Сандарсан үедээ хувцсаа андуурч өмсөх тохиолдол байдаг

Тэрбээр Шилмэл загвар компани болон соёл, гоо сайхны Хатан эрдэнэ төвд загварын багшаар ажилладаг аж. Түүнтэй уулзаж, ярилцлаа.

-Таныг багшийн мэргэжил эзэмшсэн гэж сонссон. Яагаад мэргэжлээсээ урвачихсан юм бэ?
-Тийм ээ. Уг нь Отгонтэнгэр их сургуулийг герман хэлний багш-орчуулагч мэргэжлээр төгссөн юм. Харин загвар өмсөгч болох сонирхол маань давамгайлаад гэх үү дээ. Тэгээд л 1997 онд 16 настайдаа мисс О.Оюунтуяагийн загварын дамжаанд суралцсанаар сонирхол минь зорилго болсон хэрэг. Хамгийн гол нь нас минь залуу байгаа учраас өөрийнхөө сонирхлын дагуу юм хийхсэн гэж хүссэн. Гэхдээ боломж гарвал мэргэжлээрээ ажиллана аа.

-Тэгвэл загварын тайзан дээр нэлээн эрт гарсан байх нь ээ?
-1998 онд зохиогдсон үсчин Цэрэнханд, загвар зохион бүтээгч Халиунаа нарын хамтарсан Сэтгэмж гоёл шоунд оролцож, загварын тайзан дээр анх удаа гарч байлаа. Одоо бол Монголын Дизайнеруудын холбооны нэгдүгээр зэрэглэлийн загвар өмсөгч.

-Уучлаарай, нэгдүгээр зэрэглэлд дандаа өндөр загвар өмсөгчид ордог гэсэн. Энэ үнэн үү?
-Нэгдүгээр зэрэглэлд өндөр, дунд зэргийн нуруутай ч загвар өмсөгчид бий. Хамгийн гол нь тэдний мэргэжлийн ур чадварыг харгалзаж үзсэний үндсэн дээр уг зэрэглэлд хамруулдаг болохоос биш тиймэрхүү ойлголт огтхон ч байхгүй ээ. Миний өндөр 1.79 см, биеийн харьцаа маань 90-63-90. Сүүлийн үед бага зэрэг таргалчихсан л даа. (инээв)

-Загварын дамжаа ихэссэн. Хамгийн гол нь залуу загвар өмсөгчдийн чанар ямархуу түвшинд байгаа бол?
-Хүн ам цөөхөнтэй болохоор ч тэр юмуу, Монголын хувьд олон юм шиг санагдаж байгаа байх л даа. Гэхдээ гадаадын загварын агентлагуудтай харьцуулахад харьцангуй цөөхөн шүү дээ. Тэр тусмаа байнгын үйл ажиллагаа явуулдаг газар бол гарын таван хуруунд багтах төдий. Шилмэл загвар, Эра, Монгол модель, Леди гэх мэт. Залуу моделиудын чанар жил ирэх тусам дээшилж байна. Ялангуяа биеийн галбир, өндөр, тайзны алхааны техник зэрэг нь үнэхээр сайжирсан.
Ер нь сүүлийн үеийн охид их гоё болж байгаа шүү дээ. Тиймээс сайхан бие галбираа ашиглаж сурах хэрэгтэй гэж би боддог. Загварын дамжаанд суралцана гэдэг заавал ч үгүй, загвар өмсөгч болох сонирхолтой байх албагүй. Өөрийнхөө гоо сайханд анхаарч, биеэ зөв авч явах хүсэлтэй хүмүүс ч гэсэн анхан шатны мэдлэгтэй болохыг хүсч, суралцаж болно.

-Магадгүй, энэ утгаараа ч юмуу эрэгтэй дүүгээ загварын ертөнцөд уруу татсан байж болох?
-Тийм шүү. (инээв) Дүү маань дунд сургуулийн даруухан сурагч байсан. Харин надад яагаад ч юм бэ, дүү маань загвар өмсвөл ирээдүйтэй юм шиг санагдаад. Тэгээд санал тавьсан чинь Би юу даа гэж ирээд л их гайхсан. М.Хэрлэнд Эра төвийн Д.Эрдэнэтуяа эгч, бид хоёр багшилсан.

-Гоёл-д хэзээнээс эхэлж загвар өмсөв. Анхны шагнал тань уу? Дүү тань бас Гоёл-2006 наадмын шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр шалгарсан?
-Гоёл наадамд 1999 оноос эхэлж загвар өмслөө. Харин энэ шагнал Гоёл-оос авсан анхны шагнал минь. Энэ жилийн наадмын шилдэг загвар өмсөгчийн шагналыг дүүтэйгээ хамт авсандаа маш их баярласан. Түүгээр ч барахгүй, энэ наадамд оролцохын тулд багагүй хүч хөдөлмөрөө зарцуулсан дүүгээ шагнал авчихаасай гэж битүүхэндээ хүсч байсан болохоор түүний нэрийг зарлахад өөрөөсөө илүү баярлаж, нулимс дуслуулж зогссон.

-Магадгүй, таны нүүрний баясгалан, М.Хэрлэнгийн чамин хөдөлгөөнүүд бусад загвар өмсөгчдөөс ялгарах зүйл тань байв уу. Ихэнх загвар өмсөгчид нүүрний хувирал муутай санагдсан..?
-Монголын үзэгчид загвар өмсөгчдөөс нүүрний баясгалан, илүү хөдөлгөөн ч юмуу, жүжиглэлтийг хүсч байдаг. Харин загвар өндөр хөгжсөн орнуудад бол, иймэрхүү зүйл бага байдаг л даа. Нэг үгээр хэлбэл, тухайн шоуныхаа уур амьсгалд тохирсон зүйлийг л үзүүлдэг. Тэгвэл Гоёл наадмын хувьд гэвэл, бүх төрлийн хувцас, гоёл багтдаг болохоор түүнийхээ онцлогт тохирсон нүүрний төрхийг үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Түүнээс биш, гүнжийнх шиг загвартай хувцас өмсчихөөд инээмсэглэхгүй яваад байвал муухай шүү дээ. Тиймээс гоёлын, авангард даашинзан дээр яах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Ялангуяа үндэсний хувцасны ганц чимэг бол загвар өмсөгчийн хувьд инээмсэглэл байдаг.

-Алхааны техник тус бүртээ нэртэй байх уу. Жишээлбэл, муурын алхалт ч гэдэг..?
-Хүмүүс тэгж ярьдаг юм л. Гэхдээ алхам бүрт яг оноосон нэр гэж байхгүй. Миний хувьд энэ жилийн загварт гоёлын хувцас голлож өмссөн учраас зөөлөн алхсан. Алхааны техникүүдээс огцом ширүүн алхалтанд би дуртай. Харин тухайн өмссөн хувцас, тавьсан аялгуунаас шалтгаалаад бидний алхааны темп, үйл хөдлөл маань өөрчлөгдөж байдаг гэх үү дээ.

-Гоёл-2006 наадмын тайзны ард загвар өмсөгчид замбараа муутай байсан. Зарим хувцас өмсөгдөөгүй, үлдэж хоцорсон гэх яриа гарсан..?
-Яг үнэндээ бол Гоёл наадам чинь зөвхөн нэг дизайнерийн шоу биш шүү дээ. Хэрвээ тийм бол загвар өмсөгч тус бүрт нь 1-2 хувцас хуваарилаад өгчихдөг болохоор маш хялбар байдаг. Гэтэл Гоёл-ын хувьд, 800 гаруй хувцас, 60-аад загвар өмсөгч оролцсон. Хэдийгээр хэн, ямар хувцас өмсөх ёстойг нь нэр зоогоод өгчихсөн ч гэсэн Гоёл-ыг тасалдуулж, үзэгчдийг уйдаахгүйн тулд загвар өмсөгчид тайзны ард маш хурдан хувцас сольж, ийш тийшээ гүйх хэрэг гарна биз дээ. Хаана ч иймэрхүү яарч, сандрах зүйл тохиолдож л байдаг. Тэрнээс биш, хоорондоо маргалдаж, хувцас хунараа булаацалдах гэх мэт зүйл огт байхгүй. Яахав, хааяа хувцсаа андуураад өмсчих үе гарч ирдэг л юм.

-Багшлах, загвар өмсөх хоёрын аль нь илүү хэцүү вэ?
-Багшийн мэргэжилтэй болоод ч тэр юмуу, хүүхдүүдтэй харилцах харилцаанд минь хүндрэлтэй зүйл бараг байдаггүй. Заах чадварын хувьд ч гэсэн хүүхдүүд маань үнэлдэг л дээ. Загвар өмсөгчийн хувьд ч гэсэн, үргэлж хүүхдүүдтэй ажиллаж байдаг болохоор байнгын бэлтгэлтэй байдаг болов уу. Тийм учраас хоёр, гурван газар зэрэг шахам л ажиллаж явна.

-Таныг мисс О.Оюунтуяа эгчтэй төстэй гэлцдэг юм билээ.
-Харин тийм ээ. Хүмүүс төстэй гэдэг юм. Гэхдээ л хүн болгон өөр өөрийн онцлог шинжтэй, дахин давтагдана гэж хэзээ ч байхгүй шүү дээ. Учиргүй андуураад байхаар адилхан юм гэж хаа байхав. Урьд нь загварын ажлаар Герман улсад очих үедээ О.Оюунтуяа багштайгаа уулзаж байсан юм байна.

-Гадаадын хэчнээн оронд загварын чиглэлээр явж байв. Загвар өмсөгчдийг нь манайхтай харьцуулбал?
-Орос, Хятад, Герман, Солонгос зэрэг орны янз бүрийн хотуудаар нь явж байсан. Солонгос моделиуд их царайлаг, бие галбираараа азидаа л хамгийн сайн нь. Европын загвар өмсөгчид болохоор биеийн өндөр, алхаа гишгээ нь цогц бүрдсэн, тайзны чадвар харьцангуй дээгүүр юм билээ. Харин Монголын загвар өмсөгчид алхааны техник, биеийн харьцаа нь европ тал руугаа хөгжчихсөн учраас хаана ч очсон бусдаас дутаж, ялгараад байх зүйл үгүй. Ялангуяа бусад орны загвар өмсөгчдийг бодвол биеийн хөгжил нь илүү давамгай шүү.

-Загвар өмсөгч охидыг нэр алдар, мөнгөтэй хүмүүстэй нэр холбох нь их байдаг. Яагаад тэр вэ?
-Энэ бол хувь хүнээсээ шалтгаалах асуудал. Ихэнх нь охид загвар өмсөх сонирхолдоо хөтлөгдөж л загварын ертөнцөд хөл тавьдаг. Харин бусдаасаа ялгарч, олны танил болоод ирэхийн цагт мэдээж хэрэг, эрчүүдээс янз бүрийн санал ирж л таарна шүү дээ. Хүн л юм чинь, тэд ч гэсэн бие биедээ хайртай болж яагаад болохгүй гэж. Хэрвээ олны танил загвал өмсөгч, нэр алдартай хүн биш байсан бол, тэдний амьдралын асуудал хэнд хамаагүй байх байлгүй.

-Оны өмнөхөн БНХАУ-ын Манжуур хотод зохиогдсон Хөрш зэргэлдээ гурван орны сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд шавь нар чинь нэлээд амжилттай оролцсон гэсэн. Энэ талаараа сонирхуулаач?
-Улаанбаатар мисс-2005 тэмцээн болон Монголын сайхан бүсгүй тэмцээний өргөмжлөлтэй 13 охид оролцсон л доо. Уг тэмцээнд нийтдээ 61 мисс оролцсоноос Б.Уянга хоёрдугаар байр, Г.Гантуяа гуравдугаар байр, Б.Болормаа тусгай байрт шалгарч, Б.Ханд Үзэгчдийн таашаал хүртсэн мисс, Т.Урантөгс Мисс авьяас зэрэг өргөмжлөлүүдийг хүртсэн. Энэ тэмцээний 11 номинациас тавыг нь Монголчууд авна гэдэг маш том амжилт. Өөрөөр хэлбэл, Орос дөрвөн шагнал, Хятад хоёр шагналыг нь авч, манайх багаараа нэгдүгээрт орсон гэсэн үг.

-Сайхан бүсгүйн тэмцээнийг зохион байгуулахад үргэлж оролцдог. Харин өөрөө энэ тэмцээндээ оролцож үзсэн болов уу?
-Үзэлгүй яахав. Монголын сайхан бүсгүй-2001 тэмцээнээс Тана эрдэнэ-ийн өргөмжлөл хүртэж, бас Хамгийн гоолиг биетэй мисс номинациар тодорсон.

-Сайхан бүсгүй шалгаруулах янз бүрийн тэмцээн зохиогддог болж. Эдгээрийн сайн, муу тал нь юу вэ, таны бодлоор?
-Сайхан бүсгүйг шалгаруулах үнэлгээг ганцхан талыг баримталж гаргаж болохгүй. Царайны хэлбэр, биеийн харьцаа, харилцах чадвар, хүмүүжил, боловсрол, мэдлэг гэх мэт бүх зүйл нь цогц бүрдсэн хүнийг л шалгаруулах ёстой. Мисс гэдэг хүн зөвхөн зүс царай, бие хаагаараа сайхан байхаас гадна сайн хүн байх хэрэгтэй. Энэ нь дотоод сэтгэлээрээ цэвэр, хүнийг ойлгож, тусалж чаддаг, ухаалаг байна гэсэн үг юм. Жишээ нь, Хатан эрдэнэ төв энэ тал дээр мэргэжлийн шалгууртай ажилладаг. Бид сая Манжуурт болсон тэмцээнд оролцохдоо ямархуу үнэлгээгээр, хэр сайн шалгаруулсанаа баталчихаад ирсэн шүү. Улаанбаатар мисс-2005 тэмцээнээс шагнал авсан таван мисс маань яг дэс дарааллаараа жагссан байсан. Нэр хүнд, мөнгөний сонирхлоор янз бүрийн миссийн тэмцээн зохион байгуулаад байгаа хүмүүсийг би буруу гэхгүй. Гэхдээ цаг хугацаа энэ бүхний үр дүнг харуулаад өгнө. Хэн нь бизнес хийж, хэн нь бусдын хүүхдийг илүү гаргаж ирж чадсан бэ гэдгийг тодрхой үзүүлэх байх л даа.

-Миссүүд сайн үйлсийн аян хийдэг. Харин Хатан эрдэнэ төвийн хувьд?
-Манай миссүүд Яармагт байдаг Бадамлянхуа өнчин хүүхдийн асрах төвтэй хамтарч ажилладаг л даа. Сайн үйлс хийж байгаагаа олон нийтэд зарлахаасаа илүү үнэн сэтгэлээсээ сайн үйлс хүргэж чадаж байвал боллоо гэж үздэг болохоор тэр бүр хүмүүс мэддэггүй байж болно. Улаанбаатар мисс-2005 тэмцээний өмнөх өдөр бүх охид маань энэ төвийн хүүхдүүдтэй нэг өдрийг өнгөрүүлж, сэтгэлийн дэм өгч, баярлуулсан.

-Гэр бүлээ танилцуулаач? Үргэлж завгүй шахам байдаг болохоор ээж, эзэгтэйн үүргээ хэр сайн биелүүлдэг юм бол оо?
-Нөхөр маань бизнесийн салбарт ажилладаг залуу бий. Хамтын амьдралаа эхлээд зургаан жил болох гэж байна. Хүү маань одоо гурван нас хүрч байгаа. Оройн долоон цагаас хойш хүүтэйгээ хамт байхыг хичээдэг болохоор өөрийгөө сайн ээж гэж боддог шүү. Нөхөртэйгээ хамт хоёулаа л ажлын төлөө гүйж байгаа болохоор бие биенийгээ маш сайн дэмждэг. Хоёр биенийхээ ажлыг аль болох ойлгохыг хичээж, дэмжиж явдаг гэх үү дээ. Хэрвээ нөхөр маань миний ажлыг дэмжиж, ойлгохгүй байвал нэг бол бид хоёр салсан, эсвэл би энэ ажлыг хийхгүй ч байсан байж магад. Үүнийг би тааж хэлж чадахгүй нь. Миний бодож явдаг нэг үг байдаг юм. Хүн хүнийг хүндэлж байж, өөрийгөө хүндлүүлэх хэрэгтэй гэж…

-Цаашдын төлөвлөгөө тань? Загвараас өөр чиглэлээр суралцах ч юмуу, ажиллах уу?
-Яг одоогоор Шилмэл загвар компани маань Голомт хотхон руу нүүж, шинэ байранд орох гээд их л завгүй байна даа. Бас удахгүй Монголын сайхан бүсгүй-2006 тэмцээнээ зохион байгуулахаар ажиллана. Тиймээс сурах асуудлаа жаахан хойшлуулах болох нь дээ. Гэхдээ энэ жил эдийн засаг, бизнесийн чиглэлээр заавал суралцана гэж төлөвлөөд л зүтгэнэ шүү. (инээв)

(өнөөдрийн монгол 2006-01-05 173)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button