Эдийн засгийн өсөлтийг дор хаяж найман хувьд хүргэх боломж байгаа
-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаан дээр Үндсэн чиглэл болоод төсвийн төслийн талаар өөрийн байр сууриа дэлгэрэнгүй илэрхийлсэн. Ер нь багагүй шүүмжлэлттэй хандсан. Эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөхийнх нь хувьд таны бодлыг сонсох нь зүйтэй байх
– Тэгэхлээр жил бүрийн намар УИХ-ын чуулганаар улс орныг хөгжүүлэх Үндсэн чиглэл, ирэх оны төсвийн төсөл, бас мөнгөний бодлогыг хэлэлцэж батладаг. Энэ гурван баримт бичиг бол хоорондоо амин чухал уялдаа холбоотой том бодлого юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдээс гадна төрийн бус байгууллага, ард иргэдийн саналыг тусгаж, ёстой л тал талаасаа шүүн хэлэлцэж байж батладаг баримт бичиг гэсэн үг. Ийм учраас нэн хариуцлагатай хандахыг шаарддаг. Монгол улсын Ерөнхийлөгч Үндсэн чиглэл,төсвийн төсөлтэй холбоотой асуудлаар чуулганд үг хэлсэн. Гол барьж авах асуудал бол одоогоос таван жилийн өмнө дэлхийн 180 орны удирдагчид хуран чуулж шинэ мянганы эхний зуунд хүн төрөлхтөнд тохиож буй зорилт, түүнд хэрхэн хандаж, хэдийд хаана, ямар түвшинд хүрсэн байх зорилтоо тодорхойлсон. Энэ маань бидний яриад байгаа Мянганы хөгжлийн зорилт шүү дээ. Энэ дагуу Монгол улс өөрийн Мянганы хөгжлийн зорилт-ыг тодорхойлж, анхны илтгэлээ гаргасан. УИХ ч тогтоол батласан. Гэтэл үүнийг эс тооцвол өнөөдөр хэлэлцэж буй дээрх гурван томоохон баримт бичигт энэ зорилтыг хэрхэн хангах талаар тодорхой зүйл тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл Мянганы хөгжлийн зорилтууд-ыг яаж хэрэгжүүлэх, энэ арга хэмжээнд хэдий хэрийн хөрөнгийг яаж дайчилж, эндээс ямар үр дүн гарах, гол нь ард түмнийг яаж гялайлгах зэрэг нь Үндсэн чиглэлээс харагдахгүй байгаа юм. Бүр ойлгомжтой болгохын тулд жишээ татья л даа. Өнөөдөр ядуурал гэж яриад л байдаг. Чухам яг яаж бууруулах гэж байгаа нь Үндсэн чиглэлд тодорхой бус байна. Ядуурал одоогоор 36.1 хувьтай байгаа. 2015 онд 18 хувьд хүргэх ёстой ч гэдэг юм уу тодорхой байх ёстой. Гэтэл ядуурлыг бууруулахын тулд чиглэсэн ажлын байр, үйлдвэр, хөрөнгө оруулалтыг яаж нэмэгдүүлэх гэж байгаа талаар үндсэндээ олигтой заалт тусгагдсангүй. Түүнээс гадна Мянганы хөгжлийн зорилт-д тодорхойлон зааснаар 2015 он гэхэд бүх нийтээр бага боловсрол эзэмших зорилтыг хангах учиртай. Гэтэл манай улсад 90 оноос хойш сургууль завсардах үзэгдэл ихэссэн. Сургалтын чанар ч муудсан. Өнгөрсөн онд Дэлхийн банк, НҮБ-ын Хүний хөгжлийн хөтөлбөр, манай Үндэсний статистикийн газраас хийсэн судалгаанаас үзвэл сургуульд хамрагдагсад хөдөөд 83, нийслэлд 89 хувьтай байна. Одоо яаж 100 хувьд хүргэх вэ гэдэг зорилт Үндсэн чиглэлд байх ёстой. Өнөөдөр ядуу айлын хүүхдүүдийн 65 хувь нь сургуульд суралцаж байна. Үүнийг орхих биш мөн л ялгаагүй 100 хувьд хүргэхийн төлөө баримт бичиг маань боловсруулагдах ёстой.
-Үүнд хүрэх нь эдийн засгийн өсөлтөөс хамаарна биз дээ. Гэтэл ирэх онд эдийн засгийн өсөлт 6.3 хувьтай байна гэж Засгийн газар тооцолсон.
-Эдийн засгийн бодит өсөлтийг яаж хангах вэ гэдэг яах аргагүй чухал асуудал шүү. 2004 онд 10.6 хувьд хүрсэн. Энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6.1 хувь болох төлөвтэй. Ирэх онд 6.3 хувь байх юм уудаа. Үүнийг яах аргагүй чамлалттай, нэн доогуур үзүүлэлт гэж үзэхээс биш яахав. Хэт доогуур зорилт тавьж түүндээ хүрсэн болоод биелүүлсэн мэт харагдах гээд байна уу даа.
Уг нь эдийн засгийн өсөлтийг 2006 онд дор хаяж найман хувьд хүргэх боломж байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс ийм дүгнэлт хийсэн. Яагаад гэвэл эдийн засгийн гадаад орчин төдий л өөрчлөгдөөгүй байна. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ тогтвортой байгаа. Дээр нь манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт шинээр орж ирж байна. Энэ бүхнийг тооцож төлөвлөх шаардлагатай байлаа. Яахав, эдийн засгийн өсөлтөд саад болж буй хүчин зүйлүүд бий л дээ. Экспортын бүтээгдэхүүний нэр төрлийн хязгаарлагдмал байдал, санхүүгийн сул хөгжил, мал аж ахуйн салбар сайнгүй гээд асуудал байгаа. Гэхдээ энэ бүхнийг яаж шийдэх арга, зорилтыг тодорхойлох ёстой. Ингэж чадвал тэртэй тэргүй дээр дурдсан эерэг хандлага байгаа болохоор эдийн засгийн өсөлт найман хувьтай байж болно гэсэн үг л дээ. Түүнээс гадна 2000 оноос хойш эхлүүлсэн шинэлэг бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа юм. Тухайлбал, бүсчилсэн хөгжлийн асуудал. Эдийн засгийн чөлөөт бүсийг маш хурдан, бодитой босгох шаардлага байна. Энэ ташрамд Мянганы зам-ыг заавал дурдах хэрэгтэй байх. Анх ямархуу хүндрэлтэй тулгарч байлаа даа. Гэтэл өнөөдөр маш үр дүнтэй, нэг ёсондоо ирээдүй нь тодорхой боллоо.
-Манай улс төсвийнхөө тодорхой хэсгийг гадаадын зээл тусламжаар бүрдүүлдэг. Гэвч энэ нь ирээдүйд төлөх өр болж хуримтлагддаг. Өнөөдөр л гэхэд төсвийн төсөлд 71.6 тэрбум төгрөгийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөхөөр төлөвлөжээ. Яг энэ асуудал дээр Ерөнхийлөгч бас байр сууриа илэрхийлсэн
-Тийм ээ. Төсвийн тодорхой хэсгийг гадаадын зээл тусламжаар бүрдүүлдэг. Зээл авч болно. Гэхдээ тодорхой хугацааны дотор нийгмийн хуримтлалын сан бий болгох ёстой байна. Иймийн тулд 2008 он хүртэл хуримтлалыг яаж бий болгох вэ гэдэг рүү чиглэсэн тодорхой бодлого төсөвт тусгагдах шаардлага байна гэж үзсэн. Үүнээс гадна цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой үүсч буй маргаантай асуудал дээр гэвэл Ерөнхийлөгч түлхүү нэмэгдүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж байгаа шүү дээ. Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд энэ талаар Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсөвт цалин, тэтгэврийн санг 12.5 тэрбум төгрөгөөр нэмэхээр байгаа нь хэмжээний хувьд чамлалттай төдийгүй яаж нэмэгдүүлэх нь тодорхойгүй байгаагаас үзэхэд энэ талаар Засгийн газрын бодлого тодорхой бус байна уу гэсэн эргэлзээ төрөхөд хүрч байна гэж тодорхой байгаа.
-Зарим яам, агентлагийн төсөв өмнөх жилүүдээс хэд дахин нэмэгдсэн сурагтай?
-Хаа хаанаа хуулиа дээдлэх хэрэгтэй болчихоод байна. Хаврын чуулганаар төсвийн хүрээний мэдэгдлийг баталдаг. Дараа нь төсөв зохиох үйл явц эхэлдэг. Тэр төсвийн төслийг намрын чуулганаар баталдаг. Уг нь зайлшгүй онцгой нөхцөл үүсээгүй үед төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилдөггүй юм. Гэтэл энэ жилийн төсөвт Сангийн сайдын төсөв 23.3 хувиар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсөв 72.4 хувиар өсөхөөр тусгагджээ. Ингэж нэмэх байсан юм бол хавар төсвийн хүрээний мэдэгдлийг батлах ямар хэрэг байсан юм бол.
(өнөөдрийн монгол 2005-10-25 121)