Асуулга

-МАХН-ын хэвлэл мэдээллийн албанаас 25 дугаар суваг телевизээр Засгийн газрын үйл ажиллагааг харлуулж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэхүйц мэдээллийг 2005 оны арванхоёрдугаар сарын 28-нд зориудаар төлбөр төлж нэвтрүүлжээ. Энэхүү нэвтрүүлэгт Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанаас үл хамаарах мэдээллийг Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болсон мэтээр оруулжээ. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг харлуулан шүүмжлэх нь өөрсдийгөө шүүмжилсэнтэй утга нэг юм. Энэ Засгийн газрын амжилт, алдаа нь цөөхөн нэг хүнийх бус хамтынх гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэхүү мэдэлэлийг ямар зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зориуд өгч нэвтрүүлснээ албан ёсоор тайлбарлахыг хүсч асуулга илгээж байна. Асуултын хариуг нэн даруй өгнө үү гэжээ.

МАХН-ын хэвлэл мэдээллийн алба дээрх асуулгын хариуг өгсөн байна.
-MN-25 суваг телевизээр 2005 оны арванхоёрдугаар сарын 28-нд нэвтэрсэн Ц.Элбэгдорж ярьсаар, ярьсаар… гэсэн нэртэй нэвтрүүлгийг чөлөөт уран бүтээлчид болох Арена студийн хамт олон бэлтгэжээ. Арена студи нь манай намын хэвлэл мэдээллийн албатай гэрээтэй байдаг ба намын тэмдэглэлт үйл явдлыг дүрс бичлэгт буулгах чиглэлээр гол төлөв хамтран ажилладаг юм. Харин тус студийн хамт олон бие даасан нэвтрүүлэг хийхэд нь бид заавар, чиглэл өгч үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцдоггүй болн.о.
Ц.Элбэгдорж ярьсаар, ярьсаар… гэсэн нэвтрүүлэг нь өнгөрөгч 2005 онд байгаль, цаг уур болон дэлхийн зах зээл манай улсад ивээлтэй, тааламжтай байсаар байтал эдийн засгийн өсөлт саарч, ард иргэдийн амьдрал хүссэн хэмжээнд хүртэл нэмэгдээгүй талаар Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн УИХ-ын хаврын болон намрын чуулган дээр хэлсэн амлалтаас ишлэл авч түүний биелэлт амьдрал дээр ямар байгааг иргэдийн санал бодолтой харьцуулах байдлаар хийгджээ. Бодит байдалд үндэслэл иргэдийн санал шүүмжлэлд анхааралтай хандан хүлээн авч үйл ажиллагаагаа сайжруулахын оронд бие даасан чөлөөт уран бүтээлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан тоотоор сүр далайлгаж түүндээ манай албыг холбогдуулан буруушааж байгаад гайхширч, эмзэглэж байна.
Засгийн газрын тэргүүний үйл ажиллагаанд хойшид шүүмжлэлтэй хандах иргэдийн санал бодлыг сонсох чадвартай байж хараат бус хэвлэл мэдээллийн алив нийтлэл нэвтрүүлэгт манай албаны нэрийг холбогдуулан хий хардан улстөржүүлэхгүй байхыг та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна.

(өнөөдрийн монгол 2006-01-05 173)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button