Муу мэдээ хэлье, эхийн эндэгдэл энэ онд өсөх хандлагатай
-Монголд эхийн эндэгдлийн тоо буурахгүй байна гэх юм?
-1980 оноос хойш эхийн эндэгдэл тогтмол буурч яваад 2003 оноос эхлэн өсөх хандлагатай болсон. Тухайлбал, 100 мянган төрөлтөөс 98 эх эндэх магадлалтай гэж үзэж байгаа. Харин хуучин социалист байсан орнуудтай харьцуулахад багагүй тоо гарч байгаа. Харин өндөр хөгжилтэй Герман, АНУ-тай харьцуулахад маш их тоо л доо.
-Энэ тоог бууруулах ёстой биз дээ?
-Би хувьдаа эхийн эндэгдлийг өнөөдрийг хүртэл мэргэжлийн зөв удирдлагын дор бууруулж чадсан гэж үзэж байгаа. Гэхдээ муу мэдээ хэлье. Энэ оны хувьд өсөх хандлагатай нь харагдаж байна. Одоогоор тэд эд гэсэн тогтсон тоо гараагүй байгаа ч оны эцсээр л гарах байх. Тэгэхдээ тоогоор ярихад өнгөрсөн аравдугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 39 эх төрөхийн хүндрэлээс болж эндсэн байна. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад их гэсэн дүгнэлтийг холбогдох газраас гаргасан. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 44 эх эндсэн байгаа. Үлдсэн гурван сарын хугацаанд эмч, эмнэлгийн байгууллагын яаж ажиллах нь харагдах байх. Эхийн эндэгдэл бууруулна гэдэг ямар нэг юмны бодлого, зорилго биш. Ихсэж, багасаж л байдаг.
-Эх баригч эмч нарын ур чадвар муугаас эндэгдэл гарч байна гэж ойлгож болох уу?
-Би хувьдаа үүнийг үгүйсгэдэг. Энэ бол төр засгаас зохион байгуулалттай хийх ёстой том асуудал. Манай эх баригч эмч нарын үзүүлж байгаа тусламж, арга хэмжээний төвшин өндөр. Харин үүнд нөлөөлж байгаа зүйл гэвэл хууль бусаар үр хөндүүлж байна. Хуулиндаа бол үр хөндөлтийг 12 долоо хоногийн дотор хийдэг. Гэтэл 30 долоо хоногийн дотор хийж байгаа нь эхчүүдийг амь насаа алдахад хүргэж байна.
Тиймээс хууль тогтоох байгууллага, хараа хяналтын газар сайн ажилламаар санагдах юм. Тухайлал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өвтгөхгүй, найдвартай 100 хувь зулбуулдаг эм зарна гэсэн зарлал нийтлэгддэг. Үүнийг хэн дуртай нь уудаг. Юу ч мэдэхгүй 17 настай охиноос авахуулаад мэддэг нь хүртэл аваад уучихдаг юм билээ. Тэгээд амь насаараа хохирч байна. Иймэрхүү байдал мэр сэр ажиглагддаг. Тэрнээс биш эмчийн буруу юу байхав. Тэд чинь аль бүхий л чадлаараа эх, хүүхэд хоёрыг эсэн мэнд хоёр яс салгах гэж яваа тангараг өргөсөн эмч хүн шүү дээ. Гэхдээ тэднийг 100 хувь зөвтгөж болохгүй ганц нэг алдсан гэм байхыг үгүйсгэхгүй. Тиймээс юуны түрүүнд нийгмийн талын асуудлыг л бодлогоор зохицуулах хэрэгтэй л дээ.
-Таны бодлоор яаж зохицуулах гэж?
-Олон улсын төвшинд хууль бус үр хөндөлт эхийн эндэгдэлд ороод явдаг. Харин манай орон шиг замбараагүй үр хөндүүлж, зулбуулж байгаа нөхцөлд энэ асуудлыг жичид нь шийдэх хэрэгтэй гэж би боддог. Тэгэхдээ би хууль тогтоох байгууллагын ажилтан биш. Хамгийн гол нь үр зулбуулах эмийг мэргэжлийн биш хүн ямар ч хараа, хяналтгүй зах зээлд борлуулж байна. Үүнтэй л хатуу тэмцмээр байна. Энэ нь эхийн эндэгдэл гарах нэг шалтгаан.
Мөн жирэмсэн эмэгтэй хүүхэд олохоосоо өмнө өөрийнхөө биед дүгнэлт хийх ёстой. Өнөөдөр хүүхэд гаргахад бие эрүүл байна уу гээд үзүүлдэггүй. Бараг төрөх дөхөөд л эмчид ханддаг. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг болохоор хүүхэд олохоосоо өмнө эмчид хандаж байгаасай. Саяхан гаргасан судалгаагаар жирэмснээс болж эндэж байгаа эхчүүдийн 16 хувь нь эмчийн хяналтанд ороогүй байх жишээтэй.
Өөртөө ямар ч анхаарал, халамж тавихгүй байснаар эцэст нь амь насаа алдахад эмч, эмнэлгийн ажилтанд буруугаа тохох гэдэг. Тиймээс хариуцлагагүй байж болохгүй шүү дээ. Харин төрж болохгүйгээ мэдсээр байж хүүхэд төрүүлэх гээд байгаа хоёр ч эмэгтэй миний хяналтанд байна. Энэ бол амьдралын шаардлага. Үүнийг л зөв зохицуулах хэрэгтэй дээ.
-Эхчүүд ихэвчлэн юунаас болж амь насаа алдаж байна?
-Манайхны нэг авч болохгүй зан байдаг. Юу гэвэл өөрөөс хайх алдаагаа бусдаас хайн өөчилдөг. Төрөлтийг хэвийн, хүндрэлтэй гэж ангилдаг. Хүндрэлтэй төрж байгаа эхчүүд л амь насаа алддаг. Тэгэхдээ нэг номерийн шалтгаан нь эхийн суурь өвчин. Дараагаар нь цус багадалт, бөөр, элэгний үрэвсэл, уушигны сүрьеэгээс болж байна. Харин хүндрэлтэй төрөлтдөө харьцуулахад эхийн эндэгдлийн тоо бага. Тухайлбал, манайд бөөрний үрэвсэл, хавангүй жирэмсэн эх бараг байхгүй.
-Эхийн эндэгдэл хөдөө орон нутагт их гардаг уу. Эсвэл…?
-Мэдээж нийслэлд их байгаа. Учир нь, хөдөө орон нутагтаа төрж болохгүй эхчүүдийг хотод авчирдаг. Тэгэхдээ хөдөө хот хоёрын хоорондын харьцаа өөр л дөө.
-Төрөхийн хүндрэлээс болж амь насаа алдах нь анхны эсвэл давтан төрөлтийн алинд нь илүү ажиглагддаг вэ?
-Судалгаагаар бараг адилхан гарсан.
-Сүүлийн үед төрөлт буурсан гэх. Үүнтэй холбон ойлгож болох уу?
-Яг ч тэгж болохгүй л дээ. Төрөлтийг сүүлийн 13 жилийн тоо баримттай харьцуулахад эрс буурсан. Тиймээс энэ нь хүн амын өсөлтөнд ч нөлөөлсөн. Өнөөдөр биш юм аа гэхэд магадгүй 50 жилийн дараа нөлөөлнө. Монголын хүн ам хэд билээ. Тиймээс аль болох олон хүүхэд төрүүлэх нийгмийн талаас нь арга хэмжээ авах ёстой юм болов уу. Хоёр хүүхэдтэй айл байлаа гэхэд хүн амын өсөлтөнд ямар ч үүрэггүй. Хорвоогийн жамаар эцэг, эх нь бурхан болоход хоёр хүүхэд нь тэднийг орлож байгаа байхгүй юу.
Хуучин нийгмийн үед хүн амаа өсгөх тал дээр анхаарч дөрвөн хүүхэдтэй айлд тэтгэмж олгодог байсан.
Тэгэхдээ тэр мөнгө нь амьдралд нь боломжийн нэмэр болдог л байсан байх. Тэгтэл өнөөдөр тэр мөнгө алга. Сая хэрүүл болж, болж нэг хүүхдэд сард гурван мянган төгрөг өгөх боллоо. Дээрээс нь хувийн эмнэлэгийн холбоо тодорхой хэмжээний асуудал үүсгэж, хамрагдаж чадаагүй хүүхдэд тусламж өгсөн.
-Хамгийн гол нь олон төрсөн ээжийг эдийн засгийн хувьд яаж хэвийн байлгах вэ?
-Би сонсож байсан юм. Тухайлбал, үндсэн хүн ам нь цөөхөн Сингапур зэрэг оронд хүүхэд болгонд мянган ам. доллар өгч эдийн засгийн хөшүүргээр хүн амаа өсгөх бодлого барьж байх жишээтэй. Манай улс яагаад ингэж болохгүй гэж. Хэдийгээр ядуу ч гэсэн тодорхой хэмжээгээр дэмжих л ёстой асуудал. Хэдэн зуун жилийн дараа монгол хүн гэж байхгүй болохыг үгүйсгэхгүй. Тиймээс бид өнөөдрөөс л суурийг нь тавьж, арга хэмжээ авах ёстой юм.
-Хүн амаа өсгөхийн тулд үр хөндөлтийг хязгаарлаж болдоггүй юм уу?
-Энэ асуудал их яригдсан. Нэг үе хорьж ч үзсэн. Хүний эрхийн асуудал гэж чөлөөтэй байлгаж ч үзсэн. Энэ асуудлыг хориод ирэхээр хууль бусаар мэргэжлийн биш хүн гэрийн нөхцөлд үр хөндөх нь ихэссэн. Үүнээс болж эхийн эндэглэл буурахгүй харин ч ихсэх хандлагатай болсон. Харин 1990-ээд оноос жирэмсэн болсон бол хүүхдээ гаргах үгүйгээ өөрөө шийд гээд үндсэн хуулиндаа заагаад өгсөн.
Тэгэхдээ хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах талаар шилжилтийн насанд нь ойлгуулж, төлөвшүүлэх нь зүйтэй л дээ. Энэ төлөвшил насан туршид нь хүмүүжүүлж өгдөг. Өнөөдөр 16, 17 настай хүүхдүүд жирэмсэн болсноо мэдэхгүй явснаас шоконд орж байна. Хүүхдээ төрүүлчихээд амь насыг нь егүүтгэх хэрэг ч гарч байгаа нь харамсмаар. Харамсалтай нь энэ тал дээр анхаарал тавьж байгаа газар алга.
-Саяхан эхийн эндэгдэл бууруулах талаар Ази номхон далайн орнуудын эх баригч эмч нарын хурал болсон гэл үү?
-Тиймээ. Эхийн эндэгдэл бууруулах талаар Ази номхон далайн орнуудын эх баригч эмч нарын урьдчилсан бага хурал болсон. Гадаадын 18 орны төлөөлөгч ирсэн. Энэ үеэр эх баригчдыг бэлтгэх, эхийн эндэгдлийг бууруулах талаар яригдсан. Мөн бусад орны талаар ч мэдээлэл авлаа.
-Тухайлбал?
-Какахстан, Гүрж, Болгар зэрэг орнуудтай харьцуулахад эхийн эндэгдэл өндөр байна. Филиппин, Энэтхэг, Бангладештэй харьцуулахад бага л даа. Тэгэхдээ эдгээр орны хүн амын хэд нь бичиг үсэг тайлагдсан билээ. Гэтэл монголынх хэд билээ. Үүгээр нь тухайн улсын хүн амын боловсролын түвшинг гаргадаг юм байна. Гэтэл манайх 96 хувьтай байгаа нь хамаагүй өндөр байгаа. Засгийн газар, Эрүүл мэндийн яам, улсын 60, хувийн 80 гаруй эмэгтэйчүүдийн эмнэлэг байхад эхийн эндэгдэл өндөр байгаа нь эмгэнэл. Эдгээр эмнэлэгт нарийн мэргэжлийн 150 гаруй эх баригч эмч байна. Бид эднийхээ хүч бололцоог ашиглаж чадахгүй байна.
Манайд төрж байгаа эхчүүдийн 95 гаруй хувь нь эмчийн тусламжтайгаар төрж байхад буурай хөгжилтэй зарим оронд 30 хүрэхгүй хувь нь эмнэлгийн тусламж авч байх жишээтэй. Тиймээс хамгийн гол нь үүнийг бууруулахад зөв зохицуулалт л хэрэгтэй.
Наад зах нь эхийн эндэгдлийг бууруулах асуудал дээр гадаадын зөвлөх эмч байж болохгүй гэж. Бид газар шороогоо харийнханаар ухуулж эрх мэдэл өгөөд байгаа хэрнээ эрүүд мэндээ даатгаж болохгүй гэж үү.
(өнөөдрийн монгол 2005-10-25 121)