Аавынхаа амьдад бурхан гэж юуг оноож хэлэхээ мэддэггүй байлаа
Ингээд Миний аав булангийн энэ удаагийн зочноор залуу жүжигчин Ж.Жамъянсүрэнг урилаа. Түүний аав Монгол Улсын гавьяат жүжигчин Лхачинмахын Жанчивдорж гуайг тайз дэлгэцийн бүтээлд мөнхөрсөн олон арван дүрээр нь бид мэдэх билээ.
УРАН БҮТЭЭЛИЙН МАРГААН БИД ГУРАВТ ХООЛ БОЛЖ БАЙЛАА
Миний аав маш хүнлэг, ерөөсөө хүнийг дээд зэргээр хайрлах, энэрэх, дотоод мөн чанар, сэтгэлийн гоо сайхныг мэдрэхийг сургадаг, нарийн торгон мэдрэмжтэй. Хүнд ерөөсөө хатуу үг хэлдэггүй, муухай харж үзээгүй, дайснаа ч хүртэл хайрладаг. Өөрийг нь гомдоож, доромжилсон хүнээ хүртэл цуг сууж байгаад босоход тохойноос нь түшдэг хүн байлаа.
Амьдрал нь тэр чигээрээ урлаг болчихсон, урлаг нь амьдрал болчихсон. Аавыг хүн бүр сайхнаар ярина, хэзээ ч муу хэлж байхыг нь би сонсоогүй. Намайг Хөвсгөлд явж байхад Эрх чөлөө сонины сурвалжлагч Сүрэнжав гэж. хүн Чиний аав бол хүний дээд юм шүү дээ гэж билээ. Энэ үгийг би насан туршдаа санаж явдаг. Миний санаанаас огт гардаггүй. Тэр үед ааваараа бахархах, хайрлах сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан.
Аавын маань төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Галт сум. Тэндээсээ Төмөр замын техниккумд холбооны ангид ирсэн. Багаасаа л урлагт сонирхолтой хүүхэд байсан гэсэн. Д.Сэнгээгийн Өвгөн партизаны яриа шүлгийг байнга уншдаг. Оюутан байхдаа Төмөр замын соёлын ордон хавиар их эргэлддэг байсан гэдэг. Тэгээд нэг өдөр Хүүхэд залуучуудын театрт жүжигчин шалгаруулж авна гэхээр давхиад очихгүй юу. Ингээд л 1965 онд Ардын жүжигчин С.Гэндэн, А.Очирбат зэрэг алтан үеийнхний гар дээр очиж их урлагтай амьдралаа холбосон.
Аав минь хөдөөнөөс хэдэн хувцсаа шуудайд хийгээд хотод ирж байсан тэр цагаас хойш амьдралд өвдөг сөхрөөгүй. Айл амьтнаар дамжин хонон өнжин явж байгаад театрт жүжигчин болж тэндээ хүнтэй танилцаж, ажлаас нь сангийн гэр олгож өөрийн гэх орон зайтай, ард түмэнтэй, гавьяа шагналтай болсон.
Энэ бол аавын маань амьдралын турш мятаршгүй зүтгэсэн хамгийн том тэмцэл. Ер нь өөрөө сэхсэн ч, үхсэн ч сэргэлэн болжмор шиг жиргэнэ гэж хэлдэг байсан. Аавын хамгийн сүүлд тоглосон Диваажинд хүрэх зам жүжигт хэлдэг би эрх чөлөөний тэнгэрт салхи исгэрүүлэн дүүлж яваа бүргэд гэх үгийг нь дэрний чулуун дээр нь сийлсэн. Наран бөмбөрцгийг гараараа тулж, орчлон ертөнцийг хөлөөрөө тулж, наран, орчлон хоёрын дунд хүн би гүүр болон зогсном гэх Э.Межелайтисын Хүн шүлгийг дандаа уншдаг байсан. Ерөөсөө л урлагийн төлөө төрсөн хүн. Өнөөдөр мэдээллийн эрин зуун гээд бид бүхэн ярьдаг. Гэтэл аль тэр 50, 60-аад онд компьютер байтугаи зурагт радио ховор үед оюуны их хүмүүс хонины бэлчээрт тархиа юугаар цэнэглэдэг байсан юм гээд бод л доо. Энэ бол жинхэнэ байгалийн унаган сонгодог авьяас байхгүй юу.
Манай гэр бүл тэр чигээрээ урлагийн лаборатори байсан. Дүү бид гурав гурвуулаа урлагийн хүмүүс. Ярихдаа дандаа Шолохов, Тургенев, Чехов, Вернард Шоу, Маркес, Бальзак, Достевский нарыг яриад хоорондоо маргадаг. Уран бүтээлийн маргаан бидний хоол болж байсан. Бидэнд хоолгүй хонох тохиолдол олон байлаа. Тэр бүгдэд зохиол бүтээл хоорондоо жаал ярьчихаад унтаад өгнө. Маргааны явцад аав, хүү гэсэн ойлголт угүй болж гурвуулаа найзын хүрээнд. Бид яаж мөнгө олох тухай хэзээ ч бодож байгаагүй. Аавтайгаа хорин жил хамт амьдрахад дандаа ном зохиолын тухай ярьж байсан. Жүжгийн, киноны, найруулагчийн ертөнцийн тухай ярьж, шүүмжилж байсан.
Манай аав тэр үеийн Оросын жүжигчдийг овог, нэртэй нь, удам судартай нь мэддэг байсан. Сэнгээ бид хоёр театрын хөшигний ард нуугдаж аав минь тайзан дээр жүжигт тоглодог байлаа. Бид хоёр жүжигчид яаж сургуулилт хийдгээс өгсүүлээд бүх л зүйлийг мэдэрч өссөн. Аав маань тухайн дүрдээ бүхэл бүтэн биеэрээ шингээд орчихдог. Тайзнаас буугаад л хуучин хэвэндээ орно. Талх, давс бий юу, хоолоо хийсэн үү гээд л.
Бидний амьдралын нулимс дуслуулсан өдөр хоногуудад миний аав тайзан дээр очоод юу ч болоогүй юм шиг гайхамшигтай баяр баясгалан, эрч хүчээр дүүрэн дүрдээ тоглож байхыг нь хараад үзэгчдийн суудалд суугаа бид хоёр уйлаад суудаг байсан. Амьдрал нь бодит байдал дээр тиим гунигтай байхад тэгж дурдээ тоглон ард түмэнд баяр баясгалан, гэрэл гэгээ бэлэглэнэ гэдэг үнэхээр гайхалтай жүжигчин хүний ур чадвар байх.
Б.МӨНХДОРЖ ГУАЙ ААВ ХОЁР НАДААС ЗӨВШӨӨРӨЛ АВЧ…
Манай аав аливаа юмны тухай учирлаж их ярина. Бид болохгүй бүтэхгүй юм хийвэл хэзээ ч загнана гэж байхгүй. Бараг амьдралдаа биднийг гараараа хүчтэй ёворч ч үзээгүй, муухай ч хараагүй өсгөсөн.
Тэр гайхамшигтай аав хэмээх хүнлэг уулын хормойноос хүн болохын төлөө зуурсаар өссөн. Одоо ч ялгаагүй оргил өөд нь мацсаар л явна. Зан төлөвийн хувьд зөөлөн хүн байсан болоод ч тэр үү илүү дутуу үггүй хэнтэй ч эвлэг сайхан харилцдаг. Хэлэх юм байвал шууд хэлнэ. Нууж хаана гэж байхгүй. Мод түлээ хагалах аливаа хар ажилд эв дүй муутай. Хадаас ч тэгшхэн хадаж чадахгүй.
Харин их ганган, дэгжин хүн байсан. Бидэнд хувцас цэвэр сайхан өмсөхийг сургана. Хүн гоё сайхан харагдаж байж олны дунд өөрийгөө авч явах, өөрийнхөө орон зайг мэдэрдэг гэж захидаг байлаа. Өөрөө үргэлж залуу хувцаслахыг хүснэ. Болж л өгвөл шинэ хувцас өмсөхийг бодно шүү. Ном их уншина. Хамгийн унших дуртай ном нь Тургеневын Хаврын цасны ус мөн Чеховын бараг бүх зохиолыг уншсан. Шүлэг яруу найргийн ном их уншина. Жүжгийн зохиолыг ганц нэгхэн гүйлгэж хараад цээжлэчихдэг. Олон дахин давтаж бэлдэж барьсан юм огт байхгүй. Ой ухааны хурд маш хурц сэргэг.
Аавын маавь сэтгэхүйн гайхамшигт чанар дүү бид хоёрт байдгийм болов уу. Их эмзэг гомдох, баярлах нь амархан. Гэхдээ хүнд ерөөсөө гомдож чаддаггүй. Нэг инээгээд л бүх гомдол нь тайлагдчихдаг тэр чигээрээ уянгын цагаан тэнхлэг байсан.
Ерөөсөө Жанчивдорж гэж ямар хүн байв гэхээр маш энэрэнгүй хүнийг жинхэнэ ёсоор хайрлаж чаддаг оюун ухааны өндөр түвшинд хүрсэн нялх хүүхэд байсан. Аав хачин сайхан дуулна. Өөрөө хоолойны чадавхи маш өндөр, одоогийн дуучдын дэргэд жинхэнэ мэргэжлийн дуучин байсан. Ардын дуу дуурийн дууг их сайхан дуулна. Аавыг анх дуурьд дуучнаар авах гэж байсан юм билээ.
Нэг хэсэгтээ аав дуурийн театрт орж хоорт зогсоод, драмын театрт орж жүжигт тоглодог байсан. Харин Ардын жүжигчин А.Очирбат гуай Чи дуучин болохгүй жүжигчин болно гэсэн гэдэг. Оөрөө ч тиим сонирхолтои байсан. Дүү маань гэрийн эзэгтэйгийн үүргийг гүйцэтгэнэ. Аав бид хоёр Сэнгээгийн захиргаанд байдаг байлаа.
Гэрийн данс тооцоо бүх юм дүүгийн гарт. Манайхаар кино найруулагч И.Нямгаваа гуай орж гарч, бүр амьдарч, манай аавын амьдралтай хамгийн их хутгалдаж, уйлж, дуулж явсан уран бүтээлийн сайхан анд. Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж гуай их ирнэ. Бас л аавтай ууж, уйлж, дуулж хонож өнжиж явсан хүн.
Надаас зөвшөөрөл аваад тэр хоёр хааяа хааяа шараа тайлдаг байлаа. Дашхүү ах байна. Манай гэр бүлийн нэг гишүүн байсан даа. Аав тэр хоёр театрт хамт ажилласан цагаасаа хойш хэн хэнийгээ нөхдөг, уран бүтээлийн дотны сайхан андууд байлаа. Манайхаар орж гарсан хүмүүсийг нэрлээд барахгүй. Манайх Монголын оюунлиг хүмүүсийн цугларалт байжээ гэж боддог юм.
Аав ээжийг насаараа хайрласан. Хэзээ ч хувиршгүй үнэнхүү хайр бол тэр. Аав ээжээс салснаас хойш өөр хүнтэй суугаагүй. Суух ч үгүй гэдэг байсан. Би та хоёрын ээжид голгүй хайртай, та хоёрт ч үйлийн үргүй хайртай тиймээс хойт эхийн бараа харуулахгүй гэдэг байсан. Бид хоёрыг хоёр гартаа арвын хувин шиг өргөж явсаар өдий дайны эр хүн болгож толгойд нь юм хийж өсгөсөн нь аавын минь үнэлж баршгүй гавьяа.
Аав маань 1991 онд гавьяат цол авчихаад тоймгүй их баярлаж байлаа. Тэр үед чинь насаараа ажилл^ж байж ардын, гавьяат цолонд хүрдэг байсан. Одоо бол гавьяат цолтон борооны дараахь мөөг шиг олширч дээ. Аав маань Монголын урлагт 33 жил зүтгэж байж гавьяат жүжигчин цолонд хүрчихээд Би хүн болж төрснийхөө хэргийг бүтээлээ эцгийнхээ нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг дор бичүүлж энэ цолыг авлаа гээд уйлж байсан. Дүү маань Цагаан шөнө гэж кино хийгээд аав нээлт дээр нь очиж үзэн их баярлаж байлаа.
Би гуравдугаар курсын оюутан байхдаа Зөвхөн надад дурлаач гэдэг жүжгийг аавдаа зориулж бичээд аав маань энэ жужгийн гол дүрд нь тоглож, би өөрөө найруулж байсан. Энэ бол бид хоёрын хувьд хамгийн том бахархал байлаа. Би аавынхаа тухайн үедээ шинэ урсгал болон
гарч ирсэн Хачин хүн киноны гол дүр, Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр гуайн Гэгээ сонгодог жүжгийн Соном-Равдан мөн яг өөрийнх нь имиж болж үлдсэн Элдэв зурагт нь хайртай. Гэвч миний хамгийн хайртай дүр бол яг өөрийнх нь байж байгаа дүр.
ААВ ЗҮҮДЭНД МИНЬ ГЭРЭЭСЛЭЛЭЭ ҮЛДЭЭСЭН
Өнөөдөр хэдий аав минь бидний дэргэд байхгүй ч миний сэтгэлд энэ бүхэн бүр илүү гүн гүнзгий, тод томруун үлдсэн. Би аавыгаа амьд сэрүүн тэр байтугай надтай цаг үргэлж ярьдаг гэж боддог, итгэдэг. Сэрүүн байхад сэтгэхүйд минь байнга харагдаж, үзэгдэж, бурханчлагддаг.
Шөнө зүүдэнд минь ирдэг, надтай ярьдаг. Хүн өнгөрсний дараа сүнс байдаг гэдэгт аавынхаа амьдад би итгэдэггүй байсан. Харин өөрөө тэр далд ертөнцийн зүйлийг мэдэрсэн цагаас хойш итгэж эхэлсэн.
Дүү маань тусдаа гараад аав бид хоёр хоёулхнаа амьдардаг байлаа. Нэг өглөө л аав нойрон дунд миний хүү манайх хоолны махтай юу гэж асууснаа, хөргөгч онгойлгож харчихаад өө манайх чинь махгүй болчихсон юм байна. Аав нь театраар орчихоод хоолны мах аваад ирье миний хүү гэртээ байж бай удахгүй ээ гэж хэлээд пальтоны халааснаас тамхи аваад гарсан. Тэгээд өдөр боллоо ирдэггүй.
Би орж гараад л өнөө инээд алдаад ирж явдаг нарийн зөргөөр нь ширтсээр байгаад орой боллоо байдаггүй. Бүр шөнө дөл болтол хүлээж суусаар байгаад унтлаа. Яг унтаж байтал цочмог хурц гэрэл гэнэт мөргөөд тархи зад авах шиг болсон. Ингээд би сэрсэн.
Аавыгаа би энэ хорвоогоос хайж эхэлсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам аавтай ярилцахыг хүсч, санаж мөрөөдөж үгүйлсээр.. Аавыг минь аваад явсан ертөнцийн хуулийг би огт хүлээн зөвшөөрч чадахгүй байсан. Нэгэнт аваад явах байсан юм бол яагаад хэлэх үгийг нь хэлүүлж, сонсох ёстой зүйлийг минь сонсгож болоогүй юм. Яагаад бүх зүйл ийм аймшигтайгаар болох ёстой юм гэдэгт сэтгэл санаа минь урагдаж, юунд ч юм өширхөд хүрсэн.
Тэр хүн хүн шиг амьдарсан байхад яагаад үр хүүхэдтэй нь хоёр үг солиулж болоогүй юм гэж бодон хэчнээн өдөр, шөнө ухаангүй амьтан явсан даа. Тэгээд удалгүй цагаан сар болдог юм. Бид мэдээж цагаан сар тэмдэглэхгүй. Шинийн нэгний өглөө намайг хүн дуудсан. Тэр бол сэрүүн зүүд байсан.
Намайг зүүдэнд маань дуудсаар яваад би театр дээр очлоо. Тэнд жүжгийн сургуулилт болж байна. Тэр жүжигт миний аав тоглож байна. Аав минь байна хэмээн уулзах гээд очтол дээшээ гараад явчих юм. Араас нь гартал аав театрын туслах найруулагч Вандансэнгэ ахын өрөөнд диван дээр хөлөө аччихсан сууж байдаг. Тэгээд би Вандансэнгэ ахаас энэ жүжигт тоглоод байгаа хүн хэн бэ гэж асуулаа. Яагаад гэвэл. миний аав надад өнгөрчихсөн хэмээн буугаад байгаа. Тэгтэл Вандансэнгэ ах чи танихгүй байгаа юм уу хаан болооч байна гэдэг юм. Хараахан ойлгож амжаагүй байтал аав дэргэдүүр гараад явчихлаа. Би ч дагаж гараад театрын шатан дээр зогсож байтал гэрэл сүүдрийн яг огтлолцол дээр аав минь зогсож байна. Тэгтэл миний араар тавиур дээр баахан идэх юм барьчихсан эмэгтэй явж байна.
Надад хоолноосоо өгөх болов уу гэж бодож зогстол аав маань надад Миний хүү доошоо буугаад тайзан дээр оч жүжгээ тавь, уран бүтээлээ туурви, ард түмэн чиний бүтээлийг үзнэ. Тэгээд ард түмэн чамд хоол өгнө гэж хэлсэн. Намайг алмайрч зогстол аав маань жүжигчдэд миний хүү маш богинохон хугацааанд жүжиг бичиж чадна. Та нар миний хүүд итгэ гээд гуйгаад байх юм тэгээд би сэрсэн. Энэ өглөө бол хаврын тэргүүн сарын шинийн нэгэн. Яг нар мандахаас өмнө эцэг минь надад хэлж чадаагүй зүйлээ хэлээд гэрээслээд явж байгаа юм.
Энэ бол ер бусын, хамгийн үнэтэй гэрээс. Би бүр энэ тухайгаа бичээд хадгалчихсан. Тэр бол миний хамгийн нандин алтан судар. Аав маань сэрүүн зүүдэнд минь ирээд надад хэлж ярих юмаа хэлээд явсны дараа юу бодогдов гэхээр энэ хорвоо ертөнц гэдэг чинь ерөөсөө хүн амьдраад дуусах энэхэн агшин зуурын юм биш байна. Дахиад цаашаа хэдэн зуун жил хүний амьдрал үргэлжилдэг юм байна гэдгийгУран бүтээлч хүний хувьд энэ агуу мэдрэхүй мэлмийг минь нээх шиг болсон. Эцгийн маань хэлж ярьж, хийж бүтээсэн бүхэн надад ухаан нэмж байсан шиг, энэ хорвоогоос буцаж мөнхрөлийг олсон хором бүр нь миний оюун сэтгэхүйг тэлж надад огтоос өөр шинэ ертөнцийг мэдрүүлсэн. Уйтгар гунигийн хэрнээ аливаа юмны мөн чанарыг таниХ, сайн мууг мэдрэх, өөрийгөө чагнах, бусдыг хайрлах тэр өөрийнхөө энэрэнгүй ертөнцийг надад бэлэглэсэн.
Сайн хүн хорвоогоос буцахдаа хүртэл хүнд ухаан нэмээд буцдаг юм байна. Тэгэхээр хүн гэдэг амьтан ямар хариуцлагатай амьдарч байгаа нь тодорхой. Би аавыгаа амьд сэрүүн байхад бурхан гэж чухам юуг оноож хэлэхээ мэддэггүй байлаа. Харин өнгөрснийх нь дараа юуг бурханчлах юм бэ гэсэн ойлголт бүрэн төгсөөрөө бууж байгаа юм. Миний эх авч урссан булгийн эхлэл буюу миний эцэг миний бурхан байсан. Харин тэр хүний хувьд төрүүлсэн эх, эцэг , уул ус нь өөрийнх нь бурхан байсан байх…
Түүнтэй ийнхүү аавынх нь тухай ярьчихаад салхи сөрөн алхахад Хачин хүн киноны гол дүр зүрхэн дундуур туучин өнгөрч, мөн ч хэтэрхий авьяастай жүжигчин байж дээ хэмээн бодон өөрийн эрхгүй сэтгэлийнхээ гүнд шүүрс алдаж байлаа. Бид хоёрт аавтайгаа авахуулсан зураг огт байхгүй юм байна. Харин ээжид байж магадгүй хэмээснийг нь санан гурван эр хүнд зургаа татуулан нандигнан хадгалах бодол хэн нэгэнд нь төрөөгүй байх даа. Аавыгаа мөнх юм шиг бодож л… Тэр хүн хүн шиг амьдарсан байхад яагаад үр хүүхэдтэй нь хоёрхон үг солиулж болоогүй юм гэж түүний нулимс цэлэлзүүлэн аавынхаа тухай ярьж суусан нь чихэнд сонсогдож нүдэнд харагдсаар…
Норовын ГАНТУЛГА
(өнөөдрийн монгол 2005-10-26 123)