Азийн хөгжлийн банк манайд 125 сая ам.долларын зээл олгоно
Тус банкны Монголд суугаа суурин төлөөлөгч, ноён Барри Хичкокийн мэдэгдснээр ирэх оноос эхлэн тус банк Монголд нийтдээ 125 сая ам.долларын зээл, тусламж үзүүлэхээр шийджээ. Үүнийг дотор нь задалвал ирэх онд засаг захиргааны нэгтгэлд 15 сая, хот байгуулалтад 18 сая, 2007 онд ХАА болон хөдөөгийн хөгжилд зориулан 13 сая, баруун бүсийн зам барихад 32 сая, 2008 онд эрүүл мэндийн салбарын шинэчлэлд 15 сая, бүс нутгийн тээвэрт 32 сая ам.долларын зээлийн төслийг тус бүр хэрэгжүүлэхээр болоод байгаа аж.
АХБ шинэ зээл, тусламжаа энэ удаа хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн өндөр өсөлт болон нийгмийн бүх давхаргыг хамарсан хөгжлийг хангах Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулан олгох аж. Ингэхдээ өмнө нь зээл, тусламж үзүүлж байсан салбаруудаа цөөлж энэ удаа ядуурлыг бууруулахад, дээр дурдсан хэрэгжүүлэх төслүүдийн үр дүнд илүү чиглэх аж.
АХБ-ны гаргасан таамаглалаар манай улсын эдийн засгийн өсөлт дараагийн хоёр жилд дундажаар долоон хувьтай байх аж. Тус банк манай улсын ядуурлын түвшинг 36 хувь, өндөр байна гэж үзээд үүний гол шалтгаан нь ажилгүйдэл их, цаг уурын хатуу ширүүн нөхцөлтэй, газар зүйн алслагдмал байдалтай, санхүүгийн эх үүсвэрийн хүртээмж муутай холбож байлаа.
Монгол Улс шилжилтийн үедээ байнгын ажиллагаатай парламентын ардчиллыг хөгжүүлсэн, хувийн хэвшлийг хөгжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлж чадсан, хувьчлалыг амжилттай хэрэгжүүлсэн, хэд хэдэн Засгийн газар макро эдийн засгийн тогтвортой байдлыг дараалан хангасан эерэг үзүүлэлтүүдийг хангаж чадсан боловч ядуурлын түвшин өндөр, эдийн засгийн өсөлт хангалтгүй, зээл тусламжаас хараат, эдийн засгийн суурь сул бөгөөд эмзэг байна гэж дүгнэжээ.
Энэ бүхэнд АХБ хэрхэн тусалж чадах, зээл тусламжийг ямар хэлбэрээр олгох зэрэг талаар бид дэлгэрэнгүй мэдээлнэ.
Тодруулга Манай улс 1991 онд АХБ-нд элссэн. Тэр цагаас хойш нийтдээ 400 сая ам.долларын зээл, тусламж авчээ. Үүнээс манай улс дөрвөн сая ам.долларыг зээлийн эргэн төлөлтийн зөвхөн хүүд төлөөд байгаа аж. 2004 оны байдлаар 605,8 сая ам.долларын 35 зээлийг ХАА, боловсрол, эрчим хүч, эрүүл мэнд, аж үйлдвэр, харилцаа холбоо, хот байгуулалтад хэрэгжүүлэхээр олгогджээ.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-10-26 257)