Yндсэн хууль ноцтой зөрчигдөж, үндэсний эдийн засагт аюул учирч байна

Тэд бас, …эрдэс баялгийн талаарх наад захын мэдлэггүй, хууль тогтоогч, төрийн түшээдийн улс төрийн ашиг хонжоо хайсан сонгогчдоосоо оноо авах гэсэн ядруухан арга, популист сурталчилгаа хэрээс хэтэрлээ, эсхүл ..өөрийн явцуу сонирхол, өчүүхэн бодол, асар их шуналаа эх орончийн дүрээр нууцалж, тэр дундаа гүтгэж гүжирдэх замаар Монгол Улсын эрх ашигт саад тотгор болохыг эрс эсэргүүцэж байна гэх мэтээр өөрсдөө бусдыг гүтгэн доромжлоод зогссонгүй, салбарын тухай мэдээллийг Монгол Улсдаа төдийгүй, дэлхий даяар элэг нэгтнүүддээ хүргэнэ гэж сүржигнэжээ. 1997 оны Ашигт малтмалын хуулийн бузар булайг уудлан илчилж, эх орны хөгжил цэцэглэлийн төлөө, ядуу зүдүү ард түмний амьдралыг дээшлүүлэхийн төлөө эх орны баялгийг ашиглах зоригтой, эх оронч мэдэгдэл хийснийх нь төлөө УИХ-ын гишүүн О.Энхсайхан, Эрүүл нийгмийн төлөөх иргэний хөдөлгөөн-ий залуучууд, шинээр томилогдсон АМГТХЭГ-ын удирдлагын явуулж байгаа үйл ажиллагааг Монголын олон нийт дэмжиж байгаа бөгөөд геологи, уурхайн салбарт олон жил ажилласан эрдэмтэн, мэрэгжилтнүүд бид бас дэмжиж байна гэдгийг энэ ялдамд илэрхийлье. Бид гадаадынхныг сорон мөлжигчид гэж хэзээ ч хэлээгүй. Харин эх орны үндэсний баялгийг цөлмөх, завших бололцоо олгож байгаа, монгол хүний дүр үзүүлсэн, эх орны эрх ашгаас урвагчдыг л илчилж, шүүмжлэх гэсэн юм. Хэрэв бид бололцоо олгохгүй бол гадаадынхан ирээд манай баялгийг аваад явчихгүй нь ойлгомжтой. Зөвхөн манай урагшгүй түшмэдүүд л харийнханд үйлчилж, гадаадынханд худалдагдаж байгааг дээрх баримт нотолж байгаа юм. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байна, тэгэхдээ өнөөгийнх шиг үндэсний эрх ашгийг умартаж, зөвхөн гадаадынханд найр тавьсан бодлогоор биш, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллахын төлөө байна.
1997 оны хууль батлагдаж, мөрдөгдөж эхэлсэнээс хойш, 8 жил өнгөрчээ. Энэ хуулийн сайн мууг дүгнэхэд энэ нь хангалттай хугацаа юм.
Гэтэл энэ хуулийг сайн хууль, дэлхийн хэмжээний сайн хууль, ерөөсөө өөрчлөх шаардлагагүй гэж ярьдаг мэргэжлийн гэгдэх хүмүүсийг тоог гаргахад гарын арван хуруу хүрэлцээтэй бөгөөд нэр усаар нь ч нэрлэхэд төвөггүй юм.
Миний бодлоор Монгол Улсын баялгийг Монгол Улсын эрх ашигт нийцсэн, Монголын ард түмэнд өндөр өгөөжтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн тийм хуулийг сайн хууль гэж үзэх, тэгээд Монголын ард түмэн, мэргэжилтнүүд сайн гэж дүгнэсэн байвал сайн хууль гэж үнэлэхсэн.
Сайн хууль гэж үлгэр ярьж, улиглагчдын зарим тайлбарт няцаалт өгье.

Эрдсийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулсан гэх нэг үлгэр.
Олон арван жилийн турш судалж, нөөц нь тогтоогдсон болон судалж тогтоох эрдсийн баялгийг баруун солгойгүй цацаж, лиценз хэмээх алгын чинээ цаасаар түүнийг тодорхойлж, архины зөвшөөрөл олгодогоос амарханаар хэн дуртай авдаг болсон. Монгол Улсын нутаг дэвсгэрийн талбайн 40 гаруй хувь ашигт малтмалын лицензээр хүмүүст тараагдсан, тэр ч байтугай зарим, аймаг сумын нутгийн тал илүү хувь ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах лицензээр олгогдсон, зарим хувь хүн, пүүс, компани хэдэн арав тэр ч байтугай хэдэн зуун талбайн лиценз эзэмшигч болжээ гэх зэрэг баримтуудыг хянаж шалгах байгууллагууд дэлгэн тавьж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна.Үүний үр дагавар нь юу болов гэхээр, хэдэн зуун сая тэрбумаар хэмжигдэх үндэсний баялаг хэн нь үл мэдэгдэх гадаад дотоодын хүмүүсийн гарт орж, яасан нь мэдэгдэхгүй, хав дарагдаж, зарим нь хар захын наймааны хэрэгсэл болж, төрийн хяналтын гадна байна.
Ширээ сандлаас авахуулаад, эвдэрч хэмхэрсэн ямбий машин, балгас болсон байшингийн суурийг хүртэл төрийн өмч гэж өрсөлдүүлж, дуудлага худалдаа тендерээр зараад байхад хэдэн зуу, хэдэн тэрбумаар үнэлэгдэх баялгаа ямар ч тендер, өрсөлдөөнгүйгээр зүгээр өгч байгаа нь хэний эрх ашигт нийцэж байна вэ.

Геологи хайгуулын ажил нэмэгдсэн гэх нэгэн үлгэр.
Үнийн дүнгээр авч үзвэл, геологи хайгуулын ажлын хэмжээ жилээс жилд өссөн байдал харагддаг, Үнийн дүнгийн энэ өсөлт нь гадаадын зарим компаниудын геологийн судалгааны ажлын үр дүнгээр илэрхийлэгдэх бөгөөд үүнийгээ бас гадаадын хөрөнгө оруулалтын үр дүн, хуулийн ач гэж тайлбарладаг. Үнэн хэрэгтээ 1000 долларын ажил хийчихээд түүнийгээ 10000 долларын ажил хийсэн гэж тайлагнах явдал газар авсан бөгөөд үүнийг хэн ч хянан шалгаж чаддаггүй, тийм механизм байдаггүй. Харин геологийн хайгуулын ажлын чанар, түүний үр дүнд өссөн нөөц хэд вэ гэхээр дорвитой үр дүн ховор байдаг. Саяхан болж өнгөрсөн геологчидийн баяраар гэхэд л геологийн ажлын үр дүн гэж баахан газар ус, гуу, жалга, талбайн нэр уншсан. Эсхүл гадаадын хөрөнгө орж ирж байна гэж баахан гадаадын компанийн нэрсийн жагсаалт уншдаг.
Улсын төсвөөс жил бүр нэг тэрбум төгрөгийг геологийн судалгааны ажилд зарцууллаа гэж ярьдаг. Энэ их мөнгийг үндсэнд нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын хэдхэн цөөн хүний мэдлээр компаниудад хуваарилдаг бөгөөд түүний зарцуулалтыг эргээд мөнөөх хүмүүс хянан тайлан тооцоо хийдэг. Ард түмний татварын хөрөнгө ингэж үрэгдэж байхад АМХЭГ-ын геологийн алба гээч юу ч болоогүй юм шиг олон жил дүлий дүмбэ сууж байна. Ерөөсөө эдийн засгийн удирдлага хяналт гэдэг юм энд байхгүй болсон. Геологчидын судалгааны ажлын үр дүн, тайлангийн дүгнэлтийг АМХЭГ-ын геологийн судалгааны алба хэрэгтэй бол дарж байгаад, шаардлагатай үед гаргаж, өөрсдийн хүмүүст хайгуулын лицензээр олгодог тухай баримт бишгүй бий.
Социализмын үед геологи хайгуулд жил бүр 30-50 сая доллартай тэнцэх зардал гаргадаг байсан. Ямар ч байсан олон арван жилийн турш хэдэн зуун мянган доллартай тэнцэх зардал гаргаж байж нөөцийг тогтоосон ашигт малтмалын ордуудыг ашиглах лиценз хувь хүмүүс компанийн гарт дарагдаж байна. Гэтэл өнөөгийн байдлаар АМХЭГ дөнгөж 12 сая долларын геологи хайгуулын ажлын нөхөн төлбөрийг А лиценз эзэмшигчдээс гаргуулж авах гэрээ хийсэн байна. Миний баттай мэдэж байгаагаар зөвхөн Бороогийн ордын хайгуулын зардалд, Монгол Германы талаас 17 сая шилжих рублитэй тэнцэх зардал гаргасан байхад одоо Бороо Гоулд компаниас дөнгөж гурван сая доллар буцааж төлөх тухай гэрээ хийсэн нь нөгөө хээл хахууль гэдэг чинь үүрлээд байна уу, эсхүл энэ ажлыг хариуцсан, АМХЭГ-ын түшмэдүүдийн туйлын хариуцлагагүй үйл ажиллагааг нотлоод байна уу гэдгийг ялгаж салгах шаардлагатай байгаа юм.

Гадаадын хөрөнгө оруулалт өсч, гийгүүлж байгаа тухай бас нэгэн үлгэр.
1997 оны хуулийн амин сүнс нь манай улсын геологи, эрдэс баялгийн салбарт гадаадын хөрөнгө оруулах замаар эдийн засгийг хөгжүүлэх гэсэн өрөөсгөл бодлого байсан.
Хайгуул хийж байгаа зарим орд, объектыг эс тооцвол гадаадын хөрөнгө орж ирээд улсын эдийн засаг, өсгөхөд дорвитой хувь нэмэр үзүүлсэн баримт жишээ үндсэндээ алга байна. Өнгөрсөн хугацаанд Төмөртийн овоогийн цайрын ордыг Хятадын, Бороогийн алтны ордыг Канадын хөрөнгө оруулалттай компани ашиглаж эхэлж байна. Оюутолгойг эс тооцвол гадаадын өөр дорвитой хөрөнгө уурхайн салбарт орж ирсэнгүй.
Төмөртийн овоод агуулагдаж байгаа гол ашигт малтмал болох цайр нь өнөөгийн дэлхийн зах зээлийн үнээр үнэлбэл, 1,26 тэрбум доллараар үнэлэгдэх бөгөөд үүний хориод хувийг элдэв шалтгаанаар бүрэн гүйцэд авч чадахгүй гэж үзвэл, ямар ч байсан нэг тэрбум ам.долларын бүтээгдэхүүн гаргаж болно. Энд бид тус ордын дээд хэсэгт малгай хэлбэртэй орших үлэмж хэмжээний төмрийн хүдэр, улмаар үндсэн хүдрийн биетэд байх кадми, инди зэрэг ховор элементүүдтийг тооцсон бол ордын үнэ цэнэ улам нэмэгдэх нь ойлгомжтой.
Бороогийн ордын тухайд гэвэл, хориод жилийн өмнө 43 тонн нөөц нь гурван улсын нөөцийн комиссоор баталгаажсан, технологийн туршилт бүрэн хийгдсэн, үндсэндээ ашиглахад бэлтгэгдсэн, үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүн гаргахад бэлэн орд байсан боловч 90 оноос эхлэн энэ ордын лицензийг эзэмшигчид дээрх нөөцөд үл итгэн нэмэлт хайгуулын ажлыг хийж байсан боловч, эцсийн эцэст мөнөөх дөч гаруй тонн яг л нотлогдсон нь социализмын үеийн хайгуулын чанар муугүй байсныг нотлох нэг баримт гэж бодогдоод байдаг юм. Энэ нөөцийг өнөөгийн дэлхийн зах зээлийн үнээр үнэлбэл 645 сая доллар болж байна. Энэ хоёр ордыг одоогийн үйлчилж байгаа ашигт малтмалын хуулиар, гадаадын хөрөнгө оруулалттай компани ашиглаж байгаа учир эхний 3-5 жил үндсэндээ бүх төрлийн татвараас чөлөөлж, зөвхөн роялти хэмээх тусгай татварыг бүх орлогын 2,5 хувиар авах юм.

Төмөртийн овоогоос жилд 800-900 мянган долларын роялти, Бороогоос гурван сая долларын роялти-г улсын төсөвт оруулах боломжтой. Тэгвэл тогтвортой байдлын гэрээ байгаагүй бол наад зах нь бүх орлогын 20-30 хувийг буюу дундажаар Төмөртийн овоогоос жил бүр найман сая, Бороогоос 30-аад сая доллар авч болох байсан бөгөөд энэ нь 1997 оны Ашигт малтмалын хууль хэний эрх ашигт нийцсэн хууль вэ гэдгийг нотлох жишээ юм. Өөрөөр хэлбэл дээрх хоёр ордыг гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай гадаадын компанид эзэмшүүлж, дээр нь тогтвортой байдлын гэрээ гэгчээр найр тавьснаар, сор болсон энэ хоёр ордын баялгаас монголчууд дуслын төдий хишиг хүртэж байгаа нь эзэн хүний хувьд үнэхээр чамламаар, энэ хуулийг санаачилсан, баталсан хүмүүс Монголын ард түмний өмнө нөхөж баршгүй, хохирол учруулж, үндсэндээ гэмт хэрэг хийгээд байна гэж үзэж болохоор байна. Зөвхөн Бороогийн уурхайгаас авч болох улсын төсөвт төвлөрүүлж болох 40-өөд тэрбум төгрөг нь сард 15-25 доллар нь хаанаа ч хүрэхгүй тэмцэлдээд , хорвоог орхих өдөр, хоногоо хүлээж байгаа хөгшдийн тэтгэврийг дор хаяж 30-40 хувь нэмэх боломжийг олгож байна. Өнөөдөр нэг грамм алтны дэлхийн зах зээлийн үнэ 15 доллар байна. Үүнтэй төстэй, дэлхийн жишиг үйлдвэрүүд, ийм ордуудыг ашиглах техник, эдийн засгийн тооцоог олон жил хийсэн туршлагаасаа үндэслэн хэлэхэд Бороогийн ордоос нэг грамм алт ялгах өөрийн өртөг нь зургаан ам. доллараас хэтрэхгүй болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл энэ үйлдвэр гаргасан зардлаа аль хэдийн нь нөхчихөөд одоо жил бүр 60-70 сая долларын цэвэр ашигтай ажиллаж байж болох юм. Цаашид Бороо, Төмөртэйн Овоогоос хэд дахин илүү нөөцтэй, үнэ цэнэтэй ордуудыг энэ хуулийн дагуу ашиглах юм бол Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэс болон бусад том ордуудаас Монголд орох ашиг орлого өчүүхэн төдий болж, манай улсын үндэсний баялаг цөлмөгдөж гүйцэх бөгөөд манай нэгэн нэртэй геологичийн онож хэлсэнээр, сандайлсан алт ч үгүй болж, алтыг аваад ухчихсан нүхэнд нь унаж, Монгол улсын эдийн засаг сүйрэлд орох нөхцөл бүрдээд байна.

Хоёр. АЛТ САНДАЙЛСАН ГУЙЛГАЧИН ГЭЖ ЯГ ҮНЭН
1991 онд бидний хийсэн судалгаагаар хайгуул хийж нөөц нь тогтоогдсон, улсын бүртгэлд бүртгэгдсэн, алт, нүүрс, төмөр, зэс, молибден, цайр, хар тугалга,мөнгө, уран, цагаан тугалга зэрэг ордуудын нөөцийн үнэ цэнэ нь тухайн үеийн дэлхийн зах зээлийн үнээр 132 тэрбум доллараар тодорхойлогдож байсан билээ. Социализмын гэгдэх үед жил бүр олон арван сая доллартай тэнцэх зардлыг геологи хайгуулын ажилд зарцуулж байсны үр дүнд бид ийм их нөөц баялгийг бий болгосон юм. Энэ нь их өр гэгдэж байсан 10 тэрбум долларын нэг хэсэг болж шингэсэн нь ойлгомжтой бөгөөд энэ зардал өр болж үлдсэнгүй, харин нөөц баялаг болж хувирсаныг ойлгох хэрэгтэй юм аа. Түүнээс хойш зэс, алт, төмөр болон бусад ашигт малтмалын үнэ эрс өсөж заримынх нь бараг хоёр илүү дахин өсчээ. Мөн үйлдвэрийн болоод эдийн засгийн ач холбогдол нь нэгэнт тодорхой болсон Оюутолгойн зэс-алтны орд олборлолтод бэлтгэгдсэн гэдгийг тооцвол, манай улсын эдийн засгийн ач холбогдол бүхий эрдсийн баялгийн нөөц нь 300-гаад тэрбум доллараар илэрхийлэгдэх магадлал байна.
Эдийн засаг яаж өсөх вэ, бидэнд юу ноогдох вэ гэдгийг арай бодиттойгоор тооцоолж болно. Эрдэнэт, Оюутолгой, Цагаансуврага зэрэг зэсийн ордуудыг түшиглүүлэн говийн бүсэд 500 мянган тонн зэс хайлуулах үйлдвэр, Төмөртэй, Баянголын төмрийн ордуудыг түшиглүүлэн жилд 2- 3 сая тонн ган хайлуулах үйлдвэр байгуулах, дээр нь алт олборлолтоо өсгөж, Тавантолгой зэрэг нүүрс, Бүрэнхааны фосфоритийн ордуудыг эзэмшиж эхэлвэл , ойрын 5-10 жилд жилдээ 4-5 тэрбум долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодит боломж байна. Дээр нь газрын, байгалийн, мал аж ахуйн баялаг зэргийг нэмээд тооцвол, энэ тоо нилээд нэмэгдэх бөгөөд жинхэнэ үндэсний баялгийн хэмжээ гарах ёстой юм.
Дэлхийд хэдэн арван сая малтай 20-иод орон байдаг аж. Тэхдээ манайх шиг таван хошуу мал зэрэг өсгөдөг улс орон байдаггүй юм шиг байна лээ. Хятад, Австрали гэхэд 120-135 сая хоньтой, Сомали, Судан гэхэд 3-6 сая тэмээтэй, Мексик, Хятад гэхэд 6-10 сая адуутай, Энэтхэг, Хятад гэхэд 108-120 сая ямаатай, улс тус бүр энэ төрлийн малаар тэргүүлдэг аж. Гэтэл нэг хүнд ногдох малын тоогоор Монгол дэлхийд тэргүүлж байна. Бид бүх малаа хонин толгойд шилжүүллээ гэхэд 65-70 сая хоньтой юм. Нэг хүнд 28 хонь ногдож байна. Дээр нь нэмээд 3000-аад тонн ямааны ноолуур, 230-аад мянган тонн мах, 20-иод мянган тонн ноос, нэг сая бодын шир, таван сая гаруй богийн арьс бэлтгэдэг байна. Зөвхөн эдгээрийг өнөөгийн манай зах зээлийн үнээр тооцвол, нэг хүнд 400-гаад мянган төгрөг ногдоно. Хэрэв махаа консерв, хиам болгоод, ноос, ноолуур , арьс ширээ ядаж хагасыг нь боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн хийвэл энэ орлого 2-3 дахин өсөж болмоор. Эндээс бид алт сандайлсан нь яг үнэн байна гэсэн дүгнэлт гарч ирж байгаа юм. Ялангуяа эрдсийн баялгаа төрийн оновчтой зөв бодлогоор ашиглах, Ашигт малтмалыг ашиглахдаа , ойрын болон хэтийн ирээдүйд хөгжүүлэх чиглэл концепцээ зөв гаргаад, хуулиа үүндээ нийцүүлж боловсруулаад мөрдөж эхэлвэл, ойрын 5-10 жилд нэг хүнд ноогдох ДНБ одоогийнхоос наад зах нь таван дахин өсөх буюу нэг хүнд ногдох бодит орлого мөн тэр хэмжээгээр өсөх бодит боломж байна.
Тэгвэл гуйлгачин гэдэг нь үнэн үү. Албан ёсны статистик мэдээгээр сүүлийн арваад жилд манай улсын иргэдийн гуравны нэг нь ядуу байгаа юм байна. Тэхдээ энэ нь их эргэлзээтэй. Зарим улс төрчид ядуурлын хэмжээг 70-80 хувь хүрсэн гэж үздэг. Уг нь дэлхий дахинаа мөрддөг хэмжүүрээр бол нэг хүнд өдөрт нэг ам. доллараас бага орлого ногдож байвал ядуу амьдралтай байна гэж үздэг аж. Цалингаасаа өөр орлогогүй төсвийн байгууллагын нийт ажиллагсад, малчдын дийлэнх хувь, хот суурин бараадсан ажилгүйчүүд, тэтгэвэр тэтгэмжийнхэн зэрэг нь бүгд ядуучдуудын арми-д хамаарагдана. Хэрэв энэ хэмжүүрээр хэмжих юм бол манай улсын ядуурлын түвшин 70 хувь хүрнэ гэх баримтыг ч няцааж болохгүй юм. Тэгэхээр дээрх хоёр нотолгооноос үзвэл Монголчууд алт сандайлсан гуйлгачин гэдэг нь яг үнэн юм гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болж байна.

Гурав. АШИГТ МАЛТМАЛЫН ХУУЛЬ ЯМАР БАЙВАЛ ЗОХИЛТОЙ ВЭ.
Ашигт малтмалын хууль, Уурхайн хууль, Эрдэс баялгийн хууль гэх мэтчилэн янз бүрээр нэрлэх санал гарч байгаа юм. Бидний бодоход, уламжлалаа ч харгалзсан, хамрах цар хүрээг ч тооцсон Ашигт малтмалын хууль гэдэг нь арай илүү, оносон нэр байж болох юм.
Шинээр өөрчлөх Ашигт малтмалын хуулийн гол үзэл санаа, жанжин шугам нь Монгол улсын үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 1-д Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна, мөн зүйлийн хоёрт, Монгол улсын иргэдэд өмчлүүлсэнээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэсэн заалтаас иш үндэс болгон тодорхойлогдох ёстой. Энэ нь үндсэндээ төрийн буюу УИХ-ын Засгийн газрын эрх, үүргийг нэмэгдүүлнэ гэсэн санаа юм. Энэ ерөнхий гол чиг шугамаас гадна, манай улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн болоод эрдсийн баялгийн судалгаа, ашиглалтын өвөрмөц онцлог хуульд тусгалаа олсон байх ёстой.
Эрдсийн баялаг нь үндэсний баялгийн гол бүрэлдүүн хэсэг болохын хувьд ч, улсын эдийн засгийг хөгжүүлэх гол хүчин зүйл болохын хувьд ч түүнийг судлах ашиглах нь төрийн мэдэлд, төрийн оролцоотой шийдэгдэж байх учиртай. Энэ нь хуучин шиг бүх юманд, ард түмэн төр оролцоно гэсэн үг бас биш. Төр юунд яаж оролцох вэ, орон нутгийн эрх мэдэл ямар байх вэ гэдгийг бодлогоор ухаалгаар зохицуулах хэрэгтэй.
Юуны өмнө эрдсийн баялгаа нэр төрөл, нийгэм эдийн засгийн ач холбогдлоор нь хэд хэд ангилах хэрэгтэй байна.
Ашигт малтмалыг эдийн засгийн ач холбогдолоор нь өндөр үнэ цэнтэй буюу стратегийн, үнэ цэнтэй, жирийн буюу ердийн гэж байж болох юм. Ялангуяа ашиглалтын лицензийг олгохдоо зөвхөн эдийн засгийн ач холбогдолыг илүүд үзэж болох юм. Тухайлбал, улсын эдийн засагт ач холбогдолтой, орон нутгийн эдийн засагт ач холбогдолтой гэж үндсэн хоёр хэсэгт хувааж болох юм. Үүнээс үндэслээд төрийн мэдлийн орон нутгийн мэдлийн гэж болно. Тухайлбал, орон нутагт зам, барилгын материалд ашиглаж болох шавар, шохой, элс хайрганы зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмал, ордыг аймаг, сумын зөвшөөрлөөр ашиглаж болох юм. Нөгөө нэг хандлага бол Ашигт малтмалыг нэр төрлөөр нь ангилах хувилбар бас бий. Ерөөсөө эрдэс баялгийг ашиглах асуудал төрийн бодлого байдаг, үүнийг нотлох зарим жишээг дурдаж болох юм. АНУ гэхэд өөрийн нутгийн эрдсийн баялгаа ашиглахаас аль болох татгалзаж, гаднаас импортлох бодлого барьж байхад, Канад улсад бараг штат болгон нь эрдсийн баялгийн, хууль, яамтай байх жишээтэй. ОХУ том том ордууд төрийн мэдэлд байх бөгөөд түрүүнд хувьчилсан том том нефтийн ордуудыг замбараагүй хувьчлалыг эргүүлэн залруулж байна.
Дэлхийн хэмжээний том ордууд болон эдийн засгийн өндөр үр ашигтай ордуудыг ашиглах аж ахуйн нэгж, компаниуд нь эрдсийн баялгийн асуудлыг хариуцсан монгол улсын төрийн төв байгууллагатай гэрээ байгуулж ажиллах ёстой юм. Үүнийг би тодорхой жишээн дээр тайлбарлая.
Жишээ нь, Оюутолгойн ордыг ашиглахад төрийн бодлого ямар байх ёстой юм бэ гэдгийг маш товчоор тодорхойлъё.
Энэ ордыг ашиглах лиценз эзэмшигчид зөвхөн баяжмал гаргаж түүнийгээ хятадын хил хүртэл тээвэрлэж экспорлох эдийн засгийн тооцоо хийж түүнийгээ тайлбарласан Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөөг Монголын олон нийтэд өргөн танилцуулсан байна. Энэ ордыг ашиглах монгол төрийн бодлого одоо гараагүй бололтой юм.
Бидний бодлоор Монгол Улсын төр энэ ордыг ашиглахад дараахи бодлого, зарчмыг баримтламаар байна.
*Энэ ордоос зэс буюу зэсээр хийсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр говийн бүсэд байгуулж, алтаа цэврээр үйлдвэрлэж үнэлэх,
*Дүрмийн сан эсхүл хувьцаа эзэмшилтэд Монголын төр давуу эрхтэй оролцох, бүтээгдэхүүн хуваах зарчмыг тооцож үзэх
*Үйлдвэрийн цахилгаан хангамжийн асуудлыг шийдэхдээ Монгол Улсын эх үүсвэрээс хангах
*Монгол Улсын зам тээврийн хөгжлийн бодлогод нийцэх Төмөр зам, хатуу хучилттай зам барих боломжийг шийдэх
*Бүх ажиллагсдын 90-ээс доошгүй хувь нь монгол ажилчид байх,
*Монгол Улсын төрийн зүгээс лиценз эзэмшигчид татвар, төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх боломжийг тооцож үзэх гэх мэтийн ерөнхий асуудлуудыг тавих, тэхдээ эдгээрийг үндэслэхдээ Монголын талыг оролцуулж хамтарсан ажлын хэсэг байгуулж ч болох юм. Эдгээр нь ямар нөхцөлд биелэх вэ гэхээр, Ашигт малтмалын хуульд, өндөр үнэ цэнэтэй томоохон ордуудыг лиценз эзэмшигч ба олгогч талууд нь, харилцан ашигтай тусгай гэрээ байгуулсаны үндсэн дээр ашиглана гэсэн санааг оруулахад хангалттай юм.
Оюу толгойг ашиглах асуудал одоо зөвхөн нэг талын, лиценз эзэмшигчийн сценараар явж байна.
Хуульд геологийн судалгаа гэж юу вэ, ордыг ашиглах үйл ажиллагаа хаанаас эхлэх вэ гэдгийг тодорхой ялгаж зааглах хэрэгтэй байна. Хамгийн наад зах нь хайгуулын буюу Х лиценз гэдэг маань уурхайн үйл ажиллагаанд хамаарагддаг олон улсын жишиг байна. Тиймээс хайгуулын лицензийг геологийн судалгааны лиценз гэж нэрлэмээр байгаа юм.
Олборлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөхиүлэн дэмжихэд эдийн засгийн хөшүүрэг чухал үүрэгтэй. Тусгай татвар роялти-ийг оновчтой тогтоох нь гол асуудлын нэг мөн. Роялтийг ашигт малтмалын төрөл бүрт адилхан нэг утгаар тогтоож болохгүй. Энд ордын байршил, олборлох нөхцөл, нөөцийн үнэ цэн зэрэг олон хүчин зүйл нөлөөлөх бөгөөд гол нь хуульд ашигт малтмалыг хэрхэн ангилсанаас хамааруулан тогтоох зарчмыг баримтлах ёстой болов уу. Орон нутагт зам барилга, орон сууц барихад шаардлагатай шавар, хайрга зэрэг түгээмэл ашигт малтмалаас доод хэмжээний роялти авах хэрэгтэй. Харин бага зардал шаарддаг, тэгэхдээ шууд эцсийн бүтээгдэхүүн болдог шороон ордын алтнаас авах роялти харьцангуй өндөр байж болох юм. Олон улсын жишигээс үзвэл ашигт малтмал олборлох үйлдвэрээс авах нийт татвар төлбөрийн хэмжээний доод хязгаар нь бүх бүтээгдэхүүний орлогын 20-25 хувиас багаггүй байх болов уу. Зарим тохиолдол 50 түүнээс илүү хувь хүрч болох юм.
Өнөөгийн байдлаар эрдсийн баялгийн нөөцийн бүртгэл тооцоо алдагдаад байна. Үүний ард хэдэн зуун саяаар үнэлэгдэх үнэт баялаг байна . Гэтэл бид чинь өнчин ишиг хүртэл хорогдоход яагаад үрэгдэв гэдэг бүртгэл тооцоотой байсан, одоо ч байгаа гэж бодож байна. Мал тооллого жил бүр явагддаг хэвээрээ л байгаа. Гэтэл сүүлийн жилүүдэд яланнгуяа АМХЭГ гээч байгууллага энэ ажлыг эрхэлдэг болсоноос хойш манай улсын эрдсийн баялгийн бүртгэл тооцоо үндсэндээ алдагдсан. 100 гаруй алтны уурхай ажиллаж байснаас хэд нь хичнээнийг хаясан тооцоо бүртгэл байхгүй болсон. Энэ нь нинжа-ууд гарч ирэх үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн. Нинжанууд хаана цуглаж байна вэ гэхээр хамгийн их хаягдалтай алтны уурхайнуудад цуглаж байгаа нь тодорхой байна. Энэ хаягдал хаанаас гарч байна вэ гэхээр, зөвхөн өндөр ашгийн хойноос хөөцөлдөж, ордыг сорчлон олборлож, зарим хэсгийг нь хаях, эсхүл хэрэглэж байгаа техник, технологийн хоцрогдлоос болж хаягдал үүсэж байгаа нь бас тодорхой. Тэхээр нинжа нарыг дэмжиж, тэдэнд зориулсан хууль гаргана энэ тэр гэж будилж байсанаас хэний компани, яагаад баялгаа хаяж байна гэдгийг хянаж тогтоох нь амар бөгөөд өгөөжтэй байж болох юм.
Гар аргаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа газар авч, энэ тухай хууль гаргана гэж ярьсаар олон жил өнгөрлөө. Болохгүй юм угаасаа болдоггүй, бүтдэггүй л байхгүй юү. Гар аргаар ашигт малтмал олборлож байсан үйл ажиллагаа аль тэртээ, эртний ба дундад зууны үед байсан бөгөөд одоо энэ нь нэгэнт түүх болон үлджээ. Түүхийн энэ хоцрогдлыг бид ХХI зуунд эргүүлж авчрах гэсэн оролдлого хийх нь эмгэнэлтэй биш үү. Нөгөө буурай хөгжилтэй гэгдээд байдаг Латин Америк, Африкийн орнуудад гар аргаар алт олборлох гэсэн ойлголт байхгүй болж байгаа бөгөөд тэнд уурхайн жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх тухай яриад, хэрэгжүүлээд 10 гаруй жил өнгөрчээ. Харин бид хүрз, жоотуу барьж, газар ухаж,гар аргаар ашигт малтмал олборлох тухай ярьж, зорилт тавьж хөгийн юм хийж байснаас, эрдсийн баялгийн салбарт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх тухай судалгаа, шинжилгээ хийж, төрийн бодлого гаргаж хэрэгжүүлвэл яасан юм бэ.
Сүүлийн арваад жилд геологи, уурхайн салбарт гарч ирсэн нэг шинэ үзэгдэл бол хуурмаг геологийн судалгаа хийж, зохиол бичих луйвар газар авлаа. Үүнийг өөгшүүлдэг байгууллага хүмүүс ч байна. Сар жилээр, хөдөө хөрч, гадаа гандаж, тусгай заавар, журмын дагуу хэдэн зуун метр өрөмдөж, суваг шуудуу малтаж эрдэс баялгийн нөөц тогтоодог, уламжлалт арга аргачлалыг эвдэж дулаан тохилог байранд суугаад зохиол туурвиж тайлан бичээд түүнийгээ зардаг цоо шинэ үзэгдэл газар авч, учир мэдэхгүй залуус голдуу олон бизнесменүүд шатсан жишээ цөөнгүй бий. Ийм учраас нөөцийг хянадаг бүртгэдэг мэргэжлийн байгууллага зайлшгүй байх шаардлагатай.
Харин 1997 оны Ашигт малтмалын хууль хэрэгжиж эхэлсээр, олон зуун сая доллар зарцуулж байж тогтоосон үндэсний баялгийг үрэн таран хийж, өнгөрсөн зуунд Латин Америк, Африкийн зарим орнууд баялгаа яаж цөлмүүлж, дэлхийн хөгжлөөс хоцрогдож, хэдхэн цөөхөн удирдагчид хагарталаа баяжиж, нутгийн уугуул иргэд нь үеийн үед ядуу зүдүү амьдарч ирсэн тэр эмгэнэлтэй хувь тавилан монголчуудыг дайрах нөхцөл бүрдэж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд ноцтой саад тотгор учирч, цаашилбал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал алдагдаж, тусгаар тогтнолд ч аюул занал учирч болзошгүй байна.
Эл байдлыг газар авахуулахгүй байх, ангижрах, улмаар эдийн засгаа хөгжүүлэх боломжийг олгох цорын ганц арга зам, гарц бол 1997 оны хуулийг нэн даруй хүчингүй болгож, шинэ хуулийг хэлэлцэж батламаар байна.
1994 онд Ашигт малтмалын тухай хуулийг боловсруулж УИХ-аар баталсан билээ. Энэ хуулийг бараг л үндсэн хууль баталдаг шиг өргөн олноор хэлэлцүүлж, салбарын эрдэмтэд мэргэжилтнүүдийн өргөн тусгасан, Үндсэн хуулийн үзэл санааг гол болгосон, шинэ нийгэм, зах зээлийн тогтолцооны онцлогийг харгалзсан, ялангуяа хувийн хэвшлийг хөхиүлэн дэмжих талаар анхаарсан сайн хууль болсон гэж би үздэг.
Одоо тэгвэл энэ хуулийг бааз суурь болгоод түүнийг улам сайжруулж, бага зэргийн залруулга хийгээд гаргахад бидэнд алдах юм үгүй харин ч цаг хугацааг хожиж, өнөөгийн хар мөртэй хууль-аас үтэр түргэн салах боломжийг бий болгож байна.
Одоо нэгэнт ач холбогдол нь тодорхой болсон Оюутолгой, Тавантолгойн болон бусад нүүрсний ордууд, Дархан, Сэлэнгэ, Говийн бүсийн төмрийн ордууд, Эрдэнэт, алтны ордуудаа төрийн бодлогоор ашиглах, үүний тулд, хуулиа шинэчилээд, Геологи Эрдсийн баялгийн Яамаа байгуулбаас, эдийн засгаа эрс хурдацтай хөгжүүлж, ядуу зүдүү амьдарч байгаа ард иргэдээ гэдэс цатгалан, мөр бүтэн, орох оромжтой, боловсролтой, эрүүл саруул болгох нэн тэргүүний зорилт хэрэгжих бүрэн боломжтой юм.

Эдийн засгийн ухааны доктор С.АВИРМЭД
(өдрийн сонин 2005-11-08 269)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button