Д.Дорлигжав Төрийн хяналтад зөвшилцөл гэж байхгүй

-Улсын мэргэжлийн хяналт хамрах хурээний хувьд ямар байдаг вэ?
-Төрийн хянан шалгах хуулийн хүрээнд мэргэжлийн хяналт явдаг. Хамрах хүрээний хувьд бол өргөн шүү. Тэр хэмжээгээрээ хүндрэл ч их гардаг. Хяналт шалгалтын алба төрд эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа хүмүүсийн эрх ашиг, сонирхлыг хөнддөг. Нэр сүрд нь халдах үзэгдэл гарах юм. Тэр байтугай ашиг сонирхлын сүлжээнд хүртэл хүрдэг. Тэглээ гээд төр, ард түмний өмнө хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу хяналт шалгалтаа хийгээд явж байна. Өөр яах юм бэ?

-Таны ярианд ч гарлаа. Иргэд ч төрийн өндөр албан тушаалтнуудын нөмөр нөөлог дэх бизнес урагштай байдаг гэж ярьдаг?
-Шалгалт оруулахаар намайг МАХН-ыг оролдлоо гэж эмзэглэх явдал байна. Хяналт шалгалтын албанд хээл хахууль байна гэж олон нийт хэлдэг. Энэ бол оргүй зүйл биш. Гэхдээ манай хамт олон хяналтын алба бүхэлдээ өнөөдрийн төр хүчгүйдсэн, төрд хувийн ашиг сонирхол хүчтэй орчихсон энэ үед төрийн хяналт шалгалтын хүнд ажил албыг залгуулаад явж байна. Хяналт шалгалтаар олон янзын зүйл их гардаг. Тэглээ гээд тэр бүхнийг нийтэд зарлаад, мэдээлээд байдаггүй. Тэгвэл хяналт шалгалтын алба утгагүй болно биз дээ.

-Хяналт шалгалтын материалыг яагаад олон нийтэд хүргэж болдоггүй юм бэ?
-Төрийн хяналтын алба тухайн шалгалт хийсэн цэгт ямар зөрчил дутагдал гарна түүнийг арилгуулна, засч зална гэсэн үг. Нөгөө талаар улсад хохирол учруулсан байвал төлүүлнэ, хохирлыг арилгуулна гэсэн хоёр зарчим дээр тулгуурлан явагддаг. Хяналт шалгалтын материалыг сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ, үнэлэлт дүгнэлт өгнө.

-Нийслэлийн газар олголт гэх мэт олны анхаарлын төвд байдаг олон зүйл дээр та бүхэн сүүлийн үед шалгалт хиив үү?
-Олны анхаарлыг татахын тулд шалгалт хийдэггүй. Шалгалт бол төлөвлөгдөж хийдэг. Томоохонд тооцогдох Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ) гэх мэт газруудад шалгалт хийсэн байгаа. Олны анхаарлын төвд байдаг Улаанбаатарын газар олголтод шалгалт хийсэн шүү.

-Тэнд чинь л авилга байгаа гэж иргэд үзээд байгаа. Ийм зүйл ажиглагдав уу?
-Нийслэлийн газар олголт дээр хэн нь хэндээ юу өгөв гэдгийг олж тогтоогоогүй. Энэ нь манай үүрэг ч биш. Цагдаа, хуулийн байгуул-лагынхны хийх ажил. Энэ тал дээр өөрийнхөө ажигласан нэг зүйлийг хэлэхэд, саяхан нийслэлийн нэгдүгээр хороололд 20×20 метр газрыгдуудлагаар худалдлаа. Уг газрыг 100 сая төгрөгөөр хүн худалдаад авчихаж байна. Тэгвэл түүнээс илүү таатай нийслэлийн нэгдүгээр бүсэд өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд дөрвөн мянган ам.метр газар олгосон байна. Хэрэв түүнийг дуудлагаар худалдсан бол хэдэн арван тэрбум төгрөг улс, нийслэл олох байжээ. Ингэж хөрөнгө хуримтлуулж чадсан бол нийслэлийн нийтийн тээврийн татаас, зам харгуйг янзалчихаж болох байсан. Гэтэл тухайн үед эрх мэдэлд байсан хүмүүс нийтийн сайн сайхны төлөө ажиллаж чадсангүй. Энэ бол нэг юм хэлээд байна тиим үү.

-Нийслэлийн тээвэр зохицуулалтын газар автобусны үнэ нэмлээ. Энэ чиглэлийн шалгалт ер нь хийв үү. Ямар тооцоо судалгаа байгаа юм бол?
-Нийслэлийн нийтийн тээвэрт анх удаа шалгалт оруулаад байна. Дүн хараахан гараагүй байгаа.

-Энэ топөвлөгөот шалгалт уу?
-Нийтийн тээврийн үнэ нэмэгдсэний дараа Зам тээвэр аялал, жуулчлалын яам, нийслэлийн Засаг дарга гээд хүмүүс уулзаж ярилцсан. Түүний дараа Ерөнхий сайд надад үүрэг өгч энэ шалгалт орсон. Уг шалгалтын зорилго бол нийтийн тээвэрт жил бүр дөрвөн тэрбум төгрөгийн татаас өгдөг. Түүний үр дүн энэ мөнгө хаашаа оров, үнэ нэмэх нь зайлшгүй зүйл үү зэргийг тогтооно. Шалгалт оруулахаасаа өмнө ажиглалт хийж үзсэн. Автобусны үнэ 200 төгрөг байж болохоор зүйл ажиглагдсан. Гэхдээ шалгалтын дүн гарсны дараа энэ бүхэн тодорхой болно.

-Энэ шалгалтын дүн баримт сэлтийг урьдын адил олон нийтэд мэдээлэхгүй л өнгөрөх үү?
-Энэ бол үнэхээр том асуудал, сая шахам зорчигчдын эрх ашиг хөндөгдэж байгаа учир нийтэд мэдээлнэ. Ил тод гаргана гэж бодож байна.

-Энэ салбарынхан, түүнд нэр холбогддог төрийн өндөр албан тушаалтнууд бас л таныг МАХН-ыг оролдоод эхэллээ л гэх үү?
-Ер нь шалгалторуулахаар намайг намыг оролдлоо гэдэг хүмүүс бий. Хэрэв надаас өөр популизм хийдэг, нэр төр хөөцөлддөг. хүн энэ албан тушаал дээр байсан бол олон улс төрч, төрийн өндөр албан тушаалтны чих халууцаж, нүүр хийх газаргүй болох байсан байх. Харин би тэгдэггүй юм. Иймд тэр хүмүүс надад эмзэглэх биш баярлах ёстой. Гэхдээ тэр хүмүүст төрийн албаар найр тавьж байгаа юм биш. Шалгалтаа хийгээд, шаардлагаа тавиад л явж байгаа.

-Нэр нөлөө бүхий хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг хяналтын сүлжээ үүссэн гэх юм?
-Тэр үнэн. Тэр зангилаан дээр байгаа ажилтныг бол би шууд өөрчилж байгаа. Тэр муудаа явж байгаа юм биш. Явсан нь өөрт нь хэрэгтэй юм билээ.

-Таныг энэ албан тушаалд томилогдоход олон хүн нэг талыг барьдаг. Ардчиллын төлөө анхнаас нь явсан гэж МАХН-ын зарим хүн эмзэглэж байна гэж сонссон. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Тиим зан надад байхгүй. Улс төрийн хүрээнд зөвшилцөл байлгүй яах вэ. Тэгэхгүй бол ажил явахгүй. Харин төрийн хяналтын албанд зөвшилцөл байхгүй шүү.

Г.ЭРДЭНЭБАТ
(өдрийн сонин 2006-01-11 008)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button