Сэтгүүлч Г.Батжавыг юуны учир дарамтлаад байгаа юм бэ?

Тэгэхдээ бүр түүнийг оройн хоол идэж байхад нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутагт орших нэгэн зоогийн газарт.
Бусдын эрх чөлөөнд халдсан этгээдүүд хэн бэ гэдгийг цагдаагийнхан нэлээд нууцалж байх юм. Ажилдаа очиж чадахгүй болтлоо зодуулсан сэтгүүлч залуу цөөн хоног эмнэлэгт хэвтэж, эмчлүүлээд гарсан байна.

Сэтгүүлчийг сүрдүүлэх, дарамтлах, шантаазлах явдал сүүлийн үед нэмэгдсэн гэдгийг цагдаагийнхан хэлдэг юм билээ. Гэхдээ юуны учир сэтгүүлчийг дарамталж, сүрдүүлж байна гэдгийг ил хэлж, хэрхэн зогсоох талаар ярих нь ховор.

Сэтгүүлч Г.Батжавыг зодсон бүлэг этгээдүүд Чи аминдаа хайртай бол цуглуулсан материалаа гаргаж өг. Чиний бүх үйлдлийг тагнаж байгаа. Хаашаа ч гишгэж чадахгүй шүү гэхчлэн сүрдүүлсэн гэх яриа байх юм.

Сэтгүүлчийнхээ хувьд ямар нэгэн нэвтрүүлэг, сурвалжлага хийхээр баримт материал цуглуулж байжээ гэсэн ойлголт эндээс төрнө. Тэгвэл юуны тухай ямар баримт цуглуулж явав гэдэг нь яах аргагүй сонирхол татна. Мэргэжил нэгтнүүдийнх нь ярьж байгаагаар нийгмийн даатгалын татварын мөнгийг юунд зориулдаг, даатгалын хөрөнгө зориулалтын дагуу зарцуулагдаж байгаа эсэхийг судалж баримт цуглуулж байсан гэнэ. Ингэж явахдаа одоогийн Нийгмийн даатгалын газрын дарга С.Эрдэнэтэй холбоотой баримт нэлээдийг олсноо ч ярьж байсан гэнэ. Тухайлбал, нийгмийн даатгалын хөрөнгөөр орон сууц бариулж танил талдаа өгдөг, тэр ч бүү хэл Улсын Нийгмийн даатгалын газрын удирдлага, санхүүгийн албанд ямар хүмүүс томилон ажиллуулж байгаа зэргийг нэлээд судалж холбогдох баримтыг ч олсон бололтой.

Сэтгүүлчийг дарамтлан зодож, эрх чөлөөнд нь эрээ цээргүй халдсан этгээдүүд сэтгүүлчээс ямар баримт, материал нэхээд байгаагийн эргэн тойронд ажиглаад ажлын газрынхан нь болон ойр дотныхон нь ийм л хариулт олоод байгаа ажээ. Түүнийг үнэхээр тагнаж байсан юм уу гэсэн асуултад мөн л хариулт хайв.

Батжав нь АНУ-д мэргэжил дээшлүүлээд ирсэн эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр дагнан мэргэшиж яваа сэтгүүлч ажээ. Тэрбээр төрийн албан тушаалтан түүний томилгооны эргэн тойрны асуудлыг судлаж цуврал нэвтрүүлэг хийхээр бэлтгэж байсан гэх. Эхний ээлжинд цалин бүрээсээ суутгуулаад байгаа нийгмийн даатгалын мөнгө юунд зориулагдаад байгааг ил тод гаргахаар төлөвлөсөн байсан гэнэ. Тэгэхээр сэтгүүлч Г.Батжавыг нийгмийн даатгалын хөрөнгийн зарцуулалт болон энэ газрын удирдлагатай холбоотой баримт материал цуглуулсных нь төлөө дарамталсан хэрэг бус уу. Нөгөө талаас түүнийг тагнаж байгаа шүү гэсэн нь ч анхаарал татна. Тагнаагүй, мөрдөөгүй бол хэн ямар баримт, материал сонирхож явааг мэдэх боломж хомс. Сэтгүүлчийг тагнаж, ноцтой баримт олсных нь төлөө дарамталсан юм биш байгаа гэх хардлага төрж байна.

Улсын Нийгмийн даатгалын газрын дарга С.Эрдэнэ дүүргийн Засаг дарга байхдаа газрын зөвшөөрлөөр бизнес хийж хөлжсөн тухай баримтыг ч хангалттай олсон гэх яриа ч байх юм.
Хэрэв цуурхал болон тархаж буй Сэтгүүлчийг тагнуулын байгууллага тагнаж, мөшгөөд эцэст дарамталж, сүрдүүлж, эрх чөлөөнд нь халдан зодсон гэх яриа үнэн бол ямар нийгэмд, ямар засаглалын эрхшээлд ажиллаж амьдарч байгаагаа хэлэхэд хэцүү болох нь ээ. Нэг сэтгүүлчийг тагнаж бас сүрдүүлж чадсандаа амтших вий. Тэгвэл нэг хэсэг сэтгүүлч хэний дохиогоор хэнд зодуулж дарамтлуулах хэрэг вэ?

Сэтгүүлчийг дарамтаар, сүрдүүлгээр мохоож чадахгүй, ямар ч баримтыг, хууль бус үйлдлийг нухчин дарж чадахгүй билээ.

(өнөөдрийн монгол 2006-01-11 177)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button