Х.Баатарын мэдүүлэгт УИХ-ын найман гишүүний нэр дурдагджээ

Энэ нь НҮБ-ын Авилгалын эсрэг конвенцийг соёрхон баталсан явдал юм. Энэ дагуу уг конвенцид нэгдэн орох, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар болсон билээ. Уг конвенцид Монгол улс нэгдэн орсны дараа манай улсын авилгалтай тэмцэх явдал эрч хүчээ авч буйн илрэл нь Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатарыг баривчилсан явдал юм. Төр жинхэнээсээ авилгалтай тэмцэж эхэллээ хэмээн ард түмэн дүгнэж байна. Энэ үгийг олон хүн хэлж ярьж аль эртнээс ийм алхам хийж төр авилгачдаасаа салах байсан юм хэмээж байна. Авилгалтай тууштай тэмцэхээ Засгийн газар илэрхийлсэн. Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтарч авилгалтай зоригтой тэмцэж, эхний алхамаа хийгээд байна. Энэ эрчээ бүү алдаасай, энэ хэрэг ингэсхийгээд битгий замхараасай гэж иргэд хүсч байгаа юм.
Гаалийнхантай холбоотой хэргийн эхлэл Бичигтийн боомтын гаалийн дарга Н.Даваажавыг баривчилснаас эхтэй аж. Тэрээр авилгал болон хилээр их хэмжээний хар төмөр татваргүйгээр гаргасан хэрэгт буруутгагдсан. Түүнийг Төв аймгийн хорих ангид хорьж байгаа бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргатай холбоотой мэдээлэл өгсөн гэх. Н.Даваажавыг баривчлахад 200 сая төгрөг машинаас нь, гэр болон ажлаас нь нэлээдгүй тооны мөнгө гарсан аж. Зөвхөн түүгээр зогссонгүй гаалийн хэд хэдэн албан тушаалтныг баривчлан хориод байна. Тэд бүгд их бага хэмжээний мөнгө төгрөг болон бусад нотлох баримттайгаа баригдсан гэнэ. Н.Даваажав энэ мөнгийг эхлээд гадны юм гэж ярьж байсан ч сүүлдээ Х.Баатар даргынх гэж улайсан аж.
Бичигтийн боомтоор их хэмжээний төмөр гаргаж магадгүй гэсэн мэдээллийг шалгахаар цагдаа, тагнуулынхан отолт хийхэд Х.Баатар даргын цохолттой машинууд иржээ. Үүнээс үүдэн Гаалийн ерөнхий газрын даргыг баривчилсан аж. Түүний ажлын өрөөний сейфнээс 500 мянган ам.доллар бэлнээр гарсан. Мөн Швейцарийн банкинд их хэмжээний доллар хадгалуулсан данс, мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар ч гарчээ. Түүнчлэн хамгийн гол нотлох баримт болох өмнөх олон удаагийн шалгагдаж байсан хэргүүдийнхээ талаар Х.Баатар даргын бичиж тэмдэглэл хөтөлсөн тэмдэглэлийн дэвтэр олдсон гэнэ. Энэ нь түүнийг хангалттай буруутгах нотолгоо гэдгийг эх сурвалжууд өгүүлж байна. Түүнийг өдгөө Дарханы урьдчилан хорих төв рүү шилжүүлж хорьсон. Х.Баатар дарга тэнд очоод ёстой л далан долоон булчирхайгаа тоочсон сурагтай. Хэнд юу өгсөн, авсан, хэнтэй хамтарсан гээд бүх зүйлээ ярьсан сураг дуулдана. Зарим эх сурвалжийн өгүүлж байгаагаар өнөөгийн УИХ-ын нэр бүхий найман гишүүний нэрийг дурдаж. Мөн хамтарч хэрэг үйлдсэн олон хүний нэрийг дурдсан гэнэ. Өөрийн туслах, эхнэр, хамаатан садан гээд ер нь бүгдийг л хэлж. Тэрэнд тийм мөнгө өгсөн, түүнтэй тийм зүйл хийсэн гээд бүх зүйлээ улайсан гэнэ.
МАХН-ын дотоод зөрчил
Энэхүү дуулиан шуугиан тариад буй авилгалын хэргийн эзэн Х.Баатар гэх боловч эл хэргийг улс төрийн шалтгаантай гэж тайлбарлагчид олон байна. Хамгийн эхнийх нь МАХН-д хүчээ аваад буй шадар сайд Ч.Улааны фракцыг дарж авах. Үүнийгээ гаалийнхны буюу Х.Баатар даргын авилгалын хэргээр шийдвэрлэх гэж байгаа гэх. Өнөөгийн хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй АН болон МАХН-ын гол тохироо нь Засгийн газрыг ээлжлэн хоёр хоёр жилээр барих. Ирэх жил хоёр намын байгуулсан гэрээ ёсоор Шадар сайд Ерөнхий сайд болох учиртай. Тиймээс шинэхэн гишүүн болсон намын дарга М.Энхболдоо Ерөнхий сайд болгохын тулд Ч.Улааныг замаасаа зайлуулж буй арга энэ гэнэ. Х.Баатарын хэрэгт Ч.Улааны зөвлөх Д.Өвгөнхүүг баривчилсан нь үүний илрэл гэх. Хэдийгээр Д.Өвгөнхүүг цагдаагийнхан баривчилсан гэх боловч тэрээр одоо гэрийн хорионд байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, хэзээ дуудах бол хэмээн хүлээж байгаа аж. Х.Баатарын хэрэгт холбоотой гэх УИХ-ын гишүүдийн нэрсийг Ч.Улааны фракц бүрдүүлж байгаа гэнэ. Ер нь хамгийн их авилгал авдаг гэх гаалийнхны хэрэг илэрсэн нь сайндаа бус МАХН доторх М.Энхболд, Ч.Улаан хоёрын хэн нь Ерөнхий сайд болохоо шийдэх тулаан гэдгийг эх сурвалжууд ярьж байна. Сүүлийн үед энэ хоёр олон зүйл дээр маргаж байгаа талаар хэвлэлүүд бичиж байсан. Хамгийн сүүлд хотын мэрийн томилгооноос болж муудалцсан сураг дуулдсан. Энэ бүхэн нь МАХН-ын дотоод зөрчил дээд цэгтээ хүрсний илрэл гэлтэй.
УИХ-ын даргын хав дарсан бичиг Гаалийн даргын хэрэгтэй холбоотой
гишүүдийн талаар дээр дурдсан. Тагнуул цагдаагийнхан өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт УИХ-ын даргад нэр бүхий УИХ-ын дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлж өгөхийг хүссэн бичиг өгсөн байна. Үүнийг нь УИХ-ын дарга Ц.Нямдорж хав дарсан сураг дуулдана. Энэ дөрвөн гишүүнд Д.Идэвхтэн, Ч.Улаан, Р.Буд, Т.Бадамжунай нарын нэр байсан гэнэ. Гэтэл хэрэгт холбогдолтой уг дөрвөөс гадна өөр гишүүдийн нэрийг Х.Баатар мэдүүлсэн гэж байгаа. Уг дөрвөөс гадна бас дахин дөрвөн гишүүний нэрийг хэлсэн сураг дуулдана. Энэ дөрвийн хоёр нь МАХН, хоёр нь АН-ын харъяалалтай гэнэ. Ямартай ч энэ дөрвийн нэг нь Ц.Цэнгэл гишүүн бололтой.
Х.Баатарын хэрэг хэнийг сандаргав
Гаалийнхантай холбоотой хэрэг илэрснээс хойш буюу өмнө нь олон зүйл болж өнгөрчээ. МАХН-ын нөлөө бүхий гишүүд энэ хэргийг замхаруулах, явцыг удаашруулах, бүр хаалгахаар янз бүрээр оролдож байж. Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Би удахгүй Хууль зүй дотоод хэргийн сайд болно. Очоод ЦЕГ-ын дарга Сандаг-Очирыг сольж, Х.Баатарын хэргийг зогсоолгоно гэж цагдаагийнхнийг дарамталж байсан гэнэ. Тэрээр сайд болбол Эрүүгийн цагдаагийн газрын даргаар Төрмандахыг тавина хэмээж байжээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдыг түр орлож буй Ч.Улаан сайд өнгөрөгч бямба гаригт сайдын зөвлөлийг яаралтай хуралдуулсан аж. Ингэхдээ Х.Баатарын хэргийг явц, байдлыг танилцуулахыг цагдаагийнхнаас шаарджээ. Шадар сайдын уг шаардлагад цагдаагийнхан мөрдөн байцаалтын явцад хэн ч оролцдоггүй хуультай. Сайд ч бай хэн ч бай хамаагүй мөрдөн байцаалтын нууц хэмээгээд мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан сурагтай. Х.Баатарын хэргийг Хурц хэмээх хүн толгойлон шалгаж байгаа гэнэ. Тэрээр эрс шийдэмгий, шударга нэгэн аж. Иймээс энэ хэрэг тэгс ингэс гээд замхарч алга болчихгүй байх гэж эх сурвалжууд ярьж байв.
Хар тугалга нэрийн дор хаягдал төмөр
Гаалийнхантай холбоотой энэ хэрэгт хаягдал төмөр, тамхины хэрэг голлож байгаа. Хар тугалга нэрийн дор хаягдал төмөр хэрхэн гаргаж буйг зарим нэгэн жишээ баримт татан өгүүлье. Монгол улсад хар тугалга бараг үгүй. Гэтэл 2003 онд гаалиар гаргасан хар тугалганы хаягдал, өөдөсний хэмжээ 2869.9 тонн гэсэн статистик тоог гаалийнхан гаргасан байна. Дараа жил нь буюу 2004 онд энэ хэмжээ 87 хувь нэмэгдэж, 5366.1 тоннд хүрчээ. Энэ оны эхний арван сарын байдлаар 441.1 тонн хаягдал хар тугалга экспортлоод байгаа аж. Манайд бараг байдаггүй металл яахаараа ийм их хэмжээгээр экспортлогдох болов. Дээрх тоо баримтыг харахад дэлхийн хар тугалгын экспортын талтай тэнцэх юм байна. Бид дэлхийн экспортын талыг гаргаж байгаа гэхэд итгэх хүн бараг үгүй. Гол нь хаягдал хар тугалга нь хил гаалиар ямар ч татваргүйгээр гардагт хэргийг учир оршиж буй аж. Яахав манайд ийм хэмжээний хаягдал байсан гэж болно. Гэтэл хүлээн авагч урд хөршид хаягдал хар тугалга бус хаягдал төмөр нийлүүлэгдэж байгаа аж. Тэгэхлээр хар тугалга нэрийн дор хичнээн хэмжээний төмөр хилээр ямар ч татваргүй нэвтэрсэн гэсэн үг. Энэ тооны цаана хэдий хэмжээний мөнгө улсын төсөвт оролгүйгээр бусдын халаасанд орсныг таашгүй юм. Дээрх Х.Баатар даргын цохолттой машинууд ч ийм бүрдүүлэлтэй байсан байх талтай. Хаягдал төмрөөс гадна ноолууртай холбоотой асуудал ч бий. Өнгөрөгч 2003 онд хил гаалиар гаргасан ноолуураас улсын төсөвт 84 сая төгрөг орж байж. Тэгвэл 2004 онд хоёр тэрбум төгрөг орсон байна. Нааштай мэт харагдах боловч хил гаальд авилгал байдаггүй бол ноолуураас улсын төсөвт жилд дөрвөн тэрбум төгрөг орох боломжтой гэдгийг мэргэжилтнүүд баталдаг. Манай улсад бэлтгэгдэг ноолуур жил бүр адил хэмжээнд байдаг. Үүний багаахан хэсгийг ноолуурын Говь, Буян компаниуд авч бусад нь хилээр урагш нэвтэрч байгаа. Өөрөөр хэлбэл, хаягдал төмөртэй адил ноолуурын цаана ч гэсэн авилгал, хээл хахууль нуугдаж буй юм.
МАХН-ынхан юу ярилцав
Х.Баатарыг баривчилж зарим гишүүнийг холбоотой гэх мэдээлэл түгснээс хойш буюу өчигдөр саарал ордонд нэг л сонин уур амьсгал бүрдсэн байв. МАХН-ын гишүүд хэн нэг нь энэ хэрэгт намайг холбоотой гээд хэлчих вий, миний нэр Х.Баатарын хэлсэн нэрсийн дотор явж байгаа юм биш байгаа гэсэн маягтай нэг л хулмагнасан янзтай явцгаана. Харин АН-ын гишүүд дуу аялсан шиг саарал ордноор салхи татуулан явцгаах. Ийм л дүр зураг өчигдөр саарал ордныг чимж байлаа. Уг нь УИХ дахь МАХН-ын бүлэг өчигдөр Төрийн ордны А танхимд хуралдахаар товлосон ч гаалийн дарга Х.Баатарын хэргийг хэрхэх талаар ярилцахаар өөрийн цагаан байшиндаа шилжин хуралдав. Гэхдээ намынхаа Удирдах зөвлөлтэйгээ хамтарч өргөтгөсөн хурал хийлээ. Уг хурлаар Баатаргейтын буюу Гаалийн газрын дарга Х.Баатарын авилагтай холбоотой хэргийг л хэлэлцэх байх хэмээн хүн болгон таамаглаж байсан боловч эх сурвалжууд тэр тухай хэлэлцээгүй хэмээн ярьж байгаа нь гайхалтай. Бүлгийн хуралдаанаар тэр тухай албан ёсоор хэлэлцээгүй хэмээн хэлэгдээд байгаа ч ерөнхийдөө байсхийгээд л тэр тухай яриа болж байсныг эх сурвалж үгүйгэсэнгүй. МАХН-ын гишүүд Энэ хэрэг цаагуураа улс төрийн захиалгатай хэмээн ярилцсан байна. Бидэнд олдсон гэмгүй цагаахан мэдээллээр бүлгийн хуралдаанаар Төсвийн төслийг хэлэлцсэн бөгөөд төсөл дээр намын өөрийн үзэл баримтлал байх ёстой гэж гишүүд үзсэн гэнэ. Өчигдөр үдээс өмнө хуралдсан намын бүлгийн хурлаар төсөл дээр байх намын үзэл баримтлалаа тохирсон бөгөөд тэр нь нөгөө л яригдаж байдаг төсвийн алдагдлыг багасгах гэх мэт зүйл байсан гэж эх сурвалж өгүүлж байна. Гэвч тэр тохироо үдээс хойших хуралдаанаар буцсан бөгөөд гишүүд шал дэмий өдөржин хуралдлаа гэж ярьж байсан гэнэ. Өнөөдөр МАХН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдах бөгөөд бидэнд байгаа мэдээллээр бас дахиад л төсвийн төсөл хэлэлцэнэ гэсэн яриатай байгаа.Гэвч энэ бүгд нэг л үнэмшил муутай сонсдоод байгаа бөгөөд МАХН-ын нөхдүүд уснаас яаж хуурай гарахаа л өчигдөрөөс хойш хэлэлцэж байгаа гэж хэлэх хүмүүс захаас аван байна. Гэвч Энэ асуудал намын бүлгийн хэлэлцэх асуудал биш гэж удирдах зөвлөл үзсэн гэнэ. Харин Удирдах зөвлөл уржигдар буюу бүтэн сайн өдөр энэ Х.Баатарын авилгалын хэргийг бүтэн таван цаг хэлэлцээд ерөнхийдөө дэмжихгүй тал нь дийлжээ. Бүх нийтээр авилгалтай тэмцэж байгаа энэ үед энэ хэргийг МАХН өмөөрвөл ард түмний дунд нэрээ хугалах бөгөөд энэ нь амиа хорлож байгаатай эгээ адил хэрэг болно гэж үзсэн байна. Тэгээд ч МАХН-ын их хурлын үед Х.Баатар нь өөрийн гаалийн дарга нараа намын их хурлын төлөөлөгч болгон сонгуулж одоогийн намын даргын эсрэг буюу С.Баярын төлөө санал өгүүлж байсан гэмтэй бөгөөд үүндээ ч гэсгээл авч байгаа нь энэ гэх эх сурвалж байх юм.
Б.СҮЛД
(өдрийн сонин 2005-11-01 262)