Бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хүсэлт, албан бичиг ирүүлээгүй

Үүнтэй холбогдуулан УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд Өдрийн сонин, Зууны мэдээ, Ардын эрх зэрэг хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлд УИХ-ын гишүүн Д.Идэвхтэн, Ч.Улаан, Р.Буд, Т.Бадамжунай, Л.Гансүх, Ц.Цэнгэл нар гэмт хэрэгт холбогдсон, тэдгээрээс нэр бүхий зарим гишүүний Бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хууль, хяналтын байгууллагаас УИХ- д оруулсан боловч нуун дарагдуулсан мэтээр буруу ташаа мэдээлэл нийтэлж, хуулийн ямар ч үндэслэлгүйгээр УИХ-ын гишүүдийн нэр төрд халдсан байна. Дээрх нийтлэлд нэр дурдсан болон дурдагдаагүй аль нэг гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн, шалгасан зарим гишүүний Бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал, албан ёсны мэдээлэл хууль, хяналтын байгууллагаас УИХ-д ирээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэжээ.
Энэ мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын дарга Н.Лувсанжав сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, зарим сонинд УИХ-ын нэр бүхий гишүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гаалийнхны асуудалд холбоотой мэтээр ямар ч үндэслэлгүй мэдээлэл цацаж байна. Тухайлбал, Өдрийн сонин дээр УИХ-ын гишүүн Д.Идэвхтэн, Т.Бадамжунай, Р.Буд, Ч.Улаан, Л.Гансүх, Ц.Цэнгэл нарын Бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг УИХ-д өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт ирүүлснийг нуун дарагдуулсан мэтээр бичжээ. Нэгдүгээрт, нэр бүхий гишүүдийн Бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар хууль хяналтын байгууллагаас ямар ч албан бичиг ирүүлээгүй, хүсэлт тавиагүй. Тэгэхээр хүсэлтийг нуун дарагдуулсан тухай мэдээлэл үндэслэлгүй. Хоёрдугаарт, нэр дурдсан болон дурдаагүй хэн нэгэн гишүүнийг эрүүгийн хэрэгт шалгаагүй, шалгах тухай хүсэлт ч тавиагүй. УИХ-ын гишүүн ч гэсэн хүн. Тэгэхээр иргэний нэр төрд халдсан үндэслэлгүй мэдээллээс сэрэмжлүүлэх үүднээс энэ мэдээллийг хийж байгаа юм гэв. Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авав.
-Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй ч гэсэн эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гишүүн бий юу?
-УИХ-ын Тамгын газарт хэн нэгнийг шалгах талаар хүсэлт тавьсан юм алга. Эрүүгийн хэрэгт шалгаж байгаа тухай мэдээлэл ч алга.
-Ер нь ямар тохиолдолд УИХ-ын гишүүний Бүрэн эрхийг түдгэлзүүлдэг юм бэ?
-Холбогдох хуулиудад гишүүний Бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай тодорхой заалт бий. Хуульд заасны
дагуу шалгах үндэслэл байгаа бол УИХ-д албан бичгээр хүсэлт тавих ёстой. Энэ дагуу хуулийн хүрээнд Бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийддэг.
-Нэр бүхий гишүүдийг Гаалийнхны хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл огт үндэслэлгүй гэж үү. Гурван ч сонин дээр энэ тухай бичсэн?
-Ямар эх сурвалжаас авсныг бид мэдэхгүй. Огт үндэслэлгүй мэдээлэл гэдгийг давтан хэлье. Нэр бүхий
гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичиг огт ирүүлээгүй байхад Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт.. гээд өдөр судартай нь бичсэнийг ойлгохгүй байгаа.
-МАХН-ын бүлэг хуралдаж байна. Бүлгийн хуралд Ч.Улааныг дуудаж ирүүлсэн гэдэг нь үнэн үү?
-Бүлгийн хурал одоо ч үргэлжилж байна. Улсын төсвийн төсөл хэлэлцэж байгаа. УИХ-ын гишүүн Ч.Улааныг бүлгийн хуралд дуудаж ирүүлсэн тухай мэдээгүй.
-Шадар сайдын туслах Б.Өвгөнхүүг гэрийн хорионд байлгаж байгаа юм уу?
-Зарим нь хорьсон, зарим нь гаргасан гээд л янз бүрээр бичиж байна. Бид та нартай яг адил мэдээлэлтэй
байна.
Ж.ГАРАГ
(өнөөдрийн монгол 2005-11-02 128)
