Удахгүй хувийн цөмийн зэвсэгтэй болно

Тус албаны мэргэжилтнүүдийн гаргасан судалгаагаар /МI5/ дэлхийн найман орны засгийн газрын байгууллага, их сургууль болон 360 хувийн байгууллага цөмийн хөтөлбөрт ашигладаг технологи, материалтай болохыг тус илтгэлд дурдсаныг Guardian сонин нийтэлжээ. Илтгэлд хувийн цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломжтой объектын 17 хуудас жагсаалтад Пакистаны 95 компани, Ираны 114, Энэтхэгийн 73, Израилийн 11, Арабын нэгдсэн Эмират Улсын 24 болон Сири, Египетийн хэд хэдэн байгууллага орсон байна. Жагсаалтаас үзвэл цөмийн зэвсэг төсөөлж байснаас ч илүү эрэлттэй, зах зээлтэй болох нь тодорхой байгааг Guardianсонин онцолжээ. Үнэхээр хүн төрөлхтний сэтгэл зовоох асуудал цөмийн зэвсэг болоод байгааг Британийн тагнуулчид ноцтой сэрэмжлүүлж байна. 25 жилийн дараа хэн нэгэн хувийн цөмийн зэвсэгтэй болсноо зарлахад гайхах зүйл үгүй болоод байгаа гэнэ.
Үүнээс гадна цөмийн зэвсгийн орчин тойронд эсвэл агуулахад гал гарвал юу болохыг төсөөлөх аргагүй. Хамгийн наад зах нь тээвэрлэлтийн явцад хулгайд алдахгүй гэх баталгааг ямар ч улс орон өгч чадаагүй л байна. Тэр тусмаа өнөөдрийнх шиг алан хядагчдын аалзны сүлжээ дэлхийг хэрсэн үед эсвэл мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахаа больсон цагт бүхэл бүтэн улс орныг байг гэхэд багахан хэмжээний хот тосгоныг газрын хөрснөөс арчих хэмжээний атомын зэвсэг олж авахад хэцүү биш. Өнгөрсөн жил гэхэд Британийн нэг сэтгүүлч цөмийн зэвсэг зарна гэсэн зарын дагуу хөөцөлдөж худалдан авахын даваан дээр бэлэн мөнгөний асуудлаас болж сурвалжлага нь зогссон тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиж байсныг олон орны тагнуулын алба анхааралдаа авсан нь лавтай. Хамгийн гол нь цөмийн зэвсэгтэй гүрэн болох АНУ, Их Британи, ОХУ, Франц, Хятадаас хувийн цөмийн зэвсэгтэн үүсэх магадлал тун бага харин ч техник, технологийн хөгжил нь хоцрогдсон улс орныг ашиглан хэнд ч анзаарагдамгүй цөмийн зэвсгийн үйлдвэрлэл явуулж болзошгүй аж . Хагас зуун жилийн өмнө цөмийн технологийг дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг улс орон эзэмшдэг байсан. Үүнийг Герман, Япон, Итали, Швед, Өмнөд Солонгос зэрэг оронд өнөөг хүртэл цөмийн зэвсэггүй байгаагаагаар тайлбарлаж болно. Гэхдээ хэрвээ эдгээр улс их гүрний тусламжтайгаар маш хурдан хугацаанд цөмийн зэвсэгтэй болох өндөр магадлалтай. Мөн Испани, Канад, Бразиль, Мексик, Туркээс гадна хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Казахстан, Украин зэрэг орон ч бусдаас дутахгүй байхыг хүсвэл хүчирхэг зэвсэгтэй болох чадамжтайг илтгэлд дурдсан байна. Тэгвэл хөгжил багатай улс орон дээр дурдсан орнуудаас ч илүү аюул заналхийлэл дэлхий ертөнцөд учруулж болох гэнэ. Зарим нэг томоохон корпорацийн эдийн засгийн чадавхи дунд зэргийн орны дотоодын нийт бүтээгдэхүүнээс давж гарах үзүүлэлт хэдийн хэвийн үзэгдэл болсон өнөө цагт компаниар дамжуулан хууль бус ажиллагааг хянах боломж тун бага юм. Хувийн бизнесийн технологийн чадамж дэлхийн II дайны дараагийн их гүрнүүдийн боломжийг хэд дахин давж гарсан үзүүлэлттэй байна . Ганцхан жилийн өмнө анхны хувийн сансрын жолоодлоготой хөлөг бий болсныг бид мэднэ. Энэ нь ураныг баяжуулах эсвэл цөмийн зэвсгийн цэнэгийг бэлдэхээс илүү нарийн, хэцүү технологи билээ. Энэ бүхнээс үзэхэд өнөөгийн тагнуулын байгууллагуудын өмнө тавигдаж байгаа хамгийн хурц асуудал хувийн цөмийн зэвсэг түүнд тавих хяналт болж байна.

(өнөөдрийн монгол 2005-10-25 121)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button