МАХН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр болон Удирдах зөвлөлийн гишүүдэд

Шинэ оны өмнөхөн тус жигүүрийн Ерөнхий зөвлөгөөний анхдугаар хуралдаан болж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ.

– МАХН-ын Уламжлал-шинэчлэл, ардчилал-шударга ёс жигүүрийн үйл ажиллагааны журмыг батлав. Ингэхдээ МАХН-ын Дүрмийг үндэс болгосон төслийг хэлэлцэж бас Та бүхнээс өгсөн чиглэлийг тусгасан болно.
– Жигүүрийн Зохицуулах зөвлөлийг 23 хүний бүрэлдэхүүнтэй (нэрсийг хавсаргав) байгуулж Зохицуулагчаар Ө.Энхтүвшинг сонгов.
Ерөнхий зөвлөгөөний анхдугаар хуралдаан, түүний дараа болсон Зохицуулах зөвлөлийн хэд хэдэн хурал Уламжлал-шинэчлэл, ардчилал-шударга ёс жигүүр цаашид яаж ажиллаж юу хийх тухай асуудалд онцгой анхаарал хандууллаа.
Ингэхдээ өнөөгийн улс төр, нийгмийн нөхцөл байдалд зарим дүн шинжилгээ хийхийг оролдож, Улсын Их хуралд олонх биш ч, хамгийн олон суудалтай, тэр хэмжээгээрээ илүү их хариуцлага хүлээх учиртай, нөлөөтэй, жинтэй том хүчин МАХН-ын нэр хүнд, эзлэх байр суурь, бодлого үйл ажиллагааны цэвэр ариун байдал, манлайлах чадварыг хэрхэн дээшлүүлэх, энэ ажилд бид яаж тусалж чадах талаар шүүн ярилцсан юм.
МАХН-ын үйл ажиллагааг улам бүр ардчилсан, гол нь гишүүд, дэмжигчид, олон нийтийн бүтээлч идэвх, санаачлага дээр тулгуурласан, шударга, ил тод болгож чадахаас Монголын төр, ард түмний хувь заяа шууд хамаарна гэж үзэж буй тул дараах тодорхой саналуудыг дэвшүүлж Та бүхэнд хүргүүлж байна.

Нэг. Аймаг, нийслэл, сум, дүүргийн МАХН-ын хорооны даргын албыг засаг даргад хавсарган нэгтгэж зайлшгүй мөрдөх загвар, хэм хэмжээ болсныг даруй өөрчлөх;
Намын ажил захиргааны ажлын хавсарга болж хувирснаас улс төрийн энэ том хүчний дотоод ажил үлэмж суларсан. Ер нь, бид 80-аад оны сүүлчээр нам төвтэй тогтолцооноос татгалзаж төр төвтэй улс төрийн тогтолцоонд шилжиж үүнээ Үндсэн хуулиндаа тунхагласан билээ. Гэтэл дээрх хоёр албыг ингэж улс даяар хавтгайруулан нэгтгэсэн нь нам, захиргааны ажил тус тусдаа байх зарчимд ноцтой харшилж байгаа юм. Үүнээс улбаалан, эрх мэдлийн төвлөрөл нэмэгдэж тодорхой албан тушаалтныг тойрон хүрээлэх, удирдлага олон түмний холбоо сулрах, жирийн гишүүдийн идэвх оролцоо буурч, мэдээллийн явцуу орчин бий болсныг МАХН-ын гишүүд шүүмжилсээр ирсэн. Уг хоёр албыг салгах ажлыг нэгэн зэрэг, ганц далайлтаар хийхэд төвөгтэй учраас эхний ээлжинд аймаг, нийслэл, дүүргээс эхлэх нь зүйтэй юм.

Хоёр. Намын Бага хурлын бүрэлдэхүүнийг 2 жил тутамд ротацийн хэлбэрээр шинэчилж байх журам тогтоох;
Намын XXIҮ их хурал хүртэл үйлчилж ирсэн МАХН-ын дүрмээр зарим албан тушаалтан(УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын хорооны дарга зэрэг)тухайн албан тушаалаас чөлөөлөгдвөл МАХН-ын Бага хурлын бүрэлдэхүүнээс шууд гарч шинээр сонгогдож томилогдсон хүнийг оронд нь баталдаг журамтай байсан. Шинэ дүрмээр энэ жишиг өөрчлөгдсөн учир бага хурлын бүрэлдэхүүн шинэчлэгдэх боломж улам бүр хумигдлаа. Наанадаж үүнээс үзсэн ч, цаанадаж 156 мянган гишүүнийхээ сонирхлыг бодсон ч, Бага хурлын бүрэлдэхүүнийг сэлбэж шинэчилж байх шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байна. Иймд ээлжит XXҮ их хурал хүртэл хугацаанд бага хурлын бүрэлдэхүүний 40 хүртэл хувийг нь буюу 100 гишүүнийг ротацийн хэлбэрээр шинэчлэх нь намын эрх ашигт нийцнэ. Гэхдээ ротацид орох оноолт таарсан гишүүний дахин өрсөлдөх эрхийг хаах хэрэггүй юм.

Гурав. МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүдэд итгэл үзүүлэх санал хураалтыг МАХН-ын Бага хурлын хуралдаан дээр хоёр жил тутам явуулж байх;
Энэхүү санал хураалтыг хүн тус бүр дээр нууцаар явуулах бөгөөд босго нь өндөр биш, Бага хурлын нийт гишүүдийн гуравны нэг гэсэн хэмжээнд тогтоож болох юм. Тухайн босгыг давж чадаагүй нөхцөлд нөхөн сонгууль явуулна.

Дөрөв. Монгол улсын Засгийн газар үндсэндээ Улсын Их Хурлын гишүүдээс бүрддэг болсныг өөрчилж зохистой харьцааг олох;
Хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгааг илүү тодорхой болгох, Үндсэн хуулиар тогтоосон төрийн дээд институциудын эрх мэдлийн хуваарилалтын зарчмыг хангах шаардлагын үүднээс энэ өөрчлөлт зайлшгүй юм. УИХ-ын зүгээс Засгийн газартаа тавих хяналтыг хүчтэй болгох зорилгод ч уг зарчим бүрэн нийцэх болно.

Тав. Улс төрийн өндөр зэрэглэл бүхий албан тушаалд нэг хүнийг ойр ойрхон сэлгүүлэн томилохыг бүрмөсөн зогсоох;
Сонгуулийн нэгэн бүрэн эрхийн хугацаанд тухайн хүнийг анх томилогдсон албан тушаалд тогтвортой байлгаж үр дүнг нь харж үнэлэлт дүгнэлт өгч байх шаардлагын үүднээс энэ саналыг тавьж байна.

Зургаа. Баг, хорооны засаг даргыг улс төрийн албан тушаалын ангилалаас гаргаж төрийн захиргааныхад шилжүүлэх;
Ер нь боловсон хүчний нөөц багатай баг, хорооны түвшинд асуудлыг заавал улстөржүүлж томилох шаардлагагүй бөгөөд ажлын туршлага, нэр хүнд, ажил хэрэгч чанар, шударга байдлыг нь гол шалгуур болгон хандаж байх нь зүйтэй билээ.

Долоо. Саяхан МАХН-ын Бага хурлын III хуралдаанаас баталсан Боловсон хүчний нөөц бүрдүүлэх шилж сонгох, нэр дэвшүүлэх, хариуцлага тооцох журмыг даруй хэрэгжүүлж эхлэх үүднээс МАХН-аас сонгогдож томилогдсон хариуцлагатай албан тушаалтнуудын тайланг энэ оны I, II сард багтаан эрх бүхий субъектууд авч хэлэлцэж хүн тус бүрт үнэлэлт дүгнэлт өгөх;

Жишээ нь, Засгийн газрын гишүүд, дэд сайд нар, аймаг, нийслэлийн засаг дарга, агентлагийн дарга нарын ажлыг НУЗ, сумдын засаг дарга нарын ажлыг аймгийн МАХН-ын хорооны тэргүүлэгчдийн хурлаар даруй авч хэлэлцэх шаардлагатай. Ингэж намын шат шатны байгууллагын хурлаар хэлэлцэж сайн ажиллаж байгаад нь хангалттай үнэлгээ, хариуцлагагүй ажилласанд нь хангалтгүй үнэлгээ өгч хамт олон, нийтэд мэдээлэн хариуцлага тооцох хэрэгтэй байна.
Төрийн боловсон хүчин бүхэлдээ авилгач, чадваргүй, шударга бус, хүнд сурталтай болсон мэт ойлголт, нийгмийн сэтгэл зүйд бодитой хариу өгөхөд ч энэ ажил чухал ач холбогдолтой болно.

Найм. УИХ-ын сонгуулийн хууль батлагдаж томсгосон тойрогт мажоритор системээр УИХ-ын ээлжит сонгуулийг явуулахаар болсонтой холбогдуулж нэг мандат дээр наанадаж 2-3 хүний нэрийг нэн даруй сонгож нөөцийг бүрдүүлэн тойргуудад томилох ажлыг эхлүүлэх;
МАХН-ын Удирдах Зөвлөл эхлээд бодлого гаргана гэхээс өмнө МАХН-ын гишүүд, дэмжигчид, НАШБ, төрийн бус байгууллагын саналыг нэг бүрчлэн авах ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна.

Ёс. Гүйцэтгэх засаглалын хариуцлагатай бүх албан тушаалд нэр дэвшүүлж томилгоо хийхдээ улс төрийн шалгуураас илүү, ажил, мэргэжил, ёс зүйн шалгуурыг урьтал болгож түүн дотор мэргэжил, мэдлэг, туршлага, шударга байдлын үнэлгээг онцгой анхаардаг болох;

Арав. Боловсон хүчний томилогоонд ахмад, дунд, залуу үеийн гурвалсан төлөөллийн холбоог бодлогын гол чиглэл болгох;

Арваннэг. Дүрмийн хэм хэмжээ зөрчигдөж, хамтын удирдлагын зарчим алдагдсны нэг шалтгаан нь намын бүх шатны хяналтын байгууллагуудын ажилд хөндлөнгөөс хүчтэй нөлөөлж ирсэнтэй холбоотой тул хяналтын байгууллагын бие даасан байдлыг жинхэнэ утгаар нь хангах, аж ахуй, төсвийн хувьд гүйцэтгэх удирдлагаас бүрэн хамааралгүй болгох;

Арванхоёр. Намын тухайн шатны байгууллагын өмнө тулгамдсан зарим онц чухал асуудлаар гишүүдийн дунд бүсчилсэн болон хэсэгчилсэн санал асуулга явуулж шийдвэрлэдэг журам бий болгох;
Тухайлбал, одоо болох Улаанбаатар хотын МАХН-ын хорооны даргыг сонгох ажлын хүрээнд ийм хэсэгчилсэн санал асуулга хийж болох бөгөөд ингэснээрээ гишүүдийнхээ олонхийн санал бодолд нийцсэн шийдвэрийг олж чадах билээ.

Арвангурав. МАХН-ын Бага хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн МАХН-ын Бага хурлын дэргэд Ёс зүйн хороог ажиллуулах;
Саяхан батлагдсан МАХН-ын боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх журмын дотор боловсон хүчнийг Ёс зүйн талаас нь шалгах, үнэлэлт, дүгнэлт өгөх зарчмыг тусгасан билээ. Энэ үүргийг хэрэгжүүлэхэд Ёс зүйн хороо онцгой үүрэгтэй байх болно гэж үзэж байна.

Арвандөрөв. Намын төлөө зүтгэж явсан зарим гишүүндээ хэт хатуурхаж Дүрмээ зөрчин МАХН-аас хөөсөн (өөрт нь мэдэгдэлгүй) алдааг засч намын олон түмэнд мэдээлэх;
Манай намын дарга 1998 оны Бага хурлын хуралдаан дээр Ардчилсан шинж чанартай нам хэзээ ч гишүүнээ хөөдөггүй юм. Гаръя гээгүй байхад нь чи эндээс гар гэж гишүүнээ хөөх нь ардчилсан биш намын шинж чанар мөн хэмээн олныг шуугиулсан үг хэлж үүгээрээ цаашид баримтлах байр сууриа тодорхойлсон билээ. Үүнийг бид зөвхөн 2000 он хүртэл намд үйлчлэх зарчим гэж ойлгохгүй байгаа. Түүнчлэн саяхан МАХН-ын дүрэмдээ өөрчлөлт оруулж хасагдсан гишүүнээ буцааж авах заалтыг зөөлрүүлсэн бас Эх орон намын гишүүн Ц. Батааг МАХН-ын болон УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүнээр элсүүлсэн нь манай намын гишүүдийн анхаарлыг татаж байна.
Намд нэг л зарчим байдаг, тэр нь хүн бүрт адил тэгш үйлчилдэг байх ёстой билээ.
Эдгээр 14 саналыг тавихдаа бид анх дэвшүүлсэн
a) Намд ардчилалыг гүнзгийрүүлж хамтын удирдлагын зарчмыг бэхжүүлэх;
b) Боловсон хүчний бодлогод гарсан алдаа завхралыг засах;
c) Шударга ёсыг хэвшүүлэх;
d) Намын удирдлага гишүүдийн холбоог ойртуулж НАШБ, гишүүд дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн гол зорилго, зарчмын хүрээндээ боловсруулсан бөгөөд Ерөнхий Зөвлөгөөний анхдугаар хуралдаанаар хэлэлцэж тохиролцсон багц асуудлаас ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн хэсгийг нь Та бүхэнд өргөн барилаа.
Мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд бидэнтэй уулзсан, захидал бичсэн, утсаар ярьсан МАХН-ын мянга мянган гишүүд, дэмжигчдийн хэлсэн зүйл, тавьсан санал, шүүмжлэлийг тусган илэрхийлж байгаа хэрэг. Авах талд нь ахиухан, гээх талд нь татуухан хандана гэдэгт гүнээ итгэж хариу хүсье.
Шударга үйлс дэлгэрэх болтугай.

Жигүүрийн зохицуулагч Ө.ЭНХТҮВШИН
МАХН -ын Уламжлал-Шинэчлэл, Ардчилал-Шударга ёс жигүүрийн зохицуулах зөвлөлийн гишүүд

1. В.Алзахгүй Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн гүйцэтгэх захирал, доктор /Ph.D/
2. А.Базархүү УИХ-ын гишүүн асан, эдийн засгийн дэд доктор
3. Д.Батбаяр Ой мод ХХК захирал
4. Д.Батжаргал Лайф-Трейдинг ХХК захирал
5. Ж.Бат-Эрдэнэ Уламжлал-шинэчлэл, ардчилал-шударга ёс жигүүрийн дэд зохицуулагч, Ашид-Эрдэнэ ХХК захирал
6. Т.Гантөмөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын
төлөөлөгч, удирдлагын академийн докторант
7. Т.Гантулга LCH ХХК-ийн зөвлөх, доктор /Ph.D/
8. М.Далайхүү Ус цаг уур орчны шинжилгээний газрын дарга
9. Х.Балсандорж Монрок ХХК гүйцэтгэх захирал
10.Ж.Жадамбаа Үнэт цаасны хорооны тамгын газрын дарга
11. Н.Далантай РТТ ХХК захирал
12. Д.Мөрөн Олон улсын төслийн зөвлөх, докторант
13. Г.Наранбаяр Инфратест ТББ-ын тэргүүн
14. Р.Содхүү Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал, доктор /Ph.D/
15. Ц.Оюунбаатар Говийн хөгжлийг дэмжих ТББ-уудийнхолбооны тэргүүн, эдийн засаг, хууль зүйн магистр
16. Н.Удвал Эрүүл мэндийн удирдлагын академийн ерөнхийлөгч, намын бага хурлын гишүүн, доктор /Ph.D/
17. Ч.Хурц Ричмогол ХХК-ийн захирлуудын зөвлөлийн тэргүүн
18. Ж.Цолмон МАСЭХ-ны дэд тэргүүн, намын бага хурлын гишүүн
19. Б.Туяа УАШУТҮ-ийн корпораци ЭШАА, намын бага хурлын гишүүн
20. Ө.Энхтүвшин МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Уламжлал-Шинэчлэл, Ардчилал-Шударга ёс жигүүрийн зохицуулагч, дэд доктор
21. Д.Эрдэнэ-Очир Удирдлагын академийн багш, докторант
22. Ж.Энхбаяр Судлаач

(өдрийн сонин 2006-01-09 006)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button