Тэмүүжин өнөөдөр Улаан-Үдийг зорив
Өнгөрсөн жилээс хүүхэд, залуусын дунд зохиогдох болсон энэ тэмцээнд монголыг төлөөлөн Соёл урлагийн их сургууль, Кино урлагийн дээд сургууль, Музикхолл театр кино урлагийн дээд сургуулийн оюутан Б.Түмэнжаргал, Н.Батбаяр, Н.Бадарч, Ж.Нүрзэд, Ш.Болормаа нар оролцох юм. Фестивальд одоогоор ОХУ, Монгол, Хятад зэрэг арваад орноос оролцохоор бүртгэгдээд байгаа юм байна. Сонирхуулахад, ирэх сарын 3-нд зохиогдох олон улсын тус фестиваль нь манайхны хувьд бусдад үлгэр дууриалал болох хамгийн чухал, хариуцлагатай мөч аж. Тиймээс ч тэд Тэмүүжиний бага нас төдийгүй эзэн Чингис ямар хүн байсныг бусдаас өвөрмөц, бодитойгоор харуулахыг зорьж буй юм. Өөрөөр хэлбэл, тархай бутархай, өөр хоорондоо дайсагналдан тэмцэлдэж байсан олон овог аймгийг нэгэн тугын дор нэгтгэн захирч нэгдсэн Монгол улсыг байгуулсан хүн бол Чингис хаан. Гэвч Чингис хаан зэрэгт хүрч их орыг залгатлаа хатуу бэрхийг хар нялхаасаа эхлэн даван туулсан байдаг. Есүхэй эцгийг нь татарт хорлогдоход албатууд нь Тэмүүжин хүүг эх болоод дүү нарынх нь хамт харь нутагт хаян одож байгаагаар уг жүжиг өрнөдөг. Эцэг нэгтэй ч эх ондоотой Тэмүүжин, Бэгтэр хоёрын хоорондын тэмцэл туйлдаа хүрч эцэст нь Тэмүүжин Бэгтэрийг харван ална. Энэ мөчөөс эхлэн Тэмүүжин хүү өөрийн үзэл бодол, ухрашгүй байр сууриа олж авдаг.
Энэхүү жүжгийг эзэн богд Чингис хааны 840 жилийн ойд зориулан Засгийн газрын захиалгаар бүтээсэн бөгөөд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын жүжигчидтэй Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн хүүхдүүд хамтран 2003-2004 онд тоглож байжээ.
(өдрийн сонин 2005-10-26 257)