БНМАУ-ын МАХН Монгол Улсын МАХН мөн үү.
Зарим нэг оронд коммунист удирдагчидаа гудамжинд буудан алж, үр удмыг нь эх орноос нь хөөн, маш нууц архивуудыг ил болгон, өнгөрсөн нийгэмд бууны нохой-н ажилаар мэргэшсэн адгийн шаарнуудын нэрийг илчлэн нийгэмд гишгэх газаргүй болгон, төрд алба хаах эрхийг нь хүртэл бүх насаар нь хасаж, коммунист нам байгуулахыг Үндсэн хуулиндаа хориглож байсан юм. Коммунизмыг өлгийдөн авч эрийн цээнд хүртэл нь бойжуулсан ЗХУ-д хүртэл коммунист намаа татан буулгаж, өмч хөрөнгийг нь төрийх болгосон билээ. Өнөөдрийн өндөрлөгөөс дээрхи үйлдлүүдийг харахад коммунистуудын нугасыг хэдий сайн тасалсан байна төдий чинээ шинэ нийгэмд тухайн улс дасан зохицох чадвараар өндөр явж байна.
Хувьсгалын шинжтэй өөрчлөлтөөр нийгэм солигдоход олонхи нь дасан зохицох чадвар сул байдгаас хөл алддаг бөгөөд, үүнийгээ шинэ нийгмийн балаг мэтээр ойлгон хуучнаа сангалзах сэтгэлгээнд автах нь нийгэм шинэчлэгдэх процесст хамгийн сөргөөр нөлөөлдөг хүчин зүйл юм. 1980-аад оны хувьсгал-өөрчлөлтийн салхинаас амьд үлдсэн коммунистуудад энэ нь дахин төрөх сайхан боломжийг олгож байсан юм. Өөрөөр хэлбэл экс коммунистууд хөөрхий ард түмнийг популизмаар жаахан бөмбөгдөөд өгөхөд л толгой нь эргэсэн сонголт хийхэд бэлэн болдгииг тэд олон газар харуулсан бид ч мөн өөрийн улсын жишээн дээр үзсэн билээ. Иймд ард түмнийг толгой нь эргэсэн сонголт хийлгэхгүй байх улс орны хөгжлийг зуу зуун жилээр хойш чангаалгахгүй байх эрсдэл багатай ганц боломж нь коммунистуудыг бүрэн нугаслах явдал гэдгийг түүх баталж байна. Коммунистууд амьд үлдэхийн тулд өөрсдийн арьс болох намын нэрийг солих, өөрсдийн шүд-соёо болох үзэл баримтлалаа социализмаар хааж буй байдал нь европын өндөр соёлт иргэдийг ч хөөрхөн дөнгөж байсан тохиолдол олон бий. Хэдийгээр хуучин нэрээ өөрчлөн төв хорооныхоо байрыг хураалгасан коммунистуудыг танихад хэцүү нь үнэн хэдий ч, өнөөх л хуучин нэрээрээ хуучин байрандаа хуучин удирдлагуудынхаа зургыг тахичихсан нөхдүүдийг бол таниад байх зүйлгүүгээр амьдаар нь харж болох юм.
Монгол Улсад 1990 онд ялсан гэж ярьдаг Ардчилсан хувьсгал-ыг хийсэн хувьсгалчид оготны хамраас цус гараагүй хэмээн өөрсдийгөө дөвийлөгдөг ч ард түмний хувьд үнэгүй олдсон зүйл үнэгүй л байдаг зарчим өнөөдрийн нийгмийн сэтгэлгээнээс тодхон харагдаж байна. Үнэхээр халаагаа өгч буй нийгэм нь буруу үл бүтэх зүйл байсан тул зөвийг сонгох боломжийг бий болгохын тулд хувьсгал хийдэг гэсэн энгийн ухамсарын хүрээнд буруу байсан юм бол хэн ч хариуцлага хүлээхгүй өнгөрч болдог юм уу гэсэн энгийн асуулт өнөөгийн шинэ үеээс гарч ирж байгаа бөгөөд хойч үе ч мөн асуух нь дамжиггүй юм.. Үнэхээр түүх судраа тэр чигээр нь устгуулж, хамаг сэхээтнүүдээ сум тоолуулан хядуулж, сэтгэлгээний болон хэрэглээний гүн гүнзгий ядууралд орсон байсан Монгол Улсын өмнө хэн эсвэл ямар бүлэглэл хариуцлага хүлээх ёстой юм бэ. Дээрээс нь мөн арван тэрбум долларын өртэй шүү. Хэн ч хариуцлага хүлээгээгүй нь хэн ч хэнийг ч буруу гэж яллаагүй нь хувьсгалчидын гаргасан хамгийн том алдаа юм. Үнэндээ 1990 онд хэн ч буруугуй уснаас хуурай гарсандаа хариуцлага гэж зүйл чанараа алдан өнөөдөр Монгол орон маань иймэрхүү төрхтэй байгаа гэвэл санал нийлэх хүн олон байгаа байхаа. Бүхэл бүтэн улсыг туршилтын замаар оруулсан бүлэглэл буруу зүйл хийгээгүй ээ гээд цагаадсан орон зайд, зүгээр л 30 сая ам.долларын авилгал авч, хувьдаа банктай болсон адгийн луйварчин энхийн цагаан тагтаа байлгүй яахав дээ. Уг нь за яахав гээд уучилж болох хэдий ч эдгээр коммунистууын хойч үедээ тарьж буй балгыг өөрийн нүдээр харахаар тэвчээд сууж боломгүй байна.
Фашистууд ч засгийн эрхэнд гарсан тэднийг дагах алиа салбадай, бялдууч адгийн шаарнууд хангалттай олддог нийгмийн жамаар коммунистуудыг дагах шинэ үеийн залуучууд ч өнөөдөр Монголд бүхэл бүтэн армийг бий болгоод байна. Энэхүү арми нь зөвхөн албан тушаалаар дамжиж сайхан амьдрана гэдэг ганцхан боломжит хувилбарыг өөрийн ертөнцийг үзэх үзэл болгосон эдийн засгийн идэвхигүй, нийгэмд ямар ч баялгийг бүтээдэггүй хүн сүрэг юм. Үнэхээр хуучнаа сангалзсан олны хоцрогдсон сэтгэлгээ, хүн алаад ч хамаагүй хүссэндээ заавал хүрдэг 84 жилийн туршлага нь ямар ч залуу хүнд албан тушаалд хамгийн ойр харагдах шат яах аргагүй мөн л дөө. Нэг л өглөө сэрэхэд Харвард төгссөн залуу коммунист дүрд хувилан Гадаад Хэргийн Сайд болдог, 30-аад онд лам нарыг хүйс тэмтэрсэндээ өнөөдөр бид ийм сайхан амьдарч байна гэж ичэх ч үгүй ярьдаг нөхөр, намын нарийн бичгийн дарга хүртлээ дэвшдэг нийгмийг хэн бий болгочихвоо. Олон сайхан залуучууд гагцхүү хүн бүрт байгалаас заяадаг тэр л адгууслаг чанараасаа болж өнөөдөр тархиа бохирдуулан, сэтгэлээ худалдаж коммунист-хүн сүргийг тэлсээр энэ хэмжээгээрээ нийгмийг бялдуучлалаар дүүргэж эрүүл бус байдал уруу түлхэж байна.
XXI зууны коммунистуудын онцлог нь өөрсдийгөө коммунист гэдгийг мэддэгүйд, мэдэхийг ч хүсдэггүйд л байдаг юм байна. Учир нь тэдний итгэл үнэмшил нь ямар нэгэн үзэл баримтлал гэхээсээ илүүтэй хамгийн хялбраар сайхан л амьдарч байвал юу ч хамаагүй гэсэн хувь хүний хамгийн арчаагүй оюунлаг бус чанар дээр тогтож байна. Үүний хамгийн тод жишээ бол өнөөдөр МАХН-д ардчилсан-социализм хамгийн зөв үзэл гэж эцсээ хүртэл маргалдах хүн үгүй бөгөөд харин Энхбаяр авилгал авсан гэж мэтгэвэл хүн буудаж ч мэдэх фанатууд дүүрэн байгаагаар илэрч байгаа юм. Ийм болохоор энэ нам коммунист нам мөн. Ийм болохоор энэ намаар хоолоо олж иддэг хүмүүс коммунистууд мөн.
Улс төрийн нам гэдэг нь итгэл үнэмшилийн нэгдэл бөгөөд, ардчилсан нийгэмд бүгдээрээ нэг итгэл үнэмшилтэй байна гэж хэзээ ч байдаггүй, тиймдээ ч олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрдөг билээ. Гэтэл ердөө л хамгийн түрүүнд байгуулагдсан за магадгүй хамгийн олон хүн алсан зэрэг нь ямар нэгэн намд хотын төвд дээрээ бильярд саун доороо duty-free хажуудаа Shangrilla зочид буудалтай зургаан давхар байрыг улсаас буюу ард түмнээс үнэгүй өгөх үндэслэл яавч болох ёсгүй юм. Зөвхөн хотын намын хорооных нь байр л гэхэд 2000 м2 зайг эзэлж, сардаа зөвхөн түрээсээр 30-40 сая төгрөг халаасалж, түүгээрээ эргээд ард түмний тархийг эрээ цээргүй угааж нөгөө хамгийн олон хүн алсан гэдэг үзүүлэлт дээрээ хамгийн баян гэсэн номинацийг тэргүүлэх эрхийг МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМД ХЭН ӨГСӨН ЮМ БЭ. Угтаа 1990 оноос өмнө ашиглаж байсан өмч нь өнөөдөр тэр намд шууд хэлбэрээр шилжин ирэх үндэслэл огтоос болох ёсгүй юм. Тухайн үед МАХН гэдэг нь өөрөө БНМАУ байсан шүү дээ. Бүх иргэдийх нь дундаас тухайн нийгмийн үнлэмжээр шилдгүүд нь тэр л намых байдаг байсан. Энэ нь тэр намд хайртай дуртайдаа ч биш гагцхүү сонголт байхгүй мөн дээрээс нь БНМАУ-ын иргэн байсандаа л тийм байсан юм. Коммунистуудынхаар бол бид өөрсдийн ашиглаж байсан өмчөө өөрсдөө аваад явна гэсэн логик үйлчилсээр түүнийг нь ч ард иргэд хүлцэнгүй тэвчээртэй ажигласнаар өнөөдрийг хүрлээ. Тэднийг дахиад жаахан л давраахад бид энэ дотор ажилдаг байсан гээд Төрийн ордныг ч өөрийн болгож мэдэхээр улсууд гэдгээ өнгөрсан хугацаанд хангалттай харуулсан билээ. Тухайн үед энэ хоёр байшинг өгөөд коммунистуудаас салгасан нь их юм гэж бурханд баярлах ёсгүй юм. Угтаа шударга ёсоор бол намыг нь хаагаад Улс төрийн товчоог нь ард түмний шүүхээр оруулах ёстой байсан шүү дээ. Гэхдээ, одоо ингэхээсээ өнгөрсөн, галт тэрэг нэгэнт хөдөлсөн гэсэн үг бас биш юм. Чөтгөр гэж байхгүйг чөтгөр л хүн төрлөхтөнд ойлгуулсан гэдэгтээ нэгэн адил коммунистууд одоо байхгүй, тэдэнд хариуцлага тооцохоос нэгэнт өнгөрсөн гэсэн ойлголтыг коммунистууд л бидэнд дэндүү их ойлгуулсан юм биш үү!? Монголд хордоогүй тархитай, эрүүлээр сэтгэдэг, эрүүл нийгмийг хүсдэг шинэ үе мэдээж коммунист-хүн сүргээс олон л байж таараа. Цаг хугацаа өнгрөх тусам коммунистуудын найдвартай окоп болсон, үзэл суртлаар нь итгэл үнэмшилээ угаалгасан ахмад үе ертөнцийн жамаар энэ хорвоогоос хальж л таарна. Тэгээд нэг САЙН ЦАГ ирэхэд 1990 оны хувьсгалчдын дутуу үлдээснийг Монголын залуу үед гүйцээх боломж гарч л таараа. Энэ цаг үеийг хурдан ирээсэй гэж БИ МӨРӨӨДДӨГ.
ЗХУ-ын Коммунист Намын төв хороо / ЦК КПСС / байралдаг байсан Москва голын эрэг дээрхи Цагаан Ордныг /Белый дом/ монголчууд андахгүй дээ. Одоо тэрхүү байранд ОХУ-ын Засгийн Газар байрлаж байна. Өнөөдрийг хүртэл Монгол Улсын Засгийн Газарт өрх тусгаар байр байхгүй л байгаа шүү дээ. Сүхбаатарын талбайгаас 100 метрийн зайд орших өнөөдрийн МАХН-ын төв байр нь Монгол Улсын Засгийн Газар байрлахад хамгийн сайн бөгөөд хууль ёсны байрлал яах аргагүй мөн юм. Угтаа хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал нь тусдаа байшинд байснаараа зөвхөн хэлбэрээс гадна асар их агуулгыг өөртөө авч явдгыг өнөөдрийг хүртэл хэн ч мэдэхгүй байгаа нь даанч хармасмаар. Харин ОХУ-ын Коммунист Нам Г.А.Зюгановын хүчин чармайлтаар олсон гэгддэг дан байшинд байрладаг юм билээ. Өөрөөр хэлбэл намуудад ижил гарааны нөхцөл илэрдэг тод жишээтэй энэ юм. Өнөөдөр энэ зарчим алдагдсанаас нийгэмд МАХН ба бусад гэсэн олдмол сэтгэлгээ бат оршисоор байна. Түүнчлэн тухайн үед МСДН, МоАН зэрэгт улсаас байр олгосон /одоогийн Ардчилсан намын төв байр болон Нийслэлийн Ардчилсан намын байр/ явдал нь МАХН-д байрыг нь үлдээсэн шалтгаан битгий байгаасай. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хуйвалдааны эхлэл тэр үеэс эхлээгүй байгаасай. Хэрэв ингэсэн бол 1990 оны үйл явдал хувьсгал бус зүгээр л албан тушаалын наймааны хэмжээнд очих юм. Нийгмийнхээ цөөнхийг хүндэтгэх ардчиллын үнэт зүйлсийн зарчимаар бол намуудыг том жижиг, анхны сүүлийн гэж хуваадаггүй энэ ч утгаараа өнөөдөр МБНН ч юм уу, МУНН төрөөс байр хүсэх бүрэн эрх нь нээллттэй байгааг энэ дашрамд хэлье.
Эцэст нь хэлэхэд БНМАУ-ын МАХН нь МУ-ын МАХН биш бөгөөд БНМАУ-ын МАХН-ын хөрөнгө бол Монголын ард түмний хөрөнгө юм. Иймд шинэ үеийн эрүүл сэтгэлгээтэй залуучууд засгийн эрхийг авсан цагт өнөөдрийн МАХН-ын эзэмшиж буй байруудыг төрийн өмч болгон хурааж авах болно гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна. Энэ нь улс төрийн намуудад ижил боломж олгох угтаа нийгмийг эрүүлжүүлэх үйл явцад өөрийн үнэтэй хувь нэмрийг өгөх нь дамжиггүй биз ээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
О.Магнай/ эдийн засагч,эрх зүйч/
Эрүүл Нийгэм – Иргэний хөдөлгөөний
Ерөнхий зохицуулагч