Оддын эрэлд-2 тэмцээний ялагч тодорлоо
СУИС-ийн дуурийн дуулаачийн нэгдүгээр дамжааны оюутан Л.Насанбуян түрүүллээ. Тэрбээр 9784 санал цуглуулж чадсан бөгөөд шалгаруулалтыг Инфо радио 105,5 клубт зохион байгуулжээ. Л.Насанбуянтай уулзаж, түүний баяраас хуваалцсан юм.
-Санал өгсөн хүмүүстээ хандаж юу гэж хэлмээр байна?
-Баярлалаа гэж хэлье. Энэ бүхний эцэст би улам хичээж, чанартай сайн уран бүтээл хийнэ гэж өөртөө амласан.
-Шалгаруулах мөчид өөртөө хэр итгэлтэй байв?
-Арай ч 100 хувь биш юмаа. Гэхдээ л итгэлтэй байлгүй яахав.
-Баяраа хэрхэн тэмдэглэв?
-Өө, маш сайхан тэмдэглэсэн. Дүнгээ сонсоод, оройжингоо л бөөн юм болсон.
-Аригу компанитай гэрээгээ байгуулсан уу?
-Байгуулсан. Бас нөгөө гуравтай ч гэсэн гэрээ байгуулсан шүү дээ.
Уг тэмцээний шүүгчээр ажилласан гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаатай уулзахад Ер нь түрүү жилийн тэмцээнээс харьцангуй сайжирсан гэж бодож байна. Учир нь дуулах ур чадварын хувьд нэлээн өндөр чадвартай хүүхдүүд оролцсон шүү дээ. Болдогсон бол энэ дөрвөн хүүхдийн авьяасыг нийлүүлээд нэг дуучин гаргачихмаар байна. Тэд тус тусдаа өөрийн гэсэн авьяастай оролцогчид байлаа гэсэн юм.
Р.МӨНГӨНЦЭЦЭГ
(өнөөдрийн монгол 2005-10-25 121)