Авилга огцруулчихлаа гэх вий
Яагаад гэхээр тэрбээр сүүлийн үед хий хоосон буюу зэрэглээ маягийн юм яриад түүнтэй тэмцэнэ, дайтна гэх болсон. Авлигатай тэмцэх асуудлаар зөвлөгөөн хийсэн.
Түүнд оролцоод Авлигачдыг нэрлэе, илрүүлье хэмээн үг хэлсэн. Энэ бол үнэхээр зөв. Хамгийн гол нь яг хэн, хэзээ, хэнээс авлига авав гэдгийг эхлээд тогтоох ёстой. Ер нь Монгол Улс авлигад идэгдсэн орны тоонд орлоо, авлига хамгийн их авдаг ажил, мэргэжлийнхэн гэсэн тодорхой баримтгүй, нотолгоогүй ерөнхий эзэн биегүй асуудлыг олон жил ярилаа.
Хамгийн гол нь авлигачийг илрүүлээд, буруутанд хуулийн дагуу хариуцлага тооцоод ирвэл авлигатай тэмцсэн ажлын үр дүн гарах учиртай. Сүүлийн арван жилийн хугацаанд шийдсэн хэргийн дотор авлига хээл хахуулиар шийтгүүлсэн хүн нэг ч байдаггүй юм билээ.
Харин авлига гэсэн үгийг байнга тэргүүлж явдаг гаалийнхныг шалгаж эхэлсэн нь утасны учгийг олсон байх магадлалтай. Хэн нэгнийг улс төрийн золиос маягаар биш бодит мэдээлэл, баримтад тулгуурлан шалгаж байгаа биз ээ.
Харин хэдхэн хоногийн дараа гаалийнхан буруугүй болж, Ц.Элбэгдорж Намайг авлигатай тэмцэх гэсэн чинь огцруулчихлаа гэх вий. Яагаад ингэж хэлэх болов гэхээр Ерөнхий сайд маань Ядуурал, авлига, цаас гэхчлэн гарт үл баригдаж, нүдэнд үл харагдах зүйлүүдтэй дайтаад байгаа нь ийм сэтгэгдэл төрүүлээд байгаа юм.
Хөгшчүүд тэтгэвэр, төсвийн тодотгол гээд олон асуудал Ц.Элбэгдоржийг дэнжигнүүлж байгаа шүү дээ.
Р.БАТБОЛД
(өнөөдрийн монгол 2005-11-01 127)