Авлигачид өөрсдөө авлигач гэж хашгирдаг нь инээдэмтэй

Монгол орны хот суурин газрын гудамж талбайг гашуудлын хар, улаан өнгөөр будаж билээ. Иннхүү ардчиллын баг өмссөн улстөрч болгоны амнаас шахам ганцхан МАХН-ын дотор л авлига бугшиж буй мэт хий гарч, нийгмийн уур амьсгалыг хордуулж эхэлсэн. Шинэ оны босгон дээр Авлигатай тэмцэх хуулийн хүрээнд хараат бус байгууллагын талаар хэлэлцэхэд халуухан маргалдаж, УИХ-ын хамгийн балчир гишүүн З.Энхболд Улсын тэргүүний авилгач бол Н.Энхбаяр гэж төөрсөн хүн шиг гэнэт хашгирав. З.Энхболдыг ямар хүн билээ . Ичих нүүргүйгээр юмыг нааш цааш болгож, Монгол тврийн өмчөөр ёстой гараа угаадаг гэж үү? Энэ хүн яаж баяжиж хөлжсөн нь тодорхой. Зарим хүн авилгач гэдэг хаягийг хэн нэгэнд нааж л байвал шударга тэмцэгчийн имижийг бүрдүүлэх эхний алхам мен гэж эндүүрдэг бололтой.

Авлига XXI зууны Монгол орны хөрсөнд гэнэт уррачихсан юм биш. Нийгэм доройтох бүрийд тахал адил дэргэрч байжээ. 1910 оны үед монголчууд тусгаар тогтнолын төлөө тэмцэлдээ хүчин мөхөсдөхөд итгэл алдарсан ноёд түшмэд харийнхны урхинд орж, хөрөнгө мөнгө, эрх ямбаар төрөө худалдаж байсан баримт бий. Гуч дөчөөд оны хэлмэгдүүлэлтийн үед ногоон малгайтнууд бусдын хураагдсан эд хөрөнгөнд гар дүрж, эхнэр хүүхнүүдийг нь хүртэл татаж чангааж байлаа. Тавиад оны дундуур малыг нийгэмчлэхэд тал тохой татсан явдал бас л бишгүй гарсан гэдэг. Харин далаад оноос нэг үзэл Суртлын хүлээсэн дэх тоталитар дэглэмийн үед арын хаалга хэмээх гайхал газар авчээ. Эдгээр нь зүс өөр ч өнөө цагийн авлигын үр үндэс аж.

Ерээд оны зах зээлийн давалгаанаар авлига Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд зангуугаа хаяж, шинэ тогтолцоо шинэ хүмүүсийг төрд авчрав. Социализмын үеийн хувийн .өмчийг хяхан хавчих, мөнгөний гүйцэтгэх үүргийг явцууруулж байсан хандлага орвонгоороо эргэж, төрт ёсны хүмүүжил соёлоор ядмаг шинэ залуу албан тушаалтнууд хувийн өмчийн амтанд орж, мөнгийг шүтэх үзэл төрийн хэргийг авилгад ашиглах шимт хөрс боллоо. Засгийн газрын дуулиант 20 дугаар тогтоолын нууцыг гэр бүл, ойр дотныхондоо түрүүлж задлан, өөрсдөдөө давуу тал олгосноор нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй нүгэл нүүрлэж эхэлсэн юм. Мөнгөний ханш огцом хөдөлгөөнд орсон, зээл олголтод гажуудал үүссэн, банкны зээлээр төрийн өмчийг хувьчилж авах болсон, банкууд төрөөс хараат байсан зэргийг далимдуулан Ардчилсан холбоо эвслийн эрх баригчид Ард, Даатгал банкийг зүгээр л зажлалгүй залгиж, Сэргээн босголт банкийг хувийн Голомт банкинд богтлоод өгч орхисон. Ланжгар өртнүүдийн нэрс найдваргүй зээлийн жагсаалтыг дүүргэж, тэд сагсайтлаа цэцэглэсэн авлигын модны сүүдэрт хээвнэг тухлах болов.

Сүүлийн үед олон улсын байгууллагуудаас авлигын талаар гаргасан судалгааны тоймд Patronage гэсэн нэр томъёо тааралдах юм. Энэ нь аль нэг хувь хүн бус, байгууллагаар дамжуулан ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийг илэрхийлдэг байна. Тухайлбал, улс төрийн намыг сонгуульд дэмжин хандив өргөж, засгийн эрх авеных нь дараа ашигтай албан тушаалд очих, бялуу хүртэх зэргээр илэрдэг нь мөн л М.Энхсайханы Засгийн газрын үеэс намын харъяаллаар нь хомроголон халж, эвсэлд хамаатай хүмүүсийг томилж байсан явдал мөн. Тиймээс ч яг энэ үед мэндэлсэн Төрийн өмчийн хорооны-хон төрийн өмчийн оролцоотой компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдээр сонгогддог практик тогтсоны улмаас хувьчлалын талаархи нууц мэдээллийг ашиглах, хувьцаагаар нь бизнес хийх таагүй алхамд хүргэх болсныг 2000 онд зохиогдсон Авлига Түүний тухай ойлголт, тэмцэх арга зам сэдэвт семинар дээр ноцтой жишээ болж байсныг тус хорооны загалмайлсан эцэг З.Энхболд мартах учиргүй.

Ер нь банкны зээлийн өр, өмч хувьчлалын гажуудлын томоохон хэргүүд шүүхийн хаалга татсан ч эрүүгийн болон иргэний эрх зүйн зарчмууд өөрчлөгдөж, хараат бус байдал гэдгийг хяналтгүй байхтай адилтгасан цалин багатай шүүгчид санамсаргүй бус байдлаар хэрэгсэхгүй болгосон нь цөөнгүй билээ. Төрийн өндэр алба хамгийн ашигтай бизнес болж гэдгийн цаана хувийн компаниуд нам байгуулж, бизнесменүүд улстөрч оолон төрөл арилжиж байна.

Ийнхүү Я.Цэвэлийн Монгол хэлний толь-д тайлбарласан авлига-ёс бусаар шунаж авсан эд юмс. Авлигалах-эдэд шунах, ёсон бус аргаар юмыг олзолж авах, хээл хахууль авах гэсэн утга бүхий үг зүсээ мөн ч олон янзаар хувиргаж дээ. Харин онцлог нь авлигад оролцогч этгээдийн тоо доод тал нь хоёр (авагч, өгөгч) буюу энгийн хэлцэл, гурав (өгөгч, зуучлагч, авагч) оролцcон буюу лоббийн үүрэг өндөр хэлцэл байдаг бөгөөд бүх оролцогч нарт ашигтай нөхцөлөөр явагддаг байна. Гэтэл 1996 оны хуульд авлигад оролцогчдыг хамтад нь гэмт хэрэгтэн болгон заасан нь ердөө л дуугүй байсан нь дээр гэсэнтэй агаар нэг юм. Харин баруун Европ, хойд Америкийн зарим оронд авлига өгсөн субьект нь өөрөө авлига авсан этгээдийн нэр, хаягийг заасан нөхцөлд авлигад зарцуулсан мөнгийг нь татвараас чөлөөлдөг уран арга хэрэглэдэг гэнэлээ.

Манайд ичсэн хүн хүн алдаг. Авлига гэсэн том хар малгай өмсүүлчихээд олон Сайхан хүний нэр хүндэд аймшиггүйгээр халдаж байлаа. Хэдэн жилийн өмнө Зууны луйвар телевизийн захиалгат цуврал нэвтрүүлгээрээ Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэгийг яаж гутаан гүтгэж байлаа даа. Тэр хүн удалгүй ид насандаа төрийн хэргээ орхиод одсон. Монголчууд хар хэл амыг цээрлэх байтугай магтаалын цагаан хэл амнаас ч цэрвэдэг. Жил хүрэхгүйн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Н.Энхбаярыг сэтгүүлч Г.Уянгаа Авлига нэвтрүүлгээрээ мөн л гүтгэн гүжирдсэн. Төрийн сүлд түшээ биз, түмнийхээ итгэлийг өвөрлөж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Жингэр хуцаж л байна, жингийн цуваа явж л байна гэдэг ардын маань үг бий. Харин хүн хичнээн шударга байх тусмаа бусдыг хуурамч зан гаргав уу гэж сэрдэх нь төчнөөн бага байдаг. Дорд муу сэтгэл ариун үйлсийг дорд хэрэг мэт үздэг хойно. АН-ын Үндэсний зөвлөлдөх хоробны гишүүний босго давдаг сая төгрөг, оноос он дамнуулан олгодог гамгүй өргөмжлөлийн хурааэдж зуу зуун мянга, тойрогтоо хэвийн боов, архи дарс тараадаг зэргийг авлигын нүдээр харвал эвэр хошуулж болох мэт. Өнгөрсөн долоо хоногоос нийтийн тээврийн том оврын автобусны үнэ 300 төгрөг боллоо. Бухимдсан зорчигчид 200-гаас илүүг сарвайхгүй л байна. Дунд нь хавчуулагдсан кондуктор өгснийг нь авахаас биш яахав. Дутуу төлсөн мөнгөнд ч бас тасалбар өгөлтэй биш. Ингээд тасалбаргүй орсон мөнгө кондукторын халаасанд, сахил хүртээд шал дордсон автобусны бааз шатахуунаа ч авах тэнхэлгүй паг. Явган гэлдрэхгүйн тулд зорчигчийн дутуу өгсөн мөнөөх 200 бяцхан авлига болж хувирав. Зуун зорчигчийн 200 нийлээд 20 мянга. Автобусан дотор ч авлига соёолж байна.

(өнөөдрийн монгол 2006-01-10 176)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button