Захыг нь нээсэн ч удирдлагыг нь дарамталж эхэлжээ
Байдал өнөөдөр ямар байгаа талаар Баруун бүсийн төв захын гүйцэтгэх захирал Д.Батбаяртай утсаар холбогдоход
-Өнөөдөр захын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Засаг дарга Г.Нямдаваа аймгийн радио, телевизээр ард түмэндээ хандаж мэдэгдэл хийсэн. Тэрээр энэ мэдэгдэлдээ хувийн захад маш бага хөрөнгө оруулалтыг аймгийн сангаас хийсэн. Ард түмэн хүссэн учраас гэж тайлбарлаж байна лээ. Үнэхээр ард түмэн хүсч байсан юм бол хөөсөн хөөгөөгүй тэр шинэ захад нь очно шүү дээ. Тэгээд ч захыг хаана гэдэг нь цагдаа нарын хийх ажил биш. Шүүхээр асуудал орж, шийдвэр гарсны дараа шүүхийн шийдвэр биелүүлэх алба захыг хаах учиртай байдаг. Гэтэл аймгийн удирдлагаас өгсөн зааврын дагуу, мэргэжлийн хяналтын байцаагчийн актыг үндэслэн хаасан. Гэхдээ манай захыг нээсэн ч биднийг өөр аргаар дарамталж эхэлсэн.
-Ямар дарамт гэж
-Аймгийн удирдлагууд өнөө өглөө шуурхай хуралдаж яах ийхээ ярилцсан гэсэн. Тамгын газрынхаа хуулийн зөвлөхөөс яахав гэж асуусан байна лээ. Хуулийн зөвлөх нь та бүхэн хувийн өмчид хүч хэрэглэн халдсан нь буруу. Ард түмнээс уучлал гуй гэсэн байна. Гэтэл тэд биднийг татварын байгууллагаар шалгуулах шийдвэр гаргажээ. Уг нь аж ахуйн нэгжийг хоёр жилд нэг шалгах учиртай. Ноднин манайхыг шалгасан. Гэтэл өнөөдөр шалгах талаар бичиг ирээд байна. Нэг ёсондоо татвараар дарамтлана гэсэн үг. Бас манай нөгөө зах буюу техникийн захын захирал Хүрэлчулууныг аймгийн орлогч дарга Д.Энхболд Ална тална хэмээн хэл амаар доромжилсон. Захыг нээсэн боловч түүний удирдлага руу дайрч давшилж байна гэлээ.
М.БААТАР
(өдрийн сонин 2005-10-26 257)