Азийн орнуудтай харилцах харилцааг хөгжүүлэхэд бид хувь нэмрээ оруулна

-Таны санаачлан бүртгүүлсэн Ази Судлалын Төв (АСТ) төрийн бус байгууллагын гол зорилго нь юу вэ?
-Энэ зууныг Азийн зуун гэж ярьж байгаа. Дэлхий нийтээрээ даяаршиж байна. Энэ үйл явцын хүрээнд нэг бүс нутгийн орнуудын олон талт хамтын ажиллагаа Чөлөөт худалдааны болон Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрээр дамжин хэрэгжиж байгаа. Эдгээр хэлэлцээр нь харилцан өөрийн оронд байхгүй нийцэх чадвар өндөртэй баялаг дээр үндэслэгдэн хийгдэж байна. Тухайлбал, нэг оронд өндөр хөгжсөн техник, технологи, мэрэгжилтэн, санхүүгийн хангалттай үүсвэр байлаа гэхэд нөгөө оронд хүнс болоод өргөн хэрэглээний барааны түүхий эд байх жишээтэй. Энэ хэлэлцээрүүд 2000 оноос хойш эрчимтэй хийгдэж байна. Энэ нь бол Даяаршлын түвшинд сэтгэж, Бүс нутгийн хүрээнд хэрэгжүүлцгээе Think globally,Act locally гэсэн лоозон хэрэгжиж байна гэсэн үг юм. Нөгөө талаас өнөөдөр ямар ч орон өөрийнхөө асуудлыг 100 хувь ганцаараа бие дааж шийдвэрлэхэд хүндрэлтэй болсон гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх байх. Энэ үед манай орон шиг орнуудын төрийн бодлого төлөвлөлт тусмаа гадаад бодлоготой холбогдсон асуудал шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээний үндсэн дээр хийгдэхгүй байгаа тохиолдолд хурдацтай хөгжинө гэдэгт хүндрэл учрах нь тодорхой болов уу. Өнөөдөр төрийн бодлогын хүрээний зарим асуудлыг зөвхөн санаачлагчийн саналаар нь ч юм уу, эсвэл хэн нэгний мэргэн ганц нэг үгээр шийдвэрлэх явдал байгааг үгүйсгэх аргагүй. Энэ дутагдал манай улс төрийн намуудын үйл ажиллагаанд ч харагдсаар байна. Ядахдаа төрийн бодлого төлөвлөж байгаа юм чинь залхууралгүй түүнд гол нөлөөтэй арваас доошгүй хүчин зүйлийг чухалчлалаар жагсаагаад шийдвэр гаргахад үүнээс гарах сөрөг нөлөөлөл багасах нь тодорхой юм. Аливаа төлөвлөлтийн шийдвэрт хэрэгжүүлэх хүмүүс нь хичнээн олноороо оролцоно тэр хэмжээгээрээ гүйцэтгэлийн үр дүн нь сайн байдаг. Энэ менежментийн арга нь нөгөө Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, Бүлээн усаар угаавал хиргүй гэдэг сургаал үгтэй төстэй юм. Иймэрхүү асуудалд энэ төвийн үйл ажиллагаа нэмэр болно байх гэж бодож байна.
-Танай төв чухам ямар үйл ажиллагаа явуулах явуулах юм бэ?
-Өнөөдөр хөгжилтэй орнууд, АНУ, Япон, Европын холбооны зарим орнууд дэлхийн, бүс нутгийн хүрээнд болон харилцагч гол гол түнш орнуудынхаа нийгэм, эдийн засаг, улс төр зэрэг салбаруудын талаар хамтарсан судалгаа ба харьцуулсан судалгааг төрийн болон ТББ-аараа дамжуулан олон жилийн өмнөөс явуулж ирсэн. Энэ нь сүүлийн үед маш эрчимжиж байна. Эдгээр орнууд энэ судалгаа, шинжилгээн дээрээ үндэслэн төрийн болон гадаадад хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлдог. Тэгвэл манай оронд энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон эрдэмтэд тийм олон ч биш. Тэдний ажлын үр дүн нь төрийн бодлого, төлөвлөлтөд аль хэр түвшинд тусч байгаа нь тодорхой харагдахгүй байна. Энэ үед төрийн бодлого төлөвлөлтийн шийдвэрийг улстөржилт буюу нам болоод улстөрчдийн эрх ашгийн үүднээс эсвэл сэтгэлийн хөөрөл амбицаар шийдвэрлэх явдал даамжирвал засахад төвөгтэй сөрөг тал ихээр гардгийг анхаарах хэрэгтэй. Манай төв нь Азийн улс орнуудын болон өөрийн орны дээрх чиглэлүүдэд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-ууд, их дээд сургууль, судлаач эрдэмтэдтэй хамтарсан болон дагнасан судалгаа явуулахыг зорилт болгосон юм. Мөн дээрх чиглэлүүдэд сургалт явуулж судлаачид бэлдэх ажлыг ч зохион байгуулна. Ийм ажлыг эрчимтэй явуулснаар Азийн мэдлэгт суурилсан нийгэмлэгүүдийн мэдээллийн тогтолцоонд To create Asian intellectual community or network-д идэвхтэй оролцох боломжийг нэмэгдүүлж улмаар энэ нь Монгол улсын Азийн орнуудтай харилцах нийгэм эдийн засаг, улс төрийн харилцааг хөгжүүлэхэд нэмэр тус болно гэж бодсон.
Мөн глоболчлалын XXI зуунд Нэг Ази гэсэн бодлого хүчтэй явагдаж байгаа. Үүнд Монгол улс Азид ямар байр суурьтай байж, хэрхэн оршин тогтнож хөгжих гэдэг нь том сэдэв болж байна. Азийн орнуудын Хамт оршиж-Хамтарч ажиллах гэсэн зорилгод энэ төв сайн ажиллаж чадвал бага ч гэсэн нэмэр болох болов уу. Эхний ээлжинд санхүүгийн хувьд манай Японд сургууль төгсөгчдийн JUGAMO нийгэмлэгийн гишүүн байгуулагууд тусална гэсэн.
-Танаас энэ дашрамд өөр нэг асуулт асууя. АН-ын ҮЗХ хэзээ хуралдах гэж байна. Энэ үеэрээ намын удирдлагаа солих уу. Тэр тохиолдолд аль лидерийг намын дарга болоосой гэж бодож байна вэ?
-Би ийм мэдээлэл сонсоогүй. Ер нь тэгээд тэр даргаа сольсноор бүх зүйл гэнэт сайжирдаг бол сайжрахаар цаг болсон. АН-ын дүрэм нь ганцхан намын даргад халтай ч байж магадгүй. Ер нь дарга гэдэг ганц хүнээс үйл ажиллагаа нь хамаараад байгаа, тэр тусмаа олон нийтийн байгууллага байх юм бол лав л сайн менежменттэй биш гэдэг нь тодорхой шүү дээ. Намд зөндөө л олон дарга байгаа л байхгүй юү. Заавал хамгийн том дарга болохгүй бол ажил хийдэггүй, оролцдоггүй хүмүүс бий. Энэ хамтарч ажиллаж чадахгүй байгаа явдал нэг ёсны хоцрогдож буй зүйл л дээ. Хоорондоо үзэлцэж дээр доороо орохыг ард түмэн яаж хүлээж авдгийг ойлгож байгаа байлгүй дээ. Лидерүүд маань туршлагатай, чадвартай, ухаалаг хүмүүс болох нь тодорхой.Тиймээс эднээс ард түмэн цөхрөлтгүй ихийг хүлээсээр байгаа учир тэд өөрсдөдөө дүгнэлт хийх нь зөв болов уу. Аль ч намын удирдлагын хувьд гол нь зарчим ч болоод ажил хэрэгч, хувийн сонирхлоосоо болж элдэв янзын хууль зөрчсөн, хөрөнгө мөнгөний будлианд ороогүй, ганцаарчилсан тоглолтыг тэвчдэггүй зэрэг чанар байх нь чухал юм шиг санагддаг. Өөгүй дарга гэж уг нь бол байхгүй шүү дээ. Харин сайн муу тал нь ил тод байх нь чухал. Бас нэг зүйл бол уг байгуулагын бүтэц зохион байгуулалт, дүрэм, журам, ажил үүрэг, эрх мэдлийн хувиарлалт. Өөрөөр хэлбэл, тоглоомын дүрэм тодорхой байх нь ч чухал. Эндээс хэн нь ямар ажлыг хариуцвал зохимжтой зэрэг нь ч харагдах л байх. Энэ фракцын хуйвалдаан ба барьцаалалт зэргийг ил тод болгохоос эхлээд цэгцлэх ажил намд нэлээд байх шиг байна.
Б.ХҮҮ
(өдрийн сонин 2005-11-02 263)