Монголыг монголоор нь байлгах дархлаа нь үндэсний хар хайрцагны бодлого байх ёстой

-Юуны өмнө та уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Миний хувьд Монголын гүн ухаан, шашны талаар нэлээдгүй судалж, энэ чиглэлээр боловсрол эзэмшсэн нэгэн. Мөн төвд хэл судалдаг. Яагаад гэвэл төвд хэл нь Монгол судлалыг мэдэх нэгэн түлхүүр болж өгдөг. Монголын нүүдэлчин ард түмэн дэлхийд гайхамшигтай оюуны соёлыг бүтээсэн улс.
-Монголоо судалдаг хүн маань яагаад аялал жуулчлалын салбарт хүчээ үзэх болов?
-Би Монголынхоо түүх, соёл, зан заншлаар бахархаж явдаг хүн. Тэгээд энэ том соёлоо дэлхийд ямар замаар Монголдоо ашигтайгаар сурталчлах вэ гэж нэлээдгүй бодсоны эцэст аялал жуулчлал юм байна гэдгийг ойлгосон. Ингээд л уг чиглэлээр Бельги, АНУ, Испани зэрэг улсад тодорхой боловсролыг эзэмшсэн. Хоёр жилийн өмнөөс аялал жуулчлалын компани байгуулаад ажиллаж байна.
-Та бас энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалах гэж байгаа гэсэн байх аа?
-Тийм. Дэлхийн аялал жуулчлалын байгууллага гэж байдаг. Тус байгууллагаас XXI зууны залуу удирдагч нар гэдэг төсөл хэрэгжүүлдэг бөгөөд би хоёр жилийн өмнө докторын зэрэг хамгаалах шалгалт өгч тэнцсэн. Ингээд Нидерланд улсад суралцаж байгаа. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн орнуудын эрдэмтэн мэргэд ирж лекц уншина. Бид ч сар сараар тухайн орны их дээд сургуулиудад нь очиж суралцдаг юм. Сурахын хажуугаар аялал жуулчлалыг Монголд мэргэжлийн түвшинд хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг судалгааг хийх зорилгоор компани байгуулсан. Нэг ёсондоо практик олох зорилготой гэсэн үг.
-Та сурахын зэрэгцээ дадлага олж байгаа гэлээ. Тэгвэл манай аялал жуулчлалын салбар хэр хөгжиж байна. Төрөөс барьж буй бодлогыг хэрхэн дүгнэдэг вэ?
-Ер нь Монгол улс ямар улс вэ гэдгийг бид сайн бодож байх ёстой. Хүмүүс ярьдаг. Манай орон газар нутгийн хувьд уудам, баялаг ихтэй, хүн ам цөөн, мал аж ахуй эрхэлдэг гэж. Гэхдээ миний хувийн бодол бол Монголд газрын баялагтаа түшиглэсэн болон мал аж ахуйн салбар чухал. Гэхдээ хамгийн чухал салбарын нэг бол аялал жуулчлал гэж би боддог. Манай улсад олон хүнийг хамааруулсан, тоо ширхэгээр хөөцөлдсөн эдийн засаг үндсэн чиглэл байх хэцүү. Яагаад гэвэл Орос, Хятад гэсэн хоёр том зах зээлийн дунд оршдог маань энэ чиглэлээр давуу талыг олгодоггүй. Энэнээс гарах зөв гарц бол өндөр технологи бүхий үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Өндөр технологи гэхлээр зөвхөн аж үйлдвэр биш. Тухайлбал, үйлчилгээний Монгол хэлбэрийн өндөр технологийг хөгжүүлж болно. Тэр утгаараа манай Засгийн газраас аялал жуулчлалын салбарт өндөр ач холбогдол өгч яам хүртэл байгууллаа. Өнөөдөр энэ салбарт ач холбогдол өгч байгаа нь чухал. Гэхдээ аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудын туршлагаас үзэх юм бол бидэнд зайлшгүй анхаарах, харах зүйл байна. Яагаад гэвэл аялал жуулчлал нь хүмүүсийн сэтгэл зүй, сэтгэлгээний чиг хандлага, амьдралын хэв маяг, ёс заншил зэрэгтэй шууд холбоотой. Сонирхол яаж өөрчлөгдөж байна, юу хийж байна гэдэгтэй гүнзгий уялдаатай. Хүн ажилтай байхдаа өглөөнөөс эхлээд орой хүртэл хийдэг зүйл нь нэг л мөчлөгийн дагуу өнгөрдөг. Тэгвэл амарч, аялаж буй хүний сэтгэл зүй арай өөр байдаг. Аялал жуулчлал хөгжсөн орнуудын жишээг харахад зөв бодлого явуулбал ажлын байр нэмэгдэх, эдийн засаг өсөх гээд олон талын ашиг тустай. Харин алдаатай бодлого барих юм бол тухайн улс үндэстэнд дахин нөхөж баршгүй хор уршиг тарина. бид энэ талаар нарийн тооцож, мэргэжлийн үүднээс Монголын үндэсний аялал жуулчлалын бодлого төлөвлөлтийг нарийвчлан гаргах шаардлага байна.
-Таны бодлоор яах гэж?
-Ингэхийн тулд хамгийн эхэнд үндэсний аялал жуулчлалын боловсон хүчнийг өндөр хэмжээнд бэлтгэх. Хоёрт, Монгол улс ямар онцлогтой юм, хаана ямар нөөц байна, бусдаас ялгарах давуу болон сул талууд юу вэ гээд Монголоо сайн судлах хэрэгтэй. Гуравт, бид дэлхийн энэ глобальчлалын эрин үед яаж зөв алхан Монголынхоо үндэсний дархлааг ялангуяа соёлын оньсийг барингаа улсаа хөгжүүлэх вэ. Манай даац, хязгаар ямар хэр хэмжээнд байгаа юм, боломж юу байна гэдэгт түшиглэн бодлогоо боловсруулах ёстой болов уу.
Дүгнэн хэлэхэд аялал жуулчлал гэдэг шууд материаллаг хөрөнгө оруулалтаар асуудлыг шийддэг салбар биш. Оюуны хөрөнгө оруулалтыг маш ихээр шаарддаг салбар. Тиймээс бид хөрөнгө оруулалтыг ярихдаа материаллаг болон оюуны хөрөнгө оруулалтыг аль аль талаас нь зөв хослуулах. Ялангуяа аялал жуулчлалын салбарт аль болохоор Монгол гэсэн тэрхүү онцлогоо барих замаар богино хугацаанд өндөр технологи бүхий аялал жуулчлалын үйлчилгээний цогцыг өөрийн орны суурин дээр бий болгох нь бидний үндсэн зорилго болгох ёстой.
-Та Монгол дархлаа гэж ярилаа. Үүнийгээ тодруулахгүй юу?
-Аливаа зүйлийн оршин тогтнох мөн чанар гэж байдаг. Үүнтэй адил Монголыг Монголоор нь байлгаж байдаг тэр зүйл хаа байна вэ гэдгийг бид бодох ёстой юм шиг байгаа юм. Ингээд бодоод байхлаар Монголыг Монголоор нь байлгах нүүдэлчин ард түмний маань бүтээн бий болгосон аж амьдралын хэв маяг, түүнтэй холбоотой зан үйл, эд өлөг, шашин, байгальтай зохицон амьдрах зэрэг тэр уламжлал дээр тогтсон сэтгэхүйн далд оньсийг дархлаа гээд байгаа юм. Жишээлбэл, Монголчууд хэдэн зууны турш Манжийн дарлалд байлаа, дараа нь социалист системд 70-80 жил байсан. Тэгсэн атлаа өнөөдөр яг тэр чигээрээ бараг байсаар байна. Үндсэн чанараа өөрчлөлгүйгээр сэрээд ирлээ шүү дээ. Гэтэл Манж гэж улс өнөөдөр дэлхий дээр байхгүй. Социалист улсууд задарч өөрчлөгдсөн. Тэгвэл Монголыг байлгаж чадаж байгаа далд нууцыг нь би дархлаа гэж хэлээд байгаа юм. Миний өвөг дээдэс гэрт амьдарч байсан. Бурхнаа шүтээд байгальтайгаа яаж харьцахаа мэддэг байсан тэр уламжлал одоо тодорхой түвшинд байж байна. Энэ бүхнийг бид оньс нь байна, дархлаа нь байна гэвэл энэ глобальчлалийн үед хадгалж авч үлдэж чадаж байна уу. Нөгөө талаас нь баахан жуулчны урсгал ороод ирлээ. Ийм үед бид цаашид энэ дархлаагаа үеийн үед аваад явах үндэсний чадвар, бодлого байна уу, үгүй юу гэдэг бол асуултын тэмдэг. Тэр тусмаа аялал жуулчлал ч юм уу тодорхой салбар дээр авч үзэхэд сонирхолтой.
-Аялал жуулчлалд тухайн улсын брэнд чухал үүрэгтэй гэдэг?
-Монголд энэ жил төдөн жуулчин ирнэ гэж хийсвэр хэдэн тоо тавиад л бид ингэж авна гэж яривал нэг талаар өрөөсгөл л дөө. Мэдээж бид зорилго тавих, тоон үзүүлэлт байх учиртай. Гэхдээ юуны өмнө Монголчууд бид юугаа хүнд үзүүлэх юм, юугаа үзүүлэхгүй байх хэрэгтэй юм, юуг дотоодын жуулчдад үзүүлэх ёстой юм. Манай улсын нөөц хэр юм, жилд хичнээн жуулчин авах хүчин чадалтай, аль аль бүс нутагтаа аялуулах вэ, хаана ямар нөлөөлөл гарч байна гэдгээ бодолцох хэрэгтэй. Дараагаар нь бид ямар бүтээгдэхүүн зарах, хэнд зарах юм гэдгийг тооцох. Япон, Солонгосын жуулчид баруун Европийнхоос, Европчууд Америкийн жуулчдаас эрс ялгаатай. Энэ бүхэнд нэг л зүйлээ үзүүлээд, нэг л бараагаа санал болгоод байх юм уу. Онцлогт нь нийцүүлж өгөх юм уу. Дараа нь энэ бүхнийг хэн удирдах юм. Хэн үйлчлэх юм. Өөрөөр хэлбэл, боловсон хүчний бодлого. Эцэст нь гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ яаж танилцуулах юм. Монголыг яаж аль талаас нь сурталчлах, ямар дүр зургийг тавих юм. Бид Монголын брэнд гээд юуг тавьж гаргахав. Гэрээ тавих уу, морио тавих уу, эсвэл Чингис гэдэг нэрээ хэрэглээд л яваад байх уу гэдэг бодууштай зүйл.
-Манайд Чингисгүй юм үгүй болсон мэт. Чингис шар айраг, архи, компани гээд олон зүйл байна. Таны бодлоор манай брэнд юу байх ёстой гэж
-Тухайн улс үндэстний дархлаа оньс нь байж болох ёстой зүйлсийн бодит биелэл материаллаг илэрхийлэл нь өөрөө үндэснийх нь брэнд болж байдаг. Тэдгээрийг бодлогоор хамгаалж, үндэсний эрх ашгийн төлөө хэрэглэдэг. Түүнээс бус аль нэг бүлгийн, компанийн төлөө биш юм. Ингэхгүй хамаа намаагүй тавьчихлаар түүнийгээ өргөн хэрэглээний бараа мэт болгочихдог. Үндэсний брэндийн тухайд би юу хэлэх гээд байна гэвэл Дэлхийд хөгжсөн олон төрлийн аялал жуулчлалыг ерөнхийд нь аваад үзэхлээр үйлчлүүлэгч хаан буюу жуулчин юу хүснэ түүнийг нь хийж, дагаж явсан аялал жуулчлал хөгжөөд ирсэн байна. Тэгвэл энэ ойлголт өнөөдөр хямралд ороод байна. Яагаад гэвэл хүний хэрэглээ улам бүр л өсч, илүү амар хялбарыг хүсч байдаг. Тэр хүслээр бий болгосон зүйлс нь эргээд унаган байгаль, уламжлалт соёлд сөргөөр нөлөөлөн экологийн хямрал маягаар янз бүрийн өвчин түгэх зэрэг олон хэлбэрээр илэрч байна. Бидний хувьд нүүдэлчин өвөг дээдсийн маань бүтээж, өнөө үед өвлүүлж ирсэн гайхамшигт зүйл нь хүн хэрхэн яаж сав шим орчиндоо унаган байдлыг нь хэвээр хадгалахын хамт түүндээ зохицсон соёлын агуу ертөнцийг босгож улмаар хослон амьдарч чаддаг тийм иргэншил буюу тийм аялалын хэлбэрийг гаргаад үзүүлсэнд байгаа юм. Өнөөдрийн барууны яриад байгаа зүйлийг аль хэдийнэ өвөг дээдэс маань бидэнд хэлээд өгчихсөн байна. Монголчууд аялал жуулчлалын гүн гүнзгий ойлголттой. Мянга сонсохоор нэг үз, суусан цэцнээс явсан тэнэг дээр гээд зүйр цэцэн үгэнд хүртэл бий. Аяллын ач холбогдлыг үг хэллэгээр ард түмнийхээ оюун ухаанд шингээчихсэн.
Энэ бүхнийг базаж хэлэхэд, Монголын нүүдэлчдийн соёл нь хүн байгальтайгаа нэгэн цогц болж тогтвортой байх, зөв амьдрах аж амьдралын тогтолцоог заагаад өгчихсөн байдаг. Үүнийг л бид манай аялал жуулчлалын брэнд болгох хэрэгтэй болов уу. Дэлхий дахинд таниулах тэмдэг лого болон уриа үгийг аятайхан хэллэгээр бүтээх ёстой. Ингэхийн тулд бид Монголоо сайн сурталчлах ёстой. Үүний хажуугаар глобальчлалын эринд юугаа авч үлдэхэв, юугаа үзүүлэхэв гэдгийг зохируулах маягаар тавьж чадвал дэлхийд бид аялал жуулчлалын шинэ технологийг гаргах боломж байгаа юм. Зөвхөн жуулчин хаан гэдэг бол биш. Харин сав шим ертөнц, соёл, хүмүүс нийлээд цогц-хаан гэдэг ойлголтыг ярих ёстой. Монголын брэнд гээд шууд үзүүлчих зүйл байдаггүй. Монгол бол билэгдлийн соёлтой орон. Тоо бүхэн, өнгө бүр билэгдлийг агуулж, үйлдэл бүр нь цаанаа утга санаа илэрхийлдэг. Эдгээрээс нэгийг нь салгаад тавьчихна гэдэг хотжсон нийгмийн хүмүүсийн сэтгэлгээ. Өөрөөр хэлбэл, шугаман сэтгэлгээ. Нэгийг эхлэл болгодог, нөгөөг төгсгөл болгодог. Дөрвөлжин ханан дотор амьдардаг хүмүүсийн сэтгэлгээ. Тэгвэл гэр гэдэг чинь бодлыг нэг үзүүр лүү аваачиж тавьдаггүй цогцолсон хэлбэртэй. Гариг ертөнц маань ч тийм. Ийм учраас Монголын брэнд гэдэг нь аль нэг зүйлийг хатуу тавих бус билэгдлийн цаадах ойлголтыг агуулсан байх учиртай. Үүнийг ард түмэн бүтээж ирсэн. Асуултын тэмдэг гэвэл хотжилт эхэлсэн үеэс энэ бүгдээ авч үлдэж чадаж байна уу, үгүй юу. Монголыг монголоор нь байлгах дархлаа нь үндэсний хар хайрцагны бодлого байх ёстой. Тэр бодлогоны нэг үзүүрт аялал жуулчлал байх учиртай.
-Сөрөг үр дагавруудын талаар ярихгүй юу?
-Байгаль орчин, нийгэм соёлын гээд олон зүйлийг дурдаж болно л доо. Аялал жуулчлал хөгжиж байгаа аливаа газарт биеэ үнэлэх, хар тамхи, далд наймаа гээд олон сөрөг зүйл дагалдаж байдаг. Хүн гэрээсээ хол байгаа үедээ өдөр тутмын хийдгээс өөр зүйл хийхийг хүсдэг. Тэрнийх нь үр дагавар тухайн жуулчилж байгаа газартаа л үлддэг. Цаашилбал үндэснийхээ соёлын үнэ цэнийг бууруулдаг. Тухайлбал, бурхан зурах байна. Хичнээн нарийн нандин зүйл байлаа ч гэсэн жуулчинд зарахын тулд маш хялбар аргаар бурхан бүтээгээд ашиг олохыг бодно. Өөрөөр хэлбэл, урлагийн үнэт чанар алдагдаж байна гэсэн үг. Яваа яваандаа хор уршиг нь бүр их болно. Монголын нүүдэлчин ард түмэн бүх зүйлийг валютаар доллараар хардаг болж байна. Морь унах зургаа, тараг тав, цаатантай зургаа авахуулахад арван доллар гэнэ. Нэг талаар тэнд зах зээлийн хууль үйлчилж байгаа мэт боловч нөгөө талаас арван жилийн дараа нүүдэлчдийн зочломтгой зан хаачих вэ. Үүний цаана өнөө бидний бүтээсэн, гайхамшигт дархлаа маань бага багаар зэвэрч эхэлнэ. Энд ганц аялал жуулчлал нөлөөтэй бус. Глобальчлал, мэдээлэлжилт. Би нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Монголын төр хоёр бодлогыг хүчтэй явуулж байна. Нэг талаас бүх нийтийг компьютержүүлэх, нөгөө нь аялал жуулчлал. Энэ хоёрыг өнгөц харахад сайхан нэгдэж байгаа. Харин бусад аялал жуулчлал хөгжсөн орнуудын жишээг авч үзэхэд сонин үр дагавар цаана нь бий болжээ. Шинэ Зеланд яг ийм бодлого явуулсан. Нутгийнх нь бүх өнцөг булан бүр интернеттэй холбогдож, шилэн кабель ажиллаж эхэлсэн байна. Гэтэл тур оператор компаниуд нь хэцүүдсэн. Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын салбарт ямар хямрал гараад эхлэв гэхлээр агаарын тээврийн компани аялал зарж, зочид буудлын үйлчилгээ эрхлэх болсон. Хөдөөгийн нэгэн дэлгүүрийн эзэн аялал зардаг болсон байна. Жуулчин хүн эцсийн бүтээгдэхүүн зарж байгаа хүнтэй л харьцахыг бодно шүү дээ. Ингэснээр дотоодын аялал жуулчлал зардаг компаниуд нь дампуурч эхлэх болсон. Манай бүх нутгаар интернетийн сүлжээ бий болсноор 15 жилийн дараа энэ тур оператор компаниуд юу хийх нь сонин. Бид энэ чиглэлд явж болно. Гэхдээ Монголын төрийн бодлого тэр чиглэлд явах уу, аль алийг нь зохицуулаад явах нарийн бодлого төлөвлөлт байх ёстой болов уу.
-Аялал жуулчлалыг цогц байдлаар нь хөгжүүлэхэд ямар бодлого хэрэгтэй гэж та боддог вэ?
-Ер нь аялал жуулчлал жоргүй салбар. Зарим салбар ийм замаар ингэж хөгжих ёстой гэсэн хууль дүрэм байдаг шүү дээ. Аялал жуулчлал заавал тийм замаар явна гэсэн нэг нүх, жор байдаггүй, болдоггүй. Харин тухайн үндэстний онцлог, багтаамж, хүчин чадал, дээр хэлсэн үндэсний дархлаа хар хайрцагны бодлого зэрэгтэй уялдаж бид энэ салбарыг яаж хөгжүүлэх ёстой гэдгийг өөрсдөө гаргаж ирэх ёстой. Тэрнээс бус аль нэг гадны төсөл энийг хийхгүй.
Миний хувийн бодлоор энэ салбарыг хөгжүүлэхэд нэгд, бид өөрсдөө Монголыг маш сайн судлах ёстой. Монгол хүн гэж хэн бэ, жуулчид яах гэж Монголд ирж байна, юу үзэж ямар сэтгэгдэл авах гэж ирэв. Ихэнх хүн Монголын онгон байгаль, ан амьтан, малчин ахуйг үзэх гэж ирдэг хэмээн ярьдаг. Ийм байж болно. Гэхдээ миний бодлоор хамгийн гол нь Монгол хүн гэж хэн бэ, хэдийнээс өнөөг хүртэл яаж амьдарч байгаа юм гэдгийг ойлгохоор ирдэг. Ер нь аялал жуулчлал нь хүн болон соёл судлал юм. Иймээс бид жуулчлалыг хөгжүүлэхийн тулд Монгол хүн хэн бэ гэдгийг эхлээд бодох ёстой болов уу. Ингэхийн тулд чадварлаг боловсон хүчин бэлтгэх ёстой. Үүний хамт үндсэн үйлчилгээ болох дэд бүтцийг хөгжүүлэх. Хоёрт, жуулчин бүр өөр өөрийн онцлогтой байдаг. Японых өөр, Америкийнх бүр өөр, баруун Европынхон бас өөр байх жишээтэй. Тэдний үзэх, сонирхох, хийх зүйл нь ялгаатай байдаг. Иймээс ямар аялалыг хаана хөгжүүлэх вэ гэдгээ бодолцох ёстой. Хаана хэдий хугацаанд жуулчны бааз байх, дараа нь судалгааны бааз болгох гэх мэтийг бодолцох хэрэгтэй. Мөн ямар бүтээгдэхүүн зарах. Гуравт, энэ бүхнээ гадаадад яаж сурталчлах юм. Монгол улс их онцлогтой. Нүүдэлчний соёлыг хадгалсан орон суурин иргэншлийн орноос огт өөр. Тэдэн шиг материаллаг зүйлийг үзүүлж болдоггүй. Суурин газрынхан нэг сайхан юм бүтээсэн байхад түүнийг нь хуулбарлаад үзүүлж, сайхныг нь мэдрүүлж болно. Нүүдлийн соёлтой орны хувьд шууд сурталчлах зүйл нь онцлогтой. Монголд ирж үзсэн хүн л сайхныг нь мэдэрдэг. Ирж үзээгүй хүнд суурин иргэншлийн адил төсөөлүүлэн тайлбарлах хэцүү. Тиймээс Монголыг яаж сурталчлах гэдгийг сайн бодох. Өөрөөр хэлбэл, маркетингийн чамбай бодлого байх ёстой. Эцэст нь эдгээрийг нэгтгэсэн менежмент. Энэ бүхнийг яаж зохицуулахав. Өндөр хөгжилтэй орны замаар явах уу, эсвэл өөрийн орны онцлогт тохирсон замаар явах уу гэдгээ бодолцох ёстой болов уу.
-Та ирэх жил сургуулиа төгсөнө. Ирээд эхний ээлжинд юу хийх вэ?
-Миний хамгийн их мөрөөдөж, хийх юм сан гэж хүсч явдаг нэг зүйл бий. Гадаадад явж байхад олон сайхан залуус янз бүрийн мэргэжлээр суралцаж байдаг. Юуны өмнө миний эхлүүлэх гэж байгаа зүйл бол тэдний дуу хоолойг нэгтгэх. Цаг хугацаа орон зайн хамаарлаас болоод тэр бүр очиж уулзаж чадахгүй байна. Гэхдээ онлайн интернэтээр тэдэнтэй холбогдож улс төр эдийн засгийн үйл ажиллагааг зорилго болгох бус Монголын төлөө гэсэн цохилох зүрхийг нэг болгох. Сурсан чиглэл, мэргэжлээ нэгтгэх юм сан. Нуугдаж байгаа тэр оюуны өндөр хүчийг монголдоо татаж авчрах юмсан гэсэн бодолтой явдаг даа. Эцэст нь ганц зүйлийг л хэлмээр байна. Монголчууд бид тэнгэрлэг заяатай хүмүүс. Би залуустаа хандаж цөмөөрөө үндэсний нэг том бахархалтай байцгаая. Нэгдье. Монголынхоо түүхийг харж байхад бид тархай бутархай үедээ дандаа бусдын идэш болж байсан. Бүгдээрээ оюунаа боловсруулан Монгол дархлаа суурь соёл дээрээ суурилсан үндэснийхээ дээврийг бий болгож, түүнийхээ дагуу хүн бүр хийх ёстой зүйлээ хийн, хувь заяагаа удирдан явцгаая гэж хэлмээр байна. Монголчууд бид бүгд л дор бүрнээ бодож явдаг. Эцэг эх, ард түмнээ, бусдыгаа хайрлаж явцгаая. Найз нөхөд бусдын төлөө өгсөн хайр бүхэн эргээд дандаа эерэг үр дүнг авчирч өгдөг. Бүгдээрээ бие биенээ хайрлаж эх орноо мөрөн дээрээ авч явцгаая.
М.БАТБААТАР
(өдрийн сонин 2005-11-02 263)