С.Баярбаатар Ямар мод огтолсон биш дээ, хүн хөнөөсөн шүү дээ
цагдаагийн ахмад Б.Ариунболдыг зүрхэн тус газарт нь хутгалан хөнөөсөн хэрэг гарсан. Уг хэрэг үйлдэгдсэнээс эхлээд хойшид болсон үйл явдлын мэдээллийг тухай бүрт нь манай сонин мэдээлж байсан билээ.
Энэхүү хэргийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, Пам Куок Нгуд сэтгэл санаа хүчтэй цочирдсоноос бусдыг санаатай алах буюу Эрүүгийн хуулийн 93.1 гэсэн зүйл ангиар тооцож жирийн дэглэмтэй ангид таван жил хорих ял оногдуулсан юм. Түүнд мөн авто засварын газарт хүн зодсон, автомашинаараа хүн дайрчихаад ослын газраас зугатсан зэрэг хэрэгт тус бүрт хорих ял оногдуулсан ч хөнгөн ялыг нь хүндэд багтаан эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Харин үүнд хохирогчийн ар гэрийнхэн гомдолтой байгаа аж. Энэ талаар аав С.Баярбаатарт хандсан юм. Талийгаачийн аав С.Баярбаатар нь цагдаагийн дэд хурандаа цолтой бөгөөд 40 орчим жил Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст ажиллажээ. Тэрээр хүүгээ өнгөрсний дараа тэтгэвэрт гарсан байна. Хохирогч хэвлэлд хандан анх удаа ярьсныг дор сийрүүллээ.
-Энэ хэргийг анхнаас нь үнэн бодитойгоор шалгаагүй, бүх хүний мэдүүлгүүд зөрүүтэй, Пам Куок Нгу гэгч нь байцаалт бүртээ өөр өөрөөр мэдүүлсэн гэнэ. Космос баарны өмнө болсон зодоонд 3-4 хүн оролцсон бүлэг зодоон байсныг хэргийн явцад Ж.Цээсүрэн(талийгаачийн найз) Э.Цэнд-Аюуш(Пам Куок Нгутай хамт явсан) нар хуйвалдан, зөвхөн хоёр хүний хооронд болсон мэт болгон өөрчлүүлсэн байдаг. Энэ талаар шүүх хурал дээр ч зарим өмгөөлөгчид хэлж байж. Ж.Цээсүрэн нь Зодоон болох үед миний араас толгой руу архины шилээр цохисон, тал бүрээс нь хүмүүс цохисон гэж ярьсан аж. Мөн Э.Цэнд-Аюуш ч анхныхаа байцаалтдаа Манай найз нар салгах гэж оролдсон. Цээсүрэнг нэг нэг цохисон гэж мэдүүлсэн байсан. Пам Куок Нгу ч бидний дэргэд зогсож байсан гэсэн нь бий аж. Гэтэл одоо бүгд л Мэдэхгүй байна хэмээн ярьсан аж. Вьетнам эр баарнаас гарахдаа зодоон болж байгааг мэдээгүй 100 метр хол зайд Мөнхзултай зогсож байсан, эсвэл ганцаараа байсан, зам гарах гэтэл улаан гэрэл ассан учир хүлээгээд зогсож байсан гэх мэтээр янз бүр ярьж, мэдэн будилсан өөр өөр байцаалт өгсөн байж. Тэгэхээр ахмад Б.Ариунболд нь зодоонд оролцоогүй Пам Куок Нгуг хөөж явсан болж буй аж.
Элчин сайдын үүдний цагдаагийн байрны дэргэд ирэх замд зугтаж яваа вьетнам эр, Өнөболд Ганбат нар түүний хүүд гэмтэл учруулсан байж болох талтайг дурслаа. Учир нь шүүх эмнэлгийн эмчийн дүгнэлтэд хүүгийнх чих нь хөхөрсөн, омог нь зулгарсан, чихний дотор 1.4 см урагдсан, чихний дэлбээний ирмэг сэтэрсэн, хоолойн гадна талд 3.4×2 см урагдсан гэмтлүүд тогтоогдсон байна. Эдгээр гэмтлүүдийг хэн хаана учируулсаныг шалган тогтоогоогүй орхисон гэнэ.
Б.Ариунболд нь элчингийн цагдаагийн байрны дэргэд вьетнам эрийг барьж аваад 102-т өгнө гээд чирж байсан, гар утсаараа залгаад Би ЭЦГ-ын ахмад Ариунболд байна хүн барьчихлаа, машин явуул гээд ярьж байсныг элчингийн харуулын цагдаа Энхтүвшин мөрдөн байцаалтад болон шүүх хурлуудад удаа дараа мэдэгдэж байж.
Түүнчлэн хамгаалалтын буутай цагдаа, элчингийн нарийн бичгийн дарга нь өөр ажилтныхаа хамт дэргэд нь байхад цагдаагийн газарт баригдан очихоос айж зугтаж байгаа нь урьд үйлдсэн хоёр гэмт үйлдлээ эрэн сурвалжлагдаж байснаа мэддэг тул улайран зүтгэсэн явдал гэдэг нь тодорхой шүү дээ гэв. Түүнийг Ална шудна гэж хүү маань хэлээ ч үгүй, зөвхөн 102-т л аваачих гэж байсан шүү дээ гэж учирлалаа.
Талийгаачийн араас харуулын цагдаа гүйж очиход Б.Ариунболд зүрхэн тус газраа дарчихсан, нөгөө гараараа хаалганы бариул барьчихсан, вьетнам эр хар иштэй хутгаар хаалгаа түлхэж байгаа гарыг нь сийчэж байсан гэдэг. Тэгэхэд нь талийгаачийг харуулын цагдаа зогсоогоод, цагдаагийн газарт дуудлага өгөөд ирэх хооронд л Б.Ариунболд өнгөрчихсөн байж. Вьетнам эр болохоор Би хутгалсанаа ч мэдээгүй гээд л байгаа. Гэтэл тэнд (яаманд) байсан хүмүүс Чиний хутгалсан хүн гадаа уначихсан байна шүү дээ гэж хэлсэн гэсэн. Бас Пам Куок Нгуг яамнаас гарахдаа хүн хутгалсанаа харсан л байж таараа шүү дээ гэв.
Хүн хутгалж хөнөөчихөөд элчингийн хашаа давж гэр орон, эхнэр нялх хүүхдээ орхиод шөнөдөө машин хөлслөн Замын-Үүд хүрч хил дээр очоод баригдсан нь хүн алсанаа болон бусад хэрэгтээ шийтгүүлэхээс санаатай оргон зайлах гэсэн нь ойлгомжтой хэрэг гэж талийгаачийн аав хэлж байна.
Гэтэл шүүгч хүн алсанаа мэдээгүй, хутгалсанаа ч мэдээгүй байх гэх мэтээр тайлбарлан шүүх хурлын байдлыг илт нөгөө талд ашигтайгаар тавьж, зүйл ангийг өөрчлүүлсэн гэнэ. Улсын яллагч 15 жилийн ял сонсгоод байхад шүүгч 5-хан жилийн ял оноосон нь ял зориуд бууруулсан явдал шүү дээ. Хоёр ч эрүүгийн хэрэгтэй холбогдсон, эрэн сурвалжлагдаж байсан, хүний амь бүрэлгээд хэргийн газраас оргон зайлж хил давах гэж байгаа этгээдэд яаж ч бодсон ийм зүйл анги өгдөг гэж үү? Ямар мод огтолсон хүн биш дээ, тэр. Хүн хөнөөсөн хүн шүү дээ гэв.
Бас нэг зүйлийг хэлэхэд энэ хүн өмнө ч эрэн сурвалжлагдаж байсан. Гэтэл тэр Би гэртээ байсан гэж хэлж байгаа. Тэгэхээр түүний өмгөөлөгч цагдаагийн хурандаа байсан Ганчулуун өмнөх хэргүүдийг хууль журмын дагуу шийдүүлээгүй, хаацайлан цагдаагийнхантай хуйвалдсан учраас эцэс сүүлдээ энэ хүн ингэж хүний амь нас хөнөөхөд хүргэлээ гэж би үзэж байна. Ер нь монгол иргэний амь нас гадаадын алуурчны өмнө ийм өчүүхэн үнэ цэнэтэй болчихсон юм уу. Пам Куок Нгуг хүний амь нас бүрэлгэчихээд санаа зовсон гэмшсэн зүйл огт үгүй, харин шүүх хурал дээр л бялдуулчилж нахилзаад байдаг. Үнэндээ бол эдний талаас бидэнтэй нэг ч удаа уулзахыг хүсээгүй. Уучлалт гуйгаагүй.
Одоо миний хүүгээс өнчирч хоцорсон есөн настай хүү Мэнд-Амарын ирээдүй, амьдрал яаж шийдэгдэхийг тааж хэлэх арга алга. Уг нь би энэ этгээдээс хүүгийнхээ амийг үнэлж, арав хорин саяаар нь мөнгө нэхээгүй. Харин 18 нас хүртэл нь аавынх нь цалингийн зөрүү болох 2.9 сая төгрөгийг л гаргаж өгөхийг хүссэн. Одоо хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Түүний өмгөөлөгч болохоор Юу авах гээд байгаа юм бэ. Энэ чинь юу ч үгүй хүн ш дээ гэдэг. Харин вьетнам эр өөрийн гэсэн гэрэл зургийн студитэй, засварын газартай, Монголд хөрөнгө оруулалт хийнэ гэсээр орж ирсэн хүн. Түүний өмгөөлөгч хуучин цагдаагийн хурандаа Ганчулууны нэр дээр зарим хөрөнгө нь байдаг гэнэ. Ганчулуун Пам Куок Нгу хоёр хамтарч ажилладаг түншүүд байсан гэнэ лээ хэмээн ярилаа.
Талийгаач Б.Ариунболд нь 1996 онд хуучнаар Цагдаагийн дээд сургуулийг төгсөөд Сүхбаатар дүүрэгт хэсгийн байцаагч, Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, үүний дараа тус аймгийн Сүхбаатар, Мөнххаан суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад Эрүүгийн цагдаагийн газарт ирж эрүүгийн төлөөлөгчөөр ажиллажээ. Тэрээр аймгийнхаа хэлтсийн оны хөдөлмөрийн аварга ч болж байсан удаатай гэнэ. Одоо талийгаачийн ар гэрийнхэн давж заалдахаар болсон байна.
С.СОДБААТАР
(өдрийн сонин 2005-10-26 257)