Үнэн мэдээллийг 50 саяаар худалдаж авна

Цахилгаанаас үүдэн гарсан гэсэн урьдчилсан мэдээлэлд Алтжин группынхан эргэлзэн хэн нэгэн санаатайгаар шатаасан байж болшгүй гэж таамаглаж байгаа ажээ. Энэ талаар үнэн, бодиттой мэдээлэл өгсөн хүнд 50 сая төгрөгийн урамшуулал олгоно хэмээн зарлалаа. Алтжин группын захирал Г.Алтан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Та санаатайгаар галдан шатаасан гэдэгт итгэлтэй байна уу?
-Ийм загвар,материалаар баригдсан худалдааны төв манай хөрш хоёр оронд олон байдаг. Тийм ч амархан шатдаггүй л юм билээ. Галын шалтгааныг тогтоох шинжээчийн баг 22 хоног судалж байгаа ч нэгдсэн дүгнэлт гаргаагүй байна. Цагдаагийн ерөнхий газрын хэрэг бүртгэлийн хэлтэст бид хүсэлт гаргасан. Бидэнд янз бүрийн мэдээлэл ирж байна. Та бүхэн үүнийг нягтлан шалгаж өгөөч. Бодиттой мэдээлэл худалдаж авахад зарцуулагдах мөнгийг манай компани гаргая гэж албан ёсоор хүсэлт тавиад байна.

-Өс хонзон санасан,дарамт шахалт үзүүлсэн хүн байдаг уу?
-Би хүнтэй муудалцаад байдаггүй. Тийм ч нээлттэй хүн биш. Ер нь цөөхөн хэдэн найзтай. Хүнд муу санаж, луйвардаж яваагүй.Харин бизнесийн өрсөлдөгч л байж болох юм. Гэхдээ надад хэн нэгэн шатаасан гэж таамаг дэвшүүлэх эрх байхгүй.
Энэ барилгыг барьсан Иркутский стройгийнхон хэрэв цахилгаанаас гарсан бол дэлбэрэхгүй, уугиж шатах ёстой гэж байсан. Яагаад гэвэл хоёр төмрийн дунд хөөс шахаж барьсан юм.

-Хохирлын хэмжээг тогтоож дууссан болов уу
-Цагдаагийн ерөнхий газрын хэрэг бүртгэлийн хэлтэсээс одоогоор тав орчим тэрбум төгрөгийн нэхэмжлэх ирээд байна гэж мэдэгдсэн. Ер нь нийт хохирлын хэмжээ 10 орчим тэрбум төгрөгт хүрэх бололтой.

-Энэ хохирлыг бүрэн барагдуулж чадах уу?
-Шатахууны болон САПУ архины үйлдвэртэй. Энэ үйлдвэр онцгой албан татварт 80 хувь , НӨАТ-д 15 хувь гээд нийтдээ 95 хувийн татвар төлдөг. Жилд долоон тэрбум гаруй төгрөгийн татвар улсад төлж байна. Ер нь жилийн цэвэр ашигт 500 сая төгрөг үлддэг юм. Үнэндээ монголд таван тэрбум төгрөгийг шууд гаргаад өгөх компани ховорхон доо. Үнэн зөвөөр, бодит хохирлын хэмжээг тогтоож өгөхийг л хүсч байна. Зарим хүмүүс амандаа орсон тоогоо хэлж байна. Надаас нэг хүн 188 сая төгрөг нэхэж байснаа хэд хоногийн дараа 40 сая төгрөг гээд л явж байсан.

-Хэзээнээс хохирлыг барагдуулж эхлэх вэ?
-Хохирлын хэмжээг хөндлөнгийн ,мэргэжлийн гуравдагч байгууллага тогтооно. Албан ёсоор тогтоож дуусаагүй байна. Эцэслэн дууссаны дараа л бодит хохирлыг төлж эхэлнэ. Манай компаниас ажлын хэсэг гарч,түрээслэгчид ч түр хороо байгуулсан. Хүн болгонтой уулзана гэвэл үнэхээр хүндрэлтэй юм билээ. Түр хорооны гишүүдтэй ажлын бус өдөр байнга уулзаж байгаа.

-Танай компаниас лангуу түрээсэлж аваад цааш нь өөр хүмүүст давхар түрээсэлсэн олон хүн бий. Энэ хүмүүс хохиролоо барагдуулна гэж байгаа?
-Тиймээ. Гэхдээ гэрээгээр хүлээгүй үүргийг ямар ч хүн хүлээхгүй биз дээ. Бид лангуу түрээслэгчдийн барьцаа,сарын түрээсийн хураамж болох 300 сая төгрөгийг барагдуулаад байна. Цаасан дээр хоног, өдөр, мөнгөний хэмжээ тодорхой бичээстэй байсан болохоор шуурхай олгосон. Хүмүүс аманд орсон тоо хэлж байгаа нь л бодит хохирлыг тогтооход хүндрэл учруулж байгаа. Гэхдээ худалдааны төвийн заалны зохион байгуулагч ямар лангуу хэдэн төгрөгт эргэлдэж байсан талаар мэдээлэлтэй. Зарим түрээслэгчид нэгнийхээ барааны хэмжээг хэлж ч байгаа. Нэг цэцэн нь галаас үүдсэн хохирлын 10 хувийг л олгодог гэж ташаа мэдээлэл тарааснаас болж зарим хэсэг нь хохирлын хэмжээгээ хэтэрхий өсгөж байна.

-Хотын засаг дарга Ц.Бат баяртай та уулзсан. Ямар асуудлаар ярилцсан вэ?
-Тодорхой асуудал ярилцаагүй. Галын шалтгааны талаар дүгнэлт гаргах гэж л оролдож байгаа юм билээ.

-Шинээр худалдааны төв барьж түрээслэгчдээ ажлын байртай болгох гэж байгаа гэлүү?
-Дахин сэргээн засварлаж ашиглах боломжгүй. Нуруу төмөр нь хүчтэй галд өртөн уярсан. Тиймээс нурааж цэвэрлэн дахин шинээр барих хэрэгтэй. Хамгийн сүүлийн үеийн техник технологиор барилга барихаар төлөвлөж байгаа. Гэхдээ санхүүжилт байхгүй байна. Гадны түнш байгууллагад хандахад тэд орчин үеийн загвартай, дөрвөн давхар, цахилгаан шаттай барилгын зураг төсөл үзүүлсэн.Үүнийг барихад маш их хөрөнгө шаардана. Бид эхний ээлжинд зээл хөөцөлдөн нэг давхар худалдааны төв барьж түрээслэгчдээ ажлын байртай болгохоор зорьж байна.

-Хүмүүс танай компанийн бүтээгдэхүүнийг худалдан авах нь ихэсч байгаа. Борлуулалт нэмэгдэж,орлого өсч байна уу?
-Шатахуун болон САПУ үйлдвэрийн бүтээгдэхүүний үнийг ч бууруулаад байгаа. Манай компанийн борлуулж байгаа шатахууныг худалдан авах нь нэмэгдэж байна. Мөн САПУ-гийн бүтээгдэхүүний борлуулалт өсөх хандлага гарч байгаа.

-Засгийн газарт татварын хөнгөлөлт үзүүлээч гэсэн хүсэлт тавьсан гэсэн. Үүнийг хэрхэн хүлээн авсан вэ?
-Сүүлийн жилүүдэд 20 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн. Түрээслэгчдийн хохирлыг барагдуулахад төрийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Сангийн сайдад хүсэлт тавьсан. Одоогоор нэг ч төгрөгийн хөнгөлөлт,дэмжлэг ирээгүй байна. Арилжааны банкныхаас бага хүүтэй зээл олговол түрээслэгчдийн хохирлыг барагдуулъя гэсэн. Мөн татварын хөнгөлөлт үзүүлээч гэсэн боловч тодорхой шийдвэр гараагүй.

-Тийм том худалдааны төвийг яагаад даатгуулаагүй байсан юм вэ? Хэрэв даатгуулсан бол тодорхой хэмжээний мөнгө авах байсан шүү дээ?
-Би Монголын даатгалын компаниудын байдлыг мэднэ. САПУ худалдааны төв дөрвөн тэрбум төгрөгөөр боссон. Хэрэв даатгуулсан бол энэ хохирлыг барагдуулах даатгалын байгууллага олдохгүй болов уу.Тиймээс энэ нь аюулаас зайлах гарц биш байсан гэж бодож байна.

-Яагаад улсын комисст хүлээлгэн өгөлгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм вэ?
-2005 оны нэгдүгээр сарын 13 нд хүлээлгэн өгөх хүсэлт тавьсан юм билээ. Би энэ үеэр гадаадад сургалтад хамрагдаж байсан юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эрүүл ахуйн гээд мэргэжлийн 22 хүний бүрэлдэхүүнтэй ажлын комисс ирж үзээд дөрөв, таван шаардлага тавьсан. Энэ шаардлагыг нь засч сайжруулаад мэдэгдэхэд нийслэлийн биш Улсын комисс хүлээн авна гэсэн. Хүсэлт тавиад байхад улсын комисс ирж үзээгүй. Нэг ч улсын байцаагч ирээгүй шүү дээ. Ер нь бол мэргэжлийн улсын байцаагч барилга барьж байхад ирж хянаж шаардлага хангахгүй бол зогсоох үүрэгтэй биз дээ.

(өнөөдрийн монгол 2006-01-09 175)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button