Засгийн газрын 2006 оны хөзөр

Засгийн газрын тэргүүн үгийнхээ эхэнд өнгөрсөн жилийнхээ ололт амжилтыг дурдахаа мартсангүй. Харин ирэх оныхоо зорилгоо тодорхойлоход нь Засаг дарга нар хичээнгүйлэн бичиж авна.
2005 онд эдийн засгийн өсөлт тогтворжсон жил байсныг Ерөнхий сайд Ц.Элбэгдорж онцлов. Гадаад худалдааны алдагдал 30 хувиар багасч, экспорт 1 триллон төгрөгт хүрчээ. Инфляцийг нэг оронтой тоонд барьж чадсан юм байна. Иргэдийн мөнгөн хадгаламж 40 хувиар нэмэгдэж, түүнийгээ дагаад банкны зээл өмнөхөөс 30 хувиар өсчээ. Мэргэжлийн сургалтад хамгийн олон хүн хамрагдаж, ажилд зуучлагдсан жил байлаа. Үйлдвэр аж ахуйн нэгж олноороо үүдээ нээж буйд Ерөнхий сайд сэтгэл ханамжтай байлаа. Улсын хэмжээнд 200 гаруй аж ахуйн нэгж мэндэлсэн аж. Засаг дарга нараас төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхийг шаардаж, иргэдэд чирэгдэл учруулж байгаа хүнд суртлын бичиг баримтын тооллого хийж устгахыг шавдуулдаг Ерөнхий сайд энэ бүхнийхээ дүнд Төрийн үйлчилгээ иргэд рүүгээ ойртсон гэлээ.
2006 онд ядуурал, ажилгүйдэл урьдын адил бидний анхаарлын төвд хэвээр байх болно гэж Засгийн газрын тэргүүн хэллээ. Юм хийж, амьдралаа өөд татъя гэсэн хүмүүст боломж олгохоо ч мэдэгдэв. Таатай нөхцлийг ашиглан гадаад худалдааг дэмжих хөтөлбөр боловсруулахаар төлөвлөжээ. Байгаль орчны доройтлыг бууруулах, унаган, төрхийг нь сэргээхэд түүний санаачилсан Ногоон хэрэм хувь нэмрээ оруулна. 130 гаруй мянган өрх ногоо тариалсныг Ерөнхий сайд онцолсон. Зээлийн тогтолцоо бүрдүүлэхэд Засгийн газар анхаарах бөгөөд орон сууны урт хугацааны зээл авах боломж бүрдсэний дараа төрийн албан хаагчид цалингаас гадуурхи орлогод цаг заваа гарздах шаардлагагүй болох юм.

Б.ХИШИГ
(өдрийн сонин 2006-01-10 007)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button