Монросцветмет-ийн Х.Бадамсүрэнг дахин баривчлах гэнэ
ТӨХ-ноос өнгөрсөн хавар улсын хөрөнгийг зувчуулж хууль бусаар ашигласан гэх хэрэгт холбогдсноор ажлаас нь түр түдгэлзүүлээд байсан. Түүнд холбогдох хэргийг Улсын мөрдөн байцаах газар (УМБГ) болон холбогдох хууль хяналт, цагдаагийн байгууллагууд шалгаж бүр цагдан хоригдохдоо тулж шуугиан болоод байв. Гэвч энэ тухай зөвхөн яригдаж, түүнийг баривчлаагүй, учир нь тэрээр Сайд нарын гэх тодотголтой клиникийн II эмнэлэгт бие муу хэмээн зунжингаа хэвтэж эмчлүүлсэн аж. Гэтэл энэ хооронд баривчилна гэсэн яриа нь бүдгэрсээр, эцэст нь саяхнаас Улсын Ерөнхий прокурорын газар (УЕПГ)-аас түүнийг цагдан хорих арга хэмжээг түдгэлзүүлсэн мэдээтэй байна. Тэр ч байтугай зарим сонин, телевиз түүнийг ажилд нь эргүүлэн томилсон талаар сүүлийн 2-3 өдөр тасралтгүй мэдээллээ. ТӨХ-ноос энэ талаар тодруулахад ийм шийдвэр гараагүй, лавтай одоогоор ажилдаа ороогүй байна гэлээ. ТӨХ энэ асуудлыг яагаад мэдэх учиртай гэхээр өмч нь Монгол, ОХУ-ын мэдэлд хуваагдмал байдаг Улсын үйлдвэрийн газар (УҮГ)-ын удирдлагыг тус хорооноос томилж халдаг учир тэр. Ганц ТӨХ ч бус энэ талаар бусад холбогдох газруудаас тодруулахад Х.Бадамсүрэн захирлыг цагдан хорихыг түдгэлзүүлэх нь бус эсрэгээр баривчлах тухай яригдаад байгаа аж. Бид энэ талаар мэдээлэхдээ Түүнийг дахин баривчлах нь гэж гарчиглахдаа дахин гэдэг үгийг хашилтад хийсэн нь өмнө нь Х.Бадамсүрэнг баривчлаагүй одоо түүнийг жинхэнээр баривчлах гэсэн мэдээтэй байгаа учир дээрх үгийг тодотгох үүднээс онцоллоо.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр УЕПГ-аас Х.Бадамсүрэн захирлыг цагдан хорих арга хэмжээг түдгэлзүүлсэн нь түүнийг ажилд эргүүлэн авах буюу томилох шалтгаан болж чадахгүй юм байна. Үүнийг гагцхүү шүүхийн шийдвэрээр гүйцэтгэдэг хуультай. Гэтэл энэ талаар өнөөг хүртэл шүүхийн шийдвэр гараагүй байна. Түүнийг өмнө нь баривчлахгүй байсан нь дээр өгүүлснээр эмчийн магадлантай гэдгээр хойшлуулаад байж.
Б.Болд
(өдрийн сонин 2005-10-31 261)