Шведэд сурцгаая

Гэтэл Германаас гадна Швед улсын их, дээд сургуулиудын оюутнууд үнэ төлбөргүй сурдаг гэдгийг тэр бүр мэддэггүй.

ЯАГААД ШВЕД ГЭЖ

Хамгийн их шинэчлэгдэж байгаа улс
Швед бол дэлхийн хамгийн аюулгүй бөгөөд орчин үеийн, шинэчлэгдэж байгаа орнуудын нэг юм. Та бүхэн Шведийн Үolүo, Ikea, Ericsson, H&M, Oriflame болон Saab зэрэг нэр хүндтэй компаниудаас гадна соёлынх нь илэрхийлэл, нүүр царай нь болдог алдарт ABBA, The Cardigans, Astrid Lindgern зэргийг сайтар мэдэх буйзаа.

Стандарт өндөр
Швед бол 15-р зуунаас хойш боловсрог­дож ирсэн өөрийн гэсэн онцлогтой сур­гал­тын түүх, их дээд сургуулиуд, эрдэм шин­жил­гээний баялаг уурхайтай улс. Мөн танд Шведийг дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Нобелийн шагналын эх орон гэдгийг нь сануулахад таатай байна. Өнөөдөр Шведийн үйлдвэрэл, үйлчилгээ нь энэхүү урт хугацааны турш хөгжиж ирсэн шинжлэх ухаан, боловсролынхоо хөгжилтэй ихэд уялдаатай хөгжиж байгаа юм. Их дээд сургуулиуд нь судалгаа шинжилгээний ажил, бие даасан сэтгэлгээгээрээ алдартай. Сургалтын хөтөлбөрүүд нь Европтоо нэлээд толгой цохиж, өрсөлдөхүйц болж байгаа. Мөн та тус улсыг нийгмийн хамгаа­лал, аюулгүй байдал маш өндөр түвшинд хөгж­сөн амгалан тайван, амьдралын стан­дарт хамгийн өндөрт байдаг орнуудын нэг гэдгээр нь мэдэх буйзаа.

Сонголт арвин
Шведийн их дээд сургуулиуд нь хүний эрхээс эхлүүлээд инженер, байгаль экологи, хууль, нийгмийн бодлого, эдийн засаг гэх мэт 200 гаруй мастерын хөтөлбөрийг Англи хэл дээр сургалт явуулж байна. Сургуулиуд нь хувь хүний бие даасан, хараат бус сэтгэлгээ, шүүмжлэлт сэтгэлгээ, нээлттэй байдал, найрсаг харилцааг ихээхэн үнэлэн хөгжүүлж байгаа орон.

Гадаад оюутнуудад нээлттэй
Нийт 80 гаруй орны 26000 орчим гадаад оюутнууд суралцдаг. Шведийн боловсролын хөгжлийн бодлого нь аль болох олон соёл, олон зан заншил сүлэлдсэн, нээлттэй, соёлыг дэмжиж байгаа юм. Өрсөлдөөн маш их бөгөөд шударга өрсөлдөөнийг дэмждэг. Тиймээс үнэхээр чадвартай, ирээдүйтэй залуучуудыг өндөр шалгуураар сонгож сургуульдаа өөрийн оюутнуудын адил нөхцлөөр сургадаг.

Боловсрол нь үнэ төлбөргүй
Хамгийн гол нь Шведэд их дээд сургуульд суралцах төлбөрийг нь ямар үндэстэн, улсын иргэншилээс нь үл хамааран Засгийн газраас санхүүжүүлдэг юм. Шведийн нийгмийн салбарт зарцуулдаг мөнгө нь Европтоо нэлээд өндөрт ордог буюу ДНБ-ийх нь 4.9 хувийг эзэлдэг. Мөн гадаад оюутнууд ажил хийх эрхтэй байдаг.

Бүх хүн англиар ярьдаг
Бараг бүх Швед хүн англиар чөлөөтэй харьцаж чадна. Маш олон компаниуд англи хэлийг албан харилцаандаа өдөр тутам ашигладаг. Тиймээс гадаад оюутанд бэрхшээл бараг байхгүй бөгөөд маш хурдан дасан зохицох боломжтой.

БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО

Шведэд нийт 40 орчим магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиуд байдаг бөгөөд эд бүгд өөрийн гэсэн сургалтын хөтөлбөрүүдтэй. Та эдгээр сургуулиудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг сайтуудаас нь авч болно. Ерөнхий мэдээллийг www.si.se болон www.studyinsweden.se сайтуудаас авч, эдгээрээс сургууль тус бүрийн мэдээллийг олж болно. Ер нь Шведэд бакалавр, магистр, доктор зэрэг аль ч түвшинд суралцах боломжтой.

Та сургуулиудын сайттай танилцаж, ямар сургууль нь ямар шаардлага тавьж буйг сайтар судлаад тухайн сургуульдаа хандан материалаа илгээх хэрэгтэй болно. Хэрэв та тухайн сургуулийнхаа тавьж буй шаардлагыг хангах юм бол Шведэд үнэ төлбөргүйгээр сурч болно гэсэн үг. Сургуулиудынх нь нийтлэг тавьдаг шаардлага нь ерөнхийдөө АНУ, Англи, Австралийн сургуулиудтай адил. Үүнд, бид өмнөх дугаарууддаа цувралаар хүргэж ирсэн эссе, англи хэлний шалгалтын оноо, өмнөх төгссөн сургуулийн диплом, тодорхойлолт захидлууд, CҮ гэх мэт байна. Мөн судалгааны ажлын чиглэл, төлөвлөгөө хэрэгтэй. Та эдгээрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай сэтгүүлийн 18-21-р дугааруудаас уншаарай. Мөн Шведэд суралцах хугацааны зардлаа даах чадвараа харуулсан санхүүгийн баталгаа байх ёстой. 10 сарын туршид, сарын 6300 швед крон (1000 швед крон = 130 орчим ам.доллар) зарцуулах санхүүгийн чадвартай гэдгээ харуулна гэсэн үг.

Хэрэв та англи хэлнээс гадна швед хэл мэддэг бол бүр сайн. Учир нь зарим сургуулийн зарим хөтөлбөрүүд нь швед хэлээр явагддаг. Харин швед хэл сурах хүсэлтэй бол сургуулийнхаа хэлний бэлтгэлд суралцаад үндсэн хичээлдээ орж болно.

Боловсролын тогтолцоо нь барууны орнуудынхтай адил буюу намрын, хаврын улирал гэж хоёр ангилагддаг. Намрын улирлын хичээл 9-р сарын 1-нд эхлэж, хаврынх нь 1-р сарын дундуур эхэлдэг. Суралцах өргөдөл, бусад материалаа хичээл эхлэхээс 6-8 сарын өмнө ихэвчлэн илгээсэн байх ёстой. Материал хүлээн авах эцсийн өдөр нь тухайн жил бүрт өөр байдаг ч ерөнхийдөө 6-8 сарын өмнө зарлагддаг.

АМЬДРАЛ

Та Шведэд 3 сараас дээш хугацаагаар оршин суух бол зөвшөөрөл авах хэрэгтэй болно. Үүний тулд та аль нэгэн их дээд сургуулийн үндсэн бөгөөд бүтэн цагаар суралцдаг оюутан байх ёстой. Сургуулиасаа урилгаа авсан бол та Шведэд хүрэлцэн ирэхээсээ нэг сарын өмнө гадаадын харьяат, цагаачлалын албанд оршин суух өргөдлөө өгч, зөвшөөрөл авах учиртай. Харин нэгэнт оюутан болвол та ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр ажил хийх эрхтэй болно. Энэ бол Шведэд сурахын бас нэгэн давуу тал юм.

Та хэрхэн оршин суух зөвшөөрөл авах, ямар шаардлага тавигддаг зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дээр интернэт дэхь дээр дурьдсан хаягуудаар орж үзээрэй. Танд хэрэгтэй мэдээллүүд энд бий.

Бид энэ дугаараараа танд Швед улсад сурахын давуу тал, ерөнхий нөхцлийн талаар мэдээлэл хүргэлээ. Харин ямар сургуулийн ямар хөтөлбөрт сурах, ямар шаардлага тавигддаг, хэзээ өргөдлөө өгөх, ямар материал бүрдүүлэх зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг интернэтээс олж аваарай. Танд амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button