Сүхбаатар аймгийг сүйрүүлэх Улааны урт хар гар

Тэдний ярьдаг хар гар олигтой юм бишээ. Зөвхөн л нэгийгээ айлгаж, түүндээ өөрөө итгэж үймүүлж байсан үзэгдэл. Тухайн үеийн хар гарын үүрэг бол явцуу түүнийг сонссон хэдхэн хүүхдийн хүрээнд байлаа. Яах вэ дээ, уйдсан хүүхдүүдийн дүрсгүйтэл юм биз дээ. Тэгвэл Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/- ыг нэгэн хар гар амар заяаг нь үзүүлсэнгүй өдий хүрчээ. Орон нутгийн 2004 оны сонгууль дуусаад нэг жил гурван сарын нүүр үзэж байна. Тус сонгуулиар Сүхбаатар аймгийн ИТХ-д ардчилсан хүчин олонхи болсон. УИХ-ын 2004 оны сонгуулиар ардчилсан хүчин парламентын 76 суудлаас 40-ийг нь авсан ч нэг суудлаа МАХН-д луйвардуулсан юм. Гэвч парламентад олонхи байж болох байлаа. Харамсалтай нь 2000-2004 онд засгийн эрх барьсан МАХН засгийн эрхийг хагаслаад ч болсон авч үлдэхийн төлөө үхэн хатан зууралдсны эзэст хамтарсан Засгийн газар байгуулсан. Хамтарсан Засгийн газрын эхний өдрүүдэд орон нутгийн сонгууль болсон юм. Энэ сонгуулиар УИХ-ын сонгуульд МАХН-ын нэр дэвшигч Ч.Улаан /78 хувь/, Р.Буд нарыг өндөр хувиар сонгож байсан сүхбаатарчууд ардчилсан хүчинд 53,3 хувийн итгэл үзүүлжээ. Сүхбаатар аймаг хүн ам цөөн учир ИТХ нь 30 суудалтай, түүний 53,3 хувь гэдэг бол 16 суудал. Ийм суудлыг ардчилсан хүчний нэр дэвшигчид авчээ. УИХ-ын болон орон нутгийн сонгууль хоорондоо гурван сар гаруйн зайтай болдог. Нутгаасаа сонгогдсон Ч.Улаанд тэр үед орон нутгийн хувь заяа огт хамаагүй болж, тэрбээр харин төрд өндөр суудалтай үлдэх өдрийн бодол шөнийн зүүдэнд автсан бололтой. Түүнийхээ үр дүнд ч огт ор мөргүй алга болсон Шадар сайдын сэнтийг намдаа тунирхан байж бий болгон өөрөө заларсан байх юм. Түүнийг ийнхүү өндөр суудлын төлөө өрсөлдөж байхад Сүхбаатар аймагт ардчилсан хүчин олонхи болох нь тэр. Энэ өдрөөс эхлэн Улааны хар гар Сүхбаатар аймагт морилж амар заяаг нь өнөөдрийг хүртэл үзүүлсэнгүй. Ч.Улааны хар гар болж босож ирсэн тус аймгийн МАХН-ынхан эхний ээлжинд ардчилсан хүчний 16 суудал авсан хурлын төлөөлөгчдөөс өө сэв олохын төлөө мэрийж. Тэд бас эрснээ олсон бололтой. Уулбаян сум буюу тус аймгийн ИТХ-ын 13 дугаар тойрогт нэр дэвшиж 60,6 хувийн саналаар ялалт байгуулсан Д.Цогзолмааг Улаанбаатарын Иргэний үнэмлэхтэй хэмээн унагахыг зорьж, аймгийн Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргав. Гэвч Д.Цогзолмааг Уулбаян сумынх тэнд 1982 оноос хойш амьдарсан. Сүүлийн дөрвөн жил хувиараа аж ахуй эрхэлсэн. Түүгээр зогсохгүй татвараа төлдөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд сайн дураараа хамрагдаж байсан гэдгийг нь шүүх нотолж МАХН-ын гомдлыг хэрэгсэхгүй болгожээ. МАХН нэгэнт гомдогч учир Дээд шүүхэд ханджээ. Тэндээс Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэвээр нь батлав. Нэгэнт ардчилсан хүчнээс аймгийн иргэдийн хуралд сонгогдсон Д.Цогзолмаа Уулбаян сумынх гэдэг нь шүүхээр нотлогдсон учир тэдний эхний алхам мухардав. Энэ бол Ч.Улааны хар гар болон хувирсан уг аймгийн МАХН-ын үйл ажиллагааны нэг хэсэг нь. Баримт юм даа.
Орон нутгийн 2004 оны сонгуулийн дараа Сүхбаатар аймгийн ИТХ арваннэгдүгээр сарын 03-нд хуралдаж. Харин ИТХ-д цөөнх болсон МАХН-ынхан хурал хаясан аж. Хурал хаях нь тэдний бүрэн эрх. Гэхдээ хурлыг үргэлжлүүлэх нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагддаг. Энэ хуульд ердийн олонхиор хуралдана гэж заасан учир ардчилсан хүчний 16 гишүүн буюу аймгийн ИТХ-ын 53,3 хувийн ирцтэйгээр хурал үргэлжилж Аймгийн ИТХ-ын даргад Г.Ганхуягийг, Засаг даргаар Ж.Батсуурийг сонгож Ерөнхий сайдад уламжлахаар болжээ. Аймгийн ИТХ-аас 97 хувиар Засаг даргад сонгогдон гарч ирсэн Ж.Батсуурийг Шадар сайд Ч.Улаан засаглал эмзэг байгааг далимдуулан зөвшилцлийн дагуу Ерөнхий сайдын захирамжид хоёр дугаар гарын үсэг зурдагаараа шантаажлан Сүхбаатар аймгийн ИТХ-ын 30 төлөөлөгч зэрэгцэж сууж байгаад ийм шийдвэр гаргавал зөвшөөрнө гэж мэдэгдсэн юм. Түүний энэ мэдэгдэл нь хууль зөрчсөн үйлдэл байсан гэдэг нь одоо бүхэнд тодорхой болжээ. ИТХ-ын гишүүд 100 хувийн ирцтэй хуралдаж Засаг даргыг шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт хаана ч байхгүй. Ийм учраас Шадар сайдын мэдэгдэл хууль зөрчиж байгаа юм. Түүнийг би хууль зөрчлөө гээд байгаа юм биш. Хууль намайг зөрчлөө гэж хэлж байгаа хэрэг. Нэгэнт Сүхбаатар аймгийн Засаг дарга томилогдоогүй учир тэнд удирдлагын хомсдол бий болох нь тэр. Тухайн боломжийг ашиглаж Шадар сайд Ч.Улаан Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг тодруулав. Тэр хүн бол тус аймгийн Дөрвөлж компанийн захирал Р.Эрдэнэцогт аж. Энэ нь МАХН-ын гишүүн биш. Харин энэ аймаг дахь тухайн үеийн МАШСН, эдүүгээгийн Эх орон намынх байж. Албан тушаалд дуртай, түүнд намаас урвах шиг амархан зүйл байсангүй. Засаг даргын үүрэг гүйцэтгэгч болсон даруйдаа намаа мурьж, аймгийн МАХН-ын хорооны дарга болжээ. Тэрбээр ийм алхам хийснээр тус аймагт Ч.Улааны хар гар хүчээ авах нь тэр. Тэрбээр ийм алхам хийсэн нь энэ аймагт МАХН боловсон хүчингүй болохоо нийтийн өмнө харуулав. Засаг даргын үүрэг гүйцэтгэгч статусаа нэг шат бууруулж, Аймгийн орлогч дарга болж үзэж. Энэ хугацаандаа аймгийн төсөв батлуулалгүй явсаар Ч.Улааны буянаар Засаг даргын эрх мэдэл эдэлсэн юм байх. Харин 2005 оны гуравдугаар сарын 07-нд ИТХ хуралдахад ардчилсан хүчнээс хоёр урвагч олдож тэрбээр Засаг дарга болсон байна. Ийнхүү дөнгөн данган уг аймагт засаглал тогтож эхэлсэн өнгөрөгч оны есдүгээр сард аймгийн ИТХ-ын дарга ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Эл тойрог дээр нөхөн сонгууль зарлагдахад түүний нөхөд ард түмний ач буяныг санаж МАХН-аас нэр дэвшүүлэхгүй байхыг хүссэн боловч засгийн эрхийг алдсандаа хорссон орон нутгийн коммунистууд тус аймгийн Монголбанкны салбарын даргыг дэвшүүлсэн аж. Нөхөн сонгууль болсон уг тойрогт Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумын нэг баг багтдаг учир суурин хайрцагуудын саналыг тоолоход Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ардчилсан намын нэр дэвшигч Мөнхжаргал ялсан байна. Тэдний тооцоогоор үүргийн хайрцагнаас 28 саналын хуудас гарах ёстой байсан аж. Гэвч ч тухайн хайрцагнаас 60 гаруй хуудас гарчээ. Гэхдээ тэндээс тамга, гарын үсэггүй саналын хуудас олон гарсан байна. Иймд ардчилсан хүчнийхэн тухайн санал хураалтын хайрцган дээр будлиан гарсан гэж үзэн аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Тэдний хүсэлтийн дагуу Аймгийн захиргааны хэргийн шүүхээс уг санал хураалтыг шүүхээс шийдвэр гартал түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарсан аж. Тийм болохоор эдүгээ энэ аймгийн ИТХ 29 гишүүнтэй байгаа юм байна. Нэгэнт ИТХ-ын дарга нь ертөнцийн мөнх бусыг үзсэн учир тэр албан тушаалд хүн томилох болсон байна. Уг үйл ажиллагааг гүйцэлдүүлэх ИТХ саяхан хуралджээ. Энд МАХН-аас ИТХ-д сонгогдсон 14 гишүүн хуралдаж, түрүүчийн хуралдааны гол урвагч Ч.Энхтуяаг Хурлын даргаар сонгож жүжиглэсэн аж. ИТХ-ын 14 гишүүн хуралдаад шийдвэр гаргадаг байсан бол 2004 оны орон нутгийн сонгуулийн дараа МАХН-аас сонгогдсон 14 төлөөлөгч хуралдаад шийдвэрээ гаргах нь яасан юм бэ? Тэд тэгж чадаагүй л байхгүй юу. Сүхбаатар аймгийн МАХН-ынхантай дөрөө нийлж ИТХ-ын дарга болох гээд байгаа Ч. Энхтуяа ардчилсан хүчнээс нэр дэвшиж сонгогдсон хүн юм байна. Харин 15 минутын дотор Ч.Улааны дүү болон хувирснаар дээрх жүжгийн гол баатар болж чадсан аж. Түүнийг сүхбаатарчууд Ч.Улааны дүү гэхээс илүү гурилын ченж байсан гэдгийг сайн мэдэх юм байна. Түүгээр зогсохгүй тухайн аймагт орон нутгийн сонгууль болсноос хойш зөвхөн ардчилсан хүчний өмгөөлөгч байсан байна. Гэтэл нэг өдөр, бүр дээр дурьдсан 15 минутын дотор Ч.Улааны төрсөн дүү болон хувирч ахынхаа эсрэг ажиллахгүй гэж намынхаа нөхдөөс нүүр буруулсан аж. Төрөл садангийн хувьд тэр хоёр ах дүү байж болно. Харин Ардчилсан намын Ч.Энхтуяаг, Ч.Улааны дүү болсон үзэгдлийг нутгийнхан нь худалдагдаагүй үйлдэл гэж тайлбарладаг аж. Тэр байтугай 30 сая төгрөгийн бариа зөрөөн дээр явсан гэж ойлгодог олон хүн байдаг гэнэ. Үнэхээр Ч.Энхтуяа бусдын яриад байгаачлан Ч.Улаанд тэр их мөнгөөр худалдаагүй байж болно. Гэхдээ түүний хувьд Шадар сайдад үйлчлэх онцгой нэг шалтгаан байгаа бололтой. Түүний нөхөр н.Баттулга Гаалийн ерөнхий газар /ГЕГ/-ын дарга асан алдарт Х.Баатартай хамт авилгын хэрэгт татагдан хоригдож асан Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын дарга Н.Даваажавтай хамт хоригдон шалгагдаж байгаад салхинд гарсан нөхөр гэнэ. Ингэж л Ч.Улаан тус аймгийн МАХН-ыг хар гараа болгож байсан бол ардчилсан хүчин рүү хальж урт хар гартай болохоо харуулав.
Ч.Улааны хүч түрэн томилуулсан Засаг дарга Р.Эрдэнэцогт гэдэг хүн бол уг албан тушаалд томилогдоод жил хүрээгүй боловч төсвийн хөрөнгийг зориулалтаас гадуур зарцуулж чадсан байх юм. Энэ талаар аймгийн Аудитын газар, ерөнхий аудиторын үүрэг гүйцэтгэгч М.Мөнхцэцэг өнгөрсөн оны наймдугаар сарын 22-нд 04/16 гэсэн зөвлөмжид маш тодорхой дурджээ.
Сүхбаатар аймгийн Засаг дарга Р.Эрдэнэцогт танд гэсэн уг зөвлөмжид Аймгийн аудитын газрын 2005 оны бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний дагуу аймгийн хөгжимт жүжгийн театрын 2004 оны болон 2005 оны эхний хагас жилийн аж ахуй, санхүү үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийлээ. 2005 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагааг шалгаж үзэхэд хууль тогтоомж зөрчиж улсын төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж байгаа ноцтой үйлдэл илэрлээ.
Хөгжимт жүжгийн театрын зориулалтаар шинэ барилга баригдаж эхэлсэн боловч хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалан одоогоор бүрэн баригдаж дуусаагүй, ашиглалтад ороогүй байгаа билээ. Гэтэл хөгжимт жүжгийн театрын 2005 оны төсөвт уул барилгыг ашиглалтад орсноор тооцон дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны зардалд 200 сая гаруй төгрөг батлуулан авч улмаар Дөрвөлж ХХК-д 76 сая төгрөг шилжүүлсэн нь Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 12.1.1; 29.1 дэх заалтыг зөрчсөн байна. Иймд хууль зөрчсөн ноцтой үйлдлийг таслан зогсоож Дөрвөлж компанид шилжүүлсэн 76 сая төгрөгийг есдүгээр сарын 1-ний дотор Төрийн сангийн дансанд татан авч Монгол Улсын Төрийн сангийн дансанд төвлөрүүлэх, Хөгжимт жүжгийн театрын 2005 онд батлагдсан төсвийн дүнгээс баригдаагүй барилгын дулаан, цэвэр, бохир усанд зориулж хуваарилсан 200 сая төгрөгийг хасуулах асуудлыг БСШУЯ-нд тавьж шийдвэрлүүлэхийг зөвлөж байна.
Зөвлөмжийг хэрэгжүүлсэн тухай хариуг есдүгээр сарын 10-ны дотор ирүүлэхийг хүсье. Дурдсан хугацааны дотор зөвлөмжийг хэрэгжүүлээгүй тохиолдолд Төрийн аудитын хуулийн 15.1.13-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газар, УИХ-д хандах болно гэж бичээд М.Мөнхцэцэг гарын үсгээ зуржээ. Түүнд аудитын газраас ийм зөвлөмж сануулга өгсөөр байтал зөрчлөө засахын оронд дээр нь бас алдаа гаргасан байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар нь 10.1 мянган м.куб талбайтай юм байна. Тухайн талбайн дулааны хөлсийг Дөрвөлж компанитай байгуулсан гэрээ ёсоор нэг сард 10.5 сая төгрөгийн дулаан авдаг долоон сарын туршид 73.2 сая төгрөг төлөх ёстой юм байна. Гэтэл тамгын газраас Дөрвөлж компанид төлөх дулааны хөлсийг энэ онд 107.8 сая төгрөгөөр төлөвлөжээ. Эндээс Засаг дарга Р.Эрдэнэцогт өөрийнхөө компанид 34.6 сая төгрөг илүү төлөх нь ээ. Энэ мөнгө тус компанид орохоосоо илүү түүний халаас руу орох магадлал өндөртэй гэж Сүхбаатарынхан ярьж байна. Түүний өнгөрсөн хугацаанд хэтрүүлсэн гэрэл дулаан, шатахуун тээвэр, шуудан холбоо, томилолтын зардлыг нэг бүрчлэн нэмэх юм бол 50 саяд хүрчээ. Түүгээр зогсохгүй хуучин Ланд Круйзер-ээ шинэ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргадаа өгнө. Харин өөрөө шинийг авна гэж төсвийг бусниулагчийнхаа зангаргаар аашилж яваа гэнэ. Тэрбээр энэ бүхнийг ард нь Шадар сайд Ч.Улаан байгаа учраас нүүр бардам хийж, ам бардам хэлж байгаа бололтой. Энэ бүхнээс харахад Засаг дарга Р.Эрдэнэцогт нь аймгийнхнаасаа илүү амин хувиа боддог болох нь харагдаж байна. Сүхбаатарчууд сүйрлийн ирмэгт тулчихсан юм бишүү. Ингэхэд тэд ийм дээрээ тулах гэж Ч.Улааныг УИХ-д сонгоогүй баймаар Яах вэ дээ. Нутгийн хүний хувьд Ч.Улааныг парламентад сонгож. Харин амьдарлаа авч явахын тулд Ардчилсан намд орон нутгийн сонгуулиар итгэл үзүүлжээ. Гэтэл Ч.Улааны урт хар гар Сүхбаатар аймгийнхныг амар заяаг үзүүлсэнгүй. Гэхдээ ард түмэн, ардчиллын амны хишиг их Сүхбаатрынхан сүйрэхгүй тэсээд л үлдэнэ. Харин Ч.Улаан аймгаасаа урт хар гараа татаасай. Ард түмэн өөрсдөө амьдралаа шийдэг. Тэдэнд Ч.Улаан хэрэггүй. Ч.Улаан УИХ-д сонгогдчихсон учраас тэдэнд бүр хэрэггүй.

Г.ЭРДЭНЭБАТ
(өдрийн сонин 2006-01-09 006)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button