Цолонд ойрхон бөхчүүд шинэ арга сэджээ

Нийслэлд ирсэн хөдөө гадааны хэн ч чадах чинээгээрээ хандив өргөж хүн бүхэн их бага хэмжээгээр хүчээ оруулсан Монгол бөхийн өргөө-нд үндэсний бөх барилдахад танхим дүүрэхгүй нь олон. Тэр үзэгчид сондгой тоотой сард албан байгууллагынхаа телевизийн өмнө шавж, төрийн түшээд ч өрөөнийхөө хаалгыг түгжээд сумо үздэгийг сайшааж боломгүй. Сумог сонирхож, харин үндэсний бөхөө дэлгэрүүлэхсэн гэх далдхан мөрөөдлийг мэдэрсэн залуус шинэ санаа сэджээ. Монголын үндэсний бөхийн холбооны дэргэдэх аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг зохион байгуулах комисс нэртэй баг бүрдүүлсэн. Тэд өчигдөр санасан, сэдсэнээ тайлагнасан. Цэргийн арслан А.Бямбажав, аймгийн арслан Н.Ганбаатар, Т.Өсөх-Ирээдүй, Ж.Оргил, Б.Ганзориг, Ш.Тогтохбаяр, аймгийн заан Р.Сэддорж гээд улсын цолонд ойрхон гэж үнэлэгддэг залуус дээрх комисст багтжээ. Шинэ жилийн анхны барилдаанаас эхлээд үндэсний бөхөө сурталчилах нөхдийнхөө санааг дэмжсэн аймаг, цэргийн цолтнууд гадаадаэс ч ирж барилдахаар болсон гэж зохион байгуулж байгаа залуус баяртай байсан.
Тэдний анхны үйл ажиллагаа ирэх 8-ны өдөр болно. Энэ нь аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн шинэ оны анхны барилдаан болох өдөр. Талх чихэрийн хэвийн боовны баяр нэртэй баяр гэхэд л жил бүр уламжлал болох гэнэ. Талх чихэр компанийн бүтээгдэхүүний сурталчилгаа бөхийн өргөөнд хийгдэж, барилдаан бүрийн давааны хишиг нь тэдний боорцог байх аж. Бүр эртний уламжлалаа сэргээж Бөхийн өргөө-нд зохиогдох барилдаан бүрт, даваа бүрт бөхчүүдийн алган дээр боорцог тавьж мялаах нь. Даваа мялаахад зориулсан Бөхийн боорцог нэртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхииг Талх чихэр-ийнхнээс хүсчээ. Магадгүй, дүрсгүй хүүхэд нь ааваасаа Бөхийн боорцог идье ээ гэж нэхдэг болох вий. Ингээд л сар, сарын барилдаанаар аль нэг үндэсний үйлдвэрлэлийг сурталчилдаг болох нь. Тэр бүхнээс орсон орлогыг нийгмийн хамгийн хэрэгтэй хэсэгт зориулж бай-хаа ч тайлбарласан. Тухайлбал. Талх чихэр-ийн боовны баярын ашгаасаа Бөмбөгөр худалдааны төвийн гамшигг өртсөн иргэдэд зориулах гэнэ. Цагаан сарын дараахан зохиогдох ээлжит барилдаанаар үндэсний монгол дээл сурталчилах аж.
Бүх телевиз сумо дамжуулдаг хэр нь үндэсний бөхийг бол томоохон баяр, ойн арга хэмжээнд зориулсан барилдаанаас бусдыг нь дамжуулдаггүй. Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн гээд барилдаан бүрийг олон нийтэд хүргэж байхыг телевизийн удирдлагуудаас ч хүсч байгаа гэнэ.

Б.ХАШ
(өдрийн сонин 2006-01-06 004)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button