цаг болсон гэж бодож байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шүү дээ. Тийм учраас бүгдээрээ хэлэлцэх цаг нь болсон. Энэ үүднээс би тодорхой санал дэвшүүлмээр байгаа юм.
-Ямар санал гэж
-Ойрын үед намын удирдлага, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, УИХ-ын гишүүд, Засгийн газарт ажиллаж буй гишүүд болон хариуцлагатай албан тушаал хашиж буй намын гишүүдийг бүгдийг нь цуглуулж зөвлөлгөөн хиймээр байна. Энэ зөвлөлгөөнөөр миний яриад байгаа асуудлуудыг авч хэлэлцэх цаг болсон. Өнөөдөр нам үүргээ гүйцэтгэж чадаж байна уу, үгүй юу. Олон түмний эрх ашгийг хамгаалж, дуу хоолой нь болох тэр хэмжээндээ ажиллаж чадаж байна уу, үгүй юу. Бурууд нүд нь хурц байж чадаж байна уу, үгүй юу. Ажил төрлөө зохицуулж чадаж байна уу, үгүй юу. Яагаад шүүмжлэлд өртөөд байна вэ. Яагаад сэтгэлд нь нийцтэл ажиллаж чадахгүй байна. Энэ юунаас болоод байна. Энд обьектив хүчин зүйл нь юу, субьектив хүчин зүйл нь юу байгаа юм. Энэ бүхнийг илэн далангүй ярилцаж, тодорхой шийдвэр гаргаж намын ажлыг эрчимжүүлье. Намаа гэсэн энэ утгаараа зөвлөлгөөн хийгээсэй гэж би санаачлага гаргаж байна. Миний энэ санаачлагыг намын дарга, бусад удирдлагууд, УИХ-ын гишүүд болон намын бусад гишүүд дэмжинэ гэдэгт найдаж байна.
М.БААТАР
(өдрийн сонин 2005-10-25 256)