АНУ-ын Ерөнхийлөгчид Ба НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга нар


Уг номонд АНУ-ын бүх цаг үеийн Ерөнхийлөгчдийн намтар амьдралынх нь сонирхол татам үйл явдлуудаас оруулахыг хичээсэн. АНУ-ын Улс төр,түүх,эдийн засгийн талаар Д.Цолмон гуайгаас эхлээд олон хүн цэгцтэй ойлголт өгөх бүтээлүүдийг туурвисаныг бид мэдэж байгаа. Харин АНУ-ын Ерөнхийлөгчид,НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга нарыг хувь хүн талаас нь танилцуулсан ном монгол хэл дээр ховор байгааг бодолцон уг ном бичигдсэн юм. Уг ном 4500 төгрөгөөр Интерном номын их дэлгүүрт худалдаалагдаж байна. Ном маань хэвлэгдэж уншигчдын гарт очсоноос хойш надад олон үнэтэй санал ирсэн. Зарим уншигчид маань намайг зэмлэж улам сайн болгохыг шахаж байхад, нөгөө хэсэг нь урмын үг хайрлаж байсан юм. Эрхэм таныг ч мөн адил санал сэтгэгдлээ хуваалцана гэдэгт найдаж байна.

Энэ дашрамд Америк судлалд үнэтэй хувь нэмэр оруулж буй Стратеги судалгааны хүрээлэн, Олон Улс судлалын хүрээлэн, МУИС-ын Олон Улсын харилцааны сургуулийн багш нар тэр дундаа АНУ-ын Түүх номыг зохиогч Доктор Д.Цолмон , АНУ-ын ерөнхийлөгчид номыг зохиогч Монгол Улсын Боловсролын Их Сургуулий багш Я.Шийлэгмаа нарт талархал илэрхийлье.

Эрхэм таны мэдээллийн санд нэмэр болог хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Ж,В,Бушийн амьдралын талаарх товч нийтлэлийг , Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр хэлсэн үгийн хамт хэвлэж байна.

УДАМ ДАМЖСАН УЛС ТӨРЧ

Блиц

1946 оны 7-р сарын 6-ны өдөр Коннектикут мужийн Нью Хавенд төрсөн.
1961-64 онд Андовер дахь Пилиппсийн академи төгссөн.
1964-68 онд Иелийн их сургуулийг түүхч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.
1968-73 он хүртэл Америкийн нисэх хүчинд алба хашсан.
1975 онд Харвардын Бизнесийн их сургуулийг мастер / MBA/ зэрэгтэй төгссөн.
1979 оноос бизнест хүч үзэж газрын тосны Арбусто Энержи компани байгуулан ажилласан.
1988 онд Аавынхаа сонгуулийн компанит ажлын гол зохион байгуулагчаар ажиллан улс төрийн ихээхэн туршлага хуримтлуулжээ.
1989 онд Бейсболын Рейнжер багийг худалдан авсан
1995-2000 он хүртэл Техас мужийн амбан захирагчаар ажиллаж байгаад Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Тэргүүн хатагтайн тухай товч

Лора Буш 1946 оны11 сарын 4-нд Техас мужид Гарольд, Женна Велч нарын охин болон мэндэлсэн.
1968 онд Өмнөд Методистын их сургуулийг Бакалаврын зэрэгтэй төгссөн.
1973 он хүртэл Далласын олон нийтийн сургуульд багш,номын санчаар ажиллаж байгаад 1977 онд Буштай гэр бүл болжээ.Лора Буш Шинжлэх Ухааны Магистрын зэрэгтэй.

Оршил

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн Департментын хэвлэлийн төлөөлөгч Ерөнхийлөгч Бушийг Ирэх сарын 21-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх тухай мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч Бушийн энэ айлчлал нь Монгол Улсад анх удаа АНУ-ын Ерөнхийлөгч айлчлал хийж буй чухал үйл явдал юм.

Урьд нь Манай Улсад АНУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд болох Дэд Ерөнхийлөгч Хенри Уоллс ,Төрийн нарийн бичгийн дарга Хатагтай Мадлен Олбрайт ,Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкэр,Конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга Деннис Хастерт нар айлчлан ирж байжээ.
Мөн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Дональд Рамсфелдын айлчлал нь Пентагоны тэргүүн манай улсад айлчилж буй анхны тохиолдол юм.
Товчхондоо хэлэхэд Сүүлийн 1 жил АНУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудын даллага авсан өдрүүд байлаа гэж хэлж болох юм.Энэ нь Монгол Улс дахь ардчиллын хөгжлийг үнэлж,дэмжиж байгаагийн тод жишээ юм. АНУ-ын удирдлагуудын энэ айлчлалын талаар хойд,урд хөршийн судлаачид маань өөр,өөрийн үзэл бодлоо тусгасан нийтлэл хэвлүүлж эхлээд байна.

Үндсэн хэсэг

2004 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Буш ялалт байгуулснаар Эцэгийнхээ Ерөнхийлөгч байсан хугацаанаас илүү гарсан төдийгүй АНУ-ын түүхэн дэх Эцэг хүү хоёр Ерөнхийлөгчдийн тоог нэгээр нэмсэн юм
Урьд нь АНУ-ын Ерөнхийлөгч Жон Адамс 2 дахь, түүний хүү Жон Куинс Адамс 6 дахь Ерөнхийлөгч болж байсан байна.

Жорж В.Буш 1946 оны 7-р сарын 6-ны өдөр Коннектикут мужийн Нью Хавенд төрсөн бөгөөд америкдаа нэр хүнд бүхий Иелийн их сургуулийг түүхч мэргэжлээр дүүргэжээ.
Оюутан ахуй цагаасаа л түүний удирдан зохион байгуулах авъяас илт ялгарсан тухай намтар судлаачид дүгнэдэг. Бушийн гэр бүл үе дамжсан улс төрчид байсан нь түүний амьдрал, үзэл бодолд нөлөөлсөн нь дамжиггүй. Түүний өвөө коннектикут мужаас сонгогдсон нилээн шаггүй сенатор байсан юм.
Буш Дороти,Нил Марвин,Робин гэсэн 4 дүүтэй бөгөөд Робин нь 3 настайдаа нас баржээ. Одоо Түүний дүү Жеб Буш Флорида мужийн амбан захирагчаар ажиллаж байна.
Буш сургуулиа дүүргээд Америкийн нисэх хүчинд алба хашиж F-102 онгоцны нисгэгч болсон байна. Америк оронд эх орноо батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэнэ гэдэг нь эр хүний шалгуур, удирдагч байхын хэмжүүр болон тогтсон энэ жишгийг тэрээр амжилттай туулсан юм.
АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Франклин Делано Рузьвелтэд чи америкийн нийгмийн шилмэл, сонгомолчуудад хамаарах хүн шүү гэдгийг түүний ээж Сара байнга давтан хэлдэг байжээ хэмээн Рузьвелтийн намтарт бичсэнчлэн Бушд шилдэг байхын үлгэр дуурайллыг аав, өвөө хоёр нь үзүүлж байв.
Нисэх хүчинд алба хаасны дараа Эцэг сенатор Бушийн туслахаар ажиллаж улс төрийн гараагаа эхэлжээ. Энэ хугацаандаа Харвардын бизнесийн их сургуульд Мастерын зэрэг хамгаалж улс төр, бизнесийн мэдлэгээ арвижуулсан байна.
Буш 1979 оноос бизнест хүч үзэж газрын тосны Арбусто Энержи компани байгуулан ажиллаж улмаар компаниа өргөжүүлэн Буш Эксплорашн Корпораци болгожээ.Дашрамд дурдахад Арбусто гэдэг нь испаниар Буш гэсэн үг юм байна . Газрын тос хэмээх энэ хар алт ямар их үнэ цэнэтэй болохыг тэрээр сайн ойлгосон бөгөөд энэ итгэл үнэмшил нь төрийн тэргүүн болсон хойноо ч хэвээр үргэлжилж байгааг түүний улс төрийн бодлогоос харж болно.
Буш 1977 онд 31 настайдаа Лора Велчтэй гэр бүл болсон. Түүний хувьд энэ цаг үе ирээдүйн амжилтынхаа үндэс суурийг бэлдсэн,улс төр,эдийн засгийн чамгүй туршлага хуримтлуулсан нас байлаа.

1988 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Эцэгийнхээ сонгуулийн компанит ажлыг удирдан оролцсон нь түүнд улс төрийн асар их туршлага болжээ.
Буш 1995-2000 он хүртэл Техас Мужийн амбан захирагчаар ажиллаж байгаад 2001 ноос АНУ-ын Ерөнхийлөгч хэмээх энэ хүндтэй албыг хашиж байна.
Тэрээр удам залгах хүү байхгүй ч Женни Барбара хэмээх ихэр охидтой.Тэднийгээ 1981 онд төрсний дараа хоёр эмээгийхэн нэрээр нэрлэжээ.

Бушийнх их өнөр өтгөн айл бөгөөд Америкийн сая сая иргэдийн нэгэн адил Нохой, муур тэжээдэг юм. Муурандаа Вилли хэмээн өхөөрдөм нэр өгсөн бол 2 нохойгоо Барни,Хатагтай Безли хэмээн дууддаг юм байна.

Дээрх товч нийтлэлээрээ Бушийн улс төр эдийн засгийн бодлогыг хөндөхийг гол зорилго болгоогүй ба түүнийг хувь хүн талаас нь харуулахыг хичээсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Монгол улсад айлчлан ирж буйтай холбогдуулан улс төр, эдийн засгийн бодлого,үйл хэргийнх нь талаар эрдэмтэн судлаачид, оюутнууд, судалгааны байгууллагуудын дунд санал шүүмжлэл өрнөж, эрдэм шинжилгээний бага хурал,лекц семинар, олон нийтийн арга хэмжээ өргөн хэмжээнд зохион байгуулагдах нь гэдэгт итгэлтэй байна.

Жорж В.Буш
Ерөнхийлөгчөөр сонгогдоод тангараг
өргөх ёслол дээрээ хэлсэн үг
2001 оны 1 сарын 20

Эрх мэдлийн тайван шилжилт түүхэнд олонгүй ч манай түүхэнд ердийн зүйл билээ. Энгийн нэгэн тангарагаар бид хуучин ёсыг бататгаж шинэ эхлэлийг тавидаг уламжлалтай.

Би тангаргын ёслолынхоо өмнө ард түмнийхээ төлөө зүтгэсэн Ерөнхийлөгч Клинтон болон оюунлаг өрсөлдөөн явуулсан Дэд ерөнхийлөгч Гор нарт талархаж байна.

Америкийн үе үеийн удирдагчид зогсож байсан тэр газар зогсч байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд энд цаашдаа маш олон удирдагчид зогсон үг хэлэх биз ээ.

Бид нэгэн урт үлгэрт өөрийн байр суурь эзэлдэг. Энэ үлгэрийг бид үргэлжлүүлсээр байх бөгөөд үүнд төгсгөл гэж үгүй. Энэ бол хуучныг чөлөөлөгч болсон шинэ дэлхийн түүх юм. Энэ бол эрх чөлөөт нийгмийг босгосон боолийн түүх юм. Энэ бол дэлхийг хамгаалах гэсэн болхоос эзэмших гээгүй, өмгөөлөх гэсэн болхоос эзлэх гээгүй хүчний тухай түүх юм. Энэ бол америкийн түүх юм. Энэ бол алдаа, эндэл гаргадаг ч үе үеэрээ агуу бөгөөд тэсвэртэй итгэл үнэмшлээр нэгдсэн хүмүүсийн тухай тийм л түүх билээ.

Эдгээр үнэт зүйлсийн хамгийн яруу төгөлдөр нь америкийн амлалт, хүн бүрт хамаатай, хүн бүхэнд боломж олгодог, хэрэггүй хүн гэж байх ёсгүй тийм л амлалт билээ. Америкчууд энэ амлалтыг амьдралдаа хэрэгжүүлэх, хуулиндаа тусгахыг дуудаж байна. Манай үндэстний түүхэнд бид урагшилж, зогсч, заримдаа ухарч байсан ч бидэнд үүнээс өөр замнал байгаагүй.

Өнгөрсөн зууны дийлэнх хэсэгт эрх чөлөө болон ардчиллын талаарх Америкийн итгэл догшин далай дахь хад лугаа адил байлаа. Одоо бүр ч олон оронд үндэсээ тавьсан салхинд хийсч буй үр лугаа адил болсон байна. Бидний ардчилсан үнэмшил маань манай улсын язгуур үнэмшлээс ч илүү юм. Ардчилсан итгэл үнэмшил гэдэг бидний хүн болж төрсөний төрөлх итгэл найдвар бөгөөд үүнийг бид эзэмшдэггүй харин сэтгэл оюундаа тээж цааш уламжлуулдаг юм. Өдгөө 225 жилийн дараа ч бидэнд цааш аялах зам урт байна.

Ихэнхи иргэд хөгжиж хангалуун байхад зарим нь өөрийн улсын амлалт, тэр бүү хэл улсынхаа шударга байдалд эргэлздэг. Сургууль завсардалт, нууцлагдмал буруу номлол, болон төрөлхийн онцгой байдлын улмаас зарим америкчуудын хүсэл тэмүүлэл хязгаарлагдаж байна. Бүр зарим тохиолдолд бидний ялгаа хэт гүнзгийрч бид нар нэг улсынх биш зүгээр л нэг тив дээр амьдарч буй мэт болдог.

Бид үүнийг хүлээн авах ч үгүй, хүлээн зөвшөөрөх ч үгүй. Бидний өнөөгийн нэгдмэл нэгэн улс орон маань үе үеийн олон удирдагчид болоод энгийн иргэдийн уйгагүй хөдөлмөрийн үр шим билээ. Би сэтгэлээсээ нэгэн амлалт амлахыг хүсч байна. Би шударга ёс болоод боломжоор дүүрэн нэгэн бүхэл улсыг босгохын төлөө ажиллах болно.

Энэ нь ердөө бидний гар дор байна гэдгийг би мэдэж байна. Яагаад гэвэл биднээс хавьгүй илүү бөгөөд биднийг өв тэгш төрүүлсэн чухам тэрхүү хүчээр бид хөтлүүлж байгаа шүү дээ.

Биднийг нэгтгэж урагш нь хөтөлж байдаг зарчимд бид итгэлтэй байдаг.
Америк орон хэзээ ч цус, гарал үүсэл, уугуул нутгаар нэгдэж байгаагүй. Харин бид гарал үүслээс цаагуур, сонирхлоос дээгүүр, иргэн байх утга учрыг заадаг итгэл үнэмшлээрээ нэгдсэн. Хүүхэд бүр эдгээр зарчмуудыг сурах ёстой. Иргэн бүр эдгээрийг хамгаалах ёстой. Нүүдэллэн суурьшиж буй цагаач бүр эдгээр зарчмыг мөрдлөг болгож байж гэмээнь дутуу биш бүрэн Америк хүн болох учиртай.

Өнөөдөр бид үндэсний амлалтыг иргэнлэг, зоригтой атлаа нинжин сэтгэлээр амьдрах шинэ амлалтыг батлан хэлж байна.

Иргэнлэг байдлыг анхаардаг зарчмаас үүдэлтэй амлалтад америк улс хамгийн сайн тохироно.
Иргэний нийгэм бид бүгдээс сайн сэтгэл болоод хүндэтгэл; шударга байдал болоод уучлах сэтгэлийг шаардаж байна.

Бидний улс төрийг зарим хүн тоодоггүй, ялангуяа энх тайвны цаг үед мэтгэлцээний сэдвийг жижиг зүйл төдий үздэг хүмүс байдаг шиг санагддаг. Гэвч америкийн хувьд, мэтгэлцээний сэдэв хэзээ ч жижиг байгаагүй. Хэрвээ манай улс эрх чөлөөний тэмцдийг удирдахгүй бол эрх чөлөө биднийг удирдахгүй шүү дээ.

Америкчууд бид эрх чөлөө, сайн сайхны төлөө хамтаараа хуваалцдаг иргэний дуудлаганыхаа төлөө амьдарч байх ёстой. Иргэнлэг байдал гэдэг бол арга бааш ч биш, уян сэтгэл ч биш. Харин үл итгэлцлээс итгэлийг, маргаанаас эв нэгдлийг сонгох хатуу сонголт юм. Энэ чиг шугам бол хамтын амжилтад хүрэх арга мөн. Эр зориг америк улсад хамгийн сайн тохирдог.

Манай үндэсний зориг доройтол болоод дайн дажины цагт тодорхой оршин байсаар ирсэн. Ялангуяа нийтийн сайн сайхныг заналхийлсэн нийгмийн аюулыг ялсанаар энэ бүр тодорхой харагдсан. Бидний аав, ээжийн үлгэр дууриал биднийг урамшуулах эсвэл зэмлэх эсхийг бид одоо сонгох ёстой. Бид асуудлуудыг дараагийн үе рүүгээ дамжуулан бултуулах бус харин тэдэнтэй нүүр тулж зориг гаргах учиртай юм.

Їл ойшоосон ноомой байдал америк залуучуудыг хордуулахаас урьтаж бид хамтдаа америкийн сургуулиудыг шинэчлэх болно.
Бид үр хүүхдээ зовлонгоос хамгаалах хүч чадал байгаа дээрээ нийгмийн хамгаалал болон эрүүл мэндийн үйлчилгээг шинэчилнэ. Бид эдийн засгийн өсөлтийг хангахаар татварыг багасган ажил хэрэгч америкчуудын наймаа арилжааг хөхүүлэн шагнах болно. Дорой байдал өөрөө бэрхшээл сорилтыг дууддаг тул бид сорилтыг даван хамгаалалтыг барина. Бид үй олноор сөнөөх зэвсгийг сөрөн зогсох болно. Їгүй бол шинэ зуун шинэ айдсаар хучигдсан байна шүү дээ.
Манай улс төдийгүй тэр эрх чөлөөний дайснууд алдаа гаргах ёсгүй шүү. Түүхээсээ улбаалаад ч тэр, сонголтоороо ч тэр, Америк орон эрх чөлөөг эрхэмлэдэг хүчний тэнцвэрийг бий болгохоор дэлхийн үйл хэрэгт оролцсон хэвээр үлдэх болно. Бид өөрсдийн хамтран зүтгэгч нар болон ашиг сонирхлоо хамгаална. Бид бардамнах зүйлгүйгээр зорилгоо харуулна. Бид хатуу шийдвэр, багагүй хүчээр аливаа түрэмгийллийн эсрэг бат зогсоно. Түүнчлэн бүх улсуудад манай орныг төрүүлэн бий болгосон үнэт итгэл үнэмшлийг ярьж өгөх болно.

Өгөөмөр сэтгэл америк улсад хамгийн сайн тохирдог.
Америк ухамсрын үүднээс, байнгын ядуурал гэдэг манай үндэсний амлалтад хэрхэвч таарахгүй зүйл билээ. Юу ч ядуурлын шалтгаан болж байсан гэсэн эрсдэлд автсан хүүхдүүд өөрсдийнх нь буруугаас болоогүй гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Өнчрөл эсвэл хүчирхийлэл зэрэг нь бурханы үйлдэл бус хайр дутсаны хар гай билээ. Хэдийгээр зарим утгаар шаардлагатай ч гяндан шоронг ихэсгэх явдал нь бидний зүрх сэтгэлийн итгэл найдвар, амар тайванг орлож эс чадна.

Зовлон байгаа цагт тэнд бас үүрэг байж таараа. Гачаалд автсан америкчууд гэдэг танихгүй улс бус харин тэд бол иргэд, асуудал бус харин тэргүүн зэргийн анхаарал билээ. Хэн нэг маань л найдлага тасарвал бид бүгд доройтоно гэсэн үг.

Нийгмийн аюулгүй байдал, эрүүл мэнд, иргэний эрх, болон сургуулиудын төлөө засгийн газар ихээхэн хариуцлага хүлээдэг. Гэлээ ч өгөөмөр сэтгэл бол зөвхөн засгийн газрын бус бүх ардын ажил билээ. Зарим гачигдал, шаналал бидний төсөөллөөс ч илүү гүн байдгаас болоод бүх анхаардын гадна үлдэх тохиолдол байдаг.Чухамдаа энэ үед ламын мөргөл хамгийн тус болдог. Христийн, Еврэйн хийгээд лалын сүмд, түүнчлэн буяны ажил зэрэг манай нийгэмд хүмүүнлэг ёсыг хайрлаж байдаг байгууллагууд бидний төлөвлөгөө, хуулинд хүндтэй байр суурь эзлэх болно.

Ядуугийн өвчин зовлонг ойлгодоггүй хүмүүс манай улсад олон байдаг. Гэлээ ч бид зовж буй нэгнийг сонсч чадах шүү дээ. Би улс орноо нэгэн зорилго өөд чиглүүлж байна. Жеричо хүрэх зам дээр яваа тэр шархадсан аянчийг хараад бид түүнийг замын хажуу руу шахан гаргахгүй

Хувийн хариуцлага үнэд хүрдэг газар бол америк улс хэмээвэл хамгийн зохилтой. Хариуцлагыг урамшуулах нь хүнээс алдаа эндэл хайж буй хэрэгбиш, харин энэ бол ухамсарын дуудлага юм.
Амь хайргүй тэмцэх ёстой ч үр дүнд нь дүүрэн амьдрал ирдэг. Амьдралын дүүрэнг сонголт дундаас бус нөр хөдөлмөр дундаас олдог юм. Їр хүүхэд, хүн ард гэдэг бидэнд эрх чөлөө олгодог хишиг юм гэдгийг бид олж мэдсэн.

Бид бүгдийн сонирхол эрх чөлөөнд хүрэх замыг заадаг хувийн мөн чанар, иргэний үүрэг, гэр бүлийн холбоо, шударга ёс зэрэгтэй маш их уялдаатай байдаг.

Заримдаа амьдралд биднийг том зүйл хийхийг дуудах үе байдаг. Гэтэл цаг хугацааны сургааль их хайраар өдөр бүр бага багаар жижиг зүйлс хийж бай гэж сургаж байна. Ардчиллын хамгийн чухал үүргүүдийг гүйцэтгэхэд хүн бүр гар бие оролцож байдаг.

Би иргэнлэг байдлын талаарх ойлголтоо хөгжүүлэх, зориг гарган нийгмийн сонирхлыг урьдтал болгох, илүү их шударга ёс болоод нинжин сэтгэл, хариуцлагыг шаардлага болгох зэргээр эдгээр зарчмуудыг мөрдлөг болгож амьдрах болно. Түүхийн үнэт зүйлийг бид цаг үеийн анхааралд авчрах болно.

Таны юу хийж байгаа тань засгийн газрын юу хийж байгаатай яг ижил чухал юм шүү. Би та бүхнийг найз нөхдийн хамт өөрийн амар амгалангаас цааш нийтийн сайн сайхныг эрэлхийлж, улмаар дотоодын довтолгоонд өртөж болох шаардлагатай шинэчлэлээ хамтдаа хамгаалан, улс үндэстнийхээ төлөө чин сэтгэлээр зүтгэхийг уриалмаар байна. Би та бүхнийг америк нийгмийн жинхэнэ иргэн байгаасай гэж хэлмээр байна. Їзэгчид биш иргэн, хүмүүсийн төлөө үйлчилдэг нийгэм, хүнлэг чанараар дүүрэн улс байгуулах иргэн байгаасай гэж хэлмээр байна.

Америкчууд хүчтэй атлаа өглөгч, сайхан сэтгэлтэй ард түмэн билээ. Энэ нь бид өөрсөддөө итгэдэг учраас биш өөрсдөөсөө илүү итгэл үнэмшилдээ итгэдэг учраас тэр. Хэрвээ энэхүү иргэний сэтгэл алга болвол ямар ч засгийн газар түүнийг нөхөж чадахгүй. Харин ийм сэтгэл байгаа цагт ямар ч буруу үүний эсрэг зогсч чадахгүй.

Тусгаар тогтнолын тунхаг бичигдсэний дараа Виржиниа мужийн улс төрч Жон Пейж Томас Жэфферсонд ийн бичсэн байдаг. Уралдаан бүр хурдаар, байлдаан бүр хүчээр шийдэгдэхгүй гэдгийг бид бүгд мэднэ. Сахиусан тэнгэр хуй салхийг унаад түүнийг залан явдаг гэдгийг чи мэддэггүй гэж үү? гэсэн байдаг.

Жэфферсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос хойш их ч цаг өнгөрчдээ. Он жил болоод өөрчлөлтүүд хуримтлагдаж байдаг. Манай үндэстний эр зоригийн түүх болон нэр төрийн энгийн мөрөөдлийг тэрээр мэдрэх байсансан.

Хүн төрөлхтөн бид энэ түүхийн зохиогч нь бишээ. Харин бурхан цаг хугацаа, мөнх цагийг аль хэдийнэ өөрийн зорилгоор дүүргэсэн бөгөөд түүний зорилго нь гагцхүү бидний бие биедээ туслаж үйлчлэх үүргээр дамжин биелэдэг юм.

Хэзээ ч цуцашгүй, хэзээ ч хувиршгүй, хэзээ ч дуусашгүй, тэр зорилгыг бид өнөөдөр улс орноо илүү шударга, өгөөмөр бөгөөд хүн бүрийн нэр төрт амьдралыг баталгаажуулахаар дахин шинэчлэж байна.

Энэ ажил үргэлжилнэ. Түүх цааш явна. Сахиусан тэнгэр хуй салхийг хүлгэлэн түүнийг удирдана.

Та бүгдийг Бурхан ивээг. Америк улсыг бурхан ивээг.

Хаанa зарагдаж байгаа
Интерном номын дэлгүүр

Зарагдаж буй үнэ 4500

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button