Ц.Элбэгдорж Х.Баатарын асуудалд хамаагүй юу

Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралд оролцоод өнгөрөгч пүрэв гарагт эх орондоо ирснийг сонин хэвлэлүүд мэдээлсэн. Тэрбээр энэ арга хэмжээнийхээ үр дүн тайлагнахаар сэтгүүлчдийг цуглуулсан хэрэг. Ерөнхий сайд явсан ажлынхаа үр дүнг окей гэж тэмдэглэв. Хамгийн гол нь хэд хэдэн орны засгийн газрын тэргүүнүүдтэй уулзаж харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцсондоо сэтгэл хангалуун байна гэв. Тэрбээр ОХУ-ын Засгийн газрын дарга М.Фрадков, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, Казахстан улсын Засгийн газрын тэргүүн Д.Ахметов, Иран улсын тэргүүн Дэд ерөнхийлөгч Парви Давууди нартай уулзаж ярилцсандаа албаны хэллэгээр бол ихээхэн ач холбогдол өгч байгаа аж. Бас ОХУ-ын Засгийн газрын тэргүүнийг эх орондоо айлчлахыг хүсчээ. М.Фрадков ч урилгыг таатай хүлээж авч.
Сэтгүүлчдийн хувьд Ерөнхий сайдын Москваг зориод ирсэн асуудлаас хальж сүүлийн үед үүсээд буй зарим нэг шуугиантай холбоотой сэдэв рүү хадуурсан юм. Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатарыг авлигын хэрэгт сэжиглэж барьж хорьсны цаана улс төр байгаа юу, өөрөөр хэлбэл дээрээс нясласан чулуу мөн үү гэсэн утгатай асуултад Ц.Элбэгдорж Би ийм үүргийг өгнө гэж юу байхав. Энэ бол цэвэр хууль, цагдаагийн байгууллагынхны мэдээд хийх асуудал гэж эвтэйхэн булзааруулав.
ТЕГ-ын дарга Т.Билэгтийг та огцруулах гэж байсан. Үүнээс урьтаж Т.Билэгт арьсаа хамгаалах зорилгоор ийм алхам хийсэн байж болох уу гэдэг асуултад, Би яалаа гэж зүгээр ажлаа хийгээд явж байгаа хүнийг халах вэ, Т.Билэгтийг халах талаар бодож байгаагүй. Ер нь авлигын эсрэг тэмцэнэ гэж яриад байгаа ийм үед холбогдох байгууллага үүргийнхээ дагуу ажиллаж байна гэж ойлгож байгаа хэмээн хариулсан юм.
Д.ДОРЖ
(өнөөдрийн монгол 2005-11-01 127)
