Монгол цэргүүд Сиераа-Леон-ийг зорилоо

Алсыг зорих гэж ирээд л онцолсон тухайд өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор тангараг өргөсөн манай 230 дайчин. Тэд өчигдөр төр, засаг, элгэн саднаараа үдүүлэн Буянт-Ухаа нисэх онгоцны буудлаас Испанийн агаарын тээврийн хөлөг болох Боинг-767 онгоц хөлөглөн Улаанбаатарын цагаар 20.45 минутад Африк тив тодруулбал, экваторын бүс дагуу орших Сиерра-Леон улсын нийслэл Фритаун хотыг зорилоо. Дашрамд дурдахад, манай хөх дуулгатууд Иракт алба хаасан шигээ тэсрэх бөмбөг, суман мөндөр дор үүрэг гүйцэтгэгүй нь нэг талаар эрсдэл 6агатай хэдий ч шашин хоорондын мөргөлдөөн, өлсгөлөн гуйланчлалаас авахуулаад халуун орны халдварт өвчин цаашилбал хүн амынх нь 30 гаруй хувь нь ДОХ-оор өвчилсөн ийм нөхцөлд үүрэг гүйцэтгэх юм билээ. Энэ тухай ЗХЖШ-ын Энхийг сахиулах ажиллагааны газар, ЗХЖШ-ын орлогч дарга, хурандаа Я.Чойжамц ярьж байна.

-НYБ-ын мандаттайгаар Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох манай цэргийн багийн ямар нөхцөл байдал угтана гэж та бодож байна вэ?
-НYБ-ын мандаттайгаар Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоно гэдэг хувь хүн хийгээд тухайн улс орны хувьд нэр төрийн хэрэг. Нөгөөтэйгүүр, манай улсын хувьд анхных үйл явдал биш учраас тэгтлээ санаа зовохгүй байна. Харин цаг агаарын хувьд чийгтэй халуун уур амьсгалтай газар гэсэн. Өнөө өглөө гэхэд л тэнд 38 хэм халуун байх жишээний. Нөхцөл байдлын тухайд Ирак шиг суман мөндэр, тэсрэх бөмбөгөн дор байлдааны үүрэг гүйцэтгэхгүй гэдгийг энд онцлох ёстой байх. Тодруулж хэлбэл, Сиерра-Леон улсыг зорьж буй манай цэргийн багийн үндсэн бие бүрэлдэхүүний үндсэн үүрэг НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу тус улсын тусгай шүүхийг хамгаалахаас гадна НҮБ-ын зохицуулах албаны ажилтнууд, тэдний эд хөрөнгийг хамгаалах мөн шүүхэд дуудагдсан хийгээд шалгагдаж байгаа иргэдийг хамгаалах учиртай. Үүнээс гадна нутгийн иргэдийн амгалан байдлыг сахин хамгаалж гудамж тайлбайд эргүүл хийнэ.

-Монгол цэргүүд зэр зэвсэгтэйгээ Африкийг зорьж байгаа гэж сонссон. Шуудхан хэлэхэд, манай зэвсэг техник НҮБ хийгээд өнөөгийн нөхцөл байдлыг хангаж чадах болов уу. Нөгөөтэйгүүр, НҮБ манай улстэй хийсэн гэрээнийхээ дагуу зэвсэг техникийг ашигласны толборийг нөхөн олговор маягаар төлох юм билээ. Энэ үүднээс сонирхоход, нэг буунд хэчнээн төгрөг төлж байгаа бол?
-Манай зэвсэг техник хоцрогдсон уу гэвэл хоцрогдсон. Гэхдээ бидний ашиглаж буй зэвсэг техникийн хөнөөх чадвар хаана ч гологдохооргүй гэдгийг хэлэх байна. Автомат бууны тухайд гэхэд л 1947 оны загвар. ПТР ч ялгаагүй. Гэхдээ өдгөө ПТР ашиглаж буй улс орон ховор учраас тэр хэрээр үнэд орж байгаа. Нөгөөтэйгүүр, зэвсэг бол зэвсэг. Гай нь таарвал мухар хутаг ч хүний амьд хүрдэг биз дээ. НҮБ-ын шинжээчид манай завсэг техниктэй танилцаж байхдаа хадгалалтын байдлыг гойд үнэлнэ лээ. Өдгөө манай цэргийн багийнхны хэрэглэх зэвсэг техник нэг ч удаа ашиглагдаагүй, үйлдвэрээс гарсан тэр л янзаараа байгаа. Ингээд хэлэхээр тостой чигээрээ хэмээн ойлговол эндүүрэл болно шүү. Бид сургалтын явцад зохих үйлчилгээг тухай бүр нь хийж байсан. Харин үнэлгээний тухайд одоогоор нарийн хэлэх юм алга. Учир нь зэвсэг техник нэг бүрд тогтоосон үнэлгээний эцсийн шийд арайхан батлагдаагүй байгаа. Үнэлэх явцад хоёр тал зарим зүйл дээр маргалдаж байсан учраас НҮБ-ын зэвсгиин шинжээчид санхүүгийн албандаа зэвсэг нэг бүрийг тодорхой танилцуулсны дараа үнэлгээгээ хийх юм билээ.

-Та зэвсэг техникийн үнэлгээний асуудлаар санал зөрөлдсөн зүйл байгаа гэлээ. Энэ нь голсон гэсэн үг үү?
-Зэрэглэлийн хувьд санал зөрөлдсөн хэрэг л дээ. Тэд гуравдугаар зэрэгдэл гээд бид зэрэглэлээ ахиулахчих санаатай нэлээд зүтгэсэн. Бидэнд ингэж зүтгэх эрх байгаа. Монгол Улсын зэвсэгт хүчин зарим орон шиг ашиглагдаж байсан зэвсэг техникээ засаж сэлбэсэн юм байхгүй.

-Манай цэргийн багийнхны хөлөглөх онгоц цэргийн зориулалтынх уу. Ингэж асууж буйн учир хэмээвээс тэднийг хүрэх газартаа эсэн мэнд очиж чадах аюулгүй байдал хэр хангагдсан бол гэдэгт санаа зовж буй хэрэг.
-Үүнд санаа зовох хэрэггүй. Манай цэргийн бүрэлдэхүүн Испанийн иргэний агаарын тээврийн Бойнг-767 онгоцоор Сиерра-Леоныг зорин хөөрлөө. Уг онгоц замдаа Турк, Испанид түр зогсолт хийж шатахуунаа цэнэглэх юм билээ. Зэвсэг техникийн тухайд бие бүрэлдэхүүнээс хэд хоногийн өмнө цэргийн зориулалтын ачааны онгоцоор хүрэх газартаа хүрсэн байгаа.

-Хэдийнээс үүрэг гүйцэтгэж эхлэх вэ?
-Энэ сарын 8-ны өдөр Нигерийн цэргийн албан хаагчид манайд албан ёсоор ажлаа хүлээлгэж өгснөөр Монгол Улсын хөх дуулгатнууд зэвсгээ агсаад харуулд гарах учиртай.

Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ
(өдрийн сонин 2006-01-06 004)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button