Ш.Гунгаадорж Улс төрийн шатарт ядаж 2009 он хүртлэхийг харах хэрэгтэй

Улс төрийн сонирхолтой, эгзэгтэй үед өөрийн үгийг хэлж байсан улс төрийн туршлагатай зүтгэлтэн тэрбээр 1998 оны зургадугаар сард мөн Ц.Элбэгдоржийн засгийн газрыг огцруулах тухай олон нийтийн дунд шуугиан дэгдэхэд тэгж огцруулах үндэслэл маш бага байгаа гэдгийг олон талын дүгнэлтээр гарган тавьж байсан юм.

-Юуны өмнө Танд Монгол Улсын гавьяат агрономич цолыг хүртсэнд баяр хүргэе. Шагнал эртдэнэ, оройтно ч гэж байдаг. Таны хувьд ямар сэтгэгдэлтэй байгаа вэ?
-Баярлалаа. Хоёр оны босгон дээр энэ эрхэм шагналыг хүртлээ. Би жараад оноос хойш, бараг насаараа Монголын хөрс шороотой ноцолдож, газар тариалан гэгчийг үүсэхээс нь эхлээд том салбар болтол нь бие сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулж явлаа. Хэдийгээр нам, төрийн алба хашиж байсан ч миний зүрх сэтгэл газар тариалантай ямагт холбоотой байсан. Тийм учраас үеийн үед, насан эцэс болтлоо миний хувь заяа энэ газар шороотой холбоотой байх болно. Миний албан тушаал, алдар хүнд, амьдралын сайн сайхан бүхэн маань Монголын хөрс шороотой холбоотой. Би энэ газар шороондоо хайртай. Баярлаж, шүтэж, хайрлаж хамгаалахын төлөө зүтгэдэг. Нөгөөтэйгүүр би энэ мэргэжлээ шүтэж явдаг. Дэлхийд нэртэй Зөвлөлтийн тэр том сургуульд сурч, жинхэнэ тогооноос нь хутгаж, эрдмийн дээжээс хүртэж эзэмшсэн мэргэжил маань намайг энэ зэрэгт хүргэсэн болохоор мэргэжилдээ үнэнч, мэргэжилтэн хүний ёс суртахууныг байнга сахиж явахыг хичээдэг. Оройтсон, эртэдсэний тухайд надад хэлэх юм алга. Яахав, насны хувьд бодвол хүмүүс хэлж л байдаг юм. Өөрийг чинь аль эрт гавьяат авчихсан байх гэж бодсон гэж. Тэрийг би яаж мэдэхэв. Янз бүрийн шалтгаанаар хойшилж, урагшилсан байж болох юм. Дээхнэ үед өндөр албан тушаал эзэмшиж байхад төрийн өндөр шагнал өгөөд байдаггүй байсан. Тэр мэтийн шалтгаан бий л дээ. Хамгийн гол нь энэ шагналыг авсан нь өөрөө их том зүйл юм.

-Өнөөдөр та ямар албан тушаал эрхэлж байна, ажилдаа хэр сэтгэл хангалуун явдаг вэ?
-Байгаль орчны сайдын зөвлөх гэдэг албыг албан ёсоор хашиж байна. Үүний зэрэгцээ Тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн зэрэг нэлээд хэдэн төрийн бус байгууллагад ажилладаг. Намайг 1997 онд Казахстан улсад Элчин сайдаар ажиллаж байгаад ирэхэд манай газар тариалангийн салбар үнэхээр нурчихсан, хэцүү байдалтай байсан. Тэгээд сэтгэл нийлсэн хэдэн хүнтэй хамтран энэ холбоог байгуулаад, газар тариалангаа сэргээх чиглэлээр ажилласан. Ер нь 2000-2004 онд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар ажиллалаа. Байгаль хамгаалах ажлын талаас нэлээд анхаарч, газрын, усны хууль гаргах зэргээр бас насны сүүл рүү байгаль хамгаалах энэ буянтай үйлсэд хүчин чармайлт тавьж байгаа. Гэхдээ газар тариалангаа орхихгүй нь мэдээж.

-Сүүлийн жилүүдэд ган гачиг болж, цас бороо ч ховордож ургац хураах ажилд байгалийн бэрхшээл багагүй нөлөөлж байна. Монголчууд гурил, хүнсний ногоогоо хүртэл өмнөд хөрш болон бусад орнуудаас оруулж ирэх болсон нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах болов. Энэ талаар Та ямар бодолтой байгаа бол?
-Монгол Улсад газар тариалангийн салбар 40 гаруй жил хөгжиж ирлээ. Энэ хугацаанд эрчимтэй хөгжлийнхөө дээд шатанд ч хүрлээ. Эрчимтэй унах доод шатандаа орж, унаж ч үзлээ. Янз янзын л юм үзэж явна. 1980-аад оны үе л хүчээ авсан оргил үе нь байлаа шүү дээ. Одоогийнхоос арав дахин их буюу 800-900 тонн тариа авдаг, гадаадад гаргадаг, зам талбайдаа хүртэл хурааж, хадгалдаг байлаа. Тэр үед систем, удирдлага, төлөвлөгөө гээд бүх юм өөр. Төрөөс энэ бүхнийг анхаарна, хангана. Хувийн хэвшил гэж байсангүй. Тариаланчдьш өөрсдийн мэргэжлийн төвшин өндөр, жинхэнэ тариа ургуулахад шаардлагатай технологийг нэг бүрчлэн сахиж байж тариа хурааж, үр шимийг нь хүртдэг байлаа. Тариа тарина гэдэг чинь хэдэн үрийг болсон болоогүй шороонд хутгаж хаячихаад намар нь ургац авна гэж суух биш шүү дээ. Одоо л ийм байдалд орчихоод байх шиг байна. Технологи гэгч юм бүр байхгүй болсон. Түүн дээр сүүлийн жилүүдэд байгаль, цаг уур өөрчлөгдөж, ган гачиг ихэсч байна. Гэхдээ ган гачиг дээр үед ч байсан.
Өнөөдөр бид байгалийн өмнө хүчин мөхөстөж болох ч газар тариалангийн мэргэжлийн бүхэл бүтэн арми, шинжлэх ухааны ололт амжилтууд байна. Тэгэхээр байгалийг хараад, энэ л болохгүй юм гээд санаа алдаад суух нь учир дутагдалтай. Ер нь тариаланчид хэчнээн хүнд нөхцөлд ч өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж ядаж ургацынхаа 30 орчим хувийг хураачихаад, дараа нь байгаль руу буруугаа чихэж болох юм. Үүнд манай тариаланчид гомдохгүй байх.

-Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн байсан тантай улс төрийн сэдвээр хөөрөлдөлгүй өнгөрч боломгүй санагдлаа. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар ямар үзэл бодол тээж явдаг вэ гэдгийг сонирхож болох уу?
-Товчхон хэлэхэд, өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал амаргүй байна. 1990 онд намайг Засгийн газар тэргүүлж байх үед ч амаргүй үе олон таарч байсан. Хамгийн богино хугацааны Засгийн газар хэдий ч манай Засгийн газрын гишүүд нойр хоолгүй, дээл гутлаа ч тайлалгүй контортоо хонох явдал бишгүй байсан. Олон аймагт өлсгөлөн зарласан, Сүхбаатарын талбайд битүү жагсчихсан, хэцүү л байсан. Түүнээс хойш улс төрийн тийм ширүүн үймээн, дайралтууд өнгөрсөн арван хэдэн жилд гарсангүй. Аль ч улс төрийн хүчин засгийн эрхэнд гарсан Засгийн газар тайван ажиллах бололцоотой байсан. Харин өнгөрсөн хоёр жилд, ялангуяа 2005 онд иргэдийн бухимдал ихэсч, үүн дээр янз бүрийн авир ааштай хүмүүс улс төрийн хүчнүүд тоглох боллоо. Зарим нь үнэн сэтгэлээсээ ч тэгдэг байж болох л доо. Энэ олон хадөлгаөнииг оуруутгах аргагүй. Цаана нь ард түмний дургүйцэл дээд цэгтээ хүрчихээд байх шиг. Миний ажиглаж байгаагаар ядуурал гэхээсээ илүү нийгмийн шударга ёсны төлөө тэмцэл давамгайлж байх шиг байна. Эдгээр хөдөлгөөн гарч ирж байгаа нь нийгмийн шаардлагаар урган гарч байна гэж үзэж болох ч илэрхийлж байгаа арга нь оновчтой биш. Ерээд оны үеэр ард түмэн жагсаад их л бодож өргөн барих бичиг өгдөг, Засгийн газрын гишүүдтэй өдөрт л хоёр гурван удаа уулздаг байлаа. Үүний үр дүнд л ардчилсан сонгууль явуулах зэрэг нийгмийн дэвшилттэй үр дүнд хүрсэн юм шүү дээ. Одооны нөхцөл байдалд хэлэлцээний замаар асуудлыг шийдвэрлэх арга барил хэрэгтэй. Хэлэлцээний ширээний ард сууна гэдэг асуудлыг тайван замаар шийдвэрлэх хамгийн ухаалаг, зөв арга. Хөдөлгөөнийхөн бичиг өгөх гээд байхад нь авахгүй байдаг нь төр, засгийн зүгээс хайхрамжгүй хандаж байгаа хэрэг. Энэ нь тэдний дургүйцлийг хүргэхэд улам хүч өгч, доргиогоод байгаа юм биш үү. Үүнийг далимдуулаад төрийн ордондоо халдлаа. Сүүлийн үед хэн дуртай нь хэдэн туг бариад очдог, болохгүй бол чулуу шидэх боллоо. Энэ маш буруу. Ер нь төрийн ордны дэргэд оччихоод, цагдааг нь үсдээд зодож байна гэдэг бол дэлхийн практикт ч ховор, бүдүүлэг үзэгдэл. Энэ талаасаа их эвгүй, үүнийг зөвтгөх аргагүй. Үүнийг төр ч анхаарах ёстой, зохион байгуулж байгаа удирдагч, манлайлагчид ч хэт дэвэргэх биш, асуудлыг тайван замаар шийдэхэд улс төрийн ухаан зарах хэрэгтэй. Юу ч мэдэхгүй залуус, оюутнууд f6y юугүй нударга зөрүүлэх нь яван явсаар огт хяналтгүй байдалд орохыг ч үгүйсгэх аргагүй шүү дээ.

-Энэ Засгийн газар, УИХ-ыг тараах талаар ярих боллоо. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-За яахав, будлиан, самуун байсан л биз. Гэхдээ 2004 оны сонгууль бол үнэхээр ард түмний сонголт байсан. Факт бол факт. Хоорондоо ярьж тохироогүй мөртлөө яалт ч үгүй л хоёр хуваагаад өгчихлөө. Ийм нөхцөл байдалд яаж төр, засгийг жолоодох, ард түмэнтэйгээ ямар эргэх холбоотой байх вэ гэдэг дээр шинэ арга ухаан сэдэж ажиллах ёстой болсон. Харамсалтай нь зөвшилцлийн нөгөө кэг субъект нь уначихсан л даа. Гэсэн ч дүүжигнээд, улс төрийн гол хоёр хүчин ачаагаа үүрээд явж байгаа. Эрх зүйн чадамжгүй засгийн газар, энэ тэр гээд яриад байгаа. Энэ бол шалтгаан биш, шалтаг. Өнөөдрийн нөхцөлд үүнээс өөр арга байхгүй. Үгүй бол тараад, дахин сонгууль явуулж, засаг төрөө байгуулах. Гэхдээ энэ нь ихээхэн эрсдэлтэй, хүндрэлтэй зам. Энэ нөхцөлд засаг төр үймнэ гэдэг бол улс орныг юунд ч хүргэж болох аюул харагдаж байгаа юм. Ийм үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ хоорондоо маш Эв нэгдэлтэй байж, улс орныхоо төлөө өөрсдийгөө золиосолж ажиллах хэрэгтэй. Яагаад гэвэл УИХ Засгийн газраа, ард түмэн Ерөнхийлөгчөө сонгосон шүү дээ. Энэ гурав хоорондоо толхилцоод байвал өнөөх үймээд байгаа хэсгүүдийн идэш болно. Засгийн газрыг байгуулагдсан өдрөөс нь эхлээд байлгаж, суулгахгүй оролдлоо. Ц.Элбэгдорж уу, өөр хэн бэ гэдэгтээ биш. Нэгэнт УИХ өөрт нь итгээд Засгийн газраа байгуулсан бол түүнийгээ тууштай дэмжиж, үнэхээр болохгүй, бүтэхгүй юм хийчихээгүй бол аль болох дэмжиж ажилламаар байна. Засгийн газрыг огцруулж яах юм бэ. Энэ Засгийн газар өнгөрсөн жил гаруйн хугацаанд зүгээр суугаагүй. Хийсэн ажлаа ард түмэнд тайлагнахаар нь шоучин, чалчаа гэх юм. Дуугүй суугаад байхаар юу ч хийсэнгүй гэх. Тэр чинь үлгэр биш, ажил яриад байгаа юм шүү дээ. Манай засгийн газар ийм юм хийх гэж байгаа юм байна гэдгийг олон түмэнд ойлгуулах ёстой биз дээ. Эхлээд хүмүүсийн сэтгэл зүйд хийж, чиглүүлж байж, ажил үр дүнтэй болдог.
Манай нэгэн хөдөлмөрийн баатар, тариаланч хэлж байсан. Тариаг талбайд ургуулахын өмнө тариачин хүний тархинд нь ургуулах хэрэгтэй гэж. Аугаа үг шүү. Ард түмний дургүйцээд байгаа бас нэг зүйл бол ерөөсөө вакум үүсчихээд төр засаг гэдэг чинь тэр дээр зүүлттэй, доор ард түмэн байна гээд байгаа. Энэ Засгийн газар өмнөх засгийн газруудыг бодвол харьцангуй ил ажиллаж байгаа.

-Уучлаарай, Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг танай намаас гаргаж ирсэн юм биш үү?
-Энэ талаар хэвлэл мэдээллийн хэмжээний л ойлголттой байгаа. Би МАХН-д насаараа зүтгэж байгаа хүн. Хэвлэлээс харахад манай нам л Засгийн газрыг огцруулах ажлыг санаачлаад байгаа мэтээр ойлгогдож байна. Энэ нь худал бол намын нэр хүндэд халдсан гүтгэлэг болно. Харин үнэн бол Намын удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлэг үүнээс өөр хийх ажилгүй болчихсон хэрэг үү гэмээр. Ер нь энэ асуудлаар намын удирдах зөвлөл, намын нөхөд олон түмэнд үнэн зөв, тов тодорхой хариугаа өгөх хэрэгтэй. Үнэн бол их осолтой алхам болох гэж байна шүү гэж би анхааруулмаар байна. Манай намын нөхөд, энэ хэвлэлээр яриад байгаа шиг, ийм явуургүй ажил хийгээд байгаа нь унэн бол даанч харамсалтай. Ийм ойрхон бодолтой хүмүүс манай намд байгаа гэдэгт итгэхгүй л байна. Сайд, Ерөнхий сайд болохыг бодоод байгаа бол энэ нь ихээхэн гэнэн алхам шүү. Шатарт бол, ядахдаа гурван нүүдлийн цаадахыг хардаг биз дээ. Тэгвэл улс төрийн шатарт арай хол нүүдлийг харах, ядаж 2009 оныг хүртэл харах хэрэгтэй. Засгийн газрыг огцруулахаар дараа нь бөөн шуугиан гарна. Тэгэхлээр улс төрийн их гал хаашаа явах вэ. Олон нийтийн санаа бодол улс төрийн аль хүчин рүү илүү чиглэх вэ гэдгийг хүртэл тооцох хэрэгтэй. МАХН бол урьд ч өнөөдөр ч улс орныг авч явсан нэг том хүчин мөн. Цаашдаа ч ийм байх болно. Энэ намын бодлого, хийх алхам зөв эсэхээс их юм шалтгаална. МАХН өнөөдөр том хариуцлагын өмнө байгаа гэдгээ ойлгож хандах ёстой. Өнөөдөр Засгийн газрыг огцруулахад маргааш шинэ засгийн газар тийм амархан гарч ирэх үү. Гарч ирлээ ч үүнээс сайн ажиллаж чадна гэдэгт би итгэхгүй байна. Бужигнаантай байгаа нөхцөлд засгаараа оролдоод аваад хаячихвал УИХ ганхахыг ч үгүйсгэх аргагүй. Ингээд намын нэр хүндэд нөлөөлөөд зогсохгүй. Эдээрээ оролдвол эвдэхийн тэмдэг, эхнэрээрээ оролдвол салахын тэмдэг гэсэн ардын үг байдаг. Хамгийн гол нь өнөөдөр ард түмэн Засгийн газраа огцруулъя гэж жагсаагүй, ура хашгираагүй байгаа шүү дээ. Тэгсэн бол өөр хэрэг. Энэ бол том хүчин зүйл шүү.

-Таныг Засгийн газрыг тэргүүлж байх үед хамгийн хүнд асуудал ядуурал байж. Өнөөдөр хамгийн гол нь шударга ёсны төлөө, авлигын эсрэг тэмцэж байна. Авлига гэгч тэр үед байсан уу, хэдийд хаанаас урган гарсан эд вэ?
-Авлига гэгч өнөөгийн яриад байгаа шиг байгаагүй, байх ч үндэсгүй юм. Яагаад гэвэл бүгдээрээ ижилхэн зүйл эдэлж хэрэглэдэг, ижил цалин хангамжтай байсан юм чинь. Нэг шил архи, шоколадаар гар цайлгахыг эс тооцвол. Бие биеэ айхтар хянадаг. Би чамд нэг шил архи бэлэглэхийг харчихвал хажууд байсан нөхөр очоод матна. Нэгэн яамны сайд болохын тулд доороосоо эхлээд маш олон давхар шалгуурыг давдаг байсан. Авлига гэгч зах зээлийн үеэс эхэлсэн эд л дэЪ. Өнөөгийн парламентын бүрэлдэхүүнийг харахад маш олон бизнесмэнүүд байна. Тэд ард түмний эрх ашгийн төлөө өөрийгөө золиослож чадах уу. Уг нь тэгэх ёстой. Гэхдээ чадахгүй л болов уу.
Харин сонгуулийн хууль нэлээд сайн хууль батлагдчихлаа гэж би олзуурхаад байгаа. Систем нь яахав, доторхи тэр бохир үйлдлүүдийг цэвэрлэж чадсан болов уу. Энэ нь ирэх 2008 оны сонгуулийг жинхэнэ өрсөлдөөн болгох, албан тушаалд мөнгөөр, танилын нүүрээр гардаг энэ арга замыг хаах боломжтой боллоо гэж бодож байна.

(өнөөдрийн монгол 2006-01-06 174)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button