Эмгэнэл

Монгол Улсын Гадаад явдлын яамны сайд агсан, ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баярын Жаргалсайхан өвчний улмаас энэ оны 10 дугаар сарын 24-ний өдөр таалал төгссөнд гүнээ эмгэнэж байна.

Б.Жаргалсайхан 1915 онд Дорнод аймгийн Халх гол суманд төржээ.

Тэрээр 1925-1929 онд хошууны бага сургууль, 1929-1930 онд Хэнтий аймгийн дунд сургууль, 1930-1933 онд Намын төв сургууль, 1937-1940 онд Москва хотын Дорно дахины дээд сургуульд тус тус суралцаж төгсчээ.

1933-1937 онд Улаанбаатар хотын залуучуудын эвлэлийн хорооны зохиолын эрхлэгч, дарга, Хувьсгалт залуучуудын эвлэл , Залуучуудын үнэн, Хүмүүжил жигшил сэтгүүлийн эрхлэгч, Їндэсний эрх сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, Монголын зохиолчдын холбооны нарийн бичгийн дарга, 1947-1950 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1955-1956 онд Монголын зохиолчдын хорооны даргаар тус тус ажиллажээ.

Талийгаач Б.Жаргалсайхан Монгол Улсын гадаад харилцааны салбарт 1941 оноос эхлэн 40 гаруй жил ажиллахдаа Засгийн газрын протоколын эрхлэгч, Гадаад явдлын яамны Ёслолын хэлтсийн дарга, Гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд, сайд, МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн дарга, БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-аас БНХАУ, БНСЧСУ, БНФУ, АБНЕУ, Алжир Улс, БНЭУ-д суугаа Элчин сайд, НЇБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч зэрэг өндөр хариуцлагатай албыг нэр төртэй хашиж ирсэн юм.

Улс орныхоо тусгаар тогтнолыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлэх, байр суурийг нь бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд хүчин зүтгэж, 1961 онд Монгол Улсыг НЇБ-д гишүүнээр элсүүлэх Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож, улмаар НЇБ-ын дэргэд суугаа анхны Байнгын төлөөлөгчөөр ажилласан тэрээр НЇБ-ын Ерөнхий Ассамблейн удаа дараагийн чуулганд Монгол Улсын төлөөлөгчдийг тэргүүлэн дэлхийн хамтын нийгэмлэгт Монгол Улсын эрх ашгийг тууштай хамгаалан, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлж байв.

Монгол Улсын гадаад харилцааг хөгжүүлэх, олон улсын байр суурийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг нь төр, засгаас өндрөөр үнэлж, Сүхбаатарын одон /2 удаа/, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон /2 удаа/, Алтангадас одон /2 удаа/, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнаж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дипломат дээд цол хүртээжээ. Мөн гадаадын олон орны одон, медалиар шагнагдсан байна.

Талийгаач Б.Жаргалсайхан Ардын Их Хурлын 1,2,3,4,7 дахь удаагийн сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдож, АИХ-ын дарга, Гадаад хэргийн байнгын комиссын дарга, Дэлхийн энх тайвныг хамгаалах байнгын хорооны гишүүний сонгуульт үүргийг гүйцэтгэж иржээ.

Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хүндэт доктор талийгаач Б.Жаргалсайхан эзэмшсэн мэргэжил, ажлын баялаг туршлагаасаа залуу үедээ өвлүүлэх сэтгэл өвөрлөн Алаг жарны бодрол, Хувь тавилангийн эрхшээл, Авахуй, гээхүй, Ойрхи Дорнодын асуудал, Дээдсийн газрын онгон зэрэг туршлага, сургамж, ирээдүйн төсөөлөл шингээсэн дурсамж, бодролын 10-аад ном товхимол тууриван, олон тооны өгүүлэл, нийтлэл хэвлүүлжээ.

Улс түмний энх тайван, аюулгүй байдал, эх орныхоо хөгжил цэцэглэлийн төлөө олон талт үйл амьдралаа зориулсан төрийн ахмад түшээ, хүндэт дипломатч, монголын соён гэрээрүүлэгч сэхээтний төлөөлөгч Б.Жаргалсайханы гавьяа зүтгэл, бүтээлч ажилсаг чанар, зохион байгуулах авьяас билиг, хүнлэг энэрэнгүй, нөхөрсөг, нягт нямбай зан төрх бид бүхний сэтгэл, зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.

Н. Энхбаяр, Ц. Нямдорж, Ц. Элбэгдорж, М.Энхсайхан, Ц.Мөнх-Оргил, А.Баттөр, Ц.Шинэбаяр, Ц. Жанлав, Р.Алтангэрэл, М.Далайхүү, Б.Чадраа, Х.Чилаажав, Д. Цогтбаатар, Б.Должинцэрэн, Х.Бэхбат, П.Шагдарсүрэн, Ц.Гомбосүрэн, Л.Эрдэнэчулуун, Д.Ёндон, С.Дамбадаржаа, Г.Дашдаваа, Б.Орсоо, Ю.Сандаг, Б.Сувд, С.Хүрэлбаатар, Ц.Жамбалдорж, Х.Аюурзана, Б. Алтангэрэл, О.Энхцэцэг, О. Очиржав, Т.Батбаатар, С.Баярмөнх.

/Olloo.MN/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button