Коммунистууд төрийн эргэлт хийх гэж хоёр дахь шөнөө нойргүй хонож байна

байхыг Үндсэн хуульд заасан байдаг. Гэвч ард түмний эдэлдэг энэ эрхийг хуучин коммунист МАХН болон түүний Удирдах зөвлөлийн хэдэн хүмүүс төрийн эргэлт хийн булааж авахаар үгсэн хэлэлцээд 48 цаг болж байна. Харин энэ талаар ард түмэн маань юу ч сонсоогүй байгаа билээ.

Хэрвээ МАХН-ын Удирдах зөвлөл гэгч нь шийдвэрээ гаргавал УИХ үг дуугүй, биелүүлж Төрийн шийдвэр болоход нэг хоног шаард-лагатай байдгийг бид мэднэ. Тус намын Удирдах зөвлөл энэ сарын 9-10-нд шилжих шөнө шөнөжингөө, мөн 10-11-нд шилжих шөнө шөнөжингөө Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулахад олон арга бий. Энэ дотор МАХН-аас санал гаргах, мөн бусад намаас санал гаргах. Гэвч энэ бүх хариуцлагаас мултрахын тулд Засгийн газрын гишүүд нь санал гаргах хувилбарыг сонгожээ. Үүнийг ч тэд юу гэж тайлбарлах вэ гэхээр Хамтарсан Засгийн газрын гишүүд нь өөрсдөө санал гаргасан. Цаашид хамтарч ажиллах ямар ч арга, боломж алга гэх юм гэнэ. Гэвч намынхаа энэ тулгалтыг Т.Ганди, Ц.Шаравдорж нар л эре эсэргүүцсэн байр суурьтай байгаа гэж эх сурвалж мэдээлж байна. Бусад сайдууд нь ч өнгөн дээрээ зөвшөөрч, өнгөнийхөө цаана дургүй байгаа аж. Учир нь хэрвээ хамтарсан Засгийн газар нь огцорч дахин Засгийн газар байгуулахад хүрвэл одоогийн ажиллаж байгаа нөхдуүд дахин сайд болох шанс бага юм. Дээр нь тэд Төр засгийн тогтвортой байдлыг ч бодолцож буй гэнэ.

Хамтарсан Засгийн газар огцорсон тохиолдолд дараагийн шинэ танхим хэрхэн бүрдэх талаар олон таамаг бий. Их эвслийн Засгийн газар байгуулж магадгүй гэнэ. Энд парламентад суудалтай бүх намаэс сайд тавигдах юм байх. Гэвч энэ хувилбар нь цагаа болохоор бүтэл муутай бололтой. Бас МАХН дангаар танхимыг бүрдүүлэх тухай ч яригдаж байна. Үүнийг хийхэд тус намд ганц хүн л хэрэгтэй байгаа аж. Тэр ганц хүн нь БНН-ын дарга Б.Жаргалсайхан гэнэ. Түүнийг гуйх, эсвэл Марубенийн өрөөр нь дарамталж санаагаа гүйцээх гэсэн хоёр арга байгаа тухай яригдаж буй.
Засгийн газрыг унагах тактикийн хувьд Удирдах зөвлөлийн бүх гишүүд санал нэг биш байгаа аж. Хуучин нийслэлийн удирдлагад байсан нөхдүүд л голлон зүтгүүлж байгаа бололтой. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга байсан М.Энхболд, ерөнхий менежер байсан Т.Бадамжунай нар голлох үүрэгтэй байгаа бөгөөд тэдэн дээр Ч.Улааны фракц хүч нэмж байгаа гэнэ. Энэ хоёр бүлэглэл яагаад нэгдэв гэдэг нь сонин. Үүний цаана том оврын автобусны маапаан байгаа. Саяхан том оврын автобусны үнэ тарифийг нэмэгдүүлсэн Нийслэлийн нийтийн тээврийн газарт Мэргэжлийн хяналтын газраас шалгалт оржээ. Уг шалгалтын эхний хоёр өдөрт л гэхэд нэлээд зөрчил будлиан илэрсэн бололтой. Мөн нийслэлийн тээврийн газар хэмээх байгууллагаар дамжуулан мөнгө олж байсан будлиан нь ч давхар илэрч сандаргаад байгаа бололтой. Түүнчлэн Улаанбаатар сан гэгч нийслэлийн удирдлага, МАХН-ын гол албан тушаалтныг санхүүжүүлдэг, тэдний хувийн шахуу сантай холбоотой асуудал боссон юм байх. Дээр нь Ч.Улаан гаалийн Х.Баатарын гэгдэх авилгын хэрэгт холбогдож буй нь тодорхой болж байгаа бололтой. Сүүлийн үед Х.Баатар өчиг мэдүүлэг өгөхдөө Ч.Улааныг барьж буух болсон гэнэ. Энэ бүхнээс үүдэн харахад МАХН-ынхан шоронгийн хаалга татахаас үнэхээр айж байгаа бололтой.

Удирдах зөвлөлийн хурлаас бидний авсан мэдээгээр намын дарга М.Энхболд Засгийн газрыг огцруулна. Хариуцлагыг би хүлээнэ гэж хэлсэн байна. Энэ хүний хувьд яагаад ингэж улангасах болов гэдэг нь нийслэлийн Засаг дарга байсан үе, нийтийн тээвэр, газрын мафитай холбоотой асуудал нь босч ирэх аюул нүүрлээд байгаа гэнэ. Тиим учраас Ерөнхий сайд байх юм уу, байсан гэх нэр л хэрэг болж байгаа аж.

Уг албан тушаалыг ямар хугацаагаар хаших нь гол бус 1-2 сар байсан ч болох гэнэ. Энэ нь түүний эцсийн хувилбар хэмээн ажиглагчид үзэж байна. Ийм хүмүүсийн шоронгоос айх айдас төрийн эргэлт рүү түлхэж байгаа бололтой.

Нөгөө талаар цагаан сараас өмнө Ц.Элбэгдоржийг огцруулах нь АНУ-аас түүнийг урьсантай холбоотой гэнэ. Энэ айлчлалын үеэр тус улсаас бидэнд Иж бүрэн түншлэлийн гэрээгээр бэлэг барих аж. Ингэсэн тохиолдолд Ц.Элбэгдоржийн нэр хүнд дийлдэхгүй болтлоо өснө гэхээс МАХН-ынхан айцгааж байгаа гэнэ. Уг нь энэхүү Иж бүрэн түншлэлийн гэрээг дагаж Монголын ард түмний аж амьдралд асар их боломж ирэх юм.

Засгийг огцруулах асуудлын хажуугаар ард түмэнд мэдэгдэхгүй сонин сонин асуудал болж байна. Үүний ганц жишээ гэхэд МАХН-ын Удирдах зөвлөлөөс Цагдаагийн ерөнхий газар руу утасджээ. Засгийн эрхийг бид авах гэж байна. Онц байдал зарла. Бүх телевиз дээр хяналтын хүн тавина гэсэн бол Үнэн сонин руу утасдаж чухал мэдээлэл гаргана хэвлэлтийг нь зогсоо. Уг сонинг хэвлэдэг Данида хэвлэлийн үйлдвэр рүү ярьж үүрээр сонин хэвлэгдэнэ хүлээж бай гэхчилэн ярьсан юм байх.

Мөн бүх улс төрийн хөдөлгөөн, холбоодын удирдлагын хаягийг тодорхой болгох зэрэг хөгийн ажлуудыг хүртэл үүрэгдсэн гэнэ. Бас нэг жишээ гэхэд Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил өчигдрийн 14 цагаас хойш яаман дээрээ хэнийг ч хүлээн авахгүй гээд үүдээ цоожлуулан нэг даалгаварт ажил хийжээ. Тэрээр урьд нь МАХН эвслийн Засгийн газрыг унагаж байсан хууль зүйн үндсүүдийг судалж байгаа гэнэ. Мөн үүнийхээ хажуугаар Засгийн газраа сольсон асуудлаа гадаад ертөнцөд хэрхэн зөвөөр ойлгуулах асуудлаа ч судалж байгаа юм байх.

Бас нэг хачирхалтай мэдээлэл байна. Саяхан МАХН-ын удирдлагууд Х.Баатартай уулзахаар Ганц худгийн урьдчилан хорих төв рүү явсан гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Гэтэл тэд Х.Баатартай уулзах бус нууцаар I эмнэлэгт авчран хэвтүүлсэн сурагтай. Үүнд тус намын зарим нөхөд эмзэглэж бид авилгатай тэмцэхийн эсрэг шоронгоос сэмхэн эмнэлэгт хэвтүүлсэн үйлдэл хийж байна гэцгээж. Мөн авилгын хэрэгт холбогдоод буй Ш.Адьшаа батлан даалтаар гарсан. Тэрээр гадуур чөлөөтэй явж ажлаа амжуулж яваа сурагтай.

Өөр нэг авсан мэдээллээр бол АН-ын Алтан гадас-ынхантай нийлж Засгийн газар байгуулан Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болгоё гэж Ц.Нямдорж хэлжээ. Үүнд Ч.Улаан бухимдаж Алтангадас чинь АН юм уу, танай Увсынхан энэ хоёр нам, Засгийн газрын эв зүйг олоод аваад явчихаж чадах юм уу. Чи УИХ-ын дарга хэвээр байхын тулд ингэж байна гэхчилэн энэ хоёрын хооронд нэлээд маргаан өрнөсөн гэнэ. Хэрвээ ингэвэл АН сөрөг хүчин болно. Маргааш нь бусад хөдөлгөөнтэй нэгдэхэд бид юугаар хаах юм гэх мэт яриа ч өрнөжээ.

Бид дараа дараагийн дугаартаа Удирдах зөвлөлийн хурлын талаарх мэдээллийг хүргэх болно. Ер нь иймэрхүү хуйвалдагч, засаг төрийг булаан авагчдын Монголын төрийн эрх ашигт эсрэгээр нөлөөлөх явдлууд үүр шөнийн заагаар гардаг. МАХН үүр шөнөөр хуралдаж даргаа сольсон. Бас үүр шөнөөр хуралдаж жигүүрээ нугасласан, мөн үүр шөнөөр хуралдаж жигүүрийг хүлээн авсан. Энэ асуудал бас л үүр шөнийн заагаар болж буй. Тэд авилгалтай тэмцэх Засгийн газрыг үүр шөнийн заагаар байхгүй болгоод хоносон ч байж магадгүй нь.

Дугаар шилжих мөчид МАХН-ын арван сайд арвуулаа намынхаа даалгавраар нэгдсэн байр сууринд хүрч Удирдах зөвлөлийнх нь хурал тарлаа гэсэн мэдээ ирэв.

М.БАТ
(өдрийн сонин 2006-01-11 008)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button