Бодит мэдээллийг 50 сая төгрөгөөр үнэлнэ

Тиймээс Алтжин группын ерөнхийлөгч Г.Алтан Цагдаагийн ерөнхий газрын хэрэг бүртгэх тасагт Бөмбөгөр худалдааны төв гадны нөлөөлөөр шатсан эсэхийг нягталж өгөх хүсэлт тавиад буйгаа өнгөрсөн бямба гаригт сэтгүүлчдэд мэдэгдлээ. Түүнчлэн галыг захиалагч, гүйцэтгэгчийн талаар үнэн зөв мэдээллийг хууль хяналтын байгууллагад өгч, улмаар тэр нь батлагдсан тохиолдолд мэдээлэгчид олгох 50 сая төгрөгийн санг Алтжин групп гаргахаа амлалаа.

Бөмбөгөр төв галд өртсөнөөс хойш 20 гаруй хоног өнгөрөөд буй энэ хугацаанд тус төвийг гадны нөлөөтэйгөөр түймэрдсэн гэх мэдээллүүд ирж байгаа аж. Гэхдээ энэ гал хэн нэг өш хонзон санагчаас биш бизнест өрсөлдөгчийн зүгээс үүдэлтэй байж болзошгүй гэнэ. Учир нь Г.Алтан ямар ч хүнд муу юм хийж, муу санаж, өр зээл тавьж байгаагүй учраас хонзогнох хүн байх ёсгүй хэмээн үзэж байгаа юм. Ер нь ч гурван бөмбөгөрийг барьсан мэргэжилтнүүдийн баталснаар ч тэр хоёр, төмрийн хоорон дахь хөөсөнцөр дулаалга ямар ч агааргүй битүү нөхцөлд шатлаа гэхэд удаан хугацаагаар уугин асч болохоос биш дүрэлзэн тэсрэлттэйгээр шатахгүй гэдгээс үзэхэд цахилгааны гэмтлээс гал үүсээгүй гэдэгт итгэлттэй байгаа хэмээн Г.Алтан ярьж байв. Харин хохирогчдын хохирлыг барагдуулах тухайд эхний удаад 647 хүнд барьцааны болон түрээсийн нийт 300 сая төгрөгийг олгожээ. Бараа бүтээгдэхүүний хохирлоо зарим хохирогчид хэт давуулан нэхэмжилж байгаа учир гуравдагч этгээдийн дүгнэлтээр бодит хохирлыг барагдуулахаар болсон байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын дэргэдэх үнэ тогтоох комисс ажиллаж байгаа, одоогоор нэг ч хохирогчийн бодит хохирлын хэмжээ ирээгүй байгаа хэмээн Г.Алтан ярьсан. Түүнээс гадна давхар түрээслэгчдийн асуудал хүндрэл учруулжээ. Мөн ирээдүйд олох ашиг гэх мэтээр хохирогчид адилхан хохирол амссан тус компанид хэт их ачааг үүрүүлж байгаа гэнэ.

Алтжин групп жилд 500 орчим сая төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг гэнэ. Тиймээс галд өртсөн нийт хохирлын хэмжээ болох 10 тэрбум төгрөгөөс хохирогчдын хохирол болох таван тэрбум төгрөгийг хичнээн жил цуглуулж байж ард нь гарах вэ гэдэг том бэрхшээл тулгарч байгаа бололтой. Гэтэл Алтжин группыг хохирогчдын далбаан дор ихээхэн хэмжээний зээл бага хүүтэйгээр авсан гэх мэтээр ташаа мэдээлэл цацагдаж буйд гайхаж байгаа аж. Харин ч их татвар төлөгчийнхөө хувьд тухайлбал, сүүлийн гурван жилд улсад 20 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн ч өнөөдөр улсаас нэг ч төгрөгийн тусламж, дэмжлэг хүртээгүй байгаа гэдгээ Г.Алтан албан ёсоор мэдэгдсэн. Уг нь Ерөнхий сайд, Онцгой байдал эрхэлсэн сайд гээд хэд хэдэн албан тушаалтнуудад дэмжлэг хүссэн хүсэлт тавьсан ч хариуг нь өгөөгүй байна. Хэрэв төрөөс бага хэмжээний хүүтэй зээл олгож, татварын хөнгөлөлт үзүүлбэл хохирогчдын бодит хохирлыг барагдуулж эхлэх юм байна.

Б.ТУУЛ
(өдрийн сонин 2006-01-09 006)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button