Пентагоны тэргүүний Ази дахь айлчлал
Хятадууд Д.Рамс-фелдийн айчлалын үеэр маш нээлттэй гэдгээ харуулсан. АНУ-ын БХЯ-ны сайд энэ айлчлалын үеэр Хятадын цэргийн салбарын хэтийн төлөвлөгөөтэй танилцахаар төлөвлөсөн билээ. Д.Рамсфелд Хятадад байхдаа их бууны ангиар очиж, Бээжин хотын ойролцоо орших Цинхэ дэх стратегийн цөмийн хүчний штабын үйл ажиллагаатай танилцсан. Энд өмнө нь нэг ч америк хүн очиж байгаагүй. Маш хурдан хөгжиж буй энэ улс аюулгүй байдалдаа анхаарал хандуулахаа мартсангүй. Анхны сансрын нисгэгчээ амжилттай нисгэсэн Хятад техникийн хувьд бүрэн тоноглогдсон гэдгээ харуулахдаа ч баяртай байсан. АНУ нь Монголын тусгаар тогтнол, Тайванийн аюулгүй байдлын гол баталгаа гэдгийг харгалзан үзвээс Хятад сүр хүчээ үзүүлж байна гэсэн үг.
Хятадуудын хэлснээр энэ айлчлалаар хоёр тал батлан хамгаалах салбарын харилцааны асуудлаар санал бодлоо нэлээд гүнзгий солилцож байгаа хэрэг гэнэ. Д.Рамсфелд Хятадын Цэргийн төв зөвлөлийн тэргүүний албыг давхар хашдаг БНХАУ-ын дарга Ху Жинтао, БХЯ-ны сайд Цао Ганчуантай уулзахдаа хоёр талын сонирхсон асуудлаар санал солилцоно хэмээн тус улсын хэвлэлд бичсэн юм. Энэ нь АНУ, БНХАУ-ын харилцан итгэлцлийг улам бэхжүүлэх юм байна.
Гэхдээ ойрын хугацаанд итгэлцэл бий болно гэдэг юу л бол. Д.Рамсфелд Бээжинд итгэхгүй байгаагаа саяхан л албан ёсоор мэдэгдэж байсан бөгөөд Хятад батлан хамгаалах салбартаа ямар их хөрөнгө зарцуулж байгааг гайхаж байгаагаа илэрхийлсэн. АНУ цэргийн салбартаа 450 тэрбум ам.доллар зарцуулдаг. Тэгвэл Хятад 50 тэрбумыг зориулдаг бөгөөд энэ нь харьцуулахын аргагүй юм. Ийм нөхцөлд харин Хятад Америкт итгэхгүй байх ёстой гэвэл та гайхахгүй байх. Америк нь Хятад Тайванийн зөрчилдөөнийг тоохгүй байгаа мэт дүр үзүүлж байгаад газар нутгийн маргаанд орох вий хэмээн хятадууд болгоомжилж байна.
Хятадын зэвсгийг АНУ үргэлж сонирхож ирсэн. Гэхдээ сүүлийн 10 жилд анх удаагаа үүнийгээ нээлттэйгээр илэрхийллээ. 2001 оны дөрөвдүгээр сард Амеркийн тагнуулын онгоцыг хятадууд харваж унагаснаас хойш Д.Рамсфелд Хятадад айлчлаагүй билээ.
Өөрөөр хэлбэл, Пентагоны тэргүүний айлчлал нь Кондолиза Райсын авсан арга хэмжээний үргэлжлэл буюу тагнах үйл ажиллагаа юм. Хятад бол Оросын стратегийн түнш бөгөөд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн. Москва, Бээжин хоёр өдөр ирэх тусам нөлөөгөө бэхжүүлж байгаа энэ бүс нутгийг АНУ сонирхож байна. Тиймээс Дундад Азид цэргийн бааз байгуулж түүнийгээ дорно зүгт өргөжүүлэх асуудалтай адил чухал юм. Хуучин ЗХУ задарснаас хойш Монгол гаднаас ямар ч хамгаалалтгүй болж, аль хэдийнээс америкчуудыг харах болсон. Харин Вашингтон өөртөө тохиромжтой үеийг сонгосон бололтой. Гэхдээ сүүлийн үед Монгол нь Орос, Хятадын нөлөөнд улам бүр автаж байгаа. Нэг жишээ дурдахад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч болсон. Гэхдээ Киргизийг авч үзэхэд АНУ-ын хариуцлагатай албан хашдаг хүмүүс хэдэн удаа айлчлаад л цэргийн баазаа үлдээхээр болдог. Энэ нь чинээлэг бус улс орнууд АНУ-тай амархан ойртдогийн жишээ.
Хамгийн сонирхолтой нь энэ айлчлалаас нэг сарын дараа яг энэ орнуудаар АНУ-ын Ерөнхийлөгч айлчлах юм. Цагаан ордны хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдсэнээр Жорж Буш Япон, БНСУ, Хятад, Монголд арваннэгдүгээр сарын 15-21-ний хооронд айлчлах юм. Арваннэгдүгээр сарын 15-нд АНУ-ын Ерөнхийлөгч Киото очиж Японы Ерөнхий сайд Ж.Коизумитай уулзана. Тэндээс БНСУ-ыг зорих бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Ро Мү Хёнтай уулзчихаад Пусан хотноо болох Ази Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Энэ үеэр Америкийн цэргийн баазыг байгуулах тухай яригдах байх. Дээд хэмжээний уулзалтын дараа Жорж Буш БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар Хятадад очих бөгөөд тэндээсээ Монголд ирж тус улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяртай хэлэлцээ хийх юм. Энэ үеэр АНУ тус бүс нутагт ямар сонирхолтой байгаа талаар хэд хэдэн улс төрийн мэдэгдэл хийх байх.
(өдрийн сонин 2005-10-26 257)