Шүүхийнхэн надаар далимдуулан Монголын томоохон авилгын сүлжээг илрүүлэхийг зорьж байна

Тэднийг үзэл бодлоо бичсэнийх нь төлөө шүүх цагдаагийн хаалганд цовдолж, шүүхийн орон тооны бус ажилтан болгодог заншил тогтжээ. Тэдний нэг нь улстөр судлаач Д.Ганхуяг. Тэрээр ноднин бичсэн өгүүллээсээ болоод шүүхэд хоёр дахь удаагаа дуудагдаад байгаа юм байна. Судлаачаас яагаад шүүхийн хаалга татах болсныг нь тодрууллаа.

-Таныг шүүх цагдаад дуудагдаад байна гэж сонслоо? Ямар буруу хэрэг тарьчихаад шүүх рүү гүйх болов?
-2005 онд Монгол таймс сонины нэгэн дугаарт Их өр О.Цолмон 8сая нэртэй өгүүлэл бичсэн юм. Монгол банкны ерөнхийлөгч О.Чулуунбат Монгол банкны болон миний нэр хүндийг унагаасан хэмээн намайг шүүхэд өгсөн байна.

-Таны тэр өгүүлэл чинь нэлээд эрт гарсан шүү дээ? Гараад бараг жил болж байгаа биз дээ? Яг юун тухай бичсэн байлаа?
-Тийм ээ. Бараг хэрэгсэхгүй болж байтал дахиад босоод ирлээ. Энэ нь цаанаа улстөрийн том агуулгатай зохион байгуулагдаж байгаа гэж бодож байна. Энэ өгүүллийг чинь нарийвчлан судлаж байж бичсэн, нэлээн том юмны үзүүр байсан юм шүү дээ. Монгол улсаас ОХУ-д төлсөн 250 сая ам. доллараас сох дутсан 50 сая ам. долларын сургийг гаргаж тавьсан юм. Энд тэр үеийн Ерөнхий сайд байсан Н.Энхбаярын эхнэр О.Цолмон Монгол банкны ерөнхийлөгч О.Чулуунбатын дэмжлэгтэйгээр 8 сая ам. долларыг нь замаас нь зувчуулсан байж магадгүй талаар дурьдсан.

-Баримттай бичсэн биз дээ? Нэлээд хуучирсан хойно нь дахин сөхөгдөж байгаа нь ямар учиртай юм бол оо?
-Надад нотлох баримт хангалттай тул байлдахад бэлэн байна. Бараг хэрэгсэхгүй болж байгаад дахиад мандаж байгаа нь учиртай л байгаа. Надад хэд хэдэн таамаг байна л даа.
Нэгдүгээрт, өөрсдийн нь булайг дэлгэдэг нэг хүнийг ч болов нам дарж авах эцсийн зорилготой байж болох.
Хоёрдугаарт, өмнө нь авилгын хэрэг мандаад байхад О.Чулуунбат дандаа сүүдэрт, хамгаалалтад явдаг байсан шүү дээ. Н.Энхбаярын халаасны хүн учраас. Харин одоо О.Чулуунбат Н.Энхбаярт хэрэггүй болсон байж магадгүй. Энхбаяр тэртэй тэргүй хүрэх гэсэн өндөрлөгтөө хүрчихсэн учраас. О.Чулуунбаттай их сүжрээд, хамгаалаад байвал өөрийн нь авилгын хэрэг мандаад хамт ойчих магадлалтай. О.Чулуунбатыг халааснаасаа гаргаж хаянгуут өмнө нь шүүх цагдаагаас Н.Энхбаярын нөлөөгөөр дархан хамгаалагддаг түүнийг шүүхийнхэн барьж авах гэж улайрч байж магад. О.Чулуунбатыг шүүх рүү чангаах шалтаг нь судлаач би. Шалтгаан нь түүнтэй холбоотой асар олон авилгалын сүлжээ. Би иймэрхүү л таамагтай байна. Ямартаа ч гэсэн би худлаа юм хэлээгүй, бичээгүй, шударга үнэн ялна байх гэж л бодож байна.

Ц.Ганчимэг
Улс төрийн сонин 2006.01.6,

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button