Ерөнхий сайд Москвагаас ирлээ
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Хангай, Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүү, Зам, тээвэр, аялал жуучлалын сайд Г.Батхүү нар орсон юм.
ШХАБ-ын байгууллагын зөвлөлийн хуралд оролцсон Засгийн газрын тэргүүн нарыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 26-нд Кремлийн ордонд хүлээн авч уулзан, тус байгууллагын үйл ажиллагааг гишүүн болон ажиглагч орнуудын ард түмний тусын тулд өргөтгөн хөгжүүлэх, илүү үр дүнтэй, нягт хамтарч ажиллах талаар байр сууриа илэрхийлж, оролцогчидтой санал бодлоо солилцсон байна.
Ирэх онд байгуулагдсаных нь таван жилийн ой тохиох ШХАБ нь анх зорилт болгон тавьснаасаа ч илүү амжилтад хүрснийг ОХУ-ын төрийн тэргүүн цохон тэмдэглэв. ШХАБ-ын гишүүн орнууд төдийгүй тус байгууллагад ажиглагчаар элссэн Монгол, Иран, Пакистан, Энэтхэг улс ч үйл ажиллагааны үр дүн, цар хүрээ өсөн нэмэгдэхэд чухал хувь нэмэр оруулсныг тэрбээр өндрөөр үнэлдгээ илэрхийллээ.
ОХУ-ын ерөнхийлөгч ШХАБ-ын гишүүн орнуудын Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж практик арга хэмжээнд үйл ажиллагаагаа чиглүүлж, олон талт хамтын ажиллагаа, бүс нутгийг хамарсан томоохон төслүүдийг хэрэгжүүлж, Хөгжлийн сан байгуулж, санхүүгийн байгууллагууд хамтарч ажиллах шийдвэр гаргасан нь тус байгууллагын үйл ажиллагааг улам өргөн утга агуулгатай болгож байгааг тэмдэглээд, Монгол Улсын хувьд ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудтай худалдаа эдийн засгийн харилцаагаа өргөтгөн, эрчим хүч, зам тээвэр зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдэд оролцох сонирхолтой байгааг илэрхийлсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж ОХУ-ын Засгийн газрын дарга М.Е. Фрадковтой уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Түүнийг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг Ерөнхий сайд Ц.Элбэгдорж урихад ОХУ-ын Засгийн газрын дарга М.Е.Фрадков урилгыг сэтгэл ханамжтай хүлээн авсан байна.
ШХАБ-ын гишүүн зургаа, ажиглагч дөрвөн улсын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд Ерөнхий сайд тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцлоо. Ерөнхий сайд ШХАБ-ын үйл ажиллагааны хүрээн дэх Монгол Улсын оролцоо, бүс нутгийг хамарсан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах зэргээр хамтарч ажиллах талаар тус байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарт хандаж үг хэлсэн байна. Өргөтгөсөн хуралдааны дараа олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагынханд зориулсан Хэвлэлийн бага хуралд оролцон мэдээлэл хийсэн юм. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралд оролцох үеэрээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, Казахстан улсын Засгийн газрын тэргүүн Д.К. Ахметов, Иран улсын тэргүүн дэд ерөнхийлөгч Парви Давууди нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцож, яриа хэлцэл өрнүүлсэн байна.
Ерөнхий сайд анх эх орноосоо ОХУ-ын нийслэлийг зорих замдаа Эрхүү мужийн удирдлагуудтай уулзаж, санал бодлоо солилцон Москва хотноо Бутово дахь Монголын хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
(өдрийн сонин 2005-10-31 261)