Багануур нийслэлээс өрх тусгаарлана, Улаанбаатар баяртай

эсвэл нэг даргын үзэгний үзүүр эрх мэдэлд явдаг байгууллага Монгол орон даяар бий болсон юм. Эрх мэдэл байвч хэрэгжүүлж чаддаггүй, иргэдээ төлөөлөх ёстой ч даргаас мөнгө гуйж, даргын эвийг олох гэж явдаг, жилдээ нэг хоёр хуралдан дээрээс өгсөн тоог цэг таслал алгасалгүй баталж суудаг тоглоомын хурал түүний төлөөлөгч, тэргүүлэгчдэд сургамж болохоор хурал саяхан Багануур дүүрэгт болж өнгөрлөө. Багануур дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал уг нь 15 төлөөлөгчтэй ч гэсэн нэг багаахан заалыг дүүргэж концерт үзэх гэж байгаа юм шиг дүүрэн хүнтэй болж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн хурал иргэдтэйгээ цуг болж байна. Тэгэхээр гарсан шийдвэр нь ч Багануурчуудаа төлөөлж байна гэсэн үг. Манай улсын засаг захиргааны нэгжүүд гэдэг ангаахайнууд байдаг. Засгийн газраас өөрөөр хэлбэл улсын төсвөөс юу хуваарилна түүнийг үг дуугүй залгиж орхино. Юун өөрийгөө тэжээж хоолоо олох манатай. Аймаг, сум, дүүргийн иргэдийн хурлууд дээрээс өгөх төсвийн өл залгах төдий хоолны порцыг баталдаг юм. Гэтэл Багануур бол ангаахай биш өөрөө өөрийгөө өлхөн тэжээгээд байх хот гэдгийг Улаанбаатар хотын удирдлага мэддэг ч үл мэдэгч царай гаргадаг гэнэ. Саявтар томилогдсон нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр ч Багануур дүүрэгт зочлохдоо тус дүүргийг урьд өмнө өөрийнхөө удирдаж байсан Багахангай дүүрэг шигээ санаж Багануурын иргэдийг Улаанбаатарыг хөхөж өдий зэрэгт хүрчихээд та нар элдэв юм ярих ёсгүй гэж бүдүүлэгтсэн юм байх.Нийслэлийн эрх баригчид болон хуулийн ойлголтоор бол Улаанбаатар ганцаараа хот, Дархан, Эрдэнэт сумын төв, Багануур бол сумын төв ч биш дүүрэг, бүүр багийн төв болох шахжээ. Харин Багануурын ард түмэн оршин суугчид өөрсдийгөө өсөж өндийж яваа, залуу, цэвэр цэмцгэр, одоохондоо бага ч гэсэн цаашдаа их болох хот-ын иргэд гэж толгой дээгүүр алхана. Хөшөө дурсгал, дуу хуурандаа ч Багануур хот гэж мөнхөлсөн хэвээр. Хоёр жилийн өмнөх орон нутгийн сонгуулиар одоо дүүргийнхээ төрийн эрхийг бариад байгаа Ардчилсан нам сонгуульд орох мөрийн хөтөлбөртөө Багануур бие дааж хөгжих бололцоотой гэсэн хувилбар дэвшүүлжээ. Хоосон бодоод цаасан дээр буулгасангүй. Олон улсын судалгааны багтай хамтран ажиллаж иргэдийн санал хүсэлтийг авчээ. Дүүргийн 20 гаруй мянган иргэд уухайлан дэмжиж шинээр сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчдөд энэ үүргийг биелүүлэх хариуцлага оногджээ. Иргэдийн хурлын төлөөлөгчид тэргүүлэгчдэдээ мөн энэ үүргийг хариуцуулжээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч уншигч танд танилцуулж байгаа энэ долоон нөхөр эрх үүргээ эдэлж бас мэдэрч дараах түүхэн шийдэлд хүрсэн юм. Үйл явдал хойшид яаж үргэлжилж ямар саад тохиохыг хэн ч үл мэднэ. Иргэдтэйгээ хамт хуралдсан төлөөлөгчдийн 2005 оны сүүлийн хурал буюу тавдугаар хуралдаанд Багануур бие даасан загвар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох, цаашид эдийн засгийн талаар төвөөс хараат бус ажиллах бололцооны талаар хурлын тэргүүлэгч Эрдэнэбат илтгэл орууллаа. Хурлын тэргүүлэгч энэ долоон хүн Засаг даргынхаа Багануурыг бие даасан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болгох, анхны жилийн бэлтгэл ажлыг нь баталж өгсөн. Ажлын өнгийг харж бас дүгнэлээ гэж хэлж болно. Засаг дарга ажлаа танилцуулав. Бас дараагийн жил хийх ажлаа ч хүлээж авав. Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг ингэж л явах ёстой. Бараг түүхэнд анх удаагаа энэ хурал, иргэд түүний төлөөллийн хурал боллоо. Эндээс Сангийн яам болон Нийслэлийн Засаг даргаас хараат бус шийдвэр гарсан юм. Хурлын тэргүүлэгч Эрдэнэбатын тавьсан илтгэлийн товчоос дор сийрүүлье.

ИТХ-ын төлөөлөгчдийн маань гол үүрэг нь сонгогчдын өгсөн захиа даалгаврыг биелүүлэхийн төлөө тэдний хүсэл зорилгод нийцүүлсэн үйл ажиллагаа явуулах явдал юм. Нийслэлээс хэт хараат байдал нь орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг сулруулж, босоо захиргаадалтын хэлбэр, төсвийн хэт төвлөрлийг бий болгосон нь орон нутгийн хөгжилд ихээхэн саад тотгор учруулж байна. Багануурын хүн ам өнөөгийн байдлаар 24613 болсон нь 1996 онтой харьцуулахад 30 хувиар 2000 онтой харьцуулахад 16 хувиар өссөн байна. Ялангуяа сүүлийн хоёр жилд Төв, Хэнтий аймгаас шилжиж ирсэн хүний тоо хоёр дахин нэмэгдлээ. 2004 оны орон нутгийн сонгуулийн өмнө энэ асуудлаар иргэдээс санал асуулга явуулахад 87 хувь нь бие даасан хотын төлөө байсан юм. Одоо элдвийн тунхаг биш харин бодит ажил хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, иргэн хүн шийдвэр гаргах үйл явцад чөлөөтэй оролцох, Тийм ч учраас энэ удаагийн хурлыг иргэдээ оролцуулан хийж байгаа юм. Шинэ загвар хотын төслийн саналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэмжээнд боловсруулан төслийг удирдах, санхүүжүүлэх, байгууллагатай санал солилцсон болно. Эн тэргүүнд Багануур түүнийг тойрсон сумдуудын иргэдийн эрх ашгийг хамгийн түрүүнд хөндөж байгаа бие даасан байдлыг хангах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх, нийслэлийн алслагдсан дүүрэг хаягдсан дүүрэг гэдэг нэр томъёоноос татгалзсан , шинэ загвар хот болох зорилтыг хэрэгжүүлэх бодит ажлын он болох ёстой.

Дүүргийн иргэд, энэхүү нутаг дэвсгэрт оршиж буй аж ахуйн нэгжүүд өнөөдөр улсын төсөвт 4 тэрбум төгрөг төвлөрүүлж байна. Дүүргийн нийгэм эдийн засгийн хэрэгцээ 3 тэрбум төгрөг болж байна. Нийт төсвийн 96 хувийг дахин хуваарилалтаар дээрээс олгож байгаа төвлөрсөн тогтолцоог бид шүүмжилж байна. Бие даасан байдлаа хэрэгжүүлэх гол нөхцөл нь төрийн зүгээс санхүү, материаллаг байдал, өөрөөр хэлбэл, эдийн засгийн харьцангуй бие даасан хэнээс ч хараат бус байж орлогынхоо эх үүсвэрийг орон нутгийнхаа баялагт тулгуурлан өөрсдөө тогтоон хуримтлуулдаг, энэ бүхний төлөө хариуцлага хүлээж чадах боломжоор хангагдах ёстой билээ. Нийгэм эдийн засгийн бүхий л асуудлыг бие даан шийдэх эрх иргэдийн төлөөлөгчдийн хуралд байдгийг хуульчилсан хуулийг Багануурынхан бид удирдлага болгож байна. Монгол хот улс л биш юм бол ганцхан хоттой улс дэлхийд хаана ч байхгүй гэдэгт итгэлтэй байна. Энэ бүхнийг мэдсээр байж өөрчлөх хүсэлгүй, шинэчлэл өөрчлөлтийг өөрсдийн явцуу эрх ашигт хөтлөх гэж оролдож хойш нь датаж байгаа тэрхүү удирдлага,улс төрийн хүчнийг Багануурчууд эрс эсэргүүцэж байна гэж илтгэлд онцлон зааж иргэд төлөөлөгчид дэмжлээ.Ингээд Багануур биеэ даасан загвар хот болж Улаанбаатар баяртай гэх өдөр холгүй боллоо. Хүүхэд өсөж өрх толгойлж хань бүлтэй болж эцэг эхээ мөлжихөө больж татвар авахаа боливол юутай сайхан. Улс төр ч бас тийм л байдаг. Багануурынхны энэ шийдвэрт төр засаг баярлах хэрэгтэй ажээ. Гэвч эрх мэдлийг ард түмэнд биш өөртөө төвлөрүүлэх гэсэн, Засгийн газраас илүү эрх мэдэлтэй нийслэлийн олон түшмэлд дээрх шийдвэр таалагдахгүй нь ойлгомжтой. Нийслэлийн нэг түшмэлийн үзэгний үзүүрээр Багануурынхны ирэх жил хэрэглэх мөнгө шийдэгдээд явдаг байжээ. Харин саяын хурал 200-гаад сая төгрөг нэмээд баталчихав. Нийслэл Багануур болон бусад дүүргүүдээс тэр олон зуун сая төгрөг авч аппаратаа тэжээж байгаа болохоор нэмж мөнгө өгөхдөө дургүйлхэнэ. Бас дарамтална. Гэхдээ л ИТХ-ын шийдвэр эцсийнх байдаг хууль бий. Тус дүүрэгт хуучин бол бие дааж шийддэг ажил бараг үгүй байжээ. Архи худалдаалах зөвшөөрөл авна гэхэд , газар олгоё гэхэд мөн л 130 км явж хотын нэг түшмэлийг царай алддаг байсан гэнэ. Хэрэв биеэ даачихвал энэ хүнд суртал арилна. Бас хохирол гарна гэж иргэд ярьж байлаа. Ямар хохирол гарах вэ гэсэн сэтгүүлчийн асуултад.

-Яах вэ дээ. Хотын түшмэдүүдийн халаасанд ордог мөнгө багасна биз гэж хошигнох хүн ч тааралдсан. Насаараа МАХН-ын анхан шатны байгууллагын дарга хийсэн одоо дал гарсан ч нийгмийн амьдралд идэвхтэй оролцож малын хулгайч нартай тулалдсаар яваа С.Дуламрагчаа гуайтай уулзаж сэтгэгдлийг нь сонссон. Улс төрийн өндөр боловсролтой тэр өвгөн Багануурын хуучин удирдлагыг будаа болгож, МАХН-ыг шинэчлэх талд нь явдаг сэтгэгдлээ хэлж байна. Ард түмний саналаар гарсан шийдвэр хууль болох ёстой. Багануур тойргийнхоо сумдыг хамт биеэ даах нь зөв гээд одоогийн засаг дарга Ч.Оюунбаатарын хийсэн ажлыг мундаг үнэллээ. Хоёрдугаар хорооны иргэдийн нийтийн хурлын дарга Д.Нямхүү, иргэн Д.Нямхүү нарын олон төлөөлөл хурлынхаа шийдвэр, төв, төсөв, дарга гурвын дарамтнаас салахын ач холбогдлыг үнэлж байсан юм. Олон газар мартагдсан зөвхөн цаасан дээр үлдсэн нутгийн өөрөө удирдах ёс Багануурт сэрж байна. Ер нь олон иргэд нь өөрсдийн сонгож байгуулсан хурал түүнээс нэр дэвшиж тавигдсан засаг даргаа сайн гэж үнэлж байна. Засаг дарга гэдэг бол иргэдийн хурал түүний тэргүүлэгчид хэдэн төгрөгөөр юу амжуул гэж даалгана түүнийг хийх ёстой гэж зөв томъёолно билээ. Харин эл шийдвэр эрхтэн дархтануудын сэтгэлд хир нийцэхийг цаг хугацаа харуулна биз.

Засаг дарга Ч.Оюунбаатар чухам юу амжуулсан юм бол

Засаг дарга мөрийн хөтөлбөрийнхөө үндсэн зорилгыг Багануур дүүргийг хариуцлагатай мэргэшсэн төрийн албатай, эдийн засаг хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадвартай, хүний нөөцийг дээд зэргээр ашигласан, биеэ даасан хот болгон өөрчлөхөд оршино гэж иргэд, түүний төлөөлөгчдийн хуралдаанаар батлуулсан байна. Тэгээд засаг дарга өнгөрсөн хугацаанд шинээр хийсэн ажлын тайлангаа тавив.

Хамгийн шинэ ажил бол иргэдээ тамгын газартайгаа холбосон мэдээллийн сүлжээтэй болгож. Нийт иргэдийнхээ мэдээллийн санг байгуулах нүсэр ажлыг бас хийжээ. Цагдаагийн хэлтэст мэдээллийг шуурхай хүлээн авах шинэ дотоод сүлжээ бий болгов. Дүүргийн төсвөөс 3 сая 350 мянган төгрөг оржээ. Шүүх прокуророо ч гэсэн та нар тусдаа төсөвтэй гээд орхисонгүй, шүүх хуралдааны зөвлөлдөх танхимд мөн прокурорыг компьютерээр тоноглов. Телевизүүдийн сувгийг үзүүлэх техникийн асуудлыг шийвэрлэв. Өндөр хурдны интернеттэй холбогдож Багануур Улаанбаатараас алс ч дэлхийд ойрхон болов. Иргэд нь төрийн үйлчилгээг тодруулбал банк, шуудан холбоо, цагдаа, эрчим хүчний салбар нэг цэгээс иргэдэд хүрч үйлчилдэг болжээ.

Эдийн засаг аж ахуйн салбарт Хэрлэн цэвэр ус , хоёр ч ундааны үйлдвэр ашиглалтад оров. Хамгийн сайн баталгаатай өндөг одоохондоо Багануурт байна. Бид биеэ даана та бүхний санаачлага мэднэ гэхээр юм өөрчлөгдөж байна. Багануурынхан ажилсаг хүмүүс юм. Мод 6000,Чацарганы бут 1200-г тарьж, бусад тарьцуудтайгаа бүгд 40 мянга болжээ. Нарийн ногоо, мах сүүгээ Улаанбаатараас зөөхөө болих шахжээ. Шингэн түлшний үйлдвэр барихаар болж блокны хоёр гурван үйлдвэр ажиллаж эхэллээ. Хадгаламж зээлийн хоршоо, барьцаалан зээлдүүлэх төв, халуун ус, оёдол, гэрийн зуух, модон бүтээгдэхүүн гээд хүнд юу хэрэгцээтэй байна тэр бүгдийг үйлдвэрлэж үйлчилж байна. Дүүргийн хүүхдүүдийн 30 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж байсан бол, 25 хүүхдийн цэцэрлэг барьж мөн гэр хорооллын цэцэрлэгийг өргөтгөснөөр цэцэрлэгийн насны хүүхдийн 60-аад хувь нь хамрагдах боллоо. 260 ахмаддаа нөхөн сэргээх эмчилгээг үнэгүй хийж өгөв. Тахир дутуу иргэдээ мартаж орхисонгүй төсөлд хамруулж ажлын байртай болгож байна. 850 хүний ажлын байрны захиалга авч 768 хүнийг байнгын ажлын байртай болгосон нь хаа ч гайхуулах тоо мөн байлаа. Хамгийн гол нь энэ жижиг дүүрэгт 555 айлын орон сууц барьснаар, Засгийн газрын 40 мянган орон сууц хөтөлбөр хэрэгжихэд дэм болж байна. Багануураас Хэрлэнгийн гүүр хүртэл тавих 30 км хар замын ажил бэлэн болсон бөгөөд энэ 2006 онд эхлэх юм байна. Мөн хот дотроо 1,7 км зам тавьсан аж. Товчхондоо хэлэхэд иргэд өөрсдөө хийх ажлаа төлөвлөж засаг даргадаа үүрэг өгснөөр Багануурт их бүтээлч ажил өрнөж байна.

Төгсгөл, Орон нутгийн парламентын шийдвэр

Багануурын ИТХ буюу орон нутгийн парламент 15 төлөөлөгчтэй. Ардчилсан хүчнээс 12, МАХН-аас гурван хүн байдаг юм байна. Олзуурхууштай нь нам намаараа талцаж хийрхэлгүй иргэд юу хүснэ. Түүнийг хамтарч байгаад шийддэг сайхан уламжлал тогтжээ. Хурлын тэргүүлэгчдэд долоон хүн сонгожээ. Тэр долоо хамтын шийдвэр гаргана. Хурлын тэргүүлэгчдийн дарга Л.Шагдарсүрэн гэж төрийн захиргаагаар мэргэжсэн нэлээд няхуур залуу бий. Багануурын парламент анх удаагаа бие даасан шийдвэр гаргалаа. Эхлээд Багануур биеэ дааж засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж болж тусад оръё гэсэн санал асуулга явуулна. Дүнгээ Засгийн газарт өгнө. Засгийн газар их хуралд өргөн барина. Эцсийн шийдвэрийг их хурал гаргана. Багануурыг тойрсон Төв аймгийн таван сум, Хэнтийн нэг сум байдаг. Төв аймгийн төвөөс140- 200 гаруй км зайтай орших тэдгээр сумдын иргэд хаа байгаа аймгийн төв орж сургууль эмнэлэгт хүрэх гэж хангалттай чирэгддэг. Харин Багануурт эхнэр хүүхэд нь шилжээд нөхөр нь хэдэн малтайгаа сумддаа үлдсэн нь тун олон. Төв аймгийн Багануурт ойрхон хоёр сумын удирдлага засаг захиргааны шинэ нэгжээр хуваарилбал Багануурт орно гэж албан бус хүсэлтээ ирүүлээд байгаа юм байна. Албан бус гэхийн учир нь хуулиар санал асуулга явуулаагүй юм байна. Багануурыг тойрсон сумууд Багануурыг түшихгүй өөр яах ч юм билээ дээ. Л.Шагдарсүрэн даргатай Багануурын парламент ийнхүү өрх тусгаарлахаар шийд гаргалаа. Улаанбаатар баяртай. Харин Багануур Улаанбаатараас дутахгүй мөн нийслэлийг царай алдахгүй хот болох болтугай. Ардчилсан нийгэмд бол иргэд юу хүснэ тэр шийдвэр болдог. Харин дарангуйлагч нийгэмд дарга юу бодсон тэр шийд болдог. Ямар ч гэсэн Багануур дүүргийнхэн хот болно гэж хуралдаад адармаатай, ээдрээтэй шийдлийн түүх бичигдэж эхэллээ.

Г.ДАШРЭНЦЭН
(өдрийн сонин 2006-01-09 006)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button