Өнөөдөр засгийн газрын ээлжит хуралдаанаар юу хэлэлцэв
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх тухай хуулийг төслийг хэлэлцлээ
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх тухай хуулийн төсөл, бусад холбогдох хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ.
Монгол Улс 2001 онд Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай олон улсын конвенцид гарын үсэг зурж, 2004 оны 12-р сард УИХ-аас уг конвенцийг соёрхон баталсан юм. Конвенцид оролцогч гишүүн улс бүр терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар холбогдох арга хэмжээ авах, гэмт хэрэгт зохих шийтгэл ногдуулах, улс хоорондын урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар хамтран ажиллах, гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх болон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаатай холбогдсон шаардлагатай нотлох баримт, мэдээлэл солилцох үүрэг хүлээхээр заасан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2001 оны зарлиг, Засгийн газрын мөн оны тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Олон улсын валютын сангийн зөвлөмж, НЇБ-ын загвар хууль зэрэг холбогдох баримтад нийцүүлэн хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж байсан юм.
Засгийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан уг хуулийн төслийг дахин хэлэлцүүлэх болж ажлын хэсгийг ч шинэчлэн байгуулж ажиллажээ. Одоогоор хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүгийн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг мөн боловсруулаад байна.
Засгийн газрын хуралдаан энэхүү хуулийн төслүүдийг хэлэлцээд сайд нарын гаргасан саналыг тусган боловсронгуй болгох чиг үүргийг ажлын хэсэгт өглөө.
Хууль батлагдсанаар банк, санхүүгийн системийн эрүүл тогтвортой байдлыг хангах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх талаар Монгол Улс Олон улсын хамтын нийгэмлэгийн жишигт нийцсэн эрх зүйн зохицуулалт, түүнийгээ хэрэгжүүлэх бүтэц зохион байгуулалттай болох юм.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
2001 онд батлагдсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яам тусгай зөвшөөрөл олгохоор заасан байгаа . Энэ нь тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байсантай холбоотой юм. Харин Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн асуудал энэ хүрээнд хамаарахаа больсон тул хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болж байгаа аж.
Эд хөрөнгийн үнэлгээний шаардлагыг хангасан хөрөнгийн тухай мэдээлэл нь өмч хөрөнгийг хувьчлах, өмчлөх эрхийг шилжүүлэх, үндэслэлтэй өртгөөр данс бүртгэл, тайланд тусгах, хөрөнгийн элэгдэл, хорогдлыг тооцох, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эдийн засгийн чадавхийг тодорхойлох, хөрөнгийн баталгаа, татвар, түрээс, даатгалын арга зүйн үндэс болдог тул түүнийг үнэлэх эрх бүхий этгээдийг сонгон шалгаруулж тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Сангийн яам хариуцан гүйцэтгэх нь чиг үүргийн хувьд илүү нийцэх юм
Уг хуулийн төслийг хуралдаанаар хэлэлцээд гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай хэлэлцлээ
Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай хэлэлцлээ.
1990-ээд оноос хойш мөрдөж ирсэн Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл-ийг нэг жилийн хугацаагаар боловсруулан батлуулж ирсэн. Түүнд макро болон микро түвшний асуудлыг бүгдийг нэг дор хамруулан тусгаж ирсэн арга хэлбэрийг цаашид өөрчлөх ёстой гэж үзэж байгаа юм. Мөн Төсвийн хүрээний мэдэгдлээс гадна УИХ-аас батлан гаргасан соёл боловсрол, нийгмийн хамгаалал, тэтгэврийн талаарх эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд үндэслэн улсын төсвийг боловсруулдаг тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзэж, хуулийн төсөлд холбогдох өөрчлөлтийг тусгасан юм байна. Засгийн газрын тухай хуульд тэдгээр өөрчлөлт оруулснаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг дунд хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтээр тодорхойлж, Засгийн газар нь тэдгээрийн хэрэгжилтийг хангах арга хэмжээг тодорхой хугацаатай, хариуцах эзэнтэйгээр хэрэгжүүлж ажилладаг зарчимд шилжих, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуульд тусгагдсан утга санааг бүрэн хэрэгжүүлэх ач холбогдолтой болох юм.
Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Зээлийн гэрээг УИХ-д өргөн мэдүүлнэ
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Санхүүгийн салбарын шинэчлэл зээлийн 3-р шатны хөтөлбөр-ийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж, хуралдаанаас өгсөн чиглэлийг харгалзан зээлийн хэлэлцээ хийхийг Сангийн сайд Н.Алтанхуягт даалгав.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Хувийн хэвшлийг дэмжих 2 дахь төсөл-ийн Хөгжлийн зээлийн гэрээний тухай хэлэлцээд, гэрээг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ <юb>