Жүжигчин Амбий Шударгаар өрсөлдөх гэж л Шинэ үе -ээс гарсан

Нэгэн үе хошин урлагийн ертөнцөд Амбий, Бооёо, Хүрлээ гэх дархлааг тогтоож, шинэ үе болон түрж гарч ирж байсан тэднийг хэн хүн андахгүй. Нэг үгээр хэлэхэд тэд хамтдаа байхдаа хүчтэй байлаа. Амбийг хамтлагаасаа гарснаас хойш хэвлэлийнхэн хэсэгтээ л шуугиж, хөрөнгө мөнгөө булаацалдсанаас үүдсэн гэх маягийн таамаг дэвшүүлж байв. Энэ бүх олон асуултад хийгээд сүүлийн үед хийж буй уран бүтээлийнхээ талаар жүжигчин Амбий илэн далангүй ярилцлага өгсөн. Захиалгат инээд хамтлагийн захирлаар ажиллаж буй Амбий дахин нэг шинэ үеийг төрүүлж гаргахаар ханцуй шамлан ажиллаж байна.

-Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж байна. Өнгөрсөн он танд хэр өгөөж өгөв?
-Юуны өмнө намайг энэ нэр хүндтэй буландаа урьж байгаад маш их баярлаж байна. Ер нь өнгөрсөн онд маш завгүй байлаа. Өнгөрсөн жил маш их ажил амжуулсны хажуугаар уран бүтээлийн эрэл хайгуул их хийлээ. Их юм судлаж бас суралцлаа. Янз янзын олон курст сууж номын дуу сонссон шүү. Ингээд бодоход их өгөөж өгчээ. 2005 он чинь миний хувьд нэлээн тэмдэглэлт он болж өнгөрлөө. Миний амьдрал, уран бүтээлийн замд маань нэлээд өөрчлөлт орлоо. Найз нөхдийнхөө хүрээг ч их тэлсэн.

-Та жүжигчин болсон, хошин урлагтай амьдралаа холбосон талаараа нэг ч удаа ярьж байгаагүй. Тэр талаар дурсахгүй юу?
-Аав насаараа Дорнод аймгийн театрт тайз засагч хийсэн хүн. Тэнд би анх хөл тавьж, Дорнодын бүх алдартнуудын салхинд явж, тайзанаа суух сандлыг нь тавьж өгч явсан гээд аав минь надад их нөлөөлсөн. Урлаг гэдэг өвчний халдвар авчихаар сүүлдээ бүр архагшчихдаг юм гэж багш нар минь ярьдаг. Тэр бүхэн намайг урлагт дурлуулж, өдий хүртэл энэ чиглэлээр ажиллаж, илүүг шинэлэгээр хийх гээд л зүтгэж явна. 1995 онд СУИС-ын кино драмын ангийг төгссөн. Өмнө нь 1989 онд Дорнодын театрт дагалдан жүжигчнээр ажиллаж байлаа.

-Та чамгүй хугацаанд хошин урлагтай нөхөрлөжээ. Одоо ингээд бодоход хошин урлаг танд юу өгөв?
-Уран бүтээлч хүн цаг хугацааг туулахдаа их юм сурдаг. Намайг 1200 төгрөгний цалинтай оюутан байхад арван жилийхэн маань наймаа хийж унаа тэрэг, байр сууцтай болчихсон байсан. Гэхдээ би үүнд урлагт хайртай байсан болохоор сургуульдаа үлдэж чадсан. Тэр үед наймаа хийгээд явсан бол өнөөдөр ямар ч байх байсан юм билээ. Харин урлагтай амьдралаа холбосондоо би өнөөдөр өдий зэрэгт явна. Урлаг надад их юм өгсөн дөө. Бас урлаг надад сайхан найзууд хайрласан. Түүнийх нь хариуд би урлагт үнэнч, шудрага зүтгэх ёстой.

-Хошин урлагийн ирээдүйг хэрхэн хардаг бол?
-Наад асуултанд чинь би бардам хариулж чадна. Манай хошин урлаг маш хурдацтай хөгжиж. өдрөөс өдөрт дэлбээлж, цэцэглэж байгаа. Үүний эх суурийг тавьсан гавьяатууддаа би баярлаж явдаг. Хошин урлагийн Нууц ноёнтон-ууд гэгддэг МУГЖ Сосорбарам, Батзаяа, Батсүх, Чамичулуун эгч гээд энэ хүмүүст талархахгүй байхын аргагүй. Урд, хойд хөршийн маань хошин урлагийн хөгжил бидний доор байгаа гэж ам бардам хэлнэ. Бид тэдэнд сургалт явуулах хэмжээний түвшинд хүрсэн гэхэд болно. Хамгийн гол нь манай хошин урлаг маш их шалгууртай. Монголын үзэгчид маань гадаадын аль ч орноор явж юм үзэж, нүд тайлсан хүмүүс байдаг. Урлагийн бүх л төрлийг ойлгодог болчихсон хүмүүсийг инээлгэнэ гэдэг бол хэцүү шүү дээ. Гэхдээ бид чадаж байгаа. Гэлээ ч онгирч оодрох болоогүй байна. Нэг удаа МУГЖ Дамчаа гуайн Эргээд бодоход надад төгс бүтээсэн дүр байхгүй юм шиг санагддаг гэж ярихыг нь сонсоод их цочирдсон. Тэгэхээр бид яагаа ч үгүй байгаа. Суралцсаар байгаад л дуусна даа.

-Нэг үеэ бодоход хошин шогийн хамтлагийн тоо нэмэгдсэн. Чанартай чанаргүй бүтээл их хийж байна гэх боллоо?
-Ер нь юм бүгдэд шалгуур байх хэрэгтэй л дээ. Нэг үе бид элдвээр хэлэгдэж байсан нь үнэн. Гэхдээ даваад л гараад ирсэн. Сүүлийн үед олон хамтлаг гарч ирж байгаа. Гарч ирэх ч ёстой. Цаг хугацааны шалгаруураар үлдэх нь үлдэж тарах нь тардаг. Манай анги л гэхэд СУИС-ийн кино драмын ангийг 27 хүүхэд төгсөхөд 5 хүүхэд нь жүжигчин болж, үлдсэн нь өөр чиглэлийн ажил хийж байна гээд бод доо. Тэгэхээр урлагийн тайз хэнийг ивээхээ мэддэг юм. Манай хамтлагийн дүү нар л гэхэд зарим нь Толгойтоос явган гүйгээд л байна, амгалангаас гүйгээд л байна. Наашаа нэг юм татаад байнаа даа. Урлагт хайртай болоод л тэр шүү дээ. Олон хамтлаг байгуулагдах тусам илүү өрсөлдөөн гарна.

-Энэ хамтлагуудын ялгарах онцлог нь юу юм бол?
-Өрсөлдөөн ер нь байнга байдаг, байсаар ч байх болно. Онцлог ялгарах зүйл гэвэл яахав тус тусдаа нэг нэг төрлийн жанр барьдаг л даа. Нэг хамтлаг нь мюзикл тоглож байхад нөгөөх нь цогц тоглолт тавьж байх жишээтэй. Жанруудаар жаахан ялгагдана уу гэхээс зорилго нэгтэй.

-Та өөрийгөө хэр зиндааны жүжигчин гэж боддог вэ?
-Яг хошин урлаг дотроо бол суралцаад л явж байна. Төгс боловсрох гэж сурч явна. Ямар ч дүр бүтээхэд бэлэн байх хэрэгтэй. Үүнд нэг их зиндаа яриад яахав. /Инээв/

-Та ямар дүрийг илүү амархан бүтээдэг вэ?
-Жүжигчин хүн өөрөө сайн, хамтрагчид нь сайн байж гэмээ нь сайн дүр бүтээнэ. Намайг Шинэ үе продакшинд байхад манай Хүрлээ, Бооёо бид гурав гар нийлдэг байсан. Тэр хоёр бол чадалтай жүжигчид. Бид гурав олон жил хамтарч ажилласан. Тийм учраас надад тусалж, би тэнд чанартай бүтээл хийдэг байсан. Яг тийм дүр гэхээр ичмээр юм даа. Бүх л дүрд хувирахын төлөө ажиллаж байна. Хааяа Амбий чиний тэр чинь их таалагддаг шүү гэж сонсоход сайхан л байдаг.

-Таны хувьд төгс боловсорсон хошин шогийн жүжигчин бий юу?
-Миний бодлоор байхгүй ээ.

-Тэгвэл дөхөж яваа…?
-Дөхөж яваа гэвэл манай ахмадууд л байна даа. Тэд дэлхийн жүжигчидтэй хамтраад тоглоход нэг их дутаад байх юмгүй.

-Хошин шогийнхныг хүмүүсийн халаас сэгсэрдэг гэж муучилдаг?
-Бид олон жил муулуулсаар ирлээ. Халаас сэгсэрдэг гэдэг чинь харин цэвэрхэн хэлж байна. Ер нь дээрэмчид, луйварчид эн тэр гэж айхтар хэлдэг шүү дээ. Бид хүний халааснаас мөнгийг нь авдаггүй. Хүн өөрөө дуртайдаа л үздэг. Гэхдээ сайн уран бүтээл хийж байж хүнд үзүүлэх хэрэгтэй.

-Таны хамгийн сайн уран бүтээл чинь юу бол?
-Ер нь бүгдээрээ сайн шүү. / инээв/ Шинэ үе-д байхдаа муу юм хийсэн гэж хэлүүлж байгаагүй. Интернэтээр хийсэн судалгаагаар гадаадад байгаа монголчуудаас хамгийн дээд оноог Шинэ үе авч байсан.

-Та яагаад хамтлагаасаа гарсан юм бэ?
-Бооёо, Хүрлээ бид гурав дандаа хамт байна гэсэн хууль байхгүй. Бид нар хангалттай хамт байсан, сайн ч уран бүтээл хийсэн. Хамтдаа дэлхийн том том гүрнүүдээр явж тоглолоо. Би Шинэ үе продакшндаа баярлаж явдаг юм. Юм үзүүлж нүд нээлгэж, хөлд оруулсан хамтлаг бол Шинэ үе. Хүмүүс намайг урлагийг хаячихсан мэтээр л ойлгоод байна. Тийм биш. Харин өөр шинэ хамтлаг байгуулаад Шинэ үе-тэйгээ зэрэгцээд тоглохыг хүсч байна. Шинэ үе-ийнхэн ч хүсч байгаа. Бид гурав бие биенээ дэндүү сайн мэдэх учир илүү гоё өрсөлдөөн бий болгоно. Мэдээж бие биеэсээ илүү сайныг хийх гэж зүтгэх нь мэдээж. Өрсөлдөөн байна гэдэг чинь л Монгол улсын хошин урлаг хөгжиж байна гэсэн үг. Би цэвэр өрсөлдөх гэх хамтлагаасаа гарсан.

-Мөнгөө булаацалдаж, хэрүүл хийж гарсан гэж нэг хэсэг.шуугисан?
-Тийм юм гэж юу байхав дээ Яахав цаг хугацаа харуулна.

-Та шинэ хамтлаг байгуулж байгаа юм уу?
-Шинэ хамтлаг ч биш л дээ Захиалгат инээд хамтлагтай нийлж уран бүтээл хийж байна Дүү нар маань Амбий ахын удирдлаган дор ажиллая гэж урьсан, би ч баяртай хүлээж авсан. Дүү нартайгаа нийлж шинэ, шинэлэг юм хийх болно Чуулгын 60 хар гэдэг шиг найман хар залуу л байна даа

-Хүрлээ, Бооёо та гурвын шадар гурван цэрэг гэдэг Тэднийгээ санаж байна уу?
-Тэгэлгүй яахав, сайхан үег үргэлж дурсана шүү дээ. Тэр үеэ хэзээ ч мартаж болохгүй, би хэзээ ч мартахгүй. Тэндээс чинь л бидний амьдрал эхэлсэн. Бид гурвыг урлагийн алтан тайз ивээсэн. Одоо бодоход үгээр хэлэх аргагүй дурсамжит мөч л дөө Одоо энэ чи бид хоёрьи ярилцаж байгаа өрөө хүртэл нь дурсамжтай. Энд Шинэ- үе продакшн анх байрлаж байсан Тэгтэл өнөөдөр ингээд Захиалгат инээд хамтлаг байрлаж байна. Энэ өрөө амьтай бол юм хэлэх л байсан байх. Энэ хананд Шинэ үе шагналуудаа өрдөг байсан бол одоо Захиалгат инээд-ийн шагнал өлгөгдсөн байна. Шагналуудаа өрчихөөд эд нар чинь бидний хийсэн юм шүү дээ. Нэгдөрвөлжин өргөмжлөл, талархал ирэхэд л бидний хүч хөдөлмөр, шөнийн 4, 5 цаг хүртэл нойр хоолгүй сууж байж гаргасан уран бүтээлийн маань үр шим гэж бодоход сайхан байдаг юм.

-Урлаг хүнээр дутдаг юмуу, хүн урлагаар дутдаг юм уу?
-Урлаг хүнээр дутахгүй л дээ. Уран бүтээл хийхэд хамт олон чухал. Тэгэхээр хүн урлагаар дутах байх. Гэхдээ урлагт хайртай бол шүү дээ.

-Та Шинэ үе-ээр дутах уу?
-Дутна гэхэд хаашаа юм. Би чинь одоо хамтлагтай болсон хүн. Гэхдээ хамт олон хүнээр дуталгүй яахав. Нэг нэгийгээ үгүйлнэ шүү дээ.

-Хүн болгон гавяатай. Та ямар гавяа байгуулсан бол?
-Биднийг уран бүтээлээ хийж эхлэхэд телевиз, сонин хэвлэлээр алаан хядаан, цус нөж, хутга шөвөг болсон мэдээ мэдээллүүд цацагддаг байлаа. Тэгэхэд бид хүмүүст инээд бэлэглэж байсан нь түүнтэй тэмцэж байсан гэсэн үг. Ямар сайндаа шөнө сургуулилт хийж байхад авгай утасдаад ирэх болж байна уу телевизээр сая муухай юм гараад санаа зовоочихлоо, болгоомжтой яваарай гээд захидаг байсан. Гудамжинд гарахад нэг л хүйтэн, хүн хүнээсээ айгаад их хэцүү байсан шүү дээ. Тэр болгонтой бид тэмцсэн. Энэ бол хошин урлагийн хийсэн том гавъяа шүү. Би гавъяа гэж боддог юм.

-Та Шинэ үе-ийнхэнтэй холбоотой байгаа юу?
-Намайг шинэ хамтлагтайгаа шинэ уран бүтээл хийнэ гэсэн чинь Шинэ үе-ийнхэн маань дэмжиж байгаа. Бид холбоотой байгаа. Утсаар ярьж инээлдээд бүгдээрээ сайхан үзэлцэнэ гээд л явж байна. Бидний өрсөлдөөний гол зорилго бол ерөөсөө л шинэ юм гаргаж ирэх. Тэр шинэ юмыг монголын ард түмэн үзэх хэрэгтэй. Тэгээд бас шүүх ёстой.

-Та хэдэн нас хүртлээ хошин урлагт зүтгэх вэ?
-Тайзан дээр гараад ирэхээр За даа энэ Амбий ч больж дээ гэж хэлэхээс өмнө л болих байх. Шинэ үеийнхэн маань саяхан Батсүх ахтайгаа сургуулилт хийж байгаад явган суугаад босдог номер дээр бүгд дэрхийгээд боссон чинь Баачкаа ах маань босч чадахгүй байсан. Энэ бол харамсмаар ч гэсэн цаг хугацаа харуулж байна. Эрийг нас, уулыг цас дарж байна гэсэн үг. Бид нар ч гэсэн тийм л болно. Харин ч Баачка ах, Заяа ах нар маань хөнгөхөн, гүйж харайгаад дэвхэрээд явж байна шүү. Бид нарын залбирдаг юм энэ хэдэн акул-уудын маань бие тэнхээ л сайн сайхан байгаасай гэж. Алдаа оноог минь хэлж, загнахдаа загнана, зэмлэхдээ зэмлэж явдаг хүмүүс маань шүү дээ. Эднийхээ үгийг сонсож байхгүй бол бид хэцүүднэ шүү.

-Та Хүрлээ, Бооёо хоёртой зөвхөн уран бүтээлийн найзууд уу эсвэл амьдрал дээр ч гал хамууд уу?
-Бид найз байж хамт олон болно. Маш сайн найзууд. Тэр чигээрээ найзууд хэвээр л дуусна. Ер нь биднийг салгах дуртай хэсэг хүн байдаг бололтой. Цаг хугацаа бүхнийг харуулна. Бид эргээд зөндөө л хамтарч тоглоно шүү дээ. Тэгэхээр яах юм. Буцаад нийлчихлээ гэж хэлэх үү.

-Захиалгат инээд-ийн анхны тоглолт хэзээ болох бол?
-Маш сайн бэлдэх хэрэгтэй. Яагаад гэвэл залуу хамтлаг, гал халуунаараа байна. Би ч бас тэд нарын насан дээр байсан. Бооёо, Хүрлээ бид нар яг л ийм байсан. Уран бүтээлийн чанар гүйцсэн тохиолдолд тоглолтоо хийнэ.

-Та ч сая нэг хэсэг баахан муулуулах шив?
-Тэр яахав, Бооёо, Хүрлээ бид гурвын муу юмыг хааж байгаа байх. Хүн дандаа магтуулж явах хэрэггүй. Худлаа ч бай үиэн ч бай ярих нь нэг нь ярьж л байг.

-Зуун айлд барьж байсан дөрвөн давхар байшин чинь нурчихсан юм уу?
-Харин шатчихсан
нурчихсан гээд л байсан тэр барилга нь зүгээр л байж байна. Хүн зүгээр юм хийгээд явж байхад жаахан гомдмоор л юм билээ. Яахав хүн жижигхэн. хоолны газар бариа л биз. Тэрийг заавал шатааж яах нь вэ. Үнэхээр шатаад нурчихсан бол яахав. Чи очоод үзээрэй. Зүгээр байгаа.

-Та бизнест хүч үзэж эхэлжээ дээ?
-Би урлагтайгаа л байгаа. Би ураи бүтээлээ л хийнэ. Би уран бүтээлч хүн.

-Танд амжилт хүсье.

2006.01.6, Зиндаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button