Монголын бизнесийнхнийг Сайн үйлсийн аян тэргүүлэх нь

Гэхдээ энэ удаагийн хурал бусдаас өвөрмөц. Ямарваа хэвлэлийн бага хурал хот доторхи аль нэг мэдээллийн төвд болдгоос бус хэдэн арван бээр туулж хийж байсан нь үгүй. Харин Сайн үйлсийн аян зэрэг шинэлэг бүхнийг бусдаас түрүүлэн сэтгэж амждаг Спирт бал бурам-ынхан энэ удаад ч хэвшмэл байдлыг эвдэв. Уг нь захирал, дарга нар нь өөрсдөө нийслэлд хүрэлцэн ирж, хэвлэлийнхэнтэй нүүр тулж болох ч тэд тэгсэнгүй. Өнгөрөн одсон 2005 онд тус компанийнхан бизнесийн үйл ажиллагаандаа болон улс орны нийгмийн хөгжлийг дэмжих чиглэлд нэлээд анхаарч ажилласан гэнэ. Тэр ч үүднээс Худалдаа аж үйлдвэрийн танхимаас зарладаг Entrepreneur шалгаруулалтад амжилттай оролцож шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч чаджээ. Түүнчлэн хэвлэл, мэдээллийг дэмжигч шилдэг байгууллагаар шалгарсан Спирт бал бурам өнгөрөгч онд 11.7 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төлсөн нь ижил төрлийн бизнес эрхлэгчдээс хамгийн өндөр төлөгч нь болсон байна. Зүүнхараачууд хоёр том вант улсад хуваагдаж амьдардаг гэлцдэг. Улааныхан ба харынхан гэдэг шиг л хотын статустай эл сумынхныг Төмөр замынхан ба Спирт бал бурмынхан гээд ердөө хоёрхон ангилчихад буруудахааргүй аж. Гурил, гурилан бүтээгдэхүүн, спирт, архины болон дулааны үйлдвэртэй Спирт бал бурам өөрсдөөсөө гадна сумынхандаа бүрэн үйлчлэхээр интернет кафе, соёл, спортын цогцолбортой. Ирсэн буцсанд сэтгэл дүүрэн үйлчлээд явуулах зочид буудал, ресторанаас гадна зөвхөн Зүүнхараагийнхан гэлтгүй хүлээж авах бололцоо бүхий сувиллын газартай аж. Энэ вант улс шинэ оны босгон дээр Аж үйлдвэрийн гавьяат ажилтантай болжээ. Тус компанийн спиртийн үйлдвэрийн ерөнхий технологич Б.Үржинханд нь ийн Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь компанийн болон технологийн маань нүүр царайг харуулж буй хэрэг хэмээн гүйцэтгэх захирал Б.Баярхүү бахархав. Б.Үржинханд гавьяат 34 жилийн өмнө анхны хөрөнгийг исгэснээс хойш өдгөөг хүртэл тэр л технологиор идээний дээжийг найруулсаар иржээ. Гавьяатаас гадна компанийнхныг баярлуулсан бас нэг зүйл нь НҮБ-аас зарласан олон улсын уралдаанд оролцох эрхийг авсан явдал гэнэ. Мянганы хөгжлийн зорилтод Монголын бизнесийнхний оруулах хувь нэмэр уралдаанд Сайн үйлсийн аян-аараа Петровис, Эх газар, Голомт, Хас, Бороо гоулд, НИК зэрэг 40 гаруй аж ахуйн нэгжийг ардаа орхисон байна. Мянганы хөгжлийн зорилтыг хангахад бизнесийнхний оруулах хувь нэмрийг үнэлэн шалгаруулах зорилготой олон улсын хэмжээний энэхүү уралдаанд өнгөрсөн онд дэлхийд алдартай Проктер энд Гембэл компани ус цэвэршүүлэх төслөөрөө шалгарч байжээ. Уралдааны энэ оны шалгаруулалт ирэх гуравдугаар сард болж, зургадугаар сард дүнгээ гаргаж, шалгарсан байгууллагыг нь олон улсын хэмжээнд зарлан сурталчлах аж.

С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2006-01-09 006)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button