Дарангуйлал бол иргэний дайны шалтгаан байдаг

ашгийн төлөөх сөргөлдөөн, мөргөлдөөн оршин тогтнодог байна. Үндсэндээ иргэний дайн үүсэх шалтгаан нь ихэвчлэн коммунист дэглэм, цэргийн дэглэм, нэг намын дэглэмүүдийн үед илрэн гарч байсныг ардчиллыг шинээр сэргээн тогтоосон орнуудын түүхээс илэрхий харж болно. Өөрөөр хэлбэл эдгээр дэглэм нь хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэж, нийгмийн хөгжлийн төлөө гэсэн уриа лоозогнолоор халхавч хийсэн цөөн эрх мэдэлтнүүдийн дураар авирлах үйл ажиллагаа юм. Ихэнхдээ дээрх дэглэмүүдийн тогтолцоо нь бүхэлдээ хэдхэн хүний гарт зангилагдаж, нийгэм тэр чигтээ утсан хүүхэлдэйн үүрэг гүйцэтгэгч болдог байна. Тэдгээр утсан хүүхэлдэйн дамжуулах механизм болох дарангуйлалыг дулдуйдагчдын хүрээ нь улс орныг зөвхөн өөрийн өнцгөөс харж, сайн сайхан амьдралыг буцалж байгаа мэтээр хийсвэрлэн ойлгодог бөгөөд харин эсрэг талд жирийн ард түмэн хэрхэн өлсөж даарч, амьд байхын төлөө яаж зовж тарчилан байгааг үл ухаардаг. Зарим тохиолдолд нийгэм бүхэлдээ дарангуйлалыг бурхан мэт шүтэж, тэрхүү бурхны бузар мутраас адис авахын тулд нэг олдсон амьдралаа өөртөө зөвтгөх нь дэндүү эмгэнэлтэй. Энэ үүднээс дарангуйлал хэрхэн буй болдогыг авч үзье.
Дарангуйлалыг хэн бий болгодог вэ?
Нэгэн цагт дэлхийн суут дарангуйлагч өөрийн намтар захидалдаа ийнхүү бичиж тэмдэглэсэн байдаг байна. Тэрээр Дарангуйлагчыг ард түмэн өөрсдөө бий болгодог. Ард түмэн гэдэг юу ч бичээгүй цагаан цаастай адил гэж бичжээ. Ард түмэн гэгдэх нийгмийн идэвхи муутай бүлэг нь зөвхөн өөрийн жижиг эрх ашгийн үүднээс аливаа үйл явдалд хандах нь хоосон инээмсэглэлд хууртах балчир хүүхдийн гэнэн сэтгэлтэй агаар нэгэн буй. Өөрөөр хэлбэл дарангуйлал нь ямагт хоосон инээмсэглэлээс эхлэх бөгөөд улмаар биелэх боломжгүй амлалтаар холын зорилт тавьж, тэр зүгт нийгмийг турхиран чиглүүлдэг байна. Дарангуйлагчын нийгмийн зорилт болгож буй зорилтууд нь дарангуйлалыг тогтоох үндсэн суурь нөхцөлийг бий болгодог бөгөөд эдийн засгийн болон санхүүгийн эх үүсвэрийг олгодог ажээ. Нэг талаасаа харахад нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаа мэт харагдах боловч нөгөө талаасаа нийгмийг оюун санааны хоосролд оруулах тархи угаалт явагддаг байна. Энэ бол ямар ч алдаа дутагдлаа ялалт амжилтаар сольж болох овжин арга бөгөөд шүтэн бишрэгчдийн хувьд өгөөмөр харамгүй сэтгэлтэн мэт харагдах жүжиглэлт билээ. Үнэ төлбөргүй жүжиглэлт нь ямагт ард түмэнд таалагдах ёстой байх хатуу дүрэмтэй. Энэхүү хууран мэхлэлтийг дэмий л сайрхан бахархах нийгэм дарангуйлалыг жинхэнэ утгаараа дэмжиж, бүлэг бүлгээрээ түүнд зүтгэж дарангуйлагч төрөх агуу их замыг нээж өгдөг байна.

Дарангуйлал яаж бий болдог вэ?

Дарангуйлал хэзээ эхлэхийг хэн ч хэлж үл мэднэ. Тэр нэг л мэдэхэд таны хоосон толгойг түншээд зогсож байдаг. Та өөрийнхөө нээж өгсөн агуу их дарангуйлалд өөрөө л дарангуйлагддаг. Дарангуйлал эхлээд хэн ч биш байхдаа хүн бүрийг царайчлан гүйж, итгэл сэтгэлийг халаас дүүргэн түрийвчлэдэг. Тэрээр итгэл сэтгэлийн халуун дэмжлэгээр улам бүр цадан бялуурч, илүүдэл хэсгийг нь арилжиж эхэлдэг байна. Илүү ихийг арилжих тусам эдийн засгийн бүхэл тогтолцоог өөртөө бий болгож, нийгмийн сэтгэл зүйн чиг хандлагыг сүлжээний бизнест уруу татдаг ажээ. Сүлжээний бизнесийн зангилаа бүр нь итгэл сэтгэлийн илүүдлээр бий болсон дарангуйлалын эдийн засгийн тогтолцооны эх үүсвэр болон хувирдаг. Улмаар энэхүү эх үүсвэр бүр нь сүлжээнд харъяалагдах хүсэл тэмүүлэл бүхий ашиг хонжоо хайгч элементүүдээр улам бүр идэвхижиж, албан тушаал, авилгал, аллага гэх мэт нийгмийн гаж үзэгдлээр махан хэрэм босгодог. Гэхдээ энэхүү махан хэрэм хэзээ ч ил харагдахыг хүсдэггүй бөгөөд итгэл сэтгэлээ харамгүй хайрласан ард түмнийхээ тархийг угаах хэлбэрээр өөрийгөө далдлан нууж чаддаг байна. Тархиа угаалгаж буй ард түмэн нэг л өдөр итгэл сэтгэлээ барж дуусгаснаа гүн мэдэрч, хоосон түрийвч хонгио толгойгоо тэмтэрч эхлэх бөгөөд оюуны хоосролд автсанаа ойлгож мэдэрдэг. Энэ үест дарангуйлалыг мэдрэх тусам мунхаг тэнэгээ гайхан биширч, итгэл сэтгэлээ дарангуйлагчаас нэхэмжилж эхэлдэг. Харин энэ байдлыг хүлээсэн мэт дарангуйлал жинхэнэ утгаараа муугаа хаяалж эхэлнэ. Тэрээр эхний удаад худал амлана. Дараагийн удаад хууран зайлуулна. Эцэс сүүлд нь айлгаж дарамтална. Энэ бүхний эцэст эрх ашгийн зөрчилдөөн үүсч, дарангуйлалаас гарах оролдлогыг дарангуйлагчыг устгах хүсэл эрмэлзлэлээр эхэлдэг нь хүн төрөлхтний жам ажгуу. Харин дарангуйлагч энэ байдалд улам бүр уурсан хорсож, дарангуйлалын махан хэрмийг улам бүр бэхжүүлэх ажилдаа шамдан орох бөгөөд нийгэмд дарангуйлал нэгэнт бий болсныг өөрөө гэрчилдэг.

Дарангуйлал хэрхэн бэхжидэг вэ?

Дарангуйлал нь ихэнхдээ хүчтэй чадалтай байхын тулд замдаа саад болж буй бүхнийг шууд л арчин хаях бодлого баримталдаг. Заримдаа өөдөөс нь эсэргүүцэх эрх чөлөөтнийг тамлан тарчлааж, нийгмээс тусгаарлан нүхэнд хаядаг ажээ. Энэ мэт баримт материалууд нь дэлхий нийтийн түүхэн үйл явцаас харагддаг. Товчхондоо дарангуйлал нэгэнт бий болсноор яаж ийгээд бэхжих арга замыг сүвэгчилдэг байна. Нэн тэргүүнд нийгмийн сэтгэл зүйн талбар дээр тэдэнд таалагдах бүхий л оюун санааны болон материаллаг тоглолтыг хийдэг байна. Энэхүү тоглолтондоо эхлээд нийгмийн оюуны цангааг тайлж байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслийг өргөнөөр ашиглах бөгөөд нөгөө талаараа энэ салбарыг бүхлээр нь гартаа оруулж амыг нь барина гэсэн үг юм. Хэвлэл мэдээллийг худалдан авахыг нь худалдан авч, эсэргүүцсэн нэгнийг нь хаан боогдуулснаар дарангуйлалын эхний шинж тэмдэг илрэх бөгөөд улмаар эсэргүүцэн сөрөн зогсох хэнийг бай өөрийн сүлжээнээсээ түлхэн гаргадаг. Зарим нэг аюултайд тооцогдох баримт материал, амьд гэрчийг устгалд оруулдаг ба энэ байдал нь түүхийн үнэнийг гуйвуулан шамшигдуулж, бузар булай бүхнээ нуун дарагдуулах мэргэшсэн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Даравч далдайна, булавч бултайна гэгчийн үлгэрээр үе үеийн тэмцэгчид энэ бүхнийг нь илчлэн гаргах боловч бүхий л хувилбар мэхээр нийгмийн сэтгэлгээний хоосролыг ашиглан нухчин дардаг байна. Үндсэндээ дарангуйлал, дарангуйлагчын ноёрхол бэхжих үндэс нь нийгмийн сэтгэлгээний хоосрол байдаг бөгөөд нийгэм сэрсэн үедээ энэ бүхнийг зогсоохыг хичнээн хичээх боловч нэгэнт оройтсон алхам болдог. Өөрөөр хэлбэл дарангуйлагчид өөрийн байр сууриа хичнээн хамгаална төдий чинээ ард түмний дургүйцэл нэмэгдэх бөгөөд улмаар нийгэмд тогтворгүй байдал ноёрхож, эмх замбараагүй байдал үүссэнээр иргэний дайны эхлэлийн цэгийг хатгадаг байна. Нэгэн цагт дэлхийн их сэтгэгч Хүчирхийлэл хүчирхийлэлийг төрүүлдэг гэсэн суут үгийг хэлсэн байдаг бөгөөд үүний нэгэн адил төрийн хүчирхийлэл нь иргэний дайныг өдөөх эх үндэс болдог ажээ.
Энэ бүхнээс сийрүүлэн үзэхэд дарангуйлал бол иргэний дайны шалтгаан байдагтай эрхэм уншигч таныг санал нэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Сайн бүхэн дэлгэрэх болтугай.

ЭНТИХ- Эдийн засагч Док Ч.Чимидсүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button