Нөхөн сэргээлтийг жил болгон хийлгэнэ

-Энэ хуулийн төсөлд орж буй гол гол өөрчлөлтийг нэрлэнэ үү?
-1997 онд энэ хуулийг шинэчлэн боловсруулж баталснаас хойш найман жил өнгөрчээ. Шууд хөрөнгө оруулалтыг татах, геологийн салбарт эрэл хайгуулыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хууль юм. Хамгийн гол нь эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Өөрөөр хэлбэл, аливаа маргаан шударга бус үйлдлийг хязгаарлах, далд наймааг зогсоох, дотоод гадаадын хуулийн этгээд лицензийг хэт олноор авдгийг зогсоох, хураамжийн зохих хэсгийг тухайн орон нутагт оруулах гэсэн олон чухал заалт хуулийн төсөлд шинээр тусгагдсан. Тухайлбал, төслийн 6-р зүйлийн 2.7-д хайгуулын болоод ашиглалтын лицензийг дуудлага худалдаагаар олно гэдэг заалт оруулсныг жишээ болгоё.

-Ингэхэд хайгуулийн лицензээс улсын төсөвт хэдий хэр орлого олдог вэ?
-Хайгуулын лицензээс 11 тэрбум төгрөг жилд улсын төсөвт ордог. Одоогоор хөрөнгө оруулалтын хувьд 20 сая ам.долларын босго давсан тохиолдолд тогтвортой байдлын гэрээ байгуулна гэж төсөлд заасан. Ашиглалтын хувьд эхний гурван жилд таван ам.доллар, зургаа дахь жилээс 10 ам.доллар байна гэж үзсэн. Лиценз ашигласны төлбөрийг ингэж нэмэгдүүлж байгааг зөвөөр ойлгох ёстой. Яагаад гэвэл энэ нь хөрөнгө оруулагчдыг үргээхгүй байх зорилготой бодлого юм. О.Энхсайхан нарын өргөн барьсан хуульд лиценз ашигласны татварыг 15 хувь байхаар заасан байна лээ. Энэ бол үндэслэлгүй тоо. Өөрөөр хэлбэл, дэлхийн жишиг лиценз ашигласны татвар 2.5 байдаг юм билээ. Тийм учир бид хөрөнгө оруулагчдаа үргээхгүй байх ёстой.

-Өмнөх хуульд орон нутаг дахь орд газрын зөвшөөрлийг тухайн аймаг орон нутгийн Засаг дарга нь олгодог байсан. Шинэ хуулийн төсөлд энэ хэвээрээ үлдсэн үү?
-Тэгэхлээр ийм байна. 1997 онд батлагдсан хуулиар бол Улаанбаатараас тогтоосон газар л хүчин төгөлдөр байсан. Өөрөөр хэлбэл, хадлан тэжээл, өвөлжөө намаржаа хамаагүй. Эндээс л тэр газрыг очоод ав гэж заасан бол гүйцээ. Энэ бол мэдээж буруу бодлого учир арай гэж орон нутгийн Засаг даргаас зөвшөөрөл авдаг болсон. Энэ нэг талаар ашигтай байсан. Манай тэр хүний өвөлжөө тийм учир энэ орд газар олгохгүй гэдэг ч юм уу, ямар ч байсан малчдын эрх ашгийг хамгаалж чадсан. Гэхдээ нөгөө талаас Засаг дарга эрх олгох нь учир дутагдалтай. Энэ хүн бол төрийн төлөөлөгч. Дээр нь хугацаатай томилогддог хүн. Бас л нэг хүн дур мэдэн орд газар олгоход сөрөг үр дагавар гарах нь мэдээж. Энэ утгаараа шинэ хуулийн төсөлд орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал уг асуудлыг шийдэх ёстой гэсэн өөрчлөлт оруулахаар болсон. Энэ нь орон нутагт ИТХ-ын оролцоог дээшлүүлж байгаа нэг хэлбэр юм.

-Орд газраа эзэмшиж дуусаад газрын нөхөн сэргээлтийг огтхон ч хийдэггүй орхидог үзэгдэл манайд гарсаар байна. Үүнийг хуулийн төсөлд ямар замаар таслан зогсоох талаар хуулийн төсөлд дэвшилттэй заалт орсон уу?
-1997 оны хуульд орд газраа ашиглаж дууссаны дараа нөхөн сэргээлт хийнэ гэсэн заалт байсан. Үүнийг өөрчлөхөөс өөр аргагүй. Яагаад гэвэл газар ашиглаж дуусчихаад арилаад өгдөг нөхдүүд олон байна. Тийм учраас жил болгон нөхөн сэргээлтийг хийж байх ёстой гэдэг заалтыг хуулийн төсөлт тусгасан. Гэхдээ нэг жилд нөхөн сэргээлтэд зарцуулах хөрөнгийн 50 хувийг Байгаль орчны яамны дансанд хийх бөгөөд хэрвээ тухайн ажлаа гүйцэтгээгүй бол энэ мөнгийг тэрхүү нөхөн сэргээлтэд зарцуулах ёстой. Бид ийм заалтыг нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгасан юм.

-Өмнөх хуульд нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд лицензийг нь буцааж авна гэсэн заалт байдаг шүү дээ. Энэ нь нэг талаар учир дутагдалтай гэсэн үг үү?
-Тийм. Орд газар ашиглаж дуусчихаад байгаль орчныг орвонгоор нь эргүүлчихээд лицензээ өгчихөөд яваад өгч магадгүй шүү дээ. Тийм учир бид эцсээ хүртэл тооцоо хийх хувилбарыг сонгосон.

(өнөөдрийн монгол 2006-01-10 176)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button