Баялагтай байхын зовлон

Жозеф Штиглиц (Joseph E.Stiglitz. 1993 онд Клинтоны засгийн үед УАА-н Хяналтын зөвлөл, улмаар Дэлхийн банкны дэд захирал, өмнө нь Yale, Princeton, Oxford und Stanford их сургуулиудад макро эдийн засгийн профессор багш байсан. 2001 онд Мэдээлэл болоод макро эдийн засгийн харилцан хамаарлын асуудлаар Нобелийн шагнал хүртсэн. Одоо Columbia их сургуульд ажилладаг) бол манай гаригийн толгой эдийн засагчдын нэг бөгөөд Даяаршлын сүүдэр, Гайхмаар гэнэтийн өсөлт зэрэг номоороо өрнөдөд сая сая уншигчдын танил болжээ. Тэрээр хүйтэн дайнаас хойшхи дэлхийн шинэ эзэд болон тэдний гол институтууд болох ДБ, ОУВС-гийн сүүлийн 15 жилд хийсэн аварга туршилт хэрхэн дампуурч байгааг жирийн хүнд ойлгогдохоор бичсэн юм.
Ноён Жозеф Е.Штиглицийн Олон нийтийн санхүүгийн хяналтын төвийн Нөөц баялгийн тухайд сэдэвт семинар дээр тавьсан илтгэлээс сийрүүллээ.

Нөөц баялгийн сөрөг үр дагавар гэдэг уг нь энгийн мөртлөө ээдрээтэй зүйл юм. Юу гэвэл, эдийн засагт баян буюу нөөц баялаг ихтэй байх нь илүү сайн сайхан байж, түргэн хөгжиж дэвжихийн нэр гэж үздэг байлаа. Гэтэл тийм байх албагүй бөгөөд нөөц баялгаар баян байх нь улс орны байдлыг дордуулж болдгийг нотлох баримт олширсоор байна. Дэлхийн хэмжээнд авч үзвэл бусдаас илүү байгалийн нөөц баялагтай орнууд тэр хэрээр өндөр хөгжилд хүрээгүй байна. Нөөц баялаг ихтэй бүх улс орныг ажаад байхад тэгш бус байдал, ядуурал бага биш, харин ч ёс мэт их байдаг. Тэгэхээр нөөц баялаг зайлшгүй өсөлт хөгжилтөд хүргэж, ядуурлыг бууруулдаггүй ажээ.
Баялаг сөрөг үр дагаварт хүргэх хэд хэдэн хүчин зүйл байдаг.

Төлөөс нэхэх
Нэгдүгээрт, төлөөс нэхэх явдал. Бөөн мөнгө байгаа тохиолдолд хүмүүс түүнээс аль болох их хүртэхийг эрмэлздэг. Байгалийн баялаг багатай Швецари зэрэг оронд энэ бол ондоо асуудал. Тэнд хүмүүсийн баян чинээлэг болох ганц арга зам нь баялгийг бүтээх явдал. Харин байгалийн баялаг байгаа нөхцөлд баяжих хамгийн хялбар арга бол тэрхүү бялуунаас хүртэх, чингэхийг хичээх явдал юм. Тиймээс илүү том бялуу бүтээе гэхээсээ илүү байгаа бялуугаа хувааж авахыг оролдоход эрч хүчээ зарцуулдаг байна. Энэ үйл явцын дүнд баялаг бүтээгдэх биш харин сүйтгэгдэх нь олонтаа бай­даг. Нефтийн нөөцөөр баялаг Венесуэл улсад гэхэд өнөөдөр хүн амынх нь 2/3 нь ядуу хэвээр байна. Энд болж байгаа асар их зөрчилдөөн нь ердөө л нефтийн мөнгөнөөс хүртэж чадахгүй байгаа гуравны хоёр нь эндээс хувь хүртэж байгаа гуравны нэгээсээ энэ мөнгийг авахыг хүсч байхад, тэр гуравны нэг хэсэг нь бууж өгөхийг хүсэхгүй байгаа явдал юм.

Авилгал, хээл хахууль, залилан
Ийм хэмжээний төлөөс бодитой байх нь авилгалыг өдөөдөг талтай. Нөөц эзэмшиж буй компаниуд ашгаа хамгийн их байлгах гэсэн нэг л зорилготой, өөрөөр хэлбэл, нөөцөө гаргаж авахад зарцуулах мөнгөө хамгийн бага байлгана гэсэн үг. Ингэх хамгийн шалгарсан арга бол төрийн албан тушаалтныг хахуульдаж, улсад төлөх мөнгөнийхөө хэмжээг багасгах явдал. Бүхэл бүтэн улсад төлөхийн оронд ганц хүнд төлсөн нь хамаагүй хямд бизээ.
Хяналтын хэчнээн сайн механизмтай байлаа ч тэд идэвхийлэн хичээх болно. Жишээлбэл, АНУ-д Засгийн газарт төлөх ёстой мөнгөнийхөө хэмжээг багасгахыг хичээсэн олон янзын цогц механизмууд урт удаан хугацааны турш үйлчилсээр ирсэн. АНУ-ыг нэлээд өндөр түвшний, боловсронгуй хөгжсөн бүтэцтэй улс гэж үздэг учраас би энд зориуд жишээ болгон авч байна. Гэсэн хэдий ч тэнд хүндрэл бэрхшээл байсаар, зарим маш нарийн арга хэлбэрт шилжсээр байна.

Хоёр дахь асуудал бол гэрээний хэрэгжилтийг хангах явдал юм. Гэрээнд заасны дагуу тэд цэвэр дүн буюу цэвэр орлогоосоо тооцсон тодорхой хэмжээний мөнгөн төлбөрийг төлөх ёстой. Гэвч компаниуд тэрхүү цэвэр дүн-гээ багасгах талаар нягтлан бодох, тайлан бүртгэлийн заль гаргаж эхэлдэг. Саяхны нэг мэдээнээс үзэхэд Алабама мужид ч зарим нефтийн компани ийм хэрэг хийсэн байна.

Зэвсэгт мөргөлдөөн
Байгалийн баялгаас үүдсэн сөрөг үр дагавар нь зэвсэгт мөргөлдөөн, улс төрийн хурцадмал байдалд хүргэхээс гадна бизнесийн таагүй орчныг бий болгох нь олонтаа байдаг.

Нидерланд өвчин
Баялгийн өөр нэг сөрөг үр дагавар нь валютын ханшид нөлөөлөх буюу нийтийн дунд ‘Нидерланд өвчин’ гэгдэх үзэгдэл юм. Нөөц ашигласны асар их хэмжээний орлого гаднаас орж ирэх нь дотоодын валютын ханш чангарахад хүргэдэг бөгөөд ингэх нь нефть болон байгалийн бусад баялгаас өөр бараа бүтээгдэхүүний экспортыг хүндрэлтэй болгож, дотоодын үйлдвэрлэгчид импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхөд хэцүү болж, улмаар импортыг орлох салбар доройтоход хүрнэ.
Нефть бүтээгдэхүүний салбар хөгжин цэцэглэж байхад нефтийн бус салбар хохирч байдаг. Энэ нь хөгжиж байгаа орнууд, ялангуяа ажилгүйдлийн өндөр түвшинтэй оронд тулгардаг бэрхшээл юм. Нидерланд өвчин анх илэрсэн Нидерланд улсын хувьд тэнд байгалийн хийн ихээхэн нөөцтэй байв. Хэдийгээр эдийн засгийн механизм нь тун сайн ажиллаж байсан ч үндэсний валютын ханш тэгтлээ чангарсан нь экспортын бусад салбар болон импортыг орлох салбаруудын хувьд тун таагүй болж, ажилгүйдлийн бодит түвшин 30 орчим хувьд хүрсэн байна.

Валютын ханшны хэлбэлзэл
Байгалийн нөөцийн үнэ маш их хэлбэлзэлтэй байдгаас макро эдийн засгийн удирдлагад хүндрэл учирдаг явдал юм. Сайн жил ч байна, бас муухан жил ч байна гэсэн үг. Эдийн засагт ийм маягийн хэлбэлзлийг удирдахад маш хэцүү байдаг, ялангуяа энэ мэтийн эрсдэлийг даах механизм байдаггүй хөгжиж байгаа орнуудын хувьд бүр хүндээр тусдаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button