Монголчууд алтан нарантай адилтгаж алтан номын үсэг гэж ярилцдаг

2006 онд дэлхий дахинаа болон манай оронд олон буянтай үйл дэлгэрэхийн өлзий учрал бүрдсэний нэг нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн түүхэн ойг ёслон тэмдэглэх арга хэмжээнүүд юм.
Энэ их ойг ёслон тэмдэглэх талаар Монголын төр засаг зарлиг, шийдвэрээ гаргасныг НҮБ-аас дэмжин, олон улсан хэмжээнд хүндэтгэлтэйгээр тэмдэглэхийг уриалсан нь ойн ач холбогдлыг улам ч өргөж байна.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх их ажлын гарааг шинэ онынхоо эхний өдөр Монгол даяараа зарлан мэдэгдсэн билээ.

Чухамхүү энэ их ойн ажлын хүрээнд өлзий дэмбэрэлтэй энэ өдөр, энэ цаг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Монгол бичгийн цагаан толгой гүн хүндэтгэлтэйгээр залж буй нь ном дор мөргөмү хэмээн бишрэн шүтдэг монгол түмэн эрдэм ном эрхэ баян гэж дээдлэн үздэг уламжлал болон оюун ухаан, эрдэм мэдлэгийг эрхэмлэж буй эрин цагийн шаардлагатай уялдуулсан утга төгөлдөр үйл явдал мөн.

Монголчууд алтан нарантай адилтгаж алтан номын үсэг гэж ярилцдаг нь нэгэн үсэгнээс, нэгэн үгнээс мянган утгын гэрэл цацран бүрхэг харанхуйг гийгүүлдэг гэсэн утгаар зүйрлэсэн хэрэг буй за.
Нийгмийн харилцааны хэрэглүүр хэл нь адгууснаас хүний ялгарах нэг гол шинж байдаг бол бичиг үсэгтэй болно гэдэг нь зэрлэг бүдүүлгүүдээс оюут хүмүүн төрөлхтнийг ялгаруулдаг онцлог бөгөөд монгол түмэнэ энэ талаар бахархах эртний уламжлалтай.

Монголчууд түүхэндээ эрдэм мэдлэгийг дэлгэрүүлэхэд өөр өөрийн үүргийг гүйцэтгэсэн харьцангуй олон бичиг үсэг хэрэглэсэн бөгөөд тэр бүхний дундаас монгол бичиг хамгийн эртний уламжлалтай, түүхийн урт хугацаанд эдүгээг хүртэл мэдээлэл, мэдлэгийг хадгалан дамжуулах харилцааны чухал хэрэглүүр болж ирсэн төдийгүй эх оронч үйлстэй холбогдсоор ирсэн билээ.

Монгол бичгийн хосгүй гайхамшигт чанар нь монголын олон нутгийн аялгуунд өөр өөрөөр хэлдэг үгийг нэгэн хэлээр бичиж болдогт оршино. Монгол түмэн үндэсний монгол бичгээ түүхийн янз бүрийн нөхцөлд нандигнан дээдэлж үеэс үед уламжлуулан өвлүүлж ирсэн нь үсгийн дүрмэндээ нутгийн аялгуу бүрийн онцлогийг хадгалж оршин байхын үндэслэл болохын хамт олон нутгийн монголчуудын нэгдмэл утга зохиолын хэл төлөвшин хөгжихийн нөхцлийг бүрдүүлсэн билээ.

Эзэн богд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулахдаа монгол бичгийг төрийн бичиг болгох айлдвараа хайрлаж түүнийг залгамжлагч алтан ургийг хаад өрийн хасбуу тамгыг энэ бичгээр сийлбэрлэж, харь гүрэнд илгээх бичиг, гадаад харилцааны элчийн алт, мөнгөн гэрэгэд мөнх тэнгэрийн хүчин дор төрсөн далай их хааны зарлигийг тунхаглаж байлаа.

Монголчууд манжийн түрэмгийлэлд автахад ч манж нар монгол бичгийг зээлдэн авч төрийн бичгээ болгон манай соёлд дагаар орсон сонин учрал бас бий. Монгол түмэн манжийн түрэмгийллийн эсрэг хоёр зуу гаруй жил тэмцэхдээ үндэсний эрх чөлөөний хүсэл зоригоо монгол бичгээр илэрхийлж, 1911 онд Богд хаант Монгол Улсыг байгуулан үндэсний тусгаар тогтнолоо сэргээхэд ч, 1921 оны ардын хувьсгалыг ялалтанд хүргэж тусгаар тогтнолоо батлахдаа олонд зарлан тунхаглах бичгээ монгол бичгээр үйлдэн түүхэн шийдвэрээ баталгаажуулж байв. Монгол улсад ардын эрхэт Бүгд Найрамдах засгийн тунхагласан 1924 оны Үндсэн хууль болон эдүгээ хүртлэх Үндсэн хуулиудыг монгол бичгээр бичиж тунхаглаж ирсэнийг түүх гэрчилнэ. Иймд монгол бичгийг төр засгаас онцгойлон анхаарч төрийн бичиг болгох бэлтгэлийг хангах Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг буулгаж, монгол бичгийн хөтөлбөрийг батлан улмаар Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг ёслон тэмдэглэж өнгөрүүлэх арга хэмжээний эхэнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Монгол бичгийн цагаан толгойг хүндэтгэлтэйгээр залж буй нь бэлэгшээлтэй, бэлгэ дэмбэрэлтэй юм. Энэ нь монгол бичиг, төр засгаас гүн хүндэтгэлтэй хандаж буйн тод илэрхийлэл болой.

Монгол бичгийн цагаан толгой-г Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хүндэтгэлтэйгээр залж буй нь их ажлын эхлэл гэдгийг онцлон тэмдэглэе. Учир нь үсэг бичгийг сурахын түлхүүр болсон Цагаан толгой-н эхний үсэг нь А үсэг байдаг шиг аливаа хүмүүн түүнийг эхлэн сурч бичиг номдоо ордог билээ. Иймд монгол бичгээ сурах, судлах, сурталчлах дэлгэрүүлэх их ажил өрнөн дэлгэрнэ гэдэгт итгэлтэй байна. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг ёслон тэмдэглэх ажлын хүрээнд гэхэд л монгол төрийн тамга бэлгэдлийн хөшөөг монгол бичгийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний хамт Төрийн ордны цэцэрлэгт талбайд босгох, Монголын нууц товчоо-ны хосгүй нэгэн хувь болон 1206 онд Их хуралдайгаа баталсан Их засаг хууль, 1911 онд баталж алтан хуудсан дээр хэвлэсэн зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг, 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиудын эх зэргийг Чингис хааны дурсгалын болон Төрийн ёслол хүндтгэлийн өргөөнд залах зэрэг олон ажлууд хийгдэх болно. Энэ эрхэм үйлсэд монголын үе үеийн эрдэмтэн ухаантны зүтгэл бүтээлийн үр шим, эх орончдын гавьяат үйлсийн буян хуран чуулсаныг тэмдэглэхэд таатай байна.

(өнөөдрийн монгол 2006-01-10 176)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button