Хамгаалалтынхны хувцсыг урж, хаалганы бариул мулт татсанаар тэмцэл зогсов

Өмнө нь уриа лоозон барьж, чанга яригчаар үгээ хэлдэг байсан бол энэ удаад төрийн ордны хамгаалалтын албаны ахлагч нарын дүрэмт хувцсыг урж, тэмдэг погоныг нь тасдаж хаялав. Тэд өөрснөө нэлээдгүй бор дарс хүртэж тэр хэмжээгээрээ зохисгүй аашилсан мөртлөө хамгаалалтын албаны ахлагчдыг архи уусан байсан хэмээн буруутгаж байлаа. Тэдний тэргүүн эгнээнд Г.Баасан тэргүүтэй хоёр гурван авгай гүйлдэж, та тэг, ингэ, тэгж хэл хэмээн хүртэл зааварлаж байсан. Ордны баруун хаалга руу дайрсан хөгшид нэгнээ түлхээд унагачихаад хамгаалалтынхныг буруутгав. Эдний дайралт ордны баруун хаалганы бариулыг мулт татсанаар арай намжсан. Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа О.Баттөмөр жагсагчдын тэргүүн Г.Баасан руу хамгаалалтын албаныхны хувцас хунарыг урлаа, төлүүлнэ хэмээхэд Гараад ир, чамтай үзэж тарна хэмээн урдаас нь загнасан аж. Ер нь хөгшдийг хөөж туухдаа бус тэдэнд тусалж, тавьсан шаардлагыг нь холбогдох хүмүүст нь уламжилж аль болохоор эв зүйгээр хандаж байгаагаа О.Баттөмөр хурандаа ярьж байсан. Төр засгаас ахмадуудынхаа үгийг сонсч, тэдэнд зохих анхаарлаа тавьсаар л байгаа шүү дээ. Гэтэл энэ хөгшдийг ийм хүйтэн цагт удаа дараа турхирч төрийн тусгай объект рүү халдуулж, уруу татаж байгаа хэдэн хүн бий хэмээн тэрээр ярьж байлаа. Үнэхээр түүний үг үнэний ортой.
Уг нь тэтгэврээ нэмүүлэхийг шаардаж буй хөгшид тэднийг уриалан турхирч байгаа Баасан нарын хүмүүсийг УИХ-ын дарга даваа гаригт хүлээн авч уулзъя гэжээ. Гэвч тэдэнд эл санал нь таалагдсангүй бололтой. Тэдэнд ч арай биш юм хөгшдийг турхирч буй Баасан нарт л таалагдаагүй аж. Чөлөөт ахмадын холбооных хэмээх эдгээр хөгшид ахин дахин Төрийн ордон руу халдаад байгаа нь ямар учиртай юм бол. Уг нь ахмад настнуудаа Ерөнхий сайд Ардын их хурлын танхимд хүлээн авч уулзан бүх гомдол саналыг сонсч, байдал ямар байгааг учирлан тайлбарласан. Гэтэл Ахмадын болон Чөлөөт ахмадын холбооны хооронд арай л тулаан болоогүй. Чөлөөт ахмадын холбооныхныг Г.Баасан зохион байгуулж элдэв муу үгээр төр засгийг Ерөнхий сайдыг утаж байсан. Мөн тэдний төлөөллийг Ерөнхийлөгч хүлээн авч уулзсан байгаа. Өнөөдөр УИХ-ын дарга хүлээн авч уулзахаа мэдэгдээд байна. Энэ бүх цуглаан дайралтыг зохион байгуулж буй Г.Баасанд ахмадуудын тэтгэврийг нэмүүлэхээс илүү өөрт ашиг гаргах гэсэн санаа явж буй хэмээн яригдах болжээ.
М.БАТ
(өдрийн сонин 2005-10-31 261)